Нийтлэл 05 сарын 26, 2015

ДЭЛХИЙ ЯАГААД ӨРӨНД БАРИГДАВ?

Хаа байсан 1834 онд АНУ-ын сенатор Д.Вэбстэрийн хэлж байснаар өр орчин цагийн арилжааны “амин чухал агаар” болжээ. Өнөөгийн дэлхий өр ширэндээ баригдаж гүйцэв.  Засгийн газар, өрхүүд, аж ахуйн нэгжүүдийн өр 2000 онд дэлхийн нийт бүтээгдэхүүний 246% байсан нь өдгөө 286 болж нэмэгдэж. 2007 оноос дэлхийн санхүүгийн хямрал эхлэхэд 47 том эдийн засгийн 41-д нь  өр-ДНБ-гийн харьцаа нэмэгдсэн гэж зөвлөх үйлчилгээний МкКинзэй фирмээс судалж гаргасан байдаг. 286 хувь гэдэг нь дэлхий үйлдвэрлэн гаргаж буй нэг долларын үнэ цэнэ тутамдаа тэрнээс ч их өрөнд орж байна гэсэн үг. Эдийн засгууд хөгжихийн хэрээр өр далласан асар их санхүүгийн хэрэгсэл хурааж ирдэг. Гэхдээ маш олон орон өдгөө хөнжлөөсөө хэдийн гарсан өртэй болжээ. Сингапур, Ирланд байна. Олон глобал компани, банкнуудтайн улмаас энэ орнуудын өр асар ихэссэн. Эсвэл өөр бусад эдийн засгууд өрөөр өдөөгдсөн хөрөнгө оруулалтын жолоонд орж. Хятад гэхэд нэг хүн тутам нь АНУ-ын ердөө 20%-тай тэнцэх хэмжээний баялагтай атал тэнцүү хэмжээний өртэй. Португал өөрөөсөө хоёр дахин баян Шведтэй тэнцүү хэмжээний өртэй. “Алдарт” Грекийн өр хөгжин цэцэглэсэн Норвегийхээс их.

 

ДНБ-д харьцуулсан өр ба нэг хүнд ногдох ДНБ

 

 

 Тодорхой хэмжээ давмагц өр өсөлтийн чөдөр болж, компани, иргэдийг гадаад шоок, сүйрлийн дефолтод эмзэг болгодог. Тэгээд яагаад дэлхий өр зээлэнд ийм дуртай болж орхив?

 

Өрийн цаана хоёр суурь шалтгаан бий. Нэгд, татварын систем зээлдэгчдэд түлхэц өгч байна. Моргэжийн зээлийн хүүгийн зардлыг Энэтхэг гэх мэт хөгжиж буй орнууд, мөн ихэнх хөгжсөн оронд татвар ногдох орлогоос хасна. Компаниуд хүүгийн зардлыг татвар ногдох орлогоосоо хасаж болно. Энэ нь хувьцаа гэхээсээ өрийн бичиг хэвлэх сонирхол төрүүлж ирэв. Одоо дэлхийн нийт хөрөнгийн ердөө дөрөвний нэг нь дефолтод хөтлөлгүйгээр хувьцаа эзэмшигчдэд өгөх төлбөрийг багасгах боломжтой, хамаагүй илүү уян хатан хэлбэр болох хувьцаанаас бүрдэж байна. Хоёрдахь шалтгаан нь  хүний тархин дахь хэвшсэн сэтгэлгээтэй холбоотой. Хүмүүс өр зээлээр худалдаа хийх боломж, тогтмол төлбөр хийж өгөх зээлийн үнэ цэнийг хэтрүүлэн үнэлдэг:  байгаа юмыг байгаагаас нь өөрөөр хучиж далдалдаг корсет шиг. Хүмүүс нэн ялангуяа үл хөдлөхийн үнэ өснө гэж найдах хандлагатай. Тиймээс өр авч, ашиг олох хөрөнгө авдаг.

Гурван том глобал трэнд энэ хоёр шалтгааныг улам эрчимжүүлж ирлээ. Нэгд, Хятад зэрэг томхон экспортлогчид гадаадад хөрөнгө оруулах боломжтой асар их валютын нөөц хуримтлуулсан. Тэд хувьцаа авах нь илүү ээдрээтэй харилцаа үүсгэх учраас зээл өгөх сонирхолтой байдаг.  2004-2008 онд АНУ-аас авсан үнэт цаасны 75 хувь нь моргэж ба компанийн бондын хэлбэртэй байлаа.  Хоёрт, баян хоосны ялгаа улам түлхээс болов. Баячууд мөнгөө санхүүгийн системд оруулж эргэлдүүлэх ёстой. Хөрөнгө хэрэгтэй байгаа нь голдуу ядуус, тиймээс практик дээр өөрсөд рүүгээ мөнгө чиглүүлэх ганц арга нь зээл, хувьцаа худалдаж авахаас илүү. Гурав дахь хурдасгагч хүчин зүйл, санхүүгийн салбар өөрөө. Санхүүгийн салбар аль болох их өр үйлдвэрлэж чадах тусам түүний авах хураамж нэмэгдэнэ. Too-big-to-fail дампуурахын аргагүй том зээлийн баталгаанууд банкуудад өөрсдийнхөө балансын хуудас дээр ч том зээл авах боломж үүсгэж ирэв.  

Ийм дэлхийг өр ширнээс салгах, эсвэл өрөнд дургүй болгох тийм амаргүй. Үүнийг сүүлийн жилүүдийн Хятадын туршлага нотолно. Гэхдээ эхний гарааны цэг, татварын шинэчлэлээс эхэлнэ. Өдгөө өр зээлийг тэтгэж буй урамшууллууд өдий хэмжээнд хүрнэ гэж төсөөлж ч чадаагүй 100 жилийн өмнөх улстөрчдийн шийдвэр юм. Их Британи гэхэд татвар ногдох орлогоос хүүгийн төлбөр хасах болсон нь 1853 оноос. 2008 онд гэхэд ногдуулаагүй татвар батлан хамгаалахын зардлаас ч илүү буюу Европ, АНУ, Их Британид ДНБ-ний 2-3%-тай тэнцэж байсан. Одоо харин хүүгийн төлбөр маш хямдарч ирсэн учраас 1-2% болж ирээд байна. Засгийн газрууд одоо шийдвэр гаргахад тохиромжтой цаг ирсэн. Цаашид дахин хүү өсвөл, ногдох орлогоос хасах дүн улам ихсэж, зээлэх сонирхлыг улам өдөөх болно.

 

The Economist Explains

Сэтгэгдэл бичих

arrow icon