Нийтлэл 05 сарын 06, 2015

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 1500 гаруй оюутан суралцаж байна

        Сүүлийн жилүүдэд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын их, дээд сургуульд Монгол Улсаас жил бүр 250-350 иргэдийг Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулсан байна. Харин энэхүү үзүүлэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын их, дээд сургуульд Монгол Улсаас иргэдийг суралцуулах асуудлыг зохицуулж ирсэн бөгөөд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын үед жил бүр 3000 гаруй суралцагчийг их, дээд сургуульд, 1000 суралцагчийг тусгай мэргэжлийн дунд сургуульд /техникум/, 3000 суралцагчийг тухай үеийн техник мэргэжлийн сургуульд /МСҮТ/ нийт дүнгээрээ 6000 суралцагчийг манай тал илгээж байсан түүхтэй. 

Социалист тогтолцоотой байсан орнууд 1990-ээд оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, хүн сургах асуудал багасч байсан боловч эдийн засаг сэргэж, сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа идэвхжин улмаар Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суралцах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын их, дээд сургуульд Монгол Улсаас жил бүр 250-350 иргэдийг  Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулж байна.

 

 

Энэ хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд 1500 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай байна. Түүнчлэн хувийн шугамаар ч манай иргэд суралцах нь бий. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 2014 оны 6 дугаар сард Оросын Холбооны Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын урилгаар тус улсад ажлын айлчлал хийсэн бөгөөд айлчлалын явцад зарим асуудлыг хөндөн ярилцсан.

Тухайлбал, Оросын Холбооны Улсын их, дээд сургуульд жил бүр шинээр элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны том том төслүүд дээр хамтарч ажиллах, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх асуудлыг хөндөн ярилцаж, зарчмыг тохиролцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2014 оны айлчлалын үеэр "Роснефть” компанийн тэтгэлгээр ОХУ-ын шилдэг их, дээд сургуульд манай иргэдийг суралцуулахаар болсон. Энэ 2014-2015 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын их, дээд сургуульд засгийн газрын тэтгэлгээр 383 оюутныг, "Роснефть” компаний тэтгэлгээр 10 оюутныг илгээсэн бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд 350 оюутныг суралцуулахаар сонгон шалгаруулаад байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon