Нийтлэл 05 сарын 26, 2015

Хаан банк тохижилт муутай аж ахуйн нэгжээр 'шалгарав'

   2015 оны нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах эхний шатны хяналтад Хаан банкны “Жаргалан” салбар таагүй үнэлгээ авчээ. Тухайлбал Хан-Уул дүүрэгт байрлах тус банкны салбар гадна орчноо цэвэрлээгүй, үүдний довжооны наалт нь ховхорсон, бэлэн мөнгөний машины гадна дотор тал үзэмжгүй, шаардлага тавьсан ажлын хэсгийнхэнийг эсэргүүцэж зохисгүй авир гаргасан тул хангалтгүй үнэлгээг авсан аж. Энэхүү болзолт уралдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд 51 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд аж ахуйн нэгжүүдэд тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээгээ сайжруулах хугацаат үүрэг өгч, хэрэгжилтийг 14 хоног тутамд шалгаж тохижилтыг нь үнэлсэн наалт нааж байгаа юм. Эхний ээлжийн хангалттай гэсэн үнэлгээ бүхий наалтыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны “Туул” сууц өмчлөгчдийн холбоо, Баянгол дүүргийн 12 дугаар хороо авсан юм. Тус газрууд тохижилтоо сайжруулж өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж иргэдтэйгээ хамтран ногоон байгууламжаа нэмэгдүүлэн орчноо тохижуулж байна. 

 Хангалттай гэсэн үнэлгээ бүхий наалт нь "Баярлалаа" гэсэн бичигтэй инээмсэглэж буй хүний дүрс бүхий тохижилт сайтай цэмцгэр байгууллага гэсэн тодотголтой юм. Харин хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүдэд “гахай”-ны дүрс бүхий  "тохижилт муутай бохир байгууллага" гэсэн наалтыг нааж байгаа аж.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon