Нийтлэл 06 сарын 17, 2015

Чингисчин

Намайг Чингис гэдэг. Гэхдээ миний аавыг Дорж гэдэг. Өвөөгөө миний аавд Есүхэй гэж нэр өгөөгүй гэж би буруутгахгүй. Манайхан хоосон чулуун шал руу түмпэн шидэж түс тас, пан ян, тас няс гэж дугархаар нь нэр өгдөг Ветнамчууд шиг биш. Тийм болохоор л Дорж гэж нэр өгсөн байх. Манайх Хэнтий аймгийн Өндөрхаан хотод байдаг. Жирийн л нэг байдаг аймаг. Би ч бас жирийн л хүүхдүүдийн адил өсч эрийн цээнд хүрсэн. Тухайн үед ЗХУ-аас айгаад ядаж Өндөр  хаан гэж өгий хэмээн шийдсэн. Бодвол хаан маань өндөр байсан байх. Одоо бол Чингис хот.

Миний амьдрал яг л нууц товчоо шиг өрнөсөн.Чингис хотын нисэх буудлаас манай онгоц хөөрч 2 цагийн дараа Улаанбаатарын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсан. Нэгэнт л би их хааныхаа нэрийг авсан болохооор их хаан шиг мундаг хүн болохыг хүсэх болсон, онгоцноос ч хаан шиг буусан. 22 нас хүрсэн намайг аав Улаанбаатар хот руу эхнэр олж өгөхөөр ирж буй нь энэ. Надаас гадна манай нүүрс зөөдөг, ус зөөдөг хоёр оюутан залууг дагуулж ирэв. Улаанбаатарын Зайсан хавьцаа байх Мэргэд хотхон дээр ирлээ. Үүдэнд нь үсээ хоёр салаа боосон нэг хөөрхөн хүүхэн зогсож байна. Шууд л дурлачихлаа. Чамайг хэн гэдэг вэ гэсэн Бөртэ гэж байна. Удалгүй Бөртийн эцэг Даймаа ах гарч ирлээ. Аавыг тосон авч бэр гуйсан хэмээн шөнжингөө Чингис архи уулаа. Тэнд аав минь намайг эртний Монгол заншлын дагуу үлдээсэн юм. Аав Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал руу залгахад нислэг нь маргааш болж хойшлогдсон тул явахаасаа өмнө Чингис хааны төв талбай дээр зургаа авхуулж хөгжим бүжгийн коллежийн зүүн талд байх Чингис уушийн газар баахан суужээ. Орой нь худыгаа хүндрүүлээд яахав хэмээгээд Чингис зочид буудалд буусан байна.

Маргааш нь Чингис хаан нисэх онгоцны буудал руу явах үед нь Яармагийн тэр хавьцаа хэсэг хүмүүс гадаа нарлаж суусан байна. Нэг нь их л үзсэн хүн харагдсан тул түр зогсоод очиж мэнд мэдий гэв. Дагуулж явсан хоёр оюутан нь ахаа танихгүй хүнээс болгоомжтой, энэ газрын атаман байж мэднэ гэж сануулаад байхад тоохгүй очсон гэнэ. Тэд ч их л зальтай инээгээд орчин тойрны баахан яриа дэлгэж суусан байна. Удалгүй хажуу хашааны 8 настай бацаан нь ирж дэлгүүрээс нэг шил Чингис архи авчирав. Нэгэнт нислэгийн цаг хараахан болоогүй, шөнө буудалд тохитой амарч чадаагүй болохоор аав жоохон амсмаар санагджээ. Жаалхүү ч сүн түшлээ. Аав тэдэнтэй салах ёс хийж онгоц руугаа явсан байна. Онгоцон дотор дотор нь муухайрч Чингис хотдоо очоод хүнд хордлого авснаа мэджээ. Удалгүй утсанд нь мэссэж ирлээ. Үзвэл

Чи миний ээжийг хашаа байшингаасаа хөөж байснаа санаж байна уу? Би ууж буй архинд чинь хулганын хор хийсэн

гэв... Ийм мэссэж авсан аав яаралтай аймгийн эмнэлэгт хүргэгдэж амь гарчээ. Намайг хотоос ир гэж дуудсан  ч үгүй. Би яахав энд угаасаа оюутан болж амьдрахаар ирсэн. Эхнэр авахаар ч ирсэн. Сургууиа төгсөөд эх орондоо хэрэгтэй хүн болно л гэж боддог. Чингис хааны нэрэмжит "Их засаг" их сургуульд суралцаж байна. Харин эхнэр маань саяхан ангийнхантайгаа "Чингисийн Хүрээ" амралтын газар амарчаад ирэхдээ их сонин болчоод ирсэн. Тасарцан байхаар нь би орой очиж ангийнх нь залуучуудтай зодолож байж арай гэж гэртээ авчирсан юм. Тэр минь гэртээ ирээд нэг хэсэг огисон . Ангийнх нь  Хуагчин гэх охиноос ямар нэгэн юм болсон юмуу гэж асуухад амралтанд явахаасаа өмнө жирэмсэлсэн гэж надад хэлсэн. Ингээд 9 сарын дуншиж байж хөөрхөн хүүтэй болсон. Хүүдээ Зүчи гэж нэр өгсөн. Эртний Монгол хэлээр зочин гэсэн үг гэнэ лээ....Миний амьдрал нэг иймэрхүү...Хан Хэнтийн Чингис хотдоо очиж байгаад ИТХ-д нэр дэвших сонирхолтой... Цаашлаад яах нь тодорхой...

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-06-18

    Unen shte Haanii neriig iim yum bichij boloh hemjeend end tend hadahaas uur bidnuus yu hiij bga n? Tegsnee buun bardam zan bainga magtuilj tolