Энэ асуудлыг авч үзэхийн тулд дараах нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй болов уу. Үүнд:
1. 40-өөд оны Монголын хүний хөгжлийн чадамж ямар түвшинд байв
2. Мөн үеийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гадаад орчин
3. Хүний хөдөлмөрөөр бүтсэн Монголын үндэсний аж ахуйн чадамж
4. Нөхцөл байдлыг ямар аргаар, хэрхэн өөрчлөв, ямар үр дүн өгөв.
5. Өнөөгийн шинэ нөхцөлд харгалзвал зохих зарим сургамж зэрэг асуудлыг тэдгээрийн харилцан уялдаанд нь авч үзэхийг хичээе.
Нэг.Манай улсын нийт хүн ам:
- 1935 оны 6 дугаар сарын 01-ний тооллогоор 738.1 мянга байж.
- 1944 оны 6 дугаар сарын 05-ны тооллогоор 738.6 мянга болж 9 жилд 500 хүнээр өссөн байна.
- 1950 онд 758.7 мянга1 болж 15 жилийн хугацаанд 20.6 мянган хүнээр нэмэгдсэн байгаа юм.
Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн нь гарцаагүй, гэвч бодит байдал ийм л байсан, тийнхүү хүн амын өсөлт нь бараг зогссон орныг Ю.Цэдэнбал удирдах болсон юм билээ
.
Хүний чадамжийн хөгжлийн индексийн хувьд өнөөгийн хүмүүс итгэхээргүй түвшинд байсан. Гашуун ч гэсэн үнэнийг нуух хэрэггүй. Харин ч сургамжтай байх. 1920, 30, 40-өөд онд хүн амын дунд бичиг үсэг мэддэг нь цөөн бараг нийтэзрээ харанхуй бүдүүлэг байжээ. Боловсролтой хүмүүсийн зарим хэсэг нь 37 онд хэлмэгдсэн, тэгээд ч хэтээсээ бичиг үсгийн бүх нийтийн боловсролтой ард түмэн биш байсан.
Финляндын монголч эрдэмтэн Г.Н.Рамстетд:
“Шарын шашин монгол газар дангаар ноёрхож, монголчуудын аж амьдралын салаа бүхэнд нэвтрэн шингээд, монгол ардын бичиг үсгийн боловсрол хөгжлийн хэрэгслүүдийн хувьд огтхон ч хэрэгцээгүй болоод оронд нь төвд ном зохиолыг эрдэм сурах, дэвжин дээшлэхийн ганц зам болгожээ. Ийм байдлаас болж өдгөө монгол бичгээ сайн мэддэг гэхээ байя, ядаж монгол цагаан толгойгоо мэддэг хүн тун ч ховор тохиолдох болжээ. Гэтэл бүх эрэгтэйчүүдийн наймны таван хувийг эзлэх лам нар цөмөөрөө төвд ном зохиол буюу наад зах нь төвд цагаан толгой. маань мэгзэм мэддэг байна. Монгол бичигтэй гэдэг тийм хүн нь ч ганц үг зөв бичээд, арван үгийг нь алдаатай бичдэг”
гэсэн бол Оросын эрдэмтэн И.Майский монголчуудыг ”…Бичиг мэдэхгүй байна. Хүн амын дөнгөж 1.0 хувь нь Монголоор уншиж бичиж байна” гэжээ
. 1940 онд ч эрс дээрдээгүй байдал ийм л байжээ.
Боловсрол – хөгжил дэвшлийн эх сурвалж гэж үздэг Ю.Цэдэнбал төрийн тэргүүний хувьд юуны өмнө бүх нийтээр нь бичиг үсэгтэн болгох зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн байна.
Ард түмнийг бичиг үсэгт сургах ажил саад багатай шулуухан байсангүй, тэр үеийн монгол бол эдийн засаг нэн буурай, уудам нутаг дэвсгэртэй ч зам тээвэр, харилцаа холбоо хөгжөөгүй, хүн ам суурьшилгүй, цаг агаар бэлчээрийн аясаар нүүдэллэдэг, шашны бурангүй үзэлд автсан өвөрмөц нөхцөлтэй орон байжээ. Соёл боловсролыг хөгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө хүчний нөөц хомс, сурах бичиг, гарын авлага гараагүй, бэлтгэгдсэн багш ч байхгүй зэрэг олон бэрхшээл байлаа. Нийгмийн хөгжлийн бодит байдлаас шалтгаалан бичиг үсэгт суралцахын ач холбогдлыг олон нийт ухамсарлаагүй байжээ.
1941 оноос хойших эхний 10 гаруй жилд кирилл үсэг дээр үндэслэгдсэн монгол үсэгт сургах ажлыг орон даяар эрчимтэй зохион, аймаг, хотын төвд кирилл монгол үсгийн багш нарыг бэлтгэх тусгай курс байгуулж анхны 268 багш бэлтгэн гаргажээ.
Төв хөдөөгийн бичиг үсгийн бүлгэм дугуйлангаар хөдөлмөрчдийг кирилл монголд сургах ажлыг зохион байгуулж, бас малчдын нүүдлийн амьдрал ахуйд нийцүүлэн бичиг үсгийг хэсэг, бүлэг, нэг бүрчлэн сургах аргыг хэрэглэжээ. Төр захиргаа, олон нийтийн байгууллагууд ажилтан ажилчдаа ажлын бус цагаар бичиг үсэгт сургаж, бичиг үсгийн багш нарт бичиг үсэг тайлагчдын тоогоор урамшил шагнал олгож байжээ.
1943 оноос сум бүрийг бичиг үсгийн орон тооны багштай болгож жил бүр тавин мянгаас доошгүй хүмүүсийг сургах хяналтын тоо тогтоожээ. Тухайн үедээ орон тооны 339, орон тооны бус 3000 гаруй багш нарыг ажиллуулж, 16-40 хүртэлх насны нийт хүмүүсийг кирилл монгол үсэгт заавал сургах журмыг буй болгожээ. 1947 оны хүн амын тооллогын мэдээгээр 7-гоос дээш насны бүх хүн амын 42.2 хувь нь бичиг мэддэг болсон
байна. Ийм учраас 1947-1953 онд буюу анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд 8-12 насны бүх хүүхдийг сургуульд хамран сургах, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах зорилтыг дэвшүүлэн тавьжээ.
Ийнхүү бүх нийтийг хамарсан олон талын цогц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд 1956 онд 9 ба түүнээс дээш насны хүмүүсийн бичиг үсэг мэдэгчид 72.8 хувь болсны дотор 13-45 насны хүмүүсийн 90.5 хувь нь бичиг үсгийн анхан шатны мэдлэгтэй болж чадсан байна.
Орон даяар бичигт сургах зохистой ажил, болзолт уралдаан өрнүүлэх, соёлын довтолгоон зохиох, бичигт сурах шаардах хуудас хүргүүлэх, нийт хөдөлмөрчдөд зориулж уриалга гаргах, уг ажлыг удирдан зохион байгуулах комисс байгуулах, бичигт сургахад үлэмж амжилт гаргагсдыг урамшуулах, бичиг үсэгт сургах ба боловсролоо ахиулахад зориулан хэл бичиг, тоо бодлогын хялбарчилсан программ, сурах бичгийг нийтэлж олны хүртээл болгох зэрэг ажлыг зохион байгуулжээ.
1969 оны хүн амын тоо бүртгэлийн мэдээгээр нийт хүн амын 82.4 хувь нь бичгийн боловсролтой болсны дотор эрэгтэйчүүдийн 88.7 хувь, эмэгтэйчүүдийн 76.6 хувь нь бичигтэн болсон байлаа. Манай хүн амын гэгээрлийн энэ амжилтыг ЮНЕСКО өндөр үнэлж 1970 онд Н.К.Крупскаягийн нэрэмжит олон улсын шагналыг олгосон байна.
1949 он. Сүхбаатарын нэрэмжит ясли цэцэрлэг.
1940 онд 10000 хүн тутмаас 350 нь суралцаж, тэдгээрийн 2 нь их дээд сургуульд суралцаж байсан
байна.- 1980 он гэхэд 10000 хүн тутмаас 2758 хүн суралцаж, тэдгээрийн 140 нь их дээд сургуульд суралцдаг болжээ.
- 1940 онд 10000 хүнд 1.5 их эмч, 14 эмнэлгийн ор ногдож байсан бол
- 1980 онд 22 их Эмч, 107 ор ногддог болжээ.
Монголд хэдэн зуун жилээр тархсан нийгмийн болон бусад халдварт өвчнийг устгаж хүн амыг эрүүлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн нь нийгмийн дэвшлийн төдийгүй үндэсний сэргэн мандалтын эх сурвалж боллоо.
Гашуун ч гэсэн ямархуу нөхцөл байдлаас салснаа эргэн санацгаая. Академич И.Майский 1921 онд:
“Соверменная Монголия” номондоо …Яр тэмбүү өвчин эхлээд монголд, дараа нь Хятадаас Орост орж ирсэн ба яваандаа янз бүрийн ангийн болон нийгмийн байдалтай хүмүүсийг хамрах болжээ. Өвчний тархалт хир зэрэг хоргоогдошгүй байсныг халхын газар дээрх амьд бурхан гэгдэж байсан
Өргөөгийн (Одоогийнхоор Улаанбаатарын Л.Л) хутагт өөрөө 1842 онд яр тэмбүүгээр өвчилж нас барсан
(Позднеев. Монголия и Монголы т.1 стр 540) явдал гэрчлэх ажээ. Халхын уугуул хүн ам бараг толгой дараалан яр тэмбүүтэй гэсэн үзэл монголд суудаг оросуудын дунд дэлгэрсэн байна… Богд гэгээний орноор жуулчилж явахад хамар нь унасан, яр идээ татсан, яр тэмбүүгээр нүүр нь цоохортсон хүмүүстэй олонтаа тааралдаж байлаа. Бүр айдас хүрмээр зүйл ч байх юм. Бидний экспедиц Сэлэнгээс 15 бээрийн зайтай Баянголын хийдийн орчим хоноглосон юм. Бидний галыг хараад хавийн амьтад тал талаас цугларав. Тэдгээр зочид гал тойроод сууцгаахад би тэднийг тойруулж хараад өөрийн эрхгүй мэгдэв. Учир нь хэмээвээс тэд бараг бүгдээрээ хамаргүй, шал гуншаа ярьдаг, зарим нь сэжиглэмээр ил яртай байв"
хэмээн тэмдэглэсэн байна. Тэр цагаас 20 жил өнгөрч Ю.Цэдэнбал төрийн тэргүүнд гарч ирэх үед ч нөгөөх И.Майскийн тэмдэглэсэн байдал Монголд хэвээрээ байжээ. Ганц яр тэмбүү ч биш сүрьеэ, цэцэг, гэдэсний хижиг, тарваган тахал, хамуу гээд хүн ам нь цөөн ч олон халдварт өвчин бараг нийтлэг тархалттай, тиймээс ч хүн амын цэвэр өсөлт зогсож, төрөлтөөс нас баралт нь хэтэрсэн, төрсөн ч гарсан хүүхэд нь хүн болдоггүй айл олон, ер нь олонх судлаачдынхаар мөхөж буй үндэстэн байлаа
. Халдварт өвчин тархааж үндсээр нь мөхөөх аюулыг Ю.Цэдэнбал, түүний тэргүүлсэн МАХН, төр таслан зогсоож хүн амаа эрүүлжүүлэх бодлогыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн
юм. Үүнийг цөөн үгээр хэлэхэд амархан ч хэрэгжүүлэхийн тулд манай улсын бүх айл өрх бараг хүн бүрийг шинжилгээнд хамруулан оношилж өвчтэйг нь эмчлэн эдгэрүүлэхэд ямар их чармайлт, хэчнээн их зүтгэл гаргаж байсныг төсөөлөхөд сэтгэлд багтахгүй юм. Зохион байгуулалтын, оношлогоо, эмчилгээ, зүү тариур, эм тарилга, урвалж, шинжилгээний бодисын, тээврийн, аж ахуй санхүүгийн, хамруулалт, эмчилгээ, бүртгэл хяналтын, ёс зүй, хүмүүжлийн зэрэг олон төвөгтэй ажлыг маш эрч хүчтэй зохион байгуулж байж улс үндэстнээ мөхлөөс аварсныг мартах эрх бидэнд байхгүй. Монголын бүх нутгийн айл өрх бүрийн 16-гаас дээш насны бүх хүнийг үзлэгт хамруулан, цусны шинжилгээ хийж, өвчтэйг нь эмчлэн эдгэрүүлэх экспедиц ажиллуулсан байна.
1950-иад он. Хөдөөгийн эмнэлгийн дуудлагын эмч.
Авто хөсөг үл хүрэх Алтайн өндөр уулын айлуудыг нь орхилгүй эм, урвалжаа төмөр хайрцагт хийж тэмээнд ачаалсан арьс өнгөний шинжилгээний орос, монгол эмч нар зорин ирээд хүн бүртэй нь “тамхилж” байжээ.
1960 онд эрүүлийг хамгаалах яамны сайд Туваан Монгол-зөвлөлтийн мэргэжилтэн, техник, санхүүгийн хүч хамтарсан отрядын 2 жилийн ажлын талаар Намын Төв Хороонд бичсэн нэгэн тайланд “… 849.142 хүнийг толгой дараалан үзэж тус бүр нь яр өвчний илрүүлэх илдэсний сорилт тавьж илэрсэн нийт өвчтөнийг 1960 оныг дуустал хугацаанд бүрэн эмчлэх их ажлыг хийлээ… яр тэмбүү өвчтөний 90 хувийг 1960 оны эцсээр эдгэрүүлж эмнэлгийн хяналтаас хассан байна7″ хэмээн илтгээд, цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээг чандлахгүй бол хүрсэн үр дүн алдагдаж болзошгүйг тэмдэглэсэн байна. Ийнхүү гэр бүлтэй айл өрх бүр голомт залгах үр хүүхэдтэй болж, цус нь эрүүл, нүүр нь бүтэн монгол хүн хорвоод аж төрөх болсон юм.
Хоёр.Түүхийн нугачаанд БНМАУ-ын тусгаар тогтнолд бодитой аюул, занал учирч л байсан. Гэтэл 40-аад онд манай дорнод, өмнөд, баруун хил нэн тайван биш байсныг та нөхөд сайн мэднэ. Хойд хөрштэйгөө нягт хамтын ажиллагаа өрнүүлсний үр дүнд манай улсын тусгаар тогтнол найдвартай хамгаалалтад байж 1939 оны Халх голын чиглэлээрх Японы түрэмгийллийг зогсоож, Хятадын удирдагчдын Монгол улсыг өөртөө нэгтгэх гэсэн хэдэн удаагийн санааг няцааж байжээ.
Ю.Цэдэнбал:
“1949 оны хавар Микояныг Бээжингээс хойно ууланд байрладаг Мао Цзэ Дуны штабт очиход Мао БНМАУ-ыг Хятадад нэгтгэх асуудлыг тавиад Сталин юу гэж үзэж байгааг асуулгасан юмаа. Сталин хятадын нөхдийн хүсэлтэд сөргөөр хандсан юм. Үүний дараа ч хятадын удирдагчид зөвлөлтийн удирдагчдад энэ асуудлыг удаа дараа тавихад (1954 онд Хрущев, Булганин, Микояныг очиход Л.Л) тэд уг санаархалтад бас сөрөг хандаж байгаагаа илэрхийлсэн байсан юм. Эцсийн эцэст Мао Цзэ Дунг БНМАУ-Хятадын бүрэлдэхүүнд байх ёстой гэж зарлав. Энэ бүхэн империалист санаархал юм″
хэмээн тэмдэглэсэн байна.
Ю.Цэдэнбал БНХАУ-ын төрийн тэргүүн Жоу Эн Лай-тай монгол хятадын хилийн хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурсан
юм. Манай хоёр орны Төрийн тэргүүний хэмжээнд ийм тохиролцоонд хүрч хилийн хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал манай улсын тусгаар тогтнолын бүрэн эрхт байдлыг олон улсын хэмжээнд харилцан хүндэтгэх баталгаа боллоо. Ийм тохиролцоонд хүрэхэд Ю.Цэдэнбалын улс төрийн мэдрэмж, овсгоо, тууштай, тэсвэртэй, харилцааны өндөр соёл, хүлээцтэй чанар гол хүчин зүйл болсныг академич Ч.Далай тэмдэглэсэн байна. Ю.Цэдэнбал өөрөө “Хятадын тал үнэн санааг удирдлага болгоогүй, харин үйл хэргийн явцаар өөрийн эрхгүй манай оронтой улсын хилийг зүрх шимшрэн тогтоосон юм″ гэжээ.
Энэ хэлэлцээр манай хоёр орны өнөөгийн энх тайванч итгэлтэй, хамтын ажиллагааны үндэс болж байна. Дэлхийн II дайны явцад Зөвлөлтийн улаан армийг тууштай дэмжиж олон талын туслалцаа үзүүлэх зэргээр ЗХУ-тай ойр дотно хамтран ажилласны үр дүнд Зөвлөлтийн удирдагчдын дэмжлэгийг хүлээж Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд (Ялтын хэлэлцээрээр) дэмжүүлж чадсан юм.
Эх орны дайны жилүүдэд манай улсын Дорнод хил дээр байнгын өдөөн хатгалгад өртөж эдийн засгийг хөгжүүлэхэд нэн таагүй нөхцөл бүрэлдсэн ч гэсэн аж ахуйгаа хөгжүүлэх, улсыг батлан хамгаалах, зөвлөлтийн улаан армид туслах, ард түмнээ өргөн хэрэгцээний бараа таваараар хангах зорилтыг Ю.Цэдэнбал амжилттай хэрэгжүүлсэн
байна.
“Ерөнхий сайд Ю.Цэдэнбалын таван удаа тавьж хөөцөлдсөний дүнд БНМАУ 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж өөрийн байр сууриа эзэлжээ” гэж доктор А.Нямаа бичсэн байна.
Ю.Цэдэнбалын үед Монгол улс дэлхийн соёл иргэншлийн манлай болсон европын орнуудтай түүний дунд их оростой ойртон нягтарсан
нь манай нийгмийн дэвшил, монгол хүний хөгжилд үнэлж баршгүй дөхөм үзүүлж, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж үлдлээ. Ю.Цэдэнбалын гадаад бодлого зөвхөн ганц зүг рүү хандаагүй, зах зээлийн олон оронтой тухайлбал, Их Британи (1963), Швед (1964), Франц (1965), Норвеги, Дани (1969), Япон (1971)Австрали (1972)-той дипломат харилцаа тогтоон Швейцар, Франц, Их Британи, Япон, Австри, Голланд, Италийн пүүсүүдтэй худалдаа хийж байжээ. Манай улсын 1940-өөд оны үеийн таагүй гадаад орчныг ийнхүү Монголын үндэсний аюулгүй байдлын зохистой гадаад орчин болгон хувиргасан байна.
Гурав.Ю.Цэдэнбал дарга төр, засгийн удирдах бүрэлдэхүүнд орж ирсэн цаг үе бол манай үндэсний аж ахуй угаасаа ядмаг, түүний зэрэгцээ хамтрал, комун, хил давсан нүүдэл, мичин жилийн зуд зэрэг олон талын хүнд сорилтуудтай тулгарч аж ахуйн чадвар доройтож хүмүүсийн сэтгэл санаа уймарсан он жилүүд байлаа. Хэдэн зуун жилийн туршид гадаадын колони байх хугацаанд бие даасан байдлаа ул мөргүй алдсан үндэсний банк, санхүү, зээл, худалдаа аж үйлдвэрийн тогтолцоог сэргээн төвхнүүлэх, үндэсний эдийн засгийг шинээр буй болгох нэн төвөгтэй зорилт тулгараад байсан он жилүүд юм.
1930-аад оны хүрээ зээл.
Өөрөөр хэлбэл, эдийн засаг хэмээх үндэсний эрх ашгийн суурь бодлогыг боловсруулах, үзэл баримтлалыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах нэн хариуцлагатай, маш хүнд үүрэг түүнд ногдсон байна. МАХН, Төр түүнд хүлээлгэсэн их найдварыг ханган биелүүлэхийн төлөө мэдлэг чадвар, эрч хүчээ дайчлан ажилласны үр дүнд дан нүүдлийн, байгалиас нэн хараат, маш эрсдэлтэй, худаг ус, хашаа хороо, тэжээл бэлтгэн нөөцөлж заншаагүй, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үйлдвэр угсааг сайжруулах үржил, селекцийн арга ухаанд нэвтрээгүй, нэвтрэх нөхцөл ч хараахан бүрдээгүй, тархай бутархай байсан хувийн аж ахуйтныг 40 жилийн дотор аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болгон хувиргасан юм. 1940 онд үйлдвэрлэж байсан аж үйлдвэрийн жилийн бүтээгдэхүүнийг 1980 онд есөн өдрийн дотор үйлдвэрлэдэг болсон
байлаа.
Зөвхөн аж ахуйг төдийгүй монголчуудын сэтгэлгээ иргэншилд эргэлт гарсан. Яагаад нийтийн соёл, иргэншлийг хувьсгалын зэрэглэлд үзэж, төрийн бодлогоор хэрэгжүүлээ вэ гэвэл
“…Монгол хүн саван хэрэглэхийг мэдэхгүй. Гар нүүрээ хүйтэн усаар угаасан болно, биеэ хэзээ ч угааж үзээгүй. Ийм учраас арьсанд нь зузаан хатуу хир тогтоно, өмсөж байгаа дээлээ ч бас угаахгүй. …ердийн цагт монгол хүний дээл тостой, хөлстэй дээр нь энд тэндгүй онгорхой цоорхой байна. Хир хөлс нь хутгалдаад монгол хүнээс хачин эвгүй үнэр ханх тавихад занг нь мэдэхгүй хүн өөрийн эрхгүй зэвүүцнэ. Гэр оронд нь цэвэр бус байдал юм болгонд нь ажиглагдана. Сав суулгаа огт угаадаггүй болохоор мөн л зузаан хир тогтсон байна. Цагаан тос нь үс хялгастай, чулуутай, байгалийн бусад, хольцтой байх нь ямагт хирээ хадгалах олон янзын шимэгч хорхой үржих үндэс болно. Бөөс монгол хүнийг гэмгүй хазаж байдаг гэнэ. Монголчууд байнга биеэ маажина… Нөгөө л балар эртний цэвэр бус байдлыг юмны чинээ санадаггүй учир ямар ч ичиж зовох юмгүй хаана ч, хэний ч дэргэд өтгөн, шингэнээрээ бие засна"
гэж И.Майский тэмдэглэсэн байна.
Соёл иргэншил нь тухайн улс орны хүний чадамжийн түвшнийг харуулдаг их чухал төлөв юм. Тэгээд ч судлаачид тэр үеийн “Монгол хүний оюун санааны хамгийн чухал шинж бүхий л сэтгэлийн үндэс нь назгай байдал лав мөн… Монголчууд малчин хүмүүс бөгөөд мал тэдний амьдралын үндэс юм… Бас мянга мянган жил болохдоо тэд мал маллах малыг хөнөөдөг элдэв өвчин зэрэг зүйлсийн талаар тэмцэх бүдүүлэг ч болов зүй зохистой арга ажиллагаа боловсруулсан байх учиртай гэж бодогдмоор. Гэтэл бодит байдал дээр бид байх учиртай юмны огт эсрэг байдалтай тааралдах юм… Мал нь өвөл ч, зун ч хээр талд тааралдсан өвс ургамлаар хооллон бэлчээрлэж байна. Монголчууд өвс тэжээл бэлтгэдэггүй, овьёос арвай хэрэглэдэггүй, дулаан хашаа байр барьдаггүй, малыг ердөө л “бурханд найдан зоргоор нь” тавьдгаас үхэр адуу, хонь ямаа сая саяараа өвөл хаврын шуурга салхи шороонд үрэгдэж байна. Малыг элдэв өвчнөөс анагаах монголчуудын мэдлэг ч өчүүхэн юм. Тэдний мал эмнэлэг гэдэг нь арчаагүй хар дом төдий бөгөөд ямар нэгэн өргөн хүрээтэй халдвартай, халдваргүй өвчин гарахад эсэргүүцэх ямар ч чадал алга.
Ховд аймгийн Дарви сум 1938 он.
Зан төрхийн назгай байдалтай нягт холбоотой байдаг монгол хүний өөр бас нэг шинж бол түүний ямар нэгэн тийм зарчимлаг залхуурал юм
. Монгол хүнийг ажил хийх авьяас чадваргүй гэж хэлж болохгүй. Гагцхүү монгол хүн ажил хийх дургүй. Айван тайван утга учиргүй, юу ч хийхгүй байхыг бүхнээс илүүд үздэг нь гай
тарина. “Хөдөлмөр хүний амьдралын амт шимт нь юм.” (Die Arbelit macht das leben suss) германы зүйр үг монголд зориулагдаагүй төдийгүй энэ үгийг ойлгох амин үндэс тэдэнд байхгүй”…Цаг бол мөнгө” “Time is money” гэдэг зүйр үгийн утгыг баруун европ бүрэн эзэмшчихээд байхад Монголын тухайд энэ зүйр үгийг “цаг бол мөнгө биш” гэж урвуулж хэрэглэх болж байна. Учир нь хэмээвээс монголчууд цагийг ер ойшоодоггүй” гэжээ.
Н.М.Пржевальскийд газарчилж явсан нэгэн монгол эр “сайн хүмүүс хэзээ ч яардаггүй юм, харин хулгайч, дээрэмчин хоёр л яардаг юм”13 гэж хэтрүүлсэн үнэний үндэстэй. Ийм хоцрогдлыг арилгах гэж соёлын хувьсгалыг удирдан зохион байгуулжээ. Соёлын довтолгоон агуулгаа баяжуулж зөвхөн ахуй, соёлын төдийгүй ажиллах, амьдрах, суралцах хүрээг нийтэд хамарсан хүн амаа орчин үеийн соёл, иргэншилд дасган нийцүүлэх, оюунлаг үйлдвэржсэн орны хөдөлмөрийн хүний сэтгэл оюуны төрхийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэргэжлийн өндөр ур чадвар, бүтээмж, инновацийн төлөөний хөдөлгөөн болж үргэлжилсэн байна. Ю.Цэдэнбал 1978 онд “…сургууль, эмнэлэг, сумын айлуудын ариун цэврийг хангах ажилд шууд орох хэрэгтэй. Сумдад халуун ус байдаг. Гэтэл хурал дээр ариун цэврийн тухай ярьчхаад өөрөө халуун усанд ордоггүй хүн ч олон байна. Иймд халуун усанд оруулж хүнбүрийн хэвшил хэрэгцээ болгохыг 14 үүрэг болгож байснаас үзэхэд энэ асуудалд хэрхэн нягт хандаж байсан нь илт юм.
Тэрбээр залуучуудад боловсролоо дээшлүүлэх, бие даан суралцах, биеэ дайчлахыг багаасаа ном унших дуртай болохыг, мэдэхгүй, чадахгүй зүйлээ бусдаас асууж сурч байхыг, дэлхийн сонгодог утга зохиолын номыг уншиж, сонгодог зураг, хөгжим, бүжиг ойлгодог, үздэг мэдрэмжтэй байхыг олонтаа зөвлөдөг байжээ. Ахмад үеэ эрхэмлэн хүндэтгэдэг уламжлалт сайхан дадал заншил манайд бий. Үүнийг зарим талаар мартах явдал байсныг сэрэмжлүүлж байсан байна.
