Нийтлэл 05 сарын 15, 2015

''Монгол угсаатны бага нэвтэрхий толь'' (1-р ботиос)

Х. Нямбуу, Ч. Аръяасүрэн, С. Бямбадорж, Г. Сүхбааатар зэрэг Монголын 30 гаруй нэрт угсаатны зүйч, түүхч болон археологичид хамтран “Монгол угсаатны бага нэвтэрхий толь” цуврал номуудыг 1993 онд хэвлүүлсэн нь өнөө үед бидэнд асар үнэ цэнэтэй баримт болон үлджээ.  Тус номын өмнөх үгэнд:

 

“Хүүхэд, залуучуудад зориулж байгаа энэ хорь орчим цуврал бага нэвтэрхий толь бичигт Монголын эрт, эдүүгээгийн үндэстэн, ястаны гарал, тархац, түүх, хэл, соёл, аж ахуй, ёс заншил, шүтлэг бишрэл, төв Монголын гайхамшигт уул ус, ургамал амьтан, говь талын байгаль орчны тухай өгүүлэх болно.”

хэмээжээ.

Хувь хүмүүс, зарим хуучин номын худалдаанд хааяа нэг тааралддаг, номын сангаас л унших боломжтой учраас энэ ховор номоос түүвэрлэн бид бүгдийн тэр болгон мэдээд байдаггүй зарим үгсийг тайлбарын хамт хүргэхээр шийдлээ.

 

АМ ТУРШИХ  – Монголын олон ястны (одоо угсаатны бүлэг ) хуримлах ёсонд үүнийг “ам дуулгах”, “хадаг тавих”, “худ барих” гэх зэрэг харилцан адилгүй нэрлэдэг байна. Хүүхэн гуйх өлзий бэлэгтэй өдөр болоход ахмад насны түвшин томоолог хүн ураг худ болох айлд очиж, малын тарга хүч, нутаг ус, газрын гарц тэргүүтэн нийгмийн амгалан тайвныг лавласан бэлэгтэй сайхан үг ярьж байгаад,

 

 

За манай ...-ны хүү тэр ...насыг хүрч түшихэд уул, түрхэхэд алт эрхэм та нарыг түшиж танай алтай өргөөнөөс хишиг хүртэх гэж намайг явууллаа гэх буюу,

Эрж олдохгүй эрдэнэ

Сурж олдохгүй сувд

Эндэхийн өргөөнд байна гэж

Өдрийн сайныг өнжин хүлээж

Сарын сайныг саатан хүлээсээр

Өнөөдрийн өдрийг

Өлзийтэй сайн өдөр 

хэмээж,

Танай алтан босгонд бараалхаж явна гэж хэлээд эцэг эхэд хадаг барина. Хүүхний эцэг эх хадаг авах нь хүүхнээ өгөхөөр зөвшөөрсний тэмдэг болно. Үүний дараа хүүхний хувцас хунар, гэр тэрэг бэлтгэхэд хоёр талын хөрөнгө хогшил нийлүүлэх зэхэх болдог. Үүнийг сүй бэлэг хэмээн нэрлэдэг.

 

АБАЧИ – Зүүн Өмнөд Азийг байлдан дагуулахад оролцсон монгол цэргийн жанжин. Абачийн цэрэг 1287-1288 онд Вьетнамын хэд хэдэн хот сууринг эзэлжээ. Абачи 1288 оны эхээр давшилтаа амжилттай үргэлжлүүлж Ханойд тулж очоод түүнийг эзлэн авчээ.

Хятадын усан цэрэг Вьетнамд ялагдсанаас болж Абачийн монгол тэнд хоол хүнсгүй хоцорсон байна. Тэгээд уулын нарийн хавцалд дайсны отоонд орж бүслэлдэн хиар цохиулж, 1285 онд Абачи эцэс болжээ.

 

 АРВАН НЭГЭН СУУРЬ ӨРТӨӨ – Их хүрээ, Хиагт хоёрын хооронд байжээ. Нийслэл (Их) хүрээ талаас нь нэрлэвэл Хүй, Бургалтай, Булган толгой буюу Хунцал, Баян Бороо буюу Хуримт, Хараа, Шант дов буюу Баян гол, Номт буюу Өрөгтэй, Дэрст булан буюу Хүйтэн, Ерөө, Нарийн могой буюу Ивцэг, Гялаан нуур гэж байв.

 

 

 

АПАТИТ – Цэнхэр, цэнхэр ногоон, ягаан, шар, ногоон, хүрэн өнгөтэй, эс бөгөөс өнгөгүй, талсттай, өвөрмөц сонин чулууг апатит гэнэ.

Апатитаар ургамлын бордоо хийхээс гадна тунгалаг өнгөтэйг нь гоёл чимэглэлд хэрэглэнэ. ЗХУ, Энэтхэг, Бирм, Канад, Мексик, Бразили, АНУ, Итали зэрэг нилээд олон оронд апатитын баялаг орд байдаг. Манай улсын хангай, тал хээрийн бүсэнд хөх апатит мэр сэр тааралддаг бөгөөд түүний ордыг эдүгээ эрж хайгаагүй байна.

  

 

 

 

АЖИГ – Ацлан салаалсан 30-100 см хүртэл өндөр иштэй, нарийн сахлаг үндэс  бүхий нэг наст өвслөг ургамлыг гурамсан ажиг гэнэ. Навч нь сууриа хүртэл цуулагдсан гурвалсан
навчтай учраас гурамсан ажиг хэмээн нэрлэжээ. Түүний навчны зах нь шүдлэг, ланцуй хэлбэрийн хэсгүүдэд гуравлан цуулагдсан байдаг. Цэцэг нь шар өнгөтэй, хөндий хоолой хэлбэрийн жижигхэн, бөөгнөрч баг цэцэг үүсгэн ишнийхээ үзүүрт ганц ганцаараа байрладаг. Долооогоос есдүгээр сард цэцэглэдэг. Гурамсан ажиг нь Булган, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгийн нутгийн гол нуурын эрэг ойн зах, зам зөргийн дагуу байрладаг.

Ажиг өвсийг цэцэглэж байх үед нь 7-9 дүгээр сард (газар дээрх хэсэг) түүн авч хуурай сэрүүн газар нимгэвтэр зулж дэлгэн хатаана. Ажигийн навч цэцгээс идээшмэл ханд, чанамал бэлтгэж өвчтөнд эмчийн заавраар хөлөртөх,  шээс ялгаралтыг идэвхжүүлэх зорилгоор өгдөг. Мөн (диатез) шүүстэй тууралтын үед шавшиж хэрэглэнэ. 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon