Нийтлэл 06 сарын 15, 2015

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР – Үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуудлуудыг шинээр

        

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслийг Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, бүрэлдэхүүн, Цэц болон Цэцийн гишүүний бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх баталгаа, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар шинэчлэн боловсруулсан байна.

Эдгээр хуулийн төслүүдэд тусгагдсан шинэлэг зохицуулалтыг тоймлон хүргэж байна.

 Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөл

- Үндсэн хуулийн цэцийг “шүүх эрх мэдлийн байгууллага” хэмээн тодотгоно

- Цэцийн гишүүнээр шинээр буюу улируулан томилуулах нэр дэвшигчийн тухай саналаа Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан болон орон гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор УИХ-д хүргүүлнэ

- Цэцийн гишүүн томилогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор тангараг өргөх

- Үндсэн хуулийн цэцийн орлогч даргыг томилох журам, түүний эрх хэмжээг нарийвчлан тодорхойлно

- Үндсэн хуулийн цэц нь маргаан хянан шийдвэрлэхээс гадна Цэцийн дарга, орлогч даргад нэр дэвшүүлэх, тэднийг сонгох, Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах зэрэг асуудлыг зөвлөгөөнөөр шийдвэрлэхээр тусгасан

- Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүдтэй адил зэрэг зиндаатай байна

- Цэцийн гишүүний алба хаах насны дээд хязгаар 70 нас байхаар тогтоож, Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй боловч хуульд заасан насны дээд хязгаарт хүрсэн бол бүрэн эрх дуусгавар болно

- Цэцийн гишүүн хуульд зааснаас өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглох бөгөөд зөвхөн үндсэн үүрэгт ажилд саад болохгүйгээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгаа, төсөл, уран бүтээлийн болон нийтэд тустай ажил гүйцэтгэж болно

- Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны нийгэм, эдийн засаг, санхүүгийн бие даасан байдлын баталгааг зохицуулна

Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх хуулийн төсөл

- УИХ-д бүлэг байгуулах тооны буюу 8-аас доошгүй гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандаж Үндсэн хууль зөрчсөн дараах үндэслүүдэд хүсэлт гаргаж болно

Хууль болон УИХ-ын бусад шийдвэр

Сонгуулийн үр дүн болон мандатад нөлөөлж болох Сонгуулийн төв байгууллагын шийдвэр

Эрх бүхий албан тушаалтан

- Цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хуваарилах болон Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилохдоо урьдчилан тогтоосон журмын дагуу тойргийн зарчмыг удирдлага болгох

- Нотлох баримтыг гаргах, бүрдүүлэхэд учирч болох саад бэрхшээлийг арилгах үүднээс нотлох баримттай холбоотой зохицуулалтыг илүү тодорхой болгох

- Өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаж байгаа Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах асуудлыг дангаараа шийдвэрлэдэг байсанд хязгаарлалт тогтоох

- Цэцийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрийг бүрэн хэмжээгээр, бичгээр үйлдэх

- Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн шийдвэр гарснаар нийгмийн харилцаа зохицуулалтгүй орхигдохоор байвал Цэц шийдвэртээ хугацаа зааж, эрх бүхий этгээдэд шинээр зохицуулах ажиллагааг нэн даруй гүйцэтгэхийг даалгах

- Зохицуулалт хийгээгүйн улмаас бусдад учирсан хохирлыг тухайн байгууллага, албан тушаалтан хариуцан арилгах

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon