Нийтлэл 05 сарын 26, 2015

Б.Чингис “Ном зараад ашиг олохгүй ч сэтгэл цаддаг'

Номд хайртай, номыг дээдэлдэг, ном сонирхогч хүмүүсийн хүсэн хүлээдэг “Номын баяр”-ын өдөрлөг өчигдөр, өнөөдөр Чингисийн талбайд боллоо. “Номын баяр”-ыг жил бүр уламжлал болгон “Номын соёлт ертөнц” ТББ-аас зохион байгуулдаг бөгөөд энэ жил 17 дахь удаагийн баяраа ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Өнгө алагласан тод өнгийн зурагтай, эрээн мяраан хавтастай хүүхдэд зориулсан ном, товхимол, шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, амтархан унших тууж, роман, Монголын төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэл дээрээ уншихыг хорхойсох хүн бүрийн саатах үзэсгэлэн, худалдаанд  олон арван залуус, зохиолч уран бүтээлчид, байгууллагууд оролцсон юм. 

Монгол залуусаа дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх оюунлаг сэтгэлгээ, эх оронч үзэл , өөрийн эх орны түүх уламжлалаар бахархдаг болгон хүмүүжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх зорилогтойгоор  жил бүр номын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг тухай зохион байгуулагчид онцолж байсан юм. Харин энэ удаагийн номын баярын онцлог бол өмнөх жилүүдээс өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа боллоо. Тухайлбал, Өдөрлөгт  ном эрхлэн гаргагчдаас шинэ номоо уншигчдадаа танилцуулах, бэстселлер номын зохиолчид гарын үсэгтэй худалдаагаа хийх, хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллагууд хүүхдийн баяртаа номын бэлэг бэлдэхийг уриалан номоо бэлгийн багц болгон танилцуулах, худалдаалах гэх мэтээр 30 гаруй байгууллага, 60 гаруй зохиолчид гар бие оролцжээ.  Мөн уншигчддаа бас нэг бэлгийг барьсан нь номын худалдаагаар зарагдаж байгаа бүх номуудыг 5-50% хямдруулан худалдаалж байв. 

 

Ингээд “Номын баярыг зохион байгуулж байгаа “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б. Чингистэй ярилцлаа. 

- Сайн байна уу? Энэ хаврын номын баярын онцлог давуу тал юу байна вэ? Хүмүүс өдөрлөгт хэр их оролцож байна?

- Сайн. Баярлалаа. Манай “Номын соёлт ертөнц” ТББ Номын баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнөх жилүүдээс илүү өргөн дэлгэр, өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа болж байгаад сэтгэл маш сайхан байна. Онцлог давуу тал нь гэх юм бол 30 гаруй байгууллага 60 гаруй зохиолчид өөрийн уран бүтээлээрээ оролцож байгаа. Мөн явуулын номын сан ажиллуулж байна. Түүнчлэн хорих ангиуд, хөдөө орон нутгийн номын сангуудад хандивлах номын хандивын үйл ажиллагааг давхар зохион байгуулж байна. Манай байгууллага жил бүрийн номын баяраараа хандивын номын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн хувьд хөдөө орон нутгийн алслагдмал сумуудын хүүхдүүдэд номын хандив цулуулсан. Энэ үйл ажиллагаанд иргэд маань ч идэвхтэй оролцож байгаад талархаж байна.

- Өдөрлөгөөр номыг 5-50% хямдруулан худалдаалж байгаа гэсэн. Тэгэхээр номын борлуулалт хэр байна. Хүмүүс хэр их ном худалдаж авч байна?

- Тэгэлгүй яахав. Ном түүнийг тойрон хүрээлэгчид ганзага дүүрэн байдаг.

Энэ нь зөвхөн худалдаалагчид гэлтгүй худалдан авагчид маань оюундаа үнэтэй хувь нэмэр хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Санхүүгийн ашиг борлуулалт гэхээсээ илүүтэй оюуны ашиг орлого гэдэг хамгийн чухал хөрөнгө оруулалт шүү дээ

. Бидний хувьд ном зараад ашиг олохгүй ч сэтгэл цаддаг.

- Номыг шимтэн уншдаг, номд хайртай залуустаа хандаад таны зүгээс ямар үг хэлмээр байна?

-Ном бол сайхан бүхний гэрч.

Энэ талбайгаар ухаалаг утас бариад явж байгаа залуусыг хэзээ нэг өдөр ном бариад алхаасай гэж хүсэж байна. Энэ талбай дээр алхах бүх хүмүүс ном бариад алхаж байгаа тэр дүр зургийг харах миний мөрөөдөл.

Тиймээс ч номын баяраа Чингисийн талбай дээрээ хийж байгаа юм. Миний хувьд залуу хүний хамгийн гоё чимэг бол ном. Надад бол ном уншаад сууж байгаа эмэгтэй  л хамгийн үзэсгэлэнтэй.  Ном уншаад сууж дүүгээ ажил хийлгэмээргүй санагддаг. Мөн номоо дааж ядаад тэврээд явж байгаа хүнийг хараад үнэхээр хайр хүрдэг.

 

 Зохиолч Б.Шүүдэрцэцэг " Уншихгүйгээр сэтгэхгүй" 

- Сайн байна уу. Номын баярт хэд дэхь жилдээ оролцож байна. Энэ жилийн хувьд ямар номоороо өдөрлөгт оролцож байна вэ? 

- Сайн. Миний хувьд "Номын баяр"-т 17 дахь цдаагаа оролцож байна. Өөрөөр хэлбэл жил бүр эл баярт оролцон уншигч олонтойгоо шинэ уран бүтээлээ дамжуулж, хуваалцдаг байгаа. Энэ жилийн хувьд  "Үүлэн Хээтэй Орчлон" романаараа уншигчддаа бэлэг барьж байна. Энэ номоо жилийн хугацаанд бичсэн уншигчдаас маш их хүлээлттэй байсан. 

"Үүлэн Хээтэй Орчлон" шинэ романаа худалдаанд гаргаад удаагүй байгаа юм байна. Тэгэхээр энэ ном нь ямар агуулгатай. Юуны тухай өгүүлсэн бүтээл вэ? 

- 1900-аад оны монгол орны хүмүүсийн хурц сонирхолтой амьдрал, үйлийн үрийн тухай хөндсөн сонирхолтой ном байгаа. Юу тарина түүнийгээ хурааж авна гэсэн гол утга санаатай. Мөн зохиолын гол дүр болох Хулангийн адал явдалтай үйл явдлаар дамжуулан  уншигчдын сэтгэгдлийг дэнслүүлсэн бүтээл болсон.  Өнөө өглөө Ардын Жүжигчин, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Г.Жигжидсүрэн ах  баяр хүргэж "Маш сайхан кино харагдаж байна" гээд надад баяр хүргэсэнд нь баяртай байна. 

- Номонд дуртай, номыг хайрладаг монголын мянга мянган залуустаа хандаад юу гэж хэлмээр байна? 

- Уншихгүй бол сэтгэхгүй. Бэлэг бэлгийн дээд бол ном. Төгсөлтийн баяр, эх үрсийн баяраар бэлгэндээ оюуны хамгийн үнэтэй бүтээл номыг сонгоорой гэж уриалж байна. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon