Нийтлэл 05 сарын 06, 2015

С.Дэлгэрмаа “Оюутны 70 мянгын санхүүжилт орж ирэхгүй байна”

 

Оюутны 70 мянган төгрөгийг улирлаар олгодог болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Гэтэл өнгөрсөн улирал буюу 1,2,3 сарын 70 мянга олгогдохгүй  оюутнуудад хүлээлт үүсгээд байгаа юм. Энэ талаар Сургалтын төрийн сангийн ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаагаас тодрууллаа.

- Өнгөрсөн улирлын оюутны 70 мянган төгрөгийг хэзээ олгох вэ?

- Сургалтын төрийн сангаас  70 мянган төгрөгийн тэтгэлэг авах оюутнуудын тооцоог  Сангийн яаманд өнгөрсөн 3 сарын 25-нд өгсөн. Гэтэл Сангийн яамнаас санхүүжилт олгохгүй байна.

- Яагаад санхүүжилт олгохгүй байгаа юм бол? Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

- Өмнө нь манайхаас 70 мянга авах оюутнуудын тооцоог гаргаж өгсний дараа  24 цагийн дотор санхүүжилт орчихдог байсан. Харин энэ удаа хүлээлт үүсгээд байна.

- Зарим хэвлэл мэдээллээр оюутны 70 мянгыг түймэр унтраахад зарцуулсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?

- Энэ бол ташаа мэдээлэл. Улсын төсвөөс жил бүр оюутны 70 мянган төгрөг төсөвлөгддөг болохоор өөр зүйлд зарцуулах бодлогын зохицуулалт байхгүй. Удахгүй 70 мянгын санхүүжилт ороод ирчих байх.

- Өнгөрсөн улирлын тооцоогоор хэдэн оюутан, хэр их мөнгө авах дүн гарсан бэ?

- Өнгөрсөн улирал буюу 1,2,3 сард нийт 44 мянган оюутанд 10,5 тэрбум төгрөг олгохоор тооцоо гарсан байгаа. Энэ нь өмнөх улирлуудтай харьцуулахад харьцангуй бага тоо. Тухайлбал, өнгөрсөн оны 9-12 сард нийт 121 мянган оюутанд 91,4 тэрбум төгрөг олгосон.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon