Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй ерөнхий сайдын өргөөнд нь уулзалт хийлээ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг энэ ондоо багтаажхүчин төгөлдөр хэрэгжүүлэх, Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлаар Монголын тал дэмжлэг үзүүлэх, тодорхой хугацааны дотор визатай иргэн олон удаа зорчих боломжтой олон удаагийн виза олгох боломж бүрдүүлэх зэрэг ажлууд яригдлаа. Хоёр тал “хойшид ч нягт хамтран ажиллах хүсэлтэй”-гээ илэрхийлсний дээр Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Абэ ерөнхий сайдын “идэвхитэй пасифизм” бодлогыг “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд томхон хувь нэмэр болно” гэж үзэж байна хэмээн үнэлжээ.
Раччи" буюу Хойд Солонгосоос японы иргэдийг япон хэл заалгах, тагнуулд ашиглах зэрэг зорилгоор хулгайгаар Хойд Солонгост аваачдаг хэрэг хоёр улсын дундах гадаад харилцааны ужиг, гүнзгий зөрчил болсоор удаж байна. Япончуудын хувьд Хойд Солонгостой харьцангуй найрсаг харилцаатай манай улсаас энэ зөрчлийг шийдвэрлэхэд ямар нэг үүрэг гүйцэтгэнэ гэж найддаг бөгөөд Абэ ерөнхий сайд хэрэв ямар нэг шийдэл олж чадвал энэ нь түүний улс төрийн нэр хүндэд үнэмлэхүй нөлөөтэй үйл хэрэг болно. Мөн манай улс медиа, олон нийтийн анхаарлын төвд байдаг энэ ярвигтай, гунигтай асуудлыг шийдвэрлэхэд үнэхээр дэмжлэг болж чадвал Японы олон нийтийн талархал, нөхөрсөг харилцаа шинэ түвшинд гарах болно.
Идэвхитэй пасифизмын хувьд 2-р дайны дараанаас зөвхөн дотоодын аюулгүй байдлын төлөө цэргийн армитай байх боломжтой хэмээн хуульчилсан үндсэн хууль, пасифизмын бодлогод суурь өөрчлөлт оруулж, бүс нутагт цэрэг армийн хувьд идэвхитэй үйл ажиллагаа явуулахаар өөрчлөлт оруулах бодлогыг Абэ ЕС тууштай үргэлжлүүлж буй. Идэвхитэй цэргийн бодлогын дүнд томоохон сүйрэл амссан түүхтэй орны хувьд дотооддоо энэ талаар маргаан ихтэй.
Ерөнхийлөгчийн хувьд энэ бодлогыг дэмжих үг хэлжээ. Бүс нутгийн гадаад харилцаа, Хятад-Япон, Хятад-Солонгос, Орос-Японы харилцаатай холбоо бүхий армийн үүрэг ролио өсөн нэмэгдүүлэх бодлогын талаар Ерөнхийлөгч ийн идэвхитэй үзэл бодол илэрхийлсэн нь УИХ, ҮАБЗ-өөс барьж буй Монгол улсын гадаад харилцааны байр суурь уу, хувь хүний байр суурь уу, тодорхойгүй. Монгол улсын бодлого хэрвээ биш бол Абэ ерөнхий сайдыг Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй тун нөхөрсөг харилцаатай, өргөөндөө урих төрийн тэргүүн цөөн гэгдэх ч найзыгаа дэмжих маягийн хандлагаар хандах асуудал биш юм. Дотоод, гадаадын хэвлэлүүд анхаарал тавьж байдаг ээдрээтэй сэдэв тул зарим медиа түүний байр суурийг мэдээний гарчиг болгон түгээсэн байна.
Сэтгэгдэл бичих