Нийтлэл 05 сарын 19, 2015

Асашёорюү бол Асашёорюү

Японд хэлний бэлтгэлд очиход Асашёорюү мандаж байсан, бэлтгэл төгсөөд их сургуульд ороход ч мандаж л байсан, суралцаж байхад ч мандаж л байсан. Аса, Хакүхо хоёрыг харьцуулах хүн олон. Аль аль нь сайхан бөх, гэхдээ Аса спортсмэнээс гадна медиа фигур байлаа. Уулзсан болгон Монгол гэхээр –Ааан Асашёорюү!!! гэнэ. Анхаарлын тэмдгийн ард жирийн Япончууд шүүмжлэл дайх нь олон. Аса бол арлын орны баригдмал хэвшмэл  соёл дундаа  ч хамгийн хатуу хэвшсэн дэг жаягтай уламжлалт сүмогийн ертөнцөд цойлж гарсан  тэрслүү хөх монгол байв. Дүрэм шүтдэг япончуудын хувьд нэн ялангуяа дүрмийн дээр сумогийн ордны дээврээс өөр юм байх ёсгүй үндэсний бөхийнх нь ертөнцөд солгой гараар байгаа авч, дэвжээн дээр хааяа шазуур зуух монгол од шүтэх нэг хэцүү, шүтэхгүй байх нэг хэцүү дүр байлаа. Сумо гүнзгий сонирхогчид гэхдээ ихэнх нь түүнд хайртай байсан, ялангуяа сумогийн ордонд ёкозуна өмсгөлтэйгээ зогсож байхыг нь харсан хүн бол ямар нэг хэмжээнд сэтгэл алдарч, “бууж өгдөг” байсан гэлцэнэ. Түүний дураараа танхай авир, задгай сэтгэлгээ,  солгой гар... давуу талаас нь илүү сул талууд нь нийлээд дэвжээн дээрээ бол үнэн ганган, сүр хүчирхэг спортсмэнийг бүтээж байсан юм шиг санагддаг.  Тийм болохоор Аса зөв зантай, зөөлөн араншинтай байсан сан бол...гэх гэхээр зөрчилдөөд болохгүй. Асашёорюүгийн сул тал Асашёорюү хэмээх спортсмэнийг бүтээж байсан билээ.

Олон хавар нэгэндээ, нутагтаа хөлбөмбөг тоглож дэгдэж гүйж байгаад хатуу донгодуулж, хоёр башё өнжсөн. Бодвол сумогийн холбоотой зөрчил нь хурцдаж, ямар нэг шалтаг хайж анаж байсан байх. Гэрийн хорионд бай гэсэн ч тэрээр сэтгэцийн хүнд депресст орсон, нутаг буцалгүй бол болохоо байна гэдэг онош гаргуулаад Монгол явсан. Алдаа хийсэн хүнийг байя гэтэл араас нь агнадаг масс медиа ажилдаа орж, араас нь Хужирт руу хүртэл баг багаараа ирцгээж байсныг санах нэг нь санаж байгаа байх. Мөнөөх тэрслүү хөх монгол, хүчирхэг Асашёорюү депресст ортлоо доройтож нутаг буцсан гэх нь заримдаа махчин шувууг санагдуулах японы масс медиагийн хувьд мөлжүүртэй сэдэв байлаа. Бөмбөг өшиглөөд үсэрсэн өндөр, өнцгийг пауз хийж байгаад хэм хэмээр хэмжиж, үнэхээр гэмтсэн эсэхийг онолын үндэстэй тайлбарлах гэж оролдох нь нэг бодлын инээдэм, нөгөө бодлын ханиадам байв. Аса моодонд орохын хамт хэл усандаа гайгүй мань мэт нь моодонд орно. Нэг удаа нэр бүхий ТВ дээр орчуулга хийхээр дуудагдав. Гэхдээ ажил нь орчуулга биш, монгол хүний хувьд тийм аварга тийм өвчин тусах учиргүй гэдгийг монгол эмчтэй ярьж нотолгоо олоод өг маягийн “шар” хүсэлт. Юу гэж олж өгөх вэ, эсрэгээр нь нэгдүгээр эмнэлгийн хэн билээ казак эмчтэй ярьж нээрээ л өвдсөн бололтой маягийн дүгнэлт гаргаж, зорьсон контекстыг нь будаа болгоод буцсан юм. Дараа нь өөр ажлаар мөн телевиз дээр байж байтал тохиолдлоор Аса Нарита дээр бууж таарав. Наритад буугаад өөдөөс нь тоссон баахан камерын өмнө “Баахан шуугиан тарьж, төвөг удлаа” хэмээх хэвшсэн үгийг хэлмэгц танхим мэт том давхар дүүрэн телевизийн ажилчид босож зогсоод алга ташиж, агшин зуурын дотор бүх дэлгэц өөр дүрсээр солигдох мөчийг харсан. Масс медиагийн ан тэр ганц тайлал өгүүлбэрээр албан ёсоор төгсдөгийг өөрийн нүдээр үзсэн минь тэр юм.

2007 онд хоёр башё өнжсөн тэр хугацаанд амтай болгон Асагийн бөхийн карьер дууслаа, хоёр башё өнжөөд бүтэхгүй гэлцэж, дургүй зарим нь бах нь ханасан мэт баярлаж асан. Олон хүнтэй өмөөрч, маргаж байж. Түүнд дургүй япон хүн олон байсан, түүний нэр сүр гэхдээ хоёр улсыг ойртуулсан уу гэхээс холдуулаагүй гэж боддог. Монгол, Япон хүн Аса хэмээх дундын танилтай, дундаа маргах сэдэвтэй байлаа. Эргэж ирээд дэвжээн дээрээ гарлаа. Аливааг ил тод илэрхийлэхээс зайлсхийдэг соёл атлаа сумо тайлбарлагч экс-ёкозуна Китанофүжи билүү бараг шууд ил тод муулж, башё дундуур уян хатан биш байна, Хакүхог барахгүй дээ энэ тэр гэнэ. Тэр башёгоор үзүүрлэж, дараагийн башёд түрүүлэхэд нь Китанофүжи – Үнэхээр их эд юм гэхээс өөр үг хэлж чадахгүй болж, гацах ёсгүй NHK-ийн тайлбар хэсэг гацахад хэдэн сар өмөөрч маргасан миний бах ханах ээлж ирж байв. Түрүүгээ авч заалнаас япончууд забутон(сандлын зөөлөвч) шидэж эхлэнгүүт л бүр хөөрсөн амьтан хөлийн хурдаар Монголчууд хамтдаа баярлаж байгаа монгол хоолны газар руу очиж байж билээ.  Бас нэг монгол бөх, их аварга Хакүхог ялагдаасай гэсэндээ биш, хамаг нийтээр буруутган шүүж байсан талыг өмөөрснийх байх. Бас өөрөөрөө байж чадах, өчнөөн дарсан ч өндийх монгол хүний дүрийг үзүүлсэн шиг санагдаж байж билээ. Аса ч түүхэнд хамгийн их анхаарал татсан үзүүр түрүү гэгдэх тэр барилдааны дараа тал талаас нисч ирэх сандлын зөөлөвчийн дор тохой зузаан байгаа авахдаа уйлсан. Сумод хайртайг нь, хэчнээн ганцаардаж байсныг нь, хэчнээн шартайг нь, дотроо хүүхэд шиг гэдгийг нь харуулах нулимс байсан гэж боддог. Ганц би биш, 2008 оны эхний башё дууссан тэр өдөр сумод, эсвэл ерөөсөө сумо гэхээсээ Асад хайртай Монголчууд яаж баярлаж, урам зориг олж олуулаа хөгжиж байсныг яахин мартана. Тэр өдөр сумо сонирхогчид олон жилийн турш түүний барилдаан, хурд хүчээс их эрч хүч, урам зориг, итгэл авч ирснийг, түүнийг дэмжигчид Асаг хүчирхэг, ялагдашгүй байгаасай гэж хүсэж байдгийг батлан харуулсан өдөр байсан билээ.

Өнөөдөр харин зарим хүний хувьд Асашёорюү чөлөөт бөхийн холбооны сталин Дагвадорж болжээ. Маргаантай холбоотой мэдээн доорх сэтгэгдлүүдийг харвал хараал ерөөл тамтгаа алдаж. Өдгөө нэгэн цагт өөрийг нь бүтээж асан занчанар өөр талбарт ширүүдэж байж мэднэ, кастын системтэй гэхэд хэтийдэхгүй хатуу жаягтай сумо  ертөнцийг хаанчилж асан хүний гар индивидуалист, эрх зоргоороо монголчуудад хатуудаж байж мэднэ.  Гэхдээ чөлөөтийн асуудал нэг тийшээ болж, учир начир нь олдож таараа. Харин бидний монголчууд ямар нэг скандал гармагц сайн бол сайн, муу бол муу маягаар нэгнийгээ бүхэлд нь өргөмжлөн магтах, эсвэл гутаан доромжлох маягаар туйлшрахгүй байх юмсан. Дарга Дагвадоржийн алдаа оноо спортсмэн Асашёорюүгийн нэр сүрд сүүдэр унагах мэт харагдахаар хармын сэтгэл төрж хуучин цагийг нэхэн дурсав... Ир бяр, хурд хүч нь жигдэрсэн их аварга эрч хүч цацруулсаар дэвжээнээ гарч ирдэг тэр дүрийг санаж байна уу, тануус?

2015/05/19

arrow icon