Дөрөв.Нөхцөл байдлыг ямар аргаар, хэний хүчээр, хэзээ, хэрхэн өөрчлөв, тэр нь юу өгөв гэдэг нь судлаачдын сонирхлыг зүй ёсоор татах юм. Ю.Цэдэнбал бол шинжлэх ухааны удирдлагын аргыг анх удаа Монголын үндэсний аж ахуйн өвөрмөц нөхцөлд нэвтрүүлсэн
төрийн зүтгэлтэн, эдийн засагч юм. Түлш, эрчим хүчний бааз байгуулах, банк, санхүү, худалдаа, үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, тээвэр, холбоо, их барилга, нийтийн аж ахуйг хөгжүүлэх төрийн эдийн засгийн бодлогыг хүний нөөцийн хөгжлийн бодлоготой хамтад нь цогцолбор байдлаар хөгжүүлэх, өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн харилцан уялдааг хангах чиг хандлагыг ямагт баримталж байжээ.
Харин түүний бүтээл, үйл ажиллагаанаас үзэхэд тэрбээр үйлдвэрлэлд ШУТ-ийн ололтыг нэвтрүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж үндэсний эдийн засгийн өсөлтийг хангах байр суурийг баримталж байжээ.
Үүнд, Монгол улс дотоод нөөцөө дээд зэргээр ашиглах үндсэн дээр үйлдвэрлэх хүч болон үндэсний аж ахуйгаа хөгжүүлэх зорилтыг бүтэн таван жилээр төлөвлөх, 10-15 жилээр прогнозчлох, уг төлөвлөгөөг ханган биелүүлэхэд шаардлагатай ШУТ-ийн арга хэмжээнүүдийг хамтад нь төлөвлөж хэрэгжүүлдэг байжээ. Жишээ нь: Мал аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөг биелүүхэд зайлшгүй шаардлагатай өвс хадлан, бэлчээр усжуулалт, малын халдварт өвчнийг оношлох, устгах, урьдчилан сэргийлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, таримлын ургацыг нэмэгдүүлэх агро технологийн балон механикжуулалт, цахилгаанжуулалтын зэрэг олон ажлыг улсын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлж байжээ.
Макро эдийн засгийн төлөвлөлт нь улам бүр байгалийн шинжлэх ухааны ололтод тулгуурлаж шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хосолсон шинжтэй болсон юм.
Үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын хүрээлэн, мал аж ахуйн хүрээлэн, мал эмнэлгийн хүрээлэн, тэжээлийн хүрээлэн, хөрс судлалын хүрээлэн, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, түлш эрчим хүчний хүрээлэн, анагаах ухааны хүрээлэн, боловсрол судлалын хүрээлэн зэрэг Шинжлэх ухааны академийн болон салбарын эрдэм шинжилгээний газруудын судалгааны бүтээлүүдэд тулгуурласан төлөвлөлт, прогнозууд нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Чойбалсан хотын түлш эрчим хүч, химийн болон барилга, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолбор болон хэрэгжиж байлаа.
Аж үйлдвэрийн газар, сангийн аж ахуй бүрт сургууль, эмнэлэг, ясли, цэцэрлэг, клуб, номын сан, ахуйн болон нийтийн үйлчилгээ, шуудан, холбоо зэрэг нийгмийн дэд бүтцийг эдийн засгийн дэд бүтэцтэй хамтад нь шийдэж байлаа.
1983 он. Төв аймаг Баянцогтын САА-н Т.Баябаяр эрхлэгчтэй цэцэрлэг.
ЗХУ-тай эдийн засаг, соёлын хөгжлийн хүрээнд ойртон нягтарч улмаар Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлд гишүүнээр элсэж тэдгээр орнуудын (ЗХУ, Болгар, БНАГУ, Чехословаки, Унгар, Румын, Польш) хамтын ажиллагааны сүлжээнд нэгдсэнээр манай үндэсний аж үйлдвэр олон улсын жишигт хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйнууд болон дэвжсэн юм.
Эдийн засгийн өсөлтийг дагаж хүн амын ерөнхий болон ахуйн соёл, нийтийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл түвшинг дээшлүүлэх тэмцэлд эрх баригч нам, төр, олон нийтийн байгууллагын хүчин чармайлтыг төвлөрүүлэн дайчилж, өргөн цар хүрээтэй ажил зохиосны үр дүнд Монголд урьд өмнө хэзээ ч байгаагүй зарчмын цоо шинэ соёл иргэншил бүрэлдэн төлөвшжээ.
Ю.Цэдэнбалын жилүүдэд мэргэжлийн өндөр ур чадвар, хөдөлмөрийн эв дүй, дадалд тулгуурлан нэг таван жилд хэдэн таван жил ийн ажил бүтээдэг, оёдолчин Ц.Амгаландаван жилд гаргах бүтээгдэхүүнээ нарийн тооцож хугацаанаас нь өмнө биелүүлдэг нэхмэлчин Б.Гүнжилхам, малчин Б.Гээпэл, саальчин Б.Чимгээ механикжуулагч Г.Алтанхүү, Б.Алтангэрэл, Ц.Сундуйжав, Д.Цэрэн, барилгачин С.Хэрлэн Д.Пашка, экскаваторчин Ч.Цэрэндорж, цахилгаанчин Б.Дэстэй, 100 гүүнээс 100 унага бойжуулдаг адуучин Шарбаньди, хоногийн нэгдсэн бригад байгуулан, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилт хэлбэр нэвтрүүлж, бүтээмжийг үлэмж дээшлүүлсэн уурхайчин А.Орногбай, Ж.Отгонцагаан, эрдэс баялгийн том орд газруудыг нээсэн геологич С.Сундуйжав, П.Мягмар, Л.Сэрчиндорж, малын цусан халдварт өвчнөөс сэргийлэх хос цэнэгт вакцин бүтээсэн шинийг санаачлагч эрдэмтэн Б.Баатар, биологийн шинжлэх ухаанд шинэ нээлт гаргасан академич Ц.Тойвгоо, С.Шагж, эрдэмтэн зохиолч Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын зэрэг аугаа хүмүүс манай нийгмийн соёл, боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх хүрээнд олноор төрж, салан задгай, залхуу хойргоо дуудуулж байсан Монгол оронд гавшгай хөдөлмөрийн төлөө бүх нийтийн хөдөлгөөн өрнөсөн юм. Ийнхүү үйлдвэржсэн хөдөлморийн соөл, иргэншилтэй, техник, технологийн ажиллагааг бүрэн эзэмшсэн, шинийг сэдэж, эрэл хайгуул хийх сэтгэлгээтэй, ажлын цагийн хором бүрийг тооцож, өндөр бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэдэг, орчин цагийн Монгол хүн төлөвшсөн юм.
