Нийтлэл 05 сарын 22, 2015

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР - Ил тод байвал өршөөх эсэхийг хэлэлцлээ

Эдийн засгийн ил тод байдлын тухай болон эдийн засгийн өршөөлийн тухай эгч дүү хууль яг одоо чуулганаар хэлэлцэгдэж байна.

Хоёр хуулийг энгийнээр

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих гэдэг нь дараах байдлаар сайн дураараа эдийн засгийн хувьд ил тод байдлыг үзүүлсэн хувь хүн болон компанийг хуульд заасан татварын үүргээс нь нэг удаа чөлөөлөхөөр зохицуулна:

  • Татвар төлөгчөөр бүртгүүлсэн
  • Татвар ногдох хөрөнгө, орлогоо мэдүүлсэн
  • ААН-ээ улсад бүртгүүлсэн
  • Санхүүгийн болон татварын үнэн зөв тайлан өгсөн

Энэ төсөл батлагдвал батлагдснаас хойших ил тод байдлаас гадна батлагдахаас өмнө энэ төрлийн хэрэгт яллагдсан хувь хүн, аж ахуйн нэгж мөн өршөөлд хамрагдахаар хэлэлцэгдэж байна. Онц аюултай гэмт хэрэгтэн, санаатай гэмт хэрэг үйлдэж гурав ба түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн, өршөөлд хамрагдаж суллагдсан ч дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг ноцтой ял бүхий яллагдагчдаас бусад төрлийн татвар, эдийн засгийн хамааралтай гэмт хэрэг болон захиргааны зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн ялтан болон шийтгэл хүлээгчдийг өршөөнө гэсэн үг.

Хуулийн төслийг өргөн барьсан бүлгээс ийм зохицуулалт хийгдсэнээр дараах эерэг үр дагаврууд гарна гэж үзэж байна:

  • Баялаг бүтээгчид дэмжигдэнэЭдийн засгийн уналт, татварын дарамтаас болж улсын хэмжээнд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49.2 хувь буюу 54337 нь хаалгаа барьсан нь үүдээ нээж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ.
  • Далд эдийн засаг ил гарна

Өөрийнхөө гаргасан алдаа, хууль зөрчсөн  үйлдлээ нэг удаа  заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болговол эрүүгийн болон захиргааны хариуцлага, ял зэмээс нэг удаа  чөлөөлснөөр сайн засаглал бий болж, цаашдын харилцаагаа хуулийн зөрчилгүй явуулах боломж бүрдэнэ. Өмнө нь 2008-2009 оны эдийн засгийн хүндрэлтэй үед ийм хууль гаргасан нь ач холбогдлоо өгсөн гэж дүгнэсэн байдаг ажээ.

Энэ хуулийн төслийн талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

 

Р.Гончигдорж гишүүн : Төрийн нэг чухал чанар нь ял оноож чаддаг бас уучилж чаддаг байх юм

Төрийн нэг чухал чанар нь ял оноож чаддаг бас уучилж чаддаг байх юм.  Эдийн засгийн нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллах цаг нь болсон. Эдийн засгийн хүндрэлийг үүрч байгаа ААН, компаниудад татварын өршөөлийг үзүүлэх хэрэгтэй.

Д.Ганхуяг гишүүн : Нэг бол шийдье, нэг бол больё.

Энэ хоёр хууль удаан хэлэлцэгдэж байгаагаас болоод үүдэн гараа сөрөг үр дагаврууд нэмэгдээд байна. Тиймээс энэ хуулийг нэг бол шийдье, нэг бол больё.

Б.Гарамгайбаатар гишүүн : Энэ 2 хууль их чухал хууль. Гэхдээ эдийн засгийн өршөөлийн хууль илүү чухал.  Хүндэрчихээд байгаа эдийн засгийн үед гацаанд ороод байгаа ААН-тэй холбоотой асуудлыг шийдэж цэгцлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл урамшуулал маягаар нэг удаа асуудлыг нь шийдээд өгчихвөл татварын байдал сайжирна гэж үзэж байгаа.

Г.Баярсайхан гишүүн :  Том компаниудаас гадна жижиг компаниуд  ч бас хамрагдах хэрэгтэй

Энэ хууль хэн нэгний ашиг сонирхолд үйлчлэх гээд байгаа юм шиг санагдаж байна. Эдийн засгийн өршөөлд том компаниудаас гадна жижиг компаниуд  ч бас хамрагдах хэрэгтэй.   

Х.Тэмүүжин гишүүн : Дотоодын эдийн засгийг хэвийн байдалд оруулахын тулд сүүдрийн эдийн засгийг ил гаргах хэрэгтэй

Энэ хоёр хуулийг хурдан шийдэхгүй бол удаан хугацаанд хүлээлт үүсгэж байгаа. Энэ нь эргээд буруу дохио өгч ААН-ийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж байна. Дотоодын эдийн засгийг хэвийн байдалд оруулахын тулд сүүдрийн эдийн засгийг ил гаргах хэрэгтэй. 

С.Бямбацогт гишүүн: Ямар ч алдаа гаргалгүй татвараа төлж ирсэн хүмүүсийг урамшуулах хэрэгтэй

Эдийн засаг ямар байггааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд мэдэж байгаа. Тиймээс бид монгол улсын тсөвийг нуруун дээрээ үүрч явдаг, ажлын байрыг бий болгодог баялаг бүтээгчдээ дэмжих хэрэгтэй.  

Энэ хуульд татвараа буруу зөрүү ч хамаагүй төлсөөр ирсэн баялаг бүтээгчдээ оруулаагүй байсан. Ийм шударга иргэдээ анхаарах хэрэгтэй.  Мөн ямар ч алдаа гаргалгүй татвараа төлж ирсэн хүмүүсийг урамшуулах хэрэгтэй байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon