Нийтлэл 05 сарын 26, 2015

Харри Поттерын зохиолчоос шинэ төгссөн оюутнуудад хандаж хэлэх үг

Төгсөлтийн баяр дээр илтгэл тавих гэдэг хэчнээн их хариуцлага билээ?  Өнөөдөр юу ярих билээ гэж тархиа гашилгаж, зүрх сэтгэлээ уудалж үзлээ. Би төгсөлтийн баярын өдрөө юу мэдэж байсан, тэр өдрөөс хойш 21 жилийн туршид юу мэдэж сурсан тухайгаа өөрөөсөө асууж үзэв. Надад 2 хариулт олдсон. Та бүхний академийн амжилтыг тэмдэглэхээр цугласан энэ сайхан өдөр бүтэлгүйтэхийн ашиг тус хийгээд “бодит амьдрал” хэмээх талбарт хийх аянд "төсөөлөл" гэдэг хэчнээн чухал болох тухай ярья гэж шийдлээ. Энэ хоёр хоорондоо зөрчилтэй сонсогдож мэднэ, гэхдээ надтай хамт байж, сонсохыг хүсэе.

42 настай өнөөгийн надаас эргээд харахад 21 настай надад төгсөлт тийм ч амар үеийг авчраагүй. Миний өөрийн амбиц хийгээд миний эргэн тойрныхон надад хүлээлгэж байсан хүлээлтийн дунд амаргүй үл тэнцвэр төгсөлтийн хамт ирсэн. Хэзээ ямагт хүсэж ирсэн зүйл минь зохиол бичих байв. Харин аав ээж маань миний бусдаас илүү төсөөлөн бодох чадварыг маань хэзээ ч үл хөдлөхийн зээл төлж, баталгаатай тэтгэвэрт хөтөлж чадахааргүй хувь хүний онцлог тал гэж харж байлаа. Тэд намайг багшийн мэргэжилтэй болно гэж найдаж, би ч Англи уран зохиолын тэнхим сонгосон нь боломжийн харилцан буулт байлаа. Гэхдээ аав ээжийн машин далд оров уу гүй юу би Герман хэл дээрх номнуудаа хаяж, сонгодог зохиолын корридор руу хөлийн хурдаар очиж байж билээ.

 

Би тэдэнд Сонгодог зохиол судалж байгаа гэж хэзээ хэлснээ санахгүй байна, ямар ч гэсэн төгсөлтийн өдөр ойлгосон байх. Тэдний хувьд Грек домог судлалаас илүү хэрэггүй, хамгийн мундаг ажлын 00-д хөтлөх замаас хамгийн хол зүйл нэрлэ гэвэл нэрлэж чадахгүй байсан байх. Би гэхдээ аливаа зүйлд аав ээжийгээ буруутгах гээгүй гэдгээ онцлон хэлмээр байна. Аав ээжийгээ намайг буруу тийш заллаа гэж буруутгах боломжтой өдөр чи хангалттай хөгшин, өөрөө хүрд эргүүлэх чадвартай, хариуцлага чиний талд шилжиж ирэхэд дуусдаг. Тэрнээс гадна намайг хэзээ ч битгий ядуу байгаасай хэмээсэн тэднийхээ хүслийг би яахин буруутгаж чадах билээ?

 

Гэхдээ би та нартай чацуу байхдаа ядуурлаас илүү бүтэлгүйтэхээс айж явлаа. Их сургуулийн жилүүдэд кофе шопт сууж юм бичихэд хэт их цаг, лекцэндээ хэт цөөн зардаг, шалгалтаа өгөх гэж тэвддэг байсан минь коллеж хэмээх багагүй хугацаанд амжилтыг хэмждэг хэмжүүрээр бүтэлгүй дүрд оруулж байсных байх. Мэдээж та бүхэн шиг авьяастай, залуу, боловсорсон байхаар хэзээ ч гуниж, бэрхшээл үзээгүй гэж хэлэхээр мэдрэмжгүй биш билээ би. Гэхдээ Харвард төгсөж байгаа гэдэг баримтаас үзвэл та бүхэн бүтэлгүйтэлтэй тийм ч танил дотно биш буй заа. Та бүхэн амжилтад хүрэх хүслийн хамт бүтэлгүйтлээс айх айдсаар жолоодуулж байж мэднэ. Бас та бүхний бүтэлгүйтэл гэж нэрлэх зүйл, бусдын хувьд амжилт гэж болохоор тийм өндөр босго байж ч мэдэнэ.

 

Эцсийн эцэст юуг бүтэлгүйтэл гэж үзэх эсэхээ бид өөрсдөө шийднэ, гэхдээ хэрвээ чи өөрөө зөвшөөрвөл дэлхий бэлээхэн хэмжүүр зөндөөг бэлдээд тавьсан байгаа. Тиймээс өнөөдрөөс эргэн харахад, ямар ч хэмжүүрээр хэмжсэн, төгсөөд 7 жилийн дараа би бээр бүтэлгүйтлийн сонгодог жишээ болсон байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Онцгой богино настай гэрлэлт минь дуусгавар болсон, ажилгүй, ганц бие ээж, орчин цагийн Их Британид өөрийн гэргүй байх хэмжээнд хангалттай ядуу байв. Аав ээжийн минь айж ирсэн зүйлс, миний айж ирсэн зүйлс аль аль нь бодитой болж, ямар ч стандартаар харсан, би бол миний мэдэх хамгийн том бүтэлгүйтэл байлаа.Өнөөдөр би та бүхэнд энд зогсоод бүтэлгүйтэл бол зугаатай гэж хэлэхгүй.  Тэ баргар өдрүүдэд үлгэрт гардаг шиг сайхан төгсгөл хаана хэзээ ирэхийг үнэндээ мэдэхгүй байсан, урт харанхуй туннел хэр урт үргэлжилж байгааг огт харж чадахгүй, хэрэв хонгилын үзүүрт гэрэл байсан сан бол тэр нь бодит байдал гэхээсээ байгаа гэх итгэл найдвар байлаа.

 

Тийм байж яагаад бүтэлгүйтлийн ашиг тусын тухай ярих гэж?  Хариулт нь энгийн, бүтэлгүйтэл чамд хэрэгтэй хэрэггүй, чамд нэн чухал биш зүйлсээс ангижрах хэрэгцээг тулгадаг. Би хамгийн их бүтэлгүйдэл дундаа би биш, хэн ч биш элдэв дүрд тоглохоо байгаад миний хувьд хамгийн чухал тэр ажилд л бүх энергиэ зарах болсон. Хэрэв би өөр ямар нэгэн зүйлд амжилт олсон байсан сан бол би өөрөө байхыг хамгийн их хүсдэг тэр газраа тогтож, тэндээ урагшилахаар шийдэхгүй байсан байж мэднэ. Би нэг талаар эрх чөлөөтэй болсон, учир нь миний хамгийн том айдас аль хэдийн биежээд, харж ханахгүй охинтой болж, надад хуучин бичгийн машин, том санаа байлаа. Тиймээс нэг талаар ёроолд унаад мөргөсөн хад маань надад амьдралаа дахин босгох хатуу чанд хөрс болж өгсөн билээ.

Та нар миний хэмжээнд бүтэлгүйтэхгүй байж мэднэ, гэхдээ амьдралд бүтэлгүйтэл заавал ирдэг. Огт амьдрахгүй байгаа юм шиг болгоомжтой л амьдардаггүй юм бол, энэ нь бүүр бүтнээрээ бүтэлгүйтэл гэсэн үг, бүтэлгүйтэлгүй амьдрах боломж байхгүй. Бүтэлгүйтэл надад шалгалтад тэнцээд олж үзээгүй дотоод итгэлтэй байдал өгч, бүтэлгүйтэл надад өөрөөр яагаад ч сурч чадахгүй байсан зүйлсийг зааж өгсөн. Би хүчирхэг хүсэл зорготой, өөрөө санаж байснаас ч илүү дэглэм сайтай, юугаар ч үнэлэгдэхгүй найзуудтай гэдгээ нээж мэдсэн юм.Хүнд хэцүү цагаас илүү хүчтэй, ухаантай болж эргэн төрөх нь тэсч үлдэх илүү чадвартай болно гэсэн үг. Чи өөрийгөө болон, бусадтай харилцах харилцаагаа хэн байсан, юу байсныг шалгалтаар ортол хэзээ ч бүрэн мэддэггүй. Тийм мэдлэг ямар ч ур чадвараас илүү үнэ цэнэтэй, өвдөж олж авсан жинхэнэ бэлэг байдаг.

 

Тэгэхээр цаг хугацааг буцаавал би 21 настай өөртөө хувь хүний аз жаргал амьдрал гэдэг аливааг олж, цуглуулах жагсаалт биш гэдгийг мэдэхэд оршино гэж хэлнэ. Чиний ур чадвар, чиний диплом бол амьдрал биш, хэдийгээр холих андуурах олон хүнтэй чи таарах гэлээ ч. Амьдрал хэцүү, ээдрээтэй, хэний ч гарт бүрэн захирагдахгүй, ийм гэдгийг нь мэдэж авахад төрөх даруу зан түүний элдэв нугачааг даван туулах хүч болж өгнө.

 

Та бүхэн намайг хоёр дахь сэдэв, төсөөллийн тухайд өөрийн амьдралаа өөд татсан агуулга дор ярих нь гэж бодож байж мэднэ, гэхдээ би төсөөллийн үнэ цэнийг хамаагүй өргөн хүрээнд нээж олсон. Төсөөлөл бол зөвхөн хүнд заяасан байхгүйг байлгаж сэтгэх чадвар, тиймээс бүх бүтээл, инновацийн эх ундарга юм. Төсөөлөл бол хамгийн том хувирах, шинээр нээх чадвар, төсөөлөл бол хэзээ ч хамт туулаагүй зүйлсээ ч хэн нэгэнтэй хуваалцах боломж.

Би Харри Поттерыг бичихээсээ өмнө Амнести Интэрнэйшналийн Африк судлалын хэсэгт ажилладаг байв.  Жижигхэн оффистоо суугаад тоталитар дэглэмийн дор тэдэнд юу тохиолдож байгааг асар их эрсдэл үүрэн байж бичиж илгээсэн залуус, эмэгтэйчүүдийн захиаг уншдаг байлаа.  Амнести  рүү цөхөрсөн гэр бүл найзууд нь илгээсэн ор мөргүй алга бологсдын зураг, тамлан зовоосон баталгаа, шарх гэмтлийн зураг харж, цаазаар авах, хүүхэд хулгайлах, хүчирхийлэх хэргийг нүдээр үзсэн хүний гараар бичсэн гэрчийн үгийг уншдаг байлаа. Би Африкт тамлан зовоох зовлон туулсан тухайн үеийн надаас ах биш, бүх зовлонг даван туулаад нутагтаа ирсэн хойноо сэтгэл мэдрэлээр өвдсөн залууг ердөө мартдаггүй.  Тэрээр видео камерт хандан ямар их зэрлэг харгислал түүнд ногдсон тухай ярьж байхдаа надаас тохой өндөр, би хүүхэд шиг санагдаж байж билээ. Амьдрал нь аюумшигт харгислалд өртөж бутарсан тэрээр ярьж дуусаад миний гарыг үлэмж соёлтой атгаж, надад аз жаргал хүссэн сэн. Би амьд байх хугацаандаа хоосон, урт корридороор алхаж байхдаа өмнө нь ч дараа нь ч сонсоогүй аймшигтай айдас, өвдөлтийн хашгирах дуун сонссоноо мартахгүй байх.  Хаалга онгойж нэг судлаач намайг  мөнөөх залууд халуун уух зүйл хийж ирэхийг хүссэн, эмч залууд ээж нь баригдаж, цаазаар авахуулсан тухай дуулгасан байсан юм.

 

Хориод насандаа ажилласан туршлагаасаа би ардчилсан засгийн газартай, хуулийн төлөөлөл, нийтийн шүүх бүх нийтийн эрх болсон оронд амьдрах гэдэг хэчнээн их аз гэгдгийг мэдэрдэг байлаа. Би үзсэн, харсан, сонссоноо хар дарсан зүүд болгон зүүдлэх болсон. Гэхдээ Амнестид би хүний сайн сайхны тухай хэзээ хэзээнээс илүү мэдэж авсан билээ... Энэ гараг дээрх бусад ямар ч амьтнаас илүү хүмүүс биеэр туулаагүй зүйлсээ ч суралцаж, ойлгож чаддаг. Хүмүүс өөрийгөө өөр хүний оронд тавьж сэтгэж чаддаг. Мэдээж зарим нь энэ чадварыг буруу зүйлд ашигладаг, зарим нь бүр огт ашиглахгүй.  Зарим хүн өөрөө юу туулж ирсэн, тэр тухтай зоондоо үлдэхийг эрхэмлэж, хэрэв өөр хүн болж төрсөн бол ямар байх тухай бодож зовохыг хүсэхгүй. Тэд түгжээтэй торон дотроос хашгирах дууг сонсохоос, тэдний хувь хүнд хүрэхгүй ямар ч зовлон, сэтгэл зүрхэнд хүрэхээс татгалзаж болно, тэд мэдэхээс татгалзах боломжтой. Гэхдээ тэд магадгүй надаас ч их хар дардаг. Явцуу ертөндөө амьдрахаар сонгох нь өөрөө өөрийнхөө айдсыг дагуулж ирдэг. Өөрийн хүслээр төсөөллөөс зугатагсад магадгүй илүү олон мангас харж, илүү айдастай амьдардаг. Тэрнээс ч илүү нь бусдыг мэдрэхээс зайлсхийх нь жинхэнэ мангас төрүүлдэг, шууд харгис муухай байхаар шийдээгүй хэрнээ мэдрэмжгүй байдал биднийг тийш нь хөтөлж орхидог.

 

18 настайдаа Сонгодог зохиолын корридорын үзүүрт юуг ч юм бэ одоо хэлж мэдэхгүй зүйл хайж яваад олж мэдсэн олон зүйлийн нэгийг Грекийн зохиол Плутарх бичсэн байдаг:

Дотооддоо бидний олж авсан зүйл гадаад орчин дахь бодит байдлыг өөрчилдөг.

 

Бид бүхний өдөр тутмын амьдралд мянга дахин батлагддаг гайхалтай үг. Энэ үг бид зүгээр л оршин байгаагаараа бусдын амьдралд хүрэлцэж байдгийг, гадаад орчинтой няцаахын аргагүй харилцан хамааралд оршдгийг маань хэлж байна. Гэхдээ 2008 оны Харвардын төгсөлтийн та бүхнээс хэд нь бусдын амьдралд хүрэлцэхэд бэлэн байна вэ? Чиний ухаан, ур чадвар, боловсрол чамд өөр хэнд ч байхгүй статус, хэнд ч байхгүй хариуцлага ногдуулж байна. Тэр байтугай чиний иргэншил чамайг өөр болгож байна. Та нарын ихэнх нь дэлхийн ганц супер хүч болох улсын иргэн. Чиний сонгууль, чиний амьдрал, чиний эсэргүүцэл, чиний төрдөө хандах хяналт...энэ бүхэн зөвхөн чиний улсын хил дотор үлдэхгүй. Энэ бол чиний эрх, бас чиний дарамт.

 

Хэрвээ чи өөрийн статус, өөрийн дуу хоолойгоо дуу хоолойгоо сонсгох боломжгүй нэгний төлөө зарахаар, хэрвээ чи өөрийгөө зөвхөн хүчирхэг бүлгийн талд биш сул дорой хүмүүсийн хамт тодорхойлохоор, хэрвээ чи өөрийнхөө давуу талыг хэзээ ч тийм давуу талтай байгаагүй хэн нэгний амьдралд хүртээхээр сонголт хийвэл, зөвхөн гэр бүл чинь биш бодит байдлыг нь өөрчлөхөд тусласан мянга мянга сая сая хүн чиний оршихуйд талархах болно. Миний яриа дуусах гэж байна. Эцэст нь та бүхэнд 21 настайдаа би хэдийн олж аваад байсан зүйлийг хүсэе. Төгсөлтийн баярын өдөр цуг сууж байсан найзууд минь миний нэг насны нөхөд болсон юм. Миний хүүхдүүдийн адисласан аав ээж, зовох цагт хандах хүмүүс, зохиолдоо нэрийг нь хэрэглэхэд надтай шүүхдэхгүй байж өршөөсөн нөхөд. Төгсөлтийн баярын өдрөө бид дахин хэзээ ч эргэн ирэхгүй дундын дурсамж, бас хэн нэг нь Ерөнхий сайд болвол нэлээн үнэ хүрч мэдэх гэрэл зурагууд, энэ бүхнээс төрөх хэмжээлшгүй их сэтгэл хөдлөлд хамтдаа автан байж билээ.

 

Тиймээс өнөөдөр тийм нөхөрлөлөөс илүү дээр ерөөл санаанд минь буухгүй байна. Маргааш та нар магадгүй миний ярьсан зүйлсийг мартаж мэднэ гэхдээ бас л Сонгодог зохиолын булангаас карьер бослого гаргаж, эртний ухаан хайж явахдаа олж авсан Ромын нэгэн их оюун Сенекагийн үгийг санаж байгаасай гэж хүсэж байна:

 

Амьдрал яг үлгэр шиг, хэр уртаараа биш, хэр сайнаараа хэмжигддэг билээ.

 

2008 он

Сэтгэгдэл бичих

arrow icon