Нийтлэл 06 сарын 10, 2015

Талын Монгол ухаан

Хот хөдөө гэж нэгнийгээ ад үзсэн ч угтаа бид бүгд л ахуйгаа гээсэн нүүдэлчид . Хотын соёл бүү хэл тосгоны соёлд ч суралцаж амжаагүй дөрвөн уулын дунд цугласан талын монгол ухаантнууд.  Монгол хүнд идэх малнаас илүү унах унаа чухал учраас ядуугаа гайхсан ч хотын таван толгойд хоёр машин ногдож байна. Дэлхийн том том хотуудын хүн ам автомашины харьцаанд аль хэдийн хүрчихсэн. Цаашид ч өснө. Харин  гудамжиндаа багталцахгүй түгжирч байгаа хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн бодитой бөгөөд гол шалтгаан нь жолооч, явган зорчигчийн ухамсар, хөдөлгөөнд оролцох соёл, сахилга бат. Мал шиг хашаад байхад л дээгүүр нь давж доогуур нь шургадаг улс. Хэзээнээсээ замын цагдаа явган зорчигчтой зууралддаггүй тул хажуугаар нь гарцгүй зам хөндлөн гарсан ч тоохгүй. Урсгал сөрж, эгнээ байр буруу эзэлж , бусдын хөдөлгөөнд саад болж байхад ч тоохгүй. Хаа газар ийм нөхцөлд торгуулиа л өндөрсгөж хариуцлага тооцож засаж залруулдаг. Манайд торгуулиа нэмэх гэхээр, торгуулахгүй, дүрэм зөрчихгүй явхын оронд өнөөх л ядуугаа гайхаад баячуулд зориулсан торгууль зохиолоо , жирийн ард түмэн яаж энэ торгуулийг чинь төлөх юм гэж шаагилдана. Уг нь торгууль гэдэг чинь зөрчсөн хойно нь авдаг нөхөн төлбөр биш, аль болох зөрчүүлэхгүй байлгах гэж зохиосон арга хэмжээ юм шд.

 

Хотын дарга, нийслэлийн захирагч элдэв эрх дархтай, тэр бүгдийг нь хуулиар зохицуулж өгсөн байдаг. Нийслэлийн иргэдийн хурал ч гэсэн, нэг өглөө хуралдаад л хотын агаараас амьсгалсан тоогоор татвар төл гэсэн шийдвэр гаргах эрх байхгүй. Замын түгжрэлийг зохицуулж байгаа нь энэ гээд өөрт ямар ч хуулиар олгогдоогүй эрх эдлээд нэгдүгээр эгнээ, дугаарын хязгаарлалт гэх мэт шийдвэр гаргаад, бүр ноцтой нь , энэ шийдвэрийн дагуу мянга мянган жолоочийг торгоод, захиргааны хариуцлага хүлээлгэчихсэн. Эрх зүйт төртэй, хуультай оронд амьдарч байсан бол засаг захиргааны нэгжийн дарга даамалд замын хөдөлгөөнийг зохицуулах тодорхой эрх өгсөн хууль эрх зүйн акттай болсон хойно ийм шийдвэр гарах байсан. Одоо ч чимээгүй сууж байгаад сонгуулийн өмнө сөрөг нам энэ хууль бус баахан торгуулиар сонгуулийн шоу хийнэ гэхийг хэн байг гэхэв. Тэр үеэд харин намайг хараах хэрэггүй шүү. За тэр хууль дүрэм дүүрч гэж бодьё оо, дугаарын хязгаарлалт гэж 20 хувиар машиныг нь цөөлөнгүүтээ нэгдүгээр эгнээ гээд 33 хувиар замыг нь нарийсгахаар ийм арга хэмжээ авснаас аваагүй нь дээр болно биз дээ? Ядаж ийм зүйл дээр талын монгол ухаанаа гаргачихгүй дээ?

 

Хаа очиж нийслэлийн дарга даамлууд нийтийн тээврийг зохицуулах бүрэн эрхтэй, бүр онцгой эрхтэй. Тэр эрхээ харин замын түгжрэлийг зохицуулхад огт ашиглахгүй байж хотын төвийн татвар ярьж байгаа нь харамсалтай. Зарчмын хувьд нийтийн тээврийнхээ хангамж, үр ашиг, ачаалалыг бүрэн зохицуулж чадсан хойноо бүсчлэлийн татвар оногдуулхад буруу зүйлгүй. Хүмүүсийн шаагилдаад байгаачлан ядуус хотын төв орж болохгүй юу гэдэг тэнэг асуултанд ядуус машин унадаг уу гэдэг асуултаар хариулах хэрэгтэй. Ямар хотын төв орох эрхийг нь хасаад байгаа биш, машинаар зорчих эрхийг нь тодорхой төлбөртэйгөөр олгож байгаа тул үүнээс айх хэрэггүй. Гэртээ орж гархын тулд мөнгө төлөх нь шудрага биш учраас хотын төв зах гэж ялгалгүй, хотоо бүсчлээд, бүсийн хил давах бүрт мөнгө төлдөг болбол хотын удирдлагуудын хэлдгээр хийх юмгүй дэмий сэлгүүцэгчид нь нэг бүсдээ л сэлгүүцнэ биз. Баянзүрхэд амьдардаг нөхөр Баянгол орхын тулд хоёр удаа бүсийн хураамж төлдөг болчихвол баян ядуугаа дуудалцахгүй бүгд л төлдөг болно гэсэн үг. Энд нэг сайхан урамшууллын арга байдаг нь бүсийн хилийг бүх суудал нь зорчигчтой машин давбал хураамж авдаггүй байх зохицуулалт юм. Өнөөдөр бүсийн хураамжаас болж гэр ажлаа нүүлгэж зохицуулна гэхээр худлаа сонсогдож байж болно, харин ирээдүйд орлого зарлага нь тэнцээд, мөнгөний ханш сайжраад, алба ажлаа эрхэмлэдэг болоод ирхээр ажил гэр сургууль соёл дэлгүүр хоршоо гээд өдөр тумын амьдрал нь нэг бүсэд багтаж байхыг илүүд үздэг болох нь дамжиггүй. Эргээд нийтийн тээврийн асуудлаа сөхвөл, бүх чиглэл нь хотын төвөөр дайрч өнгөрдөг ийм нийтийн тээврийн сүлжээтэй сая хүнтэй хот гэж хаана байхав дээ. Хэнд ч саад болдоггүй метро хүртэл төвөөр дайрдаг шугам нь цөөн, харин тэр шугамтай огтлолцдог захын шугамнууд олонтой  байдаг юм билээ. Тэгхээр нийслэлийн замын түгжрэлийг бууруулах бас нэг чухал аргаа огт хэрэглэхгүй байна. Өглөө орой ажил цуглаж тарах үеээр хотын төвд автобусан хана босдог. Бүх шугам хотын төвөөр дайрч байж л ашигтай орлоготой байдаг юм бол хотын тээврийг нэгтгээд нэг л компани болгочих.Тэгээд хотынхоо төвөөр дайрдаг богино эргэлттэй дөрөв таван шугамтай бусад захын дүүргүүдтэй холбодог шугмуудаа огтлолцуулаад , тасалбараа тэр өдөртөө хүчинтэй болгочих. Өөрт хуулиар огт олгогдоогүй эрх эдэлж иргэдийн замын хөдөлгөөнд оролцох эрхэнд халдаж байхаар энэ мэт шийдлүүд эрэлхийлэх хэрэгтэй байна.

 

Өглөө орой гэснээс төрийн тусгай хамгаалалттай машинуудаас болж  зам их түгжирдэг  байсныг арай дөнгүүр аргаар шийддэг болсон нь анзаарагдаж байна лээ. Гадаадын зочдын айлчлал хотынхны хараалыг иддэг гэдгийг дарга нар мэддэг болов уу?  Одоо Хятад, Оросын дарга нар ирэхээр юу л болдог бол? Гэрээс гаралтгүй ээ...

 

Хоёр жилийн өмнө баатар хотын дарга баатар танаа гэж нэг нийтлэл бичсэн, тэр нийтлэлд хотын замын хөдөлгөөний ачаалалыг жигдрүүлэх хэд хэдэн арга санал болгосон. Дэлгүүр хоршооны хангамжийн тээврийг шөнийн цагт яаралтай шилжүүлээч, хуулиар олгогдсон арга механизмууд байна шд, ашиглаач.Хот хөдөө гэлтгүй замын хөдөлгөөний дүрмэндээ баруун гар тал руу эргэж байгаа бол гэрэл харгалзахгүй эргэдэг зохицуулалтыг  Европын олон орон хэрэгжүүлж байна. Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар баталдаг, шийдэж ядах юмгүй , хурдан шүү дээ.

Эдийн засаг сайжрахын хэрээр машины тоо өснө. Нэг хүнд ногдох машины тоогоор яваандаа дэлхийн эхний байранд жагсах учир шалтгаан бол хангалттай бий- Бид талын монгол ухаантнууд

 

Үндэстний Тойм сэтгүүлийн 2014 оны наймдугаар сарын 18-ны дугаарт нийтлэгдсэн

 

Сэтгэгдэл бичих

arrow icon