Нийтлэл 05 сарын 15, 2015

Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын цаад шалтгаан

         Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Азийн гурван орноор тавдугаар сарын 14-19-ны хооронд айлчлал хийхээр болсон. Үүнд Хятад, Монгол, Солонгос зэрэг улс багтаж байгаа бөгөөд 5-р сарын 17-нд манай улсад айлчлан ирэх юм. 1950 оноос эхлэн манай орон Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоон, хамтран ажиллах болсон. Энэ айлчлалын үеэр дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох бөгөөд тэрээр Монголд айлчилсан Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болно.

Айлчалын үеэр Энэтхэг-Монолын сургуулийг Улаанбаатар хотод байгуулах, хорт хавдрыг анагаах цөмийн технологи, уламжлалт анагаах ухааны систем, кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх ажээ.

Энэтхэг улс биднийг стратегийн гол түнш хэмээн харж буйгаа мэдэгдсэн. Харин Н.Моди гурван улсын нэгээр Монгол улсыг сонгосон нь Дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байгаа бөгөөд энэ явдлын цаад шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна:

 

  • Нэгт ураны асуудал:

Манай улс ашигт малтмалын нөөц баялаг ихтэй, ураны маш том орд газартай. Монгол улс Энэтхэгийн хувьд ураны гэрээ байгуулах хамгийн эхний улсуудын нэг байсан бөгөөд 2009 онд уран нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд хоёр улс гарын үсэг зурсан. Гэвч уг гэрээ Монгол улс ураны хайгуул болон олборлолтыг дотоодын хуулиараа хүлээн зөвшөөрсний дараа бүрэн төгс хэрэгжиж эхлэх учраас одоог хүртэл ямар ч нийлүүлэлт хийгдээгүй байгаа. Тиймээс уг айлчлалын гол шалтгаан бол энэ гацаанд орсон гэрээг урагшлуулах, эрчимжүүлэх явдал хэмээн зарим олон улсын мэдээллийн сувгууд дүгнэж байна.

 

  • Хоёрт, Хятад улс:

Энэтхэгт уран нийлүүлэх авах гадны хангалттай их нөөц бий. Н.Модигийн Монголд айлчилж буй цаад шалтгаан бол Хятад улс гэж зарим хэвлэлүүд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголд нөлөө бүхий байр суурьтай болсноор Хятад улстай харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой.

Хятад улсын хувьд Монгол улстай хил залган оршдог байрлал нь аль ч салбарт хамтран ажиллахад давуу тал болон хувирдаг. 1999 оноос хойш Монголын голлох хамтрагч Хятад улс болж ирсэн бөгөөд нийт экспортын 70%, Монгол дахь гадаад хөрөнгө оруулалтын 60%-г Хятад дангаар бүрдүүлдэг. Тиймээс Хятадтай эн тэнцүү байр суурьтай болох Зүүн болон Төв Азитай харилцаагаа зузаатгахад Монгол улсыг гол түлхүүр улс хэмээн харж байна гэж үзжээ.

Олон улсын харах байдал дээрх хоёр сэдвийн хүрээнд яригдаж байна. Харин манай улсад ямар ашигтай вэ?

Бид дан ганц Орос, Хятад улстай харилцаатай байснаар сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг ойлгож гуравдагч хөрш хэмээх нэр томьёон дор дэлхийн бусад улс орнуудтай харилцах болсон. Энэтхэг улстай харилцсан түүх он удаан ч сүүлийн үед хамтын ажиллагаа удаашрах хандлагатай байгаа.

 

Ерөнхий сайдын айлчлал хэдий богино хугацаанд үргэлжлэх ч хоёр улсын хамтын ажиллагаанд дэвшил авчирна.

  • Эдийн засгийн хувьд: 2000 оноос хойш хоёр талын худалдаа олон талбарт өссөөр 2013 онд 66 сая долларт хүрч байсан. Гэвч үүнээс хойш эдийн засгийн харилцаа уналтад орж, дэд бүтцийн хөгжилд үзүүлэх зээл, санхүүгийн хөгжил зэргээр хязгаарлагдаж байна. Харин айлчлалын үр дүнд эдийн засгийн харилцаа дахин сэргэх боломжтой.
  • Боловсролын салбарт: Энэтхэг улсаас 2002 онд үйлдвэрлэл, урлагийн Ражид Ганди Коллеж, 2003 онд мэдээлэл харилцаа холбооны технологийн Атал Бихари Ваджпаи төв зэргийг байгуулсан. Айлчлалаар уг хоёр байгууллагын үйл явцыг шинэчилж, үүгээрээ Монголын залуучуудын боловсролыг дэмжих юм.
  • Батлан хамгаалах салбарт: 2001 онд хийгдсэн батлан хамгаалахын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монголын цэргийн офицеруудыг Энэтхэгийн институтэд суралцуулж байсан. Цаашид ч энэ ажиллагаа амжилттай явагдаж, хамтарсан сургалтууд зохион байгуулагдах боломжтой.

Сэтгэгдэл бичих

arrow icon