Нийтлэл 06 сарын 04, 2015

Гэр хороололд гоёмсог сургууль барьж, хамгийн сайн багш нарыг ажиллуулах мөрөөдөл – Их Британиас суралцах нь

Боловсролгүй иргэдэд бага цалин өгч, тэдний булчингийн хүчээр нэмүү өртөг бий болгодог цаг түүх болон үлдэж байна. Хятад, Бангладеш, Вьетнам зэрэг өмнөд азийн хэсгийн эдийн засгаар ийм цаг үе дуусна гэж the Ecomomist сэтгүүлд бичжээ.

 

Зааврыг ягштал биелүүлдэг, товч дарж техник ажиллуулж чаддаг, үйлдвэрлэлийн процессыг ойлгох, сайжруулах чадвартай ажилчид, нийлүүлэлт ба түгээлтийн мэргэжилтнүүд, техникийн зогсолтгүй ажиллагааг газар дээр нь хангах чадалтай инженерүүд бол ирээдүйг босгох ажиллах хүч. Хамгийн ойрын ирээдүйд дэлхий даяар дээд боловсролтойгоос илүү хагас ба бүрэн автоматжсан үйлдвэрийн ажилчид хэрэгтэй байна. Ийм ажиллах хүчтэй улс л хөгжинө, дэвшинэ гэж бардам хэлэх эрхтэй. Шинэ эдийн засгийн манлайлагч, тэргүүний сэтгэгч Их Британичууд ази, африкийн ядуу орноос ирсэн цагаачдын хүүхдүүдэд нутгийн уугуул иргэдийн хүүхдүүдээс илүү их хөрөнгө зарж байна.

 

Их Британийн Лейкестрийн хамгийн ядуу иргэд Сомали Улсаас ирсэн, иргэний дайнаас дүрвэгсэд. Лейкестерт ажилгүйдэл үндэсний дунджаас гурав дахин их. Энэ ядуу дүүрэгт гоёмсог сургууль баригдсан байх агаад дүрвэгсдийн хүүхдүүд бямба гарагт ч хичээлээ давтахаар сургууль уруугаа дуртай гүйдэг. Сомаличүүд ядуу дүрвэгсэд хэдий ч амьдралаа өөрчлөхийг хүсэж хол газраас хатуу ширүүнийг туулж Их Британид ирсэн зоригтнууд, сайхан амьдралын мөрөөдөлтэй хүмүүс. Сомали дүрвэгсэд англи хэлгүй, хэлхээ холбоогүй учир Их Британид ажилгүй, туйлын ядуу амьдарна. Гэвч тэд амьдралаа өөрчлөе гэсэн зориг, мөрөөдлөө өөрийн хүүхдүүдээ өгнө. Энэ бол Их Британичуудын хувьд хөрөнгө. Мөрөөдөлтэй, хөдөлмөрлөх хүсэлтэй иргэд Их Британийн эдийн засгийн амжилтын үндэс учир энэ хүчийг ашиглах ёстой гэж Их Британичууд үздэг.

 

Сүүлийн үеийн өрнөдийн социологийн судалгаагаар ядуу иргэд ядуу хороололдоо байх нь өсвөр насны хүүхдүүд хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг багасгадаг гэж, баян ядуугийн ялгааг шууд, ихээр мэдрэх нь өсвөр насныханы сэтгэлзүйд сөрөг нөлөөлтэй, танхайрал зодоон цохион хийх сэтгэлзүйн угтвар болдог гэж баталжээ. Иймээс Их Британичууд ядуу хороололоо хүлээн зөвшөөрч, харин тэнд ирээдүйд итгэх итгэл өгөх орчин үеийн сургуулийг босгодог. Хүүхдүүдэд нь анхаарал тавих замаар ядуу иргэдэд итгэл өгч, тэднийг атаархал, үзэн ядалт дэлгэрүүлсэн туйлширсан үзэл санаанаас хамгаалж, амьдралтай эдийн засгийн бодлогоо тууштай хэрэгжүүлэх сэтгэл зүйн орчныг бүрдүүлдэг.

 

Их Британийн Засгийн Газар нэг хүүхдийн дунд сургуулийн боловсролд жилд дунджаар 4675 фунт зарцуулдаг. Ядуу дүүргийг бодлогоор тусгайлан дэмждэг тул ядуу иргэд ихтэй зүүн Лондонгийн Товер Хамлетийн сургууль гэхэд л үндэсний дунджаас хавьгүй их буюу нэг хүүхдэд 7014 фунтын (20 гаруй сая төгрөг) санхүүжилт авдаг. Багшийн сургуулийн хамгийн шилдэг төгсөгчид төрийн тусгай хөтөлбөрөөр ядуу дүүрэгт очиж ажиллах өндөр цалин, хүүхдийн өдрийн халуун хоол, сургуулийн сайхан орчинд энэ хөрөнгийг зарцуулдаг. Их Британийн боловсролын энэ бодлого даруй үр дүнгээ өгсөн байх ба Товер Хамлетийн сургуулийн 16 настай ядуу сурагчдын 60 хувь нь “сайн” дүн авчээ. Харин Их Британы үндэсний дундаж нь үүнээс хавьгүй доогуур буюу 38 хувь ажээ.

Их Британичууд XIX зуунаас эхлүүлсэн нийгмийн бодлогынхоо ачаар боловсролтой, суурь сайтай, тогтвортой, тайван, үргэлж хувьсаж шинэчлэгдэж чаддаг эдийн засгийг бүтээжээ. Тэд XXI зуунд ч амжилттай байгаагын шалтгаан бол боловсролтой, хөдөлмөрлөх хүсэлтэй иргэд нь.

 

Манай Монгол Улс бол хүний нөөц багатай улс. Хэрэв бид хөгжихийг хүсвэл автоматжсан, компьютержсэн эдийн засгийг бүтээх ёстой. Үүний тулд бидэнд сайн чанартай дунд боловсролтой иргэд хэрэгтэй. Бид өндөр техник, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах чадвартай болох ёстой. Үйлдвэрлэл, үйлчилгээний процессийг бичгээр хөтлөх, бичгээр шуурхай харилцах чадвартай англи хэлтэй олон тооны энгийн иргэд бидэнд хэрэгтэй.

Хөдөөнөөс Улаанбаатарыг зорьж ирж хотын захад гэрээ барьж суусан иргэд бол Их Британийн цагаачдын адил амьдралдаа эргэлт гаргахыг хүссэн, мөрөөдөлтэй, зоригтой иргэд. Тэдэнд үр хүүхдийнх нь ирээдүй хамгаас чухал. Халамжийн хэдэн төгрөгөөс илүү сайн сургууль хэрэгтэй гэдгийг тэд бусдаар хэлүүлэлгүйгээр ойлгодог. Гоёмсог байшинд хүүхдэд хайртай, ажилдаа дуртай эрч хүчтэй багшаар хичээл заалгаж, сайн дунд боловсролтой болсон иргэд монголын хөгжлийн тулгуур байх болно. Гагцхүү үүнд хөрөнгө оруулах улс төрийн хүсэл эрмэлзэл бидэнд хэрэгтэй байна.

Нэг үеэ бодвол шинэ үеийн багш нар олноор гарч ирж байна, харин тэдний ажиллах орчин нөхцөл нь муу байгаа учраас хийж бүтээх хүсэл удалгуй гутрал болж байна гэж учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. Хотын захын зарим сургууль сэтгэлгээний өөрчлөлттэй хүүхдүүд жирийн сурагчдыг хичээл хийлгүүлэхгүй байдал гарч байна, багш ба хүүхдэд суралцах ээлтэй, эмх цэгцтэй, эрүүл орчин дутагдаж байна гэж хэлж байна.

 

Манай улс уул уурхайгаас чамгүй орлого олж байна. Энэ орлогоос ирээдүйд хөрөнгө оруулах ёстой. Бид нийгэмдээ, нэн ялангуяа ядуу хэсэгтээ ирээдүйд итгэх итгэл өгч байж, хэрүүл шуугиан, бослого хөдөлгөөн, үймээн самуун гаргахгүйгээр зорилго тавьж хамтдаа урагшилж улсаа босгоно. Чухам ийм учраас хамгийн захын хороололд хамгийн гоёмсог, хамгийн тохилог дунд сургуулийг барьж, өнөөдөр ядарсан нэгэндээ итгэл өгье, хөгжилтэй монголыг сэтгэлээсээ босгох ирээдүйг багачууддаа бэлэглэе.

 

 

 

Гол эх сурвалжууд:

The Economist, January 31St- February 6th 2015, p. 23, The paradox of the ghetto.

The Economist, March 14th-20th 2015, p. 13, Made in China?

Сэтгэгдэл бичих

    • albaker
    • 2020-04-12

    Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу ([email protected])

    • ББ
    • 2015-06-21

    Уг санаа нь их дажгүй юмаа.

arrow icon