Нийтлэл 05 сарын 22, 2015

Г.Цогзол 'Монголчууд арьсны хавдар тусах эрсдэл маш өндөр'

Дулааны улирал эхлэхээр бидний анхаарах ёстой хамгийн чухал зүйлийн нэг бол арьс арчилгаа байдаг билээ. Нарны хэт ягаан туяа нь хүний арьсанд олон сөрөг нөлөөг үзүүлээд зогсохгүй сүүлийн жилүүдэд арьсны хорт хавдрын гол эх үүсвэр нь болоод байгаа ажээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монголд нарны туяанаас шалтгаалсан арьсны эмгэг, харшил, хавдар ихээр бүртгэгдэх болсон байна. Ингээд нарны хурц туяанаас арьсаа хэрхэн зөв арчилж, эрүүл байх  талаар АӨСҮТөвийн Клиникийн Нэгдсэн Тасгийн эрхлэгч Г.Цогзолтой ярилцлаа. 

 

- Сайн байна уу?

- Сайн. Сайн байна уу.

- Дулааны улиралд нарны туяа маш хурц байдаг шүү дээ. Ер нь нарны туяанаас үүсэлтэй арьсны өвчнүүд хэр их байдаг вэ?

-Нар нь байгалийн дулааны энергийн эх үүсвэр ч гэсэн хүний арьсанд сөргөөр нөлөөлөх тохиолодол  их байдаг. Нарнаас UVC-богино долгионы туяа, UVB- дунд долгионы туяа, UVA- урт долгионы туяа гэсэн 3 төрлийн хэт ягаан туяа цацардаг. Үүнээс хүний эрүүл мэнд, арьсанд хамгийн хортой нөлөө үзүүлдэг нь A,B хэт ягаан туяа байдаг. Тухайлбал, A,B хэт ягаан  туяанаас арьсны харшлууд, нөсөө, мөн зарим тохиолдолд арьсны хавдар тусах эрсдэл  өндөртэй.  Өнөөдрийн байдлаар нарнаас үүдэлтэй арьсны өвчнүүдийн дотроос  арьсны өмөн үү, нүдний болор цайх өвчин дийлэнх хувийг эзэлж байна. Ялангуяа арьс наранд хэт түлэгдсэнээс арьсны гүнд генийн өөрчлөлт орж, ингэснээр арьсны өмөн үү үүсэх нөхцөл болж байдаг. Одоогоор дэлхий нийтэд нарны цацрагаас үүсэлтэй өвчний улмаас олон мянган хүн нас барж байна.

-Тэгэхээр арьсны хавдар нарны туяанаас үүсэлтэй гэсэн үг үү? Монголчуудын хувьд арьсны хавдар тусах эрсдэл хэр өндөр байдаг вэ?

- Нарны туяанаас арьсны хавдар үүсдэг.  Гэхдээ энэ нь наранд их байдаг, нарны туяаг өөрийн арьсан дээрээ үргэлж хүлээн авч байдаг хүмүүс арьсны хавдраар өвчилнө гэсэн үг бас биш юм. Энэ нь дотор эрхтэнтэй хамтардаг өвчин. Өөрөөр хэлбэл, элэгний архаг үрэвсэлтэй, ходоод, цөс гэхчлэн дотор эрхтний ямар нэг эмгэгтэй , дээрээс нь арьсаа хамгаалахгүй нарны туяаг өөр дээрээ ихээр хүлээн авах юм бол арьсны хавдар тусах эрсдэл өндөр гэсэн үг юм. Учир нь элэг, дотор эрхтнүүд нарнаас хамгаалдаг  цагаан эсийн хэмжээг багасгаж, нарнаас ирэх туяанаас хамгаалах дархлааг сулруулж байдаг. Жишээ нь,

Монголд элэгний хавдараар өвчлөгсдийн тоо маш их болсон. Тиймээс тэр хэрээрээ арьсны хавдар тусах эрсдэл өндөртэй гэсэн үг.

 Түүнчлэн арьсны хавдар нь ихэвчлэн цагаан арьстай хүмүүст элбэг тохиолддог. Хэдийгээр Монголчууд шар арьстай ч дотор эрхтний өвчлөлөөс хамааран арьсы хавдар тусах эрсдэл өндөр. Дотор эрхтний архаг үрэвсэлтэй хүмүүс наранд хэт мэдрэг болчихдог. Иймээс арьсны хорт хавдар тусдаг. 

-Өнөөдрийн байдлаар арьсны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн тоо хэр их байна вэ?

-Дулааны улирал эхлэхээр нарны туяанаас үүсэлтэй арьсны харшилтай болсон хүмүүс их ирдэг. Өнөөдрийн байдлаар манайд нарны харшил, арьсны эмгэтэй олон хүмүүс эмчлүүлж байгаа. Мөн арьсны хавдартай хүмүүс ч бий. Арьсны хавдрын хувьд ихэнх нь хортой тохиолдол байдаг. Уг нь ямар ч арьсны хавдрыг эмчлэх боломжтой ч манайхны хувьд эртхэн эмнэлэгт хандахгүй хүндрүүлээд нас барах тохиолдол бас гардаг. Хамгийн гол нь арьсан дээр ямар нэгэн өөрчлөлт нөсөө, толбо гарах юм бол шууд эмчид хандаж байх хэрэгтэй. Хавдар бүх арьсаар нэвчээгүй тохиолдолд мэс засал хийх боломжтой байдаг. Гэтэл хүндрүүлсэн тохиолдолд ямар ч аргагүй байдаг. 

- Сүүлийн жилүүдэд цаг агаар харицангуй дулаарах болсон. Тэгэхээр өмнөх жилүүдтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд нарнаас шалтгаалах өвчлөл хэр их байгаа вэ? 

- Одоогоор надад статистик тоо баримт алга. Гэхдээ эмч хүнийхээ хувьд өвчлөлийг  ажиглахад сүүлийн 2-3 жил нарнаас үүдэлтэй арьсны өвчин харицангуй их болсон. Тиймээс хүмүүс нарны туяанаас арьсаа маш сайн хамгаалах хэрэгтэй.

-Нарны туяанаас арьсаа хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?

- Ер нь хүн өдөр бүр заавал нарны тос хэрэглэх хэрэгтэй. Монголчуудын хувьд нарны тос хэрэглэж арьсаа хамгаалах нь харицангуй бага байдаг. Гэтэл гадаадын орнуудад нарны тос хэрэглэдэггүй хүн ховор байдаг. Нөгөөтэйгээр нарны туяа хүнийг  маш амархан хөгшрүүлж байдаг. Нарны тос нь арьсны өвчлөл, хөгшрөлтөөс давхар сэргийлж байдаг. Түүнчлэн нарны тосоо сонгохдоо ямар туяанаас хамгаалах зориулалттай, хэдэн цагийн хамгаалалттай зэрэг заавартай нь сайн танилцаж байж сонгох хэрэгтэй. Мөн зөвхөн дулааны улирал гэлтгүй жилийн дөрвөн улирал түрхэх хэрэгтэй.

- Нарны тосыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

- Нарны тосыг ойролцоогоор гэрээсээ гарахаас 30 минутын өмнө нүүр болоод ил гарсан хэсгүүддээ түрхэх хэрэгтэй. Харин хүүхдийн хувьд зориулалтын нарны тосыг хэрэглэж байх хэрэгтэй. Хүүхдийн арьс нарны хортой туяаг тэсвэрлэх чадвар маш бага байдаг. Өнөөдөр манайхаар эмчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь хүүхдүүд байна. Эмэгтэйчүүдиийн хувьд нарны тосыг чийгшүүлэгч түрхснийхээ дараа түрхэх хэрэгтэй. Учир нь нарны тосны арьсыг хуурайшуулах үйлчилгээ их байдаг. 

- Ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл бичих

arrow icon