Нийтлэл 05 сарын 12, 2015

ДҮРЭМГҮЙ УЛСТӨРӨӨС ГАРАХ ГАРЦ: НАМЫН БОЛОН НАМЫН САНХҮҮЖИЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ

Өнөөгийн Монголд улс төрийн үйл явц өөрийн гэсэн дүрэмгүй, хэн нэгэн өөрийн ашиг сонирхол, таалалдаа нийцүүлэн тоглоом тоглох байдлаар өрнөж байна. Намын анхан шатнаас эхлээд дээд шатны хурал хүртэлх бүхий л үйл явц, шат дамжлагад хэн нэгэн зальтай этгээд дүрмийн бус тоглолт хийдэг орон зай бий болчихож. Анхан шат, дунд шатны намын хороонд ноёрхлоо тогтоодог буруу жишиг өдгөө төр засгийн хэмжээний төвшинд тулж ирсэн байна. Аймгийг, дүүргийг тэр чигт нь далдаас удирддаг, бүх асуудлыг нь шийддэг нууц засаг дарга нар, “овгорууд” бий болсон бололтой. “Улсын их хурлын гишүүдэд барьцаалагдсан сайдууд суудалдаа үлдэхийн тулд гишүүдийн хүсэлтээр ажилладаг болжээ” гэсэн яриа нэгэнт үнэн болох нь аажим аажмаар батлагдсаар байна.

 

Монголын улс төрд ямар дүрэмгүйдэл үйлчилж байна бэ?

Та бүхэн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг нэг хараарай. Тэдгээр дотор улсын хэмжээний том бизнесгүй хүн хайхад бараг л олдохгүй. “Хурд”, “Ажнай”, “Женко”, “MCS”, “АПУ”, “Нью Прогресс”, “Бодь”, “Голомт”, “Монгол тамхи Со”, “Техник импорт”, “МАК” гээд улстөрч гэхээсээ илүүтэй компаний эздийн нэрс хөвөрнө. Нөгөө талаас улс төрийн аль ч намын орлогын эх үүсвэр нь маш нууц, хэн ч мэдэхгүй, орлого зардлаа үнэн зөвөөр тайлагнадаггүй жишиг оршсоор ирсэн. Дунд шатны намын даргын суудлын төлөө өрсөлдөгчид ихэнхдээ мөнгөөр өрсөлддөг болсон нь нууц биш.  Олон, олон аймгийн жишээ энд байгаа. Том намуудаас Улсын их хурлын сонгуульд өрсөлдөгчид намдаа хэдий чинээ их мөнгө хандивлана, төдий чинээгээр дэвших боломж илүү болж байна. “Сайдын, дэд сайдын суудал өөрийн гэсэн ханштай байдаг” гэх дам яриа олны дунд үнэн болтлоо яригдах болжээ. Улс төрчдөд, улс төрийн намуудад зөвхөн МӨНГӨ, бас дахин МӨНГӨ гэсэн тоглоомын дүрэм л үйлчилж байна.

 

“Улс төрийн намын даргын суудлын төлөөх хэрүүл, жилдээ хэд хэдэн удаа болдог. Хамгийн сайн будилаан хутгагч нь намын дарга болдог болжээ” гэх сонгуулийн мэдээ олны чихэнд сонсогдсоор нэгэнтээ дасал болчхож. Энэ мэдээ бол бидэнд зөвхөн ил гарч, зах зухаасаа сонсогдож байгаа нь. Харин бидний мэдэхгүй улстөр хэмээх газар үйл явц, гомдол хэрхэн өрнөдгийг олон нийт мэдэж амжилгүй өнгөрдөг биз.

Анхан, дунд шатны намын байгууллагын дүрэм нь тодорхой биш, удирдах шатны албан тушаалтнуудаа сонгох процедур нарийн журамлагдаагүй байдал үргэлжилсээр өнөөдрийг хүрчээ. Зарим нам Улсын их хурлын сонгуулиас дараагийн Улсын их хурлын хооронд удирдах дээд шатны хурлаа шинэчлэхгүй, зарим нь огт шинэчлэл хийлгүйгээр он удаан жил явдаг. Бүр зарим гишүүд нь мөнхийн гэсэн тодотгол нэгэнт авахаар тийм л дүрмийг өөрсөддөө зориулан гаргасан байх жишээтэй. Бүр жижиг намуудад талцан хуваагддаг, зөвхөн нэг хүний нам мэт марзан бүтэцтэй дүр зураг нийгэмд нэгэнт тогтжээ. Энэ мэт тодорхой биш дүрмээр, хариуцлагаас бултсан байдлаар ажилладаг бичигдээгүй дүрэм улс төрийн амьдралд нэгэнт хэвшжээ.

 

Дээрх нөхцөл байдлуудаас харахад л өнөөгийн улс төрийн үйл явц мөнгө, эсвэл хариуцлагаас бултаж дүрмийг өөртөө ашигтайгаар мөшгих гэсэн дүрэмгүйдэл явж байна. Өөрөө хэлбэл дүрэмгүй улс төр ноёрхсоор өнөөг хүрлээ. Цаашид хэдий болтол үргэлжилэх нь тодорхойгүй. Бүр эцэстээ Засгийн газраа барьцаалдаг Улсын их хурал, асуудалд эрх ашгийн сонирхлоор ханддаг улс төрчид Монголын төрийг шат шатандаа эзэгнэж, улс төрийн балмад, зэрлэг зүй тогтолцоо хурдаа аван хөгжиж байна. Энэ бүх асуудлын үндэс суурь бол дүрэмгүй улс төр хийх боломжийг олгож байгаа улс төрийн намын тухай хууль гэж харж байгаа. Тус хуулинд улс төрийн намын үйл явцыг нарийн тусгаагүйгээс гадна санхүүжилт, бүртгэл, хяналт гэх мэт маш олон чухал асуудлууд маш бүдэг, зарим зүйлс нь огт хуульчилагдаагүй үлджээ.

 

Тэгвэл дүрэмгүй улс төрийн гацаанаас бид хэрхэн гарах бэ?

Улс төрийн намыг засаг авахын төлөө биш улс орны хөгжлийн төлөө ажилладаг болгох, санхүүжилт ил тод байх, нам бүр дотоод ардчилалтай байх зэрэг олон асуудлууд хамгийн түрүүнд гарц, шийдлээ хүлээж байна.

 

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлахдаа олон нийт, хараат бус судлаачдыг өргөнөөр оролцуулах замаар шийдэх гарц харагдаж байна. Гэвч УИХ-ын эрхэм гишүүд энэ хуулийн шинэчлэлд ач холбогдол өгөхгүй, хуучин дүрэмгүй мэт, тодорхой бус байлгах сонирхол асар их байна гэж энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа, анхаарал хандуулж байгаа олон судлаачид ярьсан. УИХ-ын гишүүдийн өнөөгийн  хаанчлалыг баталгаажуулах, хадгалах биш өрсөлдөөн, оролцоо, ил тод байдал, хариуцлага зэрэг үндсэн шалгууруудыг бүрэн хангасан улс төрийн намын шинэ эрх зүйн орчинг бий болгох асуудал дээр ашиг сонирхлын зөрчил гаргалгүй ажиллах ёс зүйг тэднээс шаардах хэрэгтэй.

Нөгөө талаас улс төрийн бүх намууд энэ хуулийн төсөл дээр судлаачидтай хамтран ажиллаж хамгийн дэвшилтэт хувилбарыг УИХ-д танилцуулж, УИХ-ын ажлын хэсэгтэй нэгдэж ажиллах шаардлага байгаа.

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхдээ зэрэгцэн улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийг тусад нь шинээр батлах, бүх шатны сонгуулийн хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг олон ажлууд мөн бидний өмнө шийдлээ хүлээж байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon