Дэлхийн бөмбөрцөг хаа хаанаа хямралтай, зөрчилтэй, өсөлт зогсонги байдалтай байна. Энэ дүр зураг геополитикийн хувьд хаанаас гаралтайг харахаар The Next Decade, The Next 100 Years зэрэг бестселлер бүтээлийн зохиогч, олон улсын харилцааны тэргүүлэх шинжээчийн нэг Ж.Фрийдманы “Дэлхийн цэвэр үнэлгээ” нийтлэлийг тоймлон хүргэв.
ДЭЛХИЙ ХЭЗЭЭНЭЭС ТЭНЦВЭРЭЭ АЛДАВ?
Дэлхий улам тэнцвэргүй болж ирлээ, чухам яагаад бас хэзээнээс гэдгийг аль болох тодорхой дурдах хэрэгцээ буй. Үргэлжид тэнцвэргүй байдаг болохоор гэхээсээ илүү дэг журамгүй байдал цаг үе тутамд өөр хэлбэрээр илэрч, гэхдээ илрэх болгондоо маш төвөгтэй шинжийг агуулж байдгаас юм.
Энгийнээр тоймлон хэлбэл Евразийн их газарт улстөр, цэрэг, эдийн засгийн дэг журамгүйдэл үүсээд байна. Европ, Хятад хоёр эдийн засгийн төдийгүй институцийн асуултууд үлдээсэн 2008 оны хямралын үр дүнгээс бүрэн мултраагүй. Орос гадаадад Украйнын, дотооддоо эдийн засгийн асуудалтай. Лювантаас Иран, Туркын хилээс Арабын хойг хүртэлх Арабын ертөнц тэнцвэр алдуулах дайны гал дор байна. Баруун тал арай гайгүй, Азийн арлуудын хамтаар. Гэхдээ Еврази хэд хэдэн хэмжээст тэнцвэрээ алдсан.
Аливаа зүйлийг бүүр эхлэлээс нь ухаж мэдээж болно, гэхдээ энэ удаа дэлхийд өрнөсөн хамгийн сүүлийн том системийн шоокоос эхлэе: Хүйтэн дайны төгсгөлөөс.
ЗХУ задарснаас үүдсэн үр дагавар
Хүйтэн дайн зарим утгаараа зайрмаг шиг үзэгдэл байлаа
, асар том бүс нутгийг нэг талдаа агуулж царцаасан зайрмаг шиг. Энэ дайн дуусаж, ЗХУ задрахад хоёр том өөрчлөлт явагдсан. Нэгд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд тусгаар тогтнож, асар өргөн цар хүрээнд салан тусгаарлалт явагдсан. Үүний үр дүнд Балтийн орнуудаас Хар тэнгис хүртэл тогтворгүй бүс нутаг үүссэн. Хоёрт, хуучин ЗХУ-ын баруун урд хилээр, Исламийн ертөнц дундуур татагдсан байсан тусгаарлах шугам үндсэндээ арилсан. Оттоманы гүрэн нэгдүгээр дайны дараа задрахад үүсээд, хүйтэн дайнаар нэг багцад царцаад байсан үндэстэн-улсууд чөлөөтэй хөдөлгөөн хийх боломж үүссэн юм.
Шинж тэмдэг гэхээр хоёр үйл явдлыг санаж буй байх. 1990 онд ЗХУ задрахаас ч өмнө Ирак Кувайт руу дайрч, Саудын Арабад ч заналхийлэх дохио өгсөн. Үүнээс үүдсэн бүс нутгийн дайны хямралыг зохицуулагчийн үүрэгт АНУ тоглож, хүйтэн дайны үеийн өөрийн талын багц төдийгүй ЗХУ талын улсуудаас ч мобилизац хийсэн нь хуучнаар хүйтэн дайны бүсийн урагш ба хойд тал руу чиглэсэн АНУ-ын байр суурийг бүс нутагт оруулж ирж, улмаар 9/11, өдгөө ч үргэлжилсээр байгаа геополитикийн тоглоомын эхлэл болов.
Хоёр дахь үйл явдал нь 10000 орчим хүнийг үхэлд авч одсон Серби-Хорват-Боснийн дайн. Энэ дайн хуучин өс хийгээд шинэ айдсаас төрсөн дайн байлаа. Хэдийгээр бусад бүсэд хамаагүй дүрмээр тоглоцгоож буй мэт харагдаж байсан ч дайны дүнд олон улсын системд хоёр нөлөө үзүүлсэн юм. Нэгд Югослав баруун Европ хийгээд хуучин ЗХУ-г тусгаарлах бүс байсан нь урт хугацаанд энэ хоёр бүсийг хэн зааглах тухайд асуулт үлдээсэн. Хоёрт, энэ дайн Христийн ба Муслимийн баруун, зүүний хоёр талд өрнөж, хамгийн цуст үр дүн ч энэ зөрчлөөс болж гарсан билээ.
ОХУ дотооддоо учраа олж ядаж байх зуур Евразийн хоёр үзүүр хүчирхэгжиж ирэв. ЗХУ задрахтай хамт хоёр Герман нэгдэж, тэр жилд нь байгуулагдсан Мастрихтын гэрээгээр Европын холбоо байгуулагдаж, зүүн тийш, мөн ЗХУ-ын хуучин нөлөөний бүсээр зүүн тийш нөлөөгөө тэлж ирэв. Мөн нөгөө үзүүрт Хятад хөгжин цэцэглэж буй Европ мөн АНУ-ын бүс нутагт бүтээгдэхүүнээ экспортлодог хямд цалин, өндөр өсөлттэй бүс нутаг болон гарч ирэв.
Европын зах хавийн улсуудын эдийн засгийн эмзэг байдал, Хятадын өсөлтийн цикл энэ бүгд ил тод харагдахгүй байлаа. АНУ Кувайтад ялалт байгуулснаар далдлагдаж орхисон, хүйтэн дайны дараагаас чөлөөлөгдсөн хүчин зүйлсийн Исламийн ертөнцөд үлдээх үр дагавар, энэ бүс нутаг дахь улсуудын эмзэг байдал ч ил тод бус байв. Юу ил тод байсан бэ гэхээр Оросын сул дорой байдал. Их гүрэн хүчгүйдэхийг харсан дэлхий хоёр буруу дүгнэлт хийв: Нэг бол Орос үргэлж тийм чадваргүй байна, нөгөө бол Оросын зовлон түүнийг либерал ардчилалтай орон болоход хөтөлнө. Бусдаар Еврази асуудалгүй мэт харагдаж байв.
Тэнцвэргүй байдлын дохиоллууд
Хамгийн эхний асуудал, мэдээж 9/11. АНУ Исламийн ертөнцийг хүссэнээрээ дахин зураглах хүчтэй гэж буруу дүгнэсэн байснаас болсон юм. Гэхдээ бүх хүч өөрийн хязгаартай, АНУ-ын хүч ч хязгаартайг харин 2000-аад оны сүүл хүртэл ойлгоогүй. Түүний араас хоёр том асуудал дагасны нэгд 2008 онд Орос дахин төрж, Жүрж рүү дайралт хийсэн явдал багтана. Хоёртох нь мэдээж 2008 оны санхүүгийн хямрал. Энэ үйл явдлууд цөм өнөөгийн дэлхийн өнгө төрхийг тодорхойлоход шингэсэн буй.
Санхүүгийн хямрал Хятадын цаашдын зан авирт нөлөөлөв. Циклийн хувьд төгсгөлдөө дөхөж байсан ч энэ хямрал Хятадын экспорт унахад нөлөөлж, өсөлтийг хязгаарлаад зогсохгүй Бээжин өсөлтийг дотоодын эрэлтдээ түшиглэхээр бодлогоо өөрчилсөн нь инфляцид хөтөлж орхив. Үүний үр дүн улстөрийн талбарт гарч буй: Хятад тогтворгүй байдалд маш нухацтай хандах болж, авилгын дайн гэх зэргээр улс төрийн хяналтаа чангаруулахын тулд улам бүр харгис шинжтэй болж ирэв.
Евразийн нөгөө талд Герман болоод өмнөд Европын орнуудын харилцаа Европын холбоонд нуугдаж байсан зөрчлийг ил гаргаж ирлээ. Герман бол экспортлогч орон. Хөгжиж байгаа орнууд нь харин хөгжих хэрэгтэй. Энэ хоёрын зөрчил дефолтын хямрал дундуур ил тод болж, Европ улам бүр хуваагдах үр дүнд хөтөлж байна.
ОХУ харин Европ ийн хуваагдаж байгааг ашиглаж, өөрийнхөө байгалийн хийн нөөцийг ашиглан Европ дахь Оросын бодлогыг хэрэгжүүлэх зэвсэг болгохоор зэхэж эхлэв. Орос эргээд Европ төдийгүй Ойрх Дорнодод нөлөөтэй бүс нутгийн хүч болон эргэж гарч ирэв. Яг ийм үед ОХУ АНУ-тай нүүр тулав. Угтаа ихэнх экспорт нь Америк тивд чиглэсэн, дайн хямралаас бусад үед глобал давшилт төдийлөн хийлгүй явж ирсэн АНУ ОХУ-ын Европ дахь өсөн нэмэгдэж буй нөлөөний эсрэг, ОХУ ба Европыг заагласан бүсээр нөлөөгөө нэмэгдүүлэх бодлого барьж эхлэсэн нь Украйны хямралаар илт болов.
ОХУ-тай тулах хэрэгцээг мэдрэхийн хамтаар Вашингтон өмнөх алдаагаа харж, Ойрх Дорнодын дөрвөн хүч Турк, Иран, Саудын Араб, Израил гэсэн байр сууриудтай зохицох, бүс нутагт идэвхийлэн нэвтрэхгүй байх бодлого барьж байна.
Өнөөгийн өрөг
Энэ бүх үйл явдал биднийг орчин цагийн өнөөдрийн дэлхийд хөтөлж ирнэ. Бөмбөрцөг ерөнхийдөө эдийн засгийн хувьд түгшүүртэй, амаргүй нөхцөлд байна.
Энэ байдал Хятадыг дотоодын нийгмийн инерцээ дарангуйллаар хянах сонголтод түлхэв. Энэ байдал Европт Грекийн хямралыг ч давсан хямрал өдөөж, Грек-Германы харилцаанд нөлөөлж эхэллээ. ОХУ бүс нутгийн хувьд их хүчний үүрэгт тоглож байгаад бусад талбарт гар нь хүрэхгүй байна. Ойрхи Дорнодод үндэстэн улсууд хөл толгойгоо олохгүй, гэхдээ дөрвөн гол улс нь ямар нэг хэлбэрээр байдлыг хяналтдаа байлгаж байна.
АНУ дэлхийд манлайлах хүчтэй хэвээр байгаа ч Хүйтэн дайны үеэр үр нөлөөтэй байсан институц нь ажиллахаа больж. НАТО зүүн Европт сургуулилтаа хийсээр байгаа ч армийн хүчгүй армийн холбоо болжээ. ОУВС олон асуудлаар эдийн засгийн шийдэл гэхээсээ өөрөө асуудал болж ирэв. АНУ Европ, Хятадын эдийн засгийн асуудлаас холхон байж, Ойрхи Дорнодод хэт оролцоо хийхээс зайлсхийж байна. Хэт эртнээс санаа зовж байгаа ч энэ улс ОХУ-ын Европ дахь нөлөөг сөрөх зорилгодоо илүү их санаа тавих болов.
Ямар ч системийн дайны дараа ялсан тал нь дайтсан шигээ хүчтэй байж, засаглах юм шиг төөрөгдөл үүсдэг.
Напелеоны байлдан дагуулалтын дараа энх тайвныг удирдахаар Веннийн конгресс Францын эсрэг эвсэл байгуулж, нэгдүгээр дайны дараа АНУ нарын эвсэл Үндэстнүүдийн холбоог, хоёрдугаар дайны дараа НҮБ-ийг байгуулсан. Харин Хүйтэн дайн дуусахад АНУ, НАТО, ОУВС, Дэлхийн банк болон бусад олон улсын интситуцууд глобал системийг удирдах ажлыг өөртөө авсан юм. Гэхдээ энэ бүх эвсэл, энх тайвны удирдлагын аппарат цөм ажилласангүй. Учир нь дайны цагт тэднийг нэгтгэсэн зүйл нь, дайсан нь аль хэдийн алга болж, тал татан байгуулсан инститицууд хүчээ алдаж, ялагчид хамтдаа хэмээх нэгдмэл байдал, нэг талын төөрөгдлөөс сэрж ирж байна.
Хүйтэн дайны дараагийн ертөнцөд ч мөн адил. ЗХУ-ын сүйрэл Хүйтэн дайнаар үүссэн эсвэл, интитуцууд үр нөлөөгөө алдахаар цуврал үйл явдал, хөдөлгөөнүүдэд хөтөлсөн. Тиймээс цэвэр үнэлгээ хийвэл, Хүйтэн дайн өөрийн цар хүрээ, жингээр бодит байдлыг царцааж байснаар олон асуудлыг хойшлуулж, 1990-өөд оны өсөлт Евразийн тогтворгүй байдал, түүний хязгаарыг түр нууж байсан хэмээх дүгнэлтэд хүрнэ. Одоо бидний харж буй олон өөрчлөлт хөдөлгөөн бол угаасаа л давхаргын дор нуугдаж байсан бодит байдлууд өнгөн хэсэгт гарч ирж буй үзэгдэл. Европ бол олон хуваагдсан үндэстэн-улсууд. Хятад хүчирхэг, дарангуйллын засгийн газартай төвлөрсөн улс. ОХУ нь АНУ-тай тэнцэх хүч биш гэхдээ бусдаар заалгаж, өрөвдүүлэх их гүрний сүнс ч биш. Оттоман ба Европчуудаас бүрдсэн Ойрх Дорнод хөрсөндөө толгойгоо өндийхөөр нуугдан буй олон хүчийг агуулж буй. АНУ хэдийгээр хамгийн хүчтэй нь байгаа ч энэ бүхнийг шийдэх хүчтэй, эсвэл шийдэх хүсэлтэй байх албагүй. Бааранд буй хамгийн хүчтэй гар ч бүх баарыг дайлж, ялах боломжгүй байдагтай л адил.
Сэтгэгдэл бичих