Нийтлэл 05 сарын 11, 2015

Шивтэрийн хий жирэмсэн эхийн урагт нөлөөлөх 'аюултай'

  Хавар цаг урин дулаан уур амьсгалыг дагуулсаар дэлгэр зуны улирал айсуй. Энэ цагийн бэлэгдэл бол  ягаахан цэцэгстэй сакура, хайлан хагдрах голын мөс, чимээгvйхэн нахиалсан модны навчис, зулзаган ногоо билээ. Гэтэл энэ үед Нийслэл хотод маань цэцэгсийн анхилам сайхан үнэр үнэртэх бус харин хамар цоргим эвгүй үнэр үнэртэж эхэлдэг.   

 Энэхүү үнэрийг мэргэжилтнүүд шивтэрийн хий хэмээн тодорхойлж байна. “Шивтэрийн хий бол органик бодисуудын исэлдэлтийн үр дүнд үүсдэг агаар, хөрс, усанд агуулагддаг хортой хий юм” гэж НЭМХ-ийн Орчин, эрүүл мэнд судлалын төвийн захирал, анагаах ухааны доктор Н.Сайжаа хэлсэн юм. Ийнхүү дулааны цагт утааны нэгэн адил гамшиг дагуулсан энэ хий нь хорт хийн зэрэглэлээр дөрөвдүгээрт ордог байна. Уг хий нь хүний эрүүл мэндэд маш хортой төдийгүй олон сөрөг нөлөөтэй аж. Үүнээс хүний амьсгалын эрхтэн, хоол боловсруулах эрхтэн, арьс салстад голчлон нөлөөлдөг байна. Ялангуяа ийм аммиак агуулсан шивтэрийн хий нь хөргөлтийн системд өндөр концентрацитай хэрэглэгддэг гэнэ. Түүнчлэн  эрэгтэй хүний нөхөн үржихүй ба жирэмсэн эхийн урагт нөлөөлөх аюултай хэмээн мэргэжилтнүүд анхааруулсан юм.

 

 Шивтэрийн хийн найрлагад ус төрөгч болон азот агуулагддаг бөгөөд агаарын температур 25 градусаас дээш халсан үед ууршиж дэгддэг байна. Дулааны улиралд үнэртэх хорт хийн гол цөм бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж юм. Учир нь нийслэлийн зургаан дүүргийн бохирын усыг ялгаж, цэвэрлээд, гарсан лагийг ил хатаадагаас энэхүү үнэр бий болж байгаа тухай цэвэрлэх байгууламжийн ажилтан ярьсан юм. Ийнхүү төв цэвэрлэх байгууламжаас гардаг эвгүй үнэрт Толгойт, Орбит, Сонгино, Яармаг, Сонсголонгийн оршин суугчид бараг дассан гэхэд болохоор байна. Дасан зохицох болсон тухайгаа иргэд тайлбарлахдаа “Бид олон удаа дүүргийн засаг дарга болон хороодын дарга нартаа энэ үнэрийн талаар санал гомдол тавьсан боловч ерөөсөө шийдэлд хүрэхгүй байсаар өдий хүрсэн” хэмээн ярив. 

    

 

Уг байгууламжтай хамгийн ойр  СХД-ийн 20-р хороо оршдог бөгөөд  нийт  2400 өрхийн 10 мянга гаруй хүн оршин суудаг байна. Тус хороо нь 2010 онд хүн амынхаа дунд судалгаа явуулахад жирэмсэн эмэгтэйчүүдийн 90 хувь нь архаг бронхиттой гэсэн оноштой гарсан байна. Энэхүү үнэр нь зөвхөн төв цэвэрлэх байгууламжаас ч бус ил задгай бие засах газрууд, хог хаягдлын ялзрал ихтэй улаан чулуут, нарангийн энгэрийн хогийн цэгүүдээс хүртэл ялгардаг байна. Агаарын чанарын албанаас тогтоосон нормоор 1 метр куб агаарт байх хорт хийн хэмжээ 24 цагийн турш 100мекр грамм, 30 минутын турш 300 мекр грамм байх ёстой бол өнөөдөр энэ хэмжээ нь 25 дахин буюу 2460 мекр грамм болж, хүнд үнэртэх хэмжээнд хүрчихээд байгаа нь аюулын харанга дэлдэхэд хүрээд байгаа юм.

 

  Төв цэвэрлэх байгууламж нь бохироос хуримтлагдсан лагийг 4-5 дугаар сард цэвэрлэн ачиж аваад энэ лагаа хажуудаа овоолон хатаадагаас гол үнэртэх шалтгаан болж байдаг. Байгууламжаас  хоногт 1300 тонн лаг гардаг гэнэ. Тиймээс иргэдийн гомдлын дагуу аравдугаар сард ачиж байхаар шийдвэрлэжээ. Лаг гэдэг бол дахин ашиглах нэг түүхий эдийн нөөц. Азийн болон барууны орнууд цэвэрлэх байгууламжийн лагаар эрчим хүч гаргаж авдаг бөгөөд япон зэрэг улсууд боржин чулуу болон төрөл бүрийн аксессуар хийхэд ашигладаг байна. Гэтэл манай оронд лагийг дахин хэрэглэх техник, технологи байхгүй учраас дахин боловсруулж чаддаггүй тухай ярьсан юм. Учир нь төв цэвэрлэх байгууламж ойр орчмынхоо 70 гаруй арьс ширний үйлдвэрийн гарсан химийн хорт бодисыг бохирын усыг шүүж цэвэрлэдэг тул  ахуйн хэрэглээнд ашиглах боломжгүй байдаг байна. Хамгийн гол нь үйлдвэрүүд гаргаж буй бохирдоо маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв стандартын шаардлагад нийцсэн бохир гаргадаг бол тэд хүлээн аваад усгүйжуулж, зам засварт ашиглах бүрэн боломжтой байдаг гэнэ. Байгууламжаас гарч буй лагийн зөвхөн гурван хувь нь тунах бодис бусад нь ус байдаг аж. Энэ нь нэг талаар маш ихээр бохирдсон ус болохоор бидний амьсгалж буй агаарыг бохирдуулагч хүчин зүйлсийн нэг болдог байжээ.

 

 

Шивтэрийн хийн гол үнэртэх шалтгаан болсон төв цэвэрлэх байгууламжийн лагийг  хатаадаг техник технологийг боловсронгуй болгож сайжруулах мөн томоохон хогийн цэгүүдийн ойр орчмын газруудад хийг шүүх, шингээх зорилгоор ногоон байгууламжыг бий болгох зэргээр тодорхой хувиар бууруулах талаас нь арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн шивтэрийн хийг  хүхрийн хүчил /H2SO4/-ийг тусгай бодис болгон гаргаж аваад хөрсөнд шингээн үнэрийг дарах боломжтой тухай мэргэжлийн эх сурвалж хэлсэн юм.  Түүнчлэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжыг хотоос олон километрийн зайтай шинээр барьж байгуулах, түүнд зарцуулагдах төсөв мөнгийг шийдэх зэргээр  эрх бүхий хүмүүс ажил хэрэг болгохгүй бол агаарт чимээгүй тархах  аюултай энэ  хий улиг домог болох шахсан өнөөх утаатай зэрэгцэн орших вий.....  

                 

Сэтгэгдэл бичих

arrow icon