Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт шийдэгдсэн тухай мэдээ өнөө өглөөний трэнд мэдээ болж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүтээж өгөх дэлхийн хэмжээний уурхайн бүтээн байгуулалтын тухай өөдрөг мэдээ дефолтын айдас, ханш, засаглалын элдэв хямрал давхацсан энэ үеэр чих баясгах сайхан мэдээ мөн ч энэ мэдэгдлийн хувьд зарим зүйлсийг ялгаж салгаж ойлгох хэрэг бий. Рио Тинтогоос цацсан хэвлэлийн мэдээг харвал
“Монгол дахь Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд далд уурхайн хөгжүүлэлт болон санхүүжилтийн төлөвлөгөө(цаашид төлөвлөгөө гэх)-нд Монголын засгийн газар болон Рио Тинто, Түркүоз Хилл Ресурс гарын үсэг зурснаар томоохон ахиц гарлаа. Төлөвлөгөө хувь эзэмшигчдийн хоорондох хамгийн том маргаантай асуудлуудыг анхааралдаа авч, төслийн санхүүжилтийн талаар нэгдсэн суурь ойлголтуудыг гаргалаа. Далд уурхайг ахиулах шинэ замд талууд санал нэгдсэнээр дараагийн ажил төслийн санхүүжилтийг эцэслэх, боломжит байдлын судалгаа хийх, далд уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай бүх зөвшөөрлийг баталгаажуулах зэрэгт фокус шилжиж байна”
гэжээ.
Өөрөөр хэлбэл хамаг том ажил урд байна.
Хоёр талын үл ойлголцол удаан үргэлжилсэн тул хийгдэх ёстой ажлууд, саналын маргаантай асуудлуудаар санал нэгдэлд хүрсэн нь томхон ахиц мөн ч санхүүжилт, боломжит байдлын судалгаа, мөн дотоодын улстөрийн элдэв зөрчлийг даван туулж бүх төрлийн зөвшөөрөл авч, дүрэм журмыг давах хамгийн ярвигтай шатыг эхлүүлэх боломж бүрдлээ гэсэн үг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Рио Тинто буюу сүүлийн нэг жил нээлттэй мэдээлэл хийлгүй хэлэлцээр үргэлжлүүлж ирсэн талуудын хувьд төлөвлөгөөнд гарын үсэг зурсан тухай мэдээг томхон мэдээ болгож мэдэгдэл гаргах, үүнээс үүдсэн иргэдийн хүлээлтийг дотоодод элдэв маргаан, эсэргүүцэл зөрчил гарвал давуу тал болгон ашиглах тактикаар ажиллаж байх магадлалтай.
Сэтгэгдэл бичих