Нийтлэл 06 сарын 09, 2015

УУЛЫН МОДЫГ АВЧИРЧ УЛААНБААТАРТ “ОРШУУЛСААР” БАЙХ УУ

Ногоон байгууламж бол аливаа улс, хотын хөгжлийн түвшинг илэрхийлдэг хэмжүүр гэдгийг нэхэн дурдаад нийслэл хотынхоо төв гудамж Энхтайвны өргөн чөлөөний зун цагийн өнгө төрхийг эргэн саная. Ямар ч төлөвлөлтгүй энд тэнд тарьсан модод, хэлбэр дүрс муутай улиас, хэт их хөрөнгө зарцуулж донж маяг тааруухан тарьсан дөрөв тавхан зүйлийн нэг наст цэцэг, нэг нүхэнд олноор нь багшруулан тарьсан хайлаас. Эдгээрээс хамгийн таагүй дүр төрх нь дэлхийн өөр аль ч хотод байдаггүй  “үхсэн модод”.  Энэ бол ууланд жамаараа ургаж байсан модыг дуу чимээ, утаа тортог, тоостой хотын гудамжинд шилжүүлэн суулгаж стресст оруулан “булшилсан”-ы  жишээ.

Хотоо огцом ногооруулах сонирхол дарга нарт төрнө, төлөвлөгөө гаргаж төрийн мөнгөөр уралдаан зарлана, хэдэн цэцэрлэгчид уулын мод руугаа уралдана. Ингээд тарьсан модод нь тэр зундаа нов ногоон, хоёр дах жил үнсэн ногоон, гурав дах жилдээ  үнсэн саарал. Харин дөрөв дэх жил хатсан моддоо хог руу ачуулна. Энэ бол нийслэл хотын ногоон байгууламжинд бүхний нүдний өмнө ил явагддаг, бараг стандарт болсон ажил. Цэцэрлэгжүүлэх ажилд уулын ойгоос хамгийн өнгө үзэмжтэй, хамгийн сайхныг нь л шилж сонгоно. Нэгэнт л хотод ирэхээрээ өндөр үнээр зарагдах тул хамгийн сайхан суулгацаа авч л байвал мөнгө цайрч, нүд улайдаг тухай ийм ажил хийж явсан энгийн цэцэрлэгчнээс л сонсоно.

 

Шилмүүст төрлийн модны үндэсний системийг, ялангуяа гол үндсийг гэмтээвэл амьдрах чадваргүй болдог. Байгалийн жамаараа ургасан том моддын үндсийг гэмтээхгүй ухаж авах нэн түвэгтэй. Том тогоолж ухна, тийм хэмжээний нүх үлдэнэ. Шим тэжээлт хөрс алдагдана, хөрсний цэвдэгт нөлөөлнө, эргэн тойрны моддын үндсийг гэмтээнэ, ингээд тэр хавийн модод хэсэг хэсгээрээ  хатаж үхдэг. Ууланд ийм л гамшиг үлддэг. Харин хотод авчирч тарьсан мод гурав дөрвөн жил өөртөө хуримтлуулсан шим тэжээлээр амьдарсаар аргагүй эрхэнд хатаж үхдэг.

 

Хот цэцэрлэгжүүлэх чиглэлээр шийдвэр гаргах түвшинд хамгаас олон жил ажилласан нэгэн эрхэм уулнаас том модны суулгац бэлтгэх ажилд нийтийг сэнхрүүлэн уриалж ямар ч хор хохирол байдаггүй, харин ч ...нуураас шанага ус хутгахтай адил хэмээн жишин зүйрлэж ухуулан “загалмайлсан эцэг”-ийн дүрд орчихсон явахыг харахад даанч харамсалтай.  “Таны уулнаас авчирч тарьсан модод нүдэн дээр чинь үхээд дуусч байна” хэмээн сануулахад азаар ургаж байгаа хэдхэн модоо харуулах.  Ургасан нь байна аа байна, гэхдээ хэдээс хэд нь вэ,  бас ууланд үлдээсэн гамшиг чинь одоо юунд хүргэсэн бол гэдгээ тэр эргэн санаж байгаа шинж алга.  Харамсалтай нь одоо хотын ногоон байгууламжийн асуудал хариуцсан зарим нэг албан тушаалтнууд уулын модоор “цэцэрлэгжүүлэх” ажлын залгамж чанарыг алдагдуулахгүй үргэлжлүүлсээр байгаа нь эмгэнэлтэй. Хотын төв гудамжинд л гэхэд нэг уулын амыг тэр чигээр нь зөөж авчраад булшилсан байх шүү. Статистик байдаг бол эргээд нэг хараарай. Шим тэжээлт хөрс алдагдана, хөрсний цэвдэгт нөлөөлнө, эргэн тойрны моддын үндсийг гэмтээнэ, ингээд тэр хавийн модод хэсэг хэсгээрээ  хатаж үхдэг. 

 

Нэг га талбайн ойжуулалтын зардал нэмэгдээд нэмэгдээд 600 мянга төгрөг хүрэхтэй үгүйтэй, харин уулнаас ганцхан том мод ухаж авчраад худалдахад 600 мянган төгрөг гээд бодохоор уулын мод  ургах уу, устах уу. Бодоод  үзээрэй.  Тэгээд дээр нь хотыг цэцэрлэгжүүлэх бодлого тодорхойлогч эрхмүүд ийм замыг зааж, өдөөн дэмжиж байгаа цагт төрийн бодлогоор зохицуулахгүй л бол зөвхөн ашгийг эрхэмлэгч субъектууд хамар доороос маань уулын модыг ухаж авчирч  худалдсаар байх нь тодорхой.

 

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Ой, ногоон байгууламжийн хэлтэс нийслэлийн ойн сан (байгалийн ой), ногоон байгууламжийн асуудлыг хоёуланг нь хариуцдаг. Олон жилийн ажлын үр дүнд нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 16.5 хувь  буюу 115,9 га талбай бүхий ойн санг бодлогоор харьцангуй сайн хамгаалж ирсэн түүхтэй. Үүний дотор цэцэрлэгжүүлэх зориулалтаар ойн сангаас тарьц суулгац олгохыг одоог хүртэл хориглодог.

 

Уг нь мэргэжлийн хүмүүс цэцэрлэгжүүлэлтэд ашиглах тарьц суулгац нь тухайн ургамалжилтын бүс бүслүүрт ургасан, дасан зохицсон байхыг зөвлөдөг. Тэгтэл нийслэлд шинээр тавьж байгаа авто замын хажуугаар  Сэлэнгэ, Хэнтийгээс авч ирсэн гэх том мод суулгаж байх юм. Өмнөх туршлагаасаа ч харсан стандарт, хяналт, хариуцлагын механизм тодорхойгүй байгаа энэ цагт Сэлэнгийнх нь үхнэ үү, Хэнтийнх нь мод үхнэ үү ялгаа юу байна гэсэн байдал тод харагдана. Нөгөө талаас Хэнтий, Сэлэнгэд ургаа том модны суулгац бэлтгэх бизнес цэцэглэж байгааг эндээс харж болох. За тэгээд ямар нэг зөвшөөрөл байхгүй бол хулгай л болж таарна.

 

Уулнаас үнэгүй мод ухаж авчраад өндөр үнээр зарах, мод үржүүлгийн газарт хорин жил бойжуулах хоёрын өртөг зардал асар их ялгаатай. Эдийн засгийн ач холбогдлыг нь бодоод ойн аж ахуйн арга хэмжээтэй уялдуулан уулнаас том моддын суулгац бэлтгэж болох. Гэтэл ухаж авахаас эхлээд тарьж суулгах, арчлах стандарт төдий л хангалттай бус. Хяналт тавьж хариуцлага тооцсон нь бас үгүй. Сүүлийн үед том модны суулгац ухдаг машин сураглаж, зориуд гадаадаас оруулж ирж байгаа тухай сонсогдох юм. Зориулалтын мод үржүүлгийн газарт эсвэл гудамжны моддыг шилжүүлэн суулгах зориулалттай энэ машинууд огт хор хохиролгүй нэг суулгац ухаад гаргана гэдэгт итгэх хэрэггүй.  Уулын хаанаас, хэн, хэзээ, хэдий хэмжээний суулгацыг ямар төлбөр хураамжийг хэнд төлж, хэний захиалгаар авч, хаана тарьсан, хэн арчилж байгаа, хэнтэй хариуцлага тооцох вэ?

 

Ууланд учирдаг гамшгийг орхиё гэж бодъё. Байнгын арчилгаа, харуул хамгаалалттай газарт бол ургуулаад байна аа. Харин Энхтайвны өргөн чөлөө, Гандангийн урд талбай, Сөүлийн гудамж гээд нийтийн эзэмшлийн талбайд бол амьдралтын хувь нь нийт тарьсан модны тоотой харьцуулвал таван хувьд хүрэхгүй гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн томоохон хотуудад таримал ойгоос эсвэл зориулалтын тарьц суулгац бойжуулдаг талбайгаасаа том моддыг гудамж талбайдаа шилжүүлэн суулгадаг. Манайд ийм мод үржүүлгийн газар, таримал ой байхгүй гэхэд хилсдэхгүй. Мод үржүүлгийн газартаа үнэнчээр тарьц суулгац ургуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд олон ч, тэдний тарьц суулгац энэ их бүтээн байгуулалтын ажлын хэрэгцээг хангахгүй.     

 

Тэгэхээр нэг хоёрхон жил  тэвчээд уулнаас том мод шилжүүлэн суулгахад зарцуулдаг тэр их үр дүнгүй хөрөнгөө аж ахуйн нэгжүүдийн мод үржүүлгийн газрыг дэмжихэд зориулъя. Тэдэнд богино хугацаанд өндөр ургац авах дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжийг олгоё.  Хийсэн болон хийхээр төлөвлөж байгаа уулнаас суулгац бэлтгэх ажлын хяналтыг сайжруулахгүй бол нуухаа авах гээд нүдээ сохлохын үлгэрээр байгалийн ойгоо устгаж дуусгах нь ээ. Хэдхэн албан тушаалтан, аж ахуйн нэгж ард түмний өмчийг хулгайлан авч ирээд эргээд өндөр үнээр худалдсаар байх уу?

 Ц.Бямбасүрэн

Сэтгэгдэл бичих

arrow icon