Эдийн засаг, нийгмийн ээлжит зорилтыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд манлайлж, хоршоо, ҮЭ, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын дэмжлэг авч хамтран ажилладаг, тэдний оролцоог тухай бүр нь үнэлж, урамшуулдаг тогтолцоог бүрдүүлсэн нь амжилтанд хүрэх нэг гол нөхцөл болж байжээ.
1974 он. Булган аймгийн Их ирээдүй нэгдлийн саальчин С.Цэвэгмид
Тав.Ю.Цэдэнбалын байр суурь, бүтээлүүдэд өнөөгийн нөхцөлд үнэ цэнэтэй хэвээрээ, ялангуяа төр, захиргааны ажилд авч хэрэглүүштэй зарчмын зүйл цөөнгүй байна. Ойрмогхон нэлээд төвөг үүсгээд байгаа хоршоо болон төсвийн хуваарилалтын асуудлаар гэхэд бүр 1943 онд Хоршоо бол хөдөлмөрчдийн байгууллага болох тул өргөн ардчилсан ёсон дээр үндэслэгдэнэ. Хоршооны байгууллагууд өөрийн гишүүдийн өмнө тайлангаа гаргадаг ба хувь нийлүүлэгчдийн хурлаар сонгогдоно. Иймд хоршоог хоршоонд нэгдсэн хөдөлмөрчин ардууд жолоодно…
…Зөвхөн 1943 оны тэргүүн хагас жилд үрэгдэл шамшигдлын хэргээр хуулийн хариуцлагад татагдсан хүмүүс 230 бөгөөд тэдгээрийн олонх нь хоршоо худалдааны аппаратын ажилтан болно… Хэрэв хоршооны гишүүдээс өөрийн эрхийг эдлэх бүх нөхцөлийг газар бүр буй болгосон байх буюу хоршооны ардчилсан ёсыг журамлан сахидаг байвал хоршооны ажил нэлээд сайжирсан байх ёстой билээ.Хоршооны гишүүд ба тэдгээрийн нийлүүлсэн хувь хөрөнгийн бүртгэлд эмх журамгүй явдал их байна” гэж хэлсэн байна. Энэ нь өнөөдөр ч ач ач холбогдолтой хэвээр байна.
Бүр 1945 онд:
“…бид энэ жил орон нутгийн төсвийг аймагт буй болгож байна. Энэ бол улс төрийн их утга учиртай хэрэг мөн. Учир нь ард олныг улсаа удирдах ажилд ихээр оролцуулах чухал асуудлын нэгийг бид үүгээр шийдвэрлэнэ… Манай цаашдын хөгжил нэмэгдэх тутам бид аймгаас цаашлаад сум, багийг хүртэл биеэ даасан oрон нутгийн орлого, зарлагын төсөвтэй болгоно. Тэгэхэд багийн ардууд аливаа хөрөнгө зүйлээ өөрсдөө оролцон шийдвэрлэдэг болно. Багууд өөрийн сургууль, хүн, малын эмнэлэг, өөрийн клуб, мөн радио телефон, бас хожимдоо цахилгаан гэрэлтэй болох цаг эрх биш ирэх болно”
гэсэн нь өнөөдрийн шаардлагад яв цав нийцэж байна шүү дээ. Иймд Цэдэнбал судлалыг сонирхогчийн бус бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй
. Төрийн ажилтны ёс зүй, сахилга, гадаад улс орнуудтай харьцахад баримтлах зарчим, эв дүй, улс орны байгалийн баялгийг судлах, нөөц хэмжээг нь тогтоох, зохистой хамтран ашиглах, хөрш орнуудтайгаа болон олон улсын байгууллагуудтай харилцах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, дэвшүүлэх, найдвар хүлээлгэх, хариуцлага тооцох арга барил, төр иргэний хоорондын харилцааны зэрэг улс орны амин чухал асуудлуудаар түүний бүтээлүүдээс хойшид ч суралцах, наанадаж санаа авах зүйл чамгүй их байгаа нь илт байна.
Орчин үеийн эдийн засагт амьдралын чанарын асуудалд онцгой ач холбогдол өгч байна. Амьдралын чанар нь зохих хэв хэмжээ, заншил, уламжлалт харилцаагаар тодорхойлогдож буй хүний хэрэгцээ хангагдах түвшингөөр, түүнчлэн хувь хүний хүчин чармайлтын түвшинд хандах харилцаагаар тодорхойлогдоно гэж эдийн засгийн онолчид үздэг. Амьдралын чанарын нийгмийн индикатор нь хүний хэрэглээний зүйлийн өсөлт, наслалт, боловсролын өсөлтөөр тодорхойлогддог юм байна. Тэгвэл 1940 оны үеийн Монгол хүний хэрэглээ, насжилт, боловсролын түвшинг 80, 90-ээд оныхтой харьцуулахад Цэдэнбалын ямархуу удирдагч байсан нь тодорхой
юм. Цэдэнбал төрийн тэргүүнээр ажилласан хугацаандаа Монгол улсын эдийн засгийн нөөцийг дараах 3 чиглэлээр хөгжүүлсэн.
а/ Манай орны байгалийн нөөцийг нээж, тодорхойлж.үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын төлөвийг зураглаж үлдээсэн.
б/ Монгол хүний хөдөлмөрийн чадамжийг мэдэгдэхүйц хөгжүүлсэн.
в/ Монголчуудын оролцож бүтээсэн үндэсний шинэ аж ахуйг (эдийн засгийн суурийг) бий болгосон.
Ю.Цэдэнбал бол эдийн засгийн сайн суурь боловсролтой, гадаад хэлийг төрөлх хэлнийхээ адил түвшинд эзэмшсэн, өөрийгөө ямагт боловсруулж байдаг, асар олон ном бүхий номын сантай, дэлхийн сонгодог бүтээл, сэтгэгчид, гэгээнтнүүдийн бүтээлийг цаг ямагт уншиж гэгээрсэн төрийн зүтгэлтэн байжээ. 40 гаруй жил Монгол улсын төрийг удирдах бүрэлдэхүүнд тэргүүлэх үүрэгтэй оролцож, Монголын түүхийн хамгийн эрсдэлтэй он жилүүдийг амжилттай даван туулж, эх орныхоо цаашдын хөгжлийн баттай суурийг тавилцсан ажлын арвин туршлага, түүний бүтээлүүд бол манай улсын оюуны үнэт баялгийн нэг хэсэг гарцаагүй мөн гэдгийг дахин хэлэхийг хүсч байна.
Эх сурвалж:
1. БНМАУ-ын Улс Ардын Аж Ахуй 60 Жилд [1921-19811 Статикийн эмхтгэл, УБ , 1981.X-42
2. Рамстетд Г.И.” Сравнитөльная фонетика монгольского письменего языка” халхаско-ургинского говора, Санктпетербург, 1908
3. 3 Майский .И.” Орчин үеийн монгол” УБ , 2001, Х-20
4. Г.Цэрэндорж “Нийтийн бичиг үсгийн боловсрол, XX зууны Монголын түүхийн зарим асуудал” УБ 1999,
5. 128-р талд
6. Ю.Цеденбал “Избранные статьи и речи” Москва, 1983 г, стр-360 Майский.И “Орчин үеийн монгол” УБ, 2001, 43-44 -р талд
7. Үндэсний түүхийн архив. Фонд -4, Н-25, Х-32, 33
8. Гэрэл сүүдэр: Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс, УБ, 1992, 94 -р талд
9. “Үнэн” 1980 оны 10-р сарын 1 №237
10. А.Нямаа “XX зууны түүхийн зарим асуулгууд” УБ, 1999,147-148-р талд
11. Майский. И. “Орчин үеийн монгол” УБ. 2001.49-50 дугаар талд
12. Майский. И. “Орчин үеийн монгол” УБ. 2001.46-48 дугаар талд
13. Прежевальский Н.М. Четверов путешествие. стр 496
14. Ю.Цэдэнбал. Илтгэл, өгүүллэг, хэлсэн үг, илгээлт. УБ, 1982, 446-449-р тал
15. Ю.Цэдэнбал Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг I боть ,1941-1954 он ,УБ.1966. Х-87,89
16. Ю.Цэдэнбал Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг I боть ,1941-1954 он .УБ.1966. Х-14
Доктор Лутын ЛХАНЯМ
"Дал" сонинд нийтлэгдсэн.
Mundag hun snuu dee uamarch basan h zul hsen Монголчууд муу амьдарч байсан гэхгүй дээ
Eh oronch gegchid helie: ene hunii hiisen geed durdaad bga zuilsiin 80% ni huuchin ZHU-n chig udirdamjiin daguu hiigdsen ajil. Tednii beltgesen hun gdg chini hudlushgui vnen. Tuuhiig bvv guivuulaasai
Elbegdorj shig hog shaaruudiig xelj chadaxgui baix eh orniihoo tusgaar tognoliin tuluu ami bie zoriulsan xvnd ingej xvndetgelgui handaj bga bol ci sda min Tsedenbalguain huuj hargasan hujaagiin vr sad Elbegdorjii uruusun dugui turul sadan bnda chamg xn bdagiig meddeg bol ochood alahsan minii bier ex ornoo gesen tsewer tsus l orshij bna
Sainhuud handaad neg yum helcie !!!!!!!!!! Tvvh tvvhen vil yawtsaar ter xvnii xiij bvteesen yum haragdaj bna. ci vnexeer l ex oron setgel zvrhenees bodoj bgaa bol ingej amaa medelgui yarihgvi bsan baix gej bi bodoj bna.
кккк энэ арай дэнднээ. Бүхэл улс орны бүтээн байгуулалтыг ингэж нэг хүний гавьяа болгож бичнэ гэдэг ёстой Увсынхан л чадах ажил байх. Лханям гуай гэгч хаанахын хүн бэ???? Увсын хүн болов уу даа!! Цэдэнбал гэдэг хүн бол удирдагч гэхээсээ илүүтэй Оросын үүрэг гүйцэтгэгч байсан нь хөдөлшгүй үнэн!!! Цэдэнбал Давст нуурыг оросуудад өгсөн нь ч үнэн. Тэрэ нь аль хэдийн БАТЛАГДСАН шүү дээ. Харин увсынхан баахан ХУДАЛ түүх Саяхнаас ЗОХИОГООД яриаад яваа нь үнэн инээдтэй. Цэдэнбал бол жинхэнэ утгаараа Гадаадын ТАГНУУЛ Монголыг удидаж үүрэг гүйцэтгэж байсныг харуулсан маш харамсалтай түүх юм. Энэ ГУТАМШИГТАЙ түүх монголд дахин бүү давтагдаг. Тэр нам зам, Увс мувс нь Цэданбал гэгч бузартай түүхтэй хүнийг уучилдаг юм байгаа биз харин Монголын ард түмэн уучлахгүй!!!!!