Нийтлэл 05 сарын 18, 2015

Таны хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан уу?

    Улаанбурхан өвчний дэгдэлт ихсэж байгаатай холбогдуулан нэмэлт дархлаажуулалт энэ сарын 15-25ны хооронд бага насны хүүхдүүдэд хийж эхлээд байгаа юм.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 570 гаруй хүн улаанбурхан өвчний халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл бий.  Энэ удаа халдварлаж буй вирус нь хувьсаж өөрчлөгдсөн вирус учир өмнө нь дархлаажуулалт хийсэн эсэхээс үл хамаарч, өвчний халдвар авах эрсдэлтэй гэнэ.   

 

Өрхийн эмнэлэг, цэцэрлэгүүдэд вакцин хийж байна

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг улс орон даяар зургаан сартайгаас тав хүртэлх насны  хүүхдүүдэд тарина. Ингэхдээ бүх л цэцэрлэг, харьяа өрхийн эмнэл­гүүдээр вакциныг хийх аж. Хүүхдээ цэцэрлэгтээ вакцин хийлгэсэн эсэхийг мэдэлгүй, дахин вакцинд хамруулах вий гэсэн болгоомжлол эцэг, эхчүүдэд байгаа учраас вакцин хийсэн хүүхдийн хуруун дээр хэдэн өдөртөө арилахгүй тэмдэглэгээг хийж өгөх аж.

Ямар тохиолдолд вакцин хийгдэхгүй вэ?

Сүүлийн нэгээс хоёр сарын дотор улаанбурхан халдвараар өвчилсөн, халуурч байгаа хүүхдүүдэд вакцин хийхгүй гэнэ.

Вакцинд ямар нэгэн сөрөг нөлөө бий юу?

Манай улс 2009 оноос хойш улаанбурхан, улаанууд, гахайн хавдар зэрэг өвчнөөс сэргийлэх гуравт вакцин хийж эхэлжээ. Харин энэ удаагийнх нь зөвхөн нэг удаа тарих зориулалттай улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцин  бөгөөд хүүхдэд ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй гэдгийг албаныхан онцолж байна.  

Энэхүү өвчнийг туссан үед хүний биед илрэх шинж тэмдэгүүд:

Урьтал үед:

  • Халуурах
  • Нүдны салст үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх зэрэг шинж тэмдэг илрэх юм байна. Харин өвчний халдвар авсан ид үед дээрх шинж тэмдэгүүдээс гадна нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гардаг аж.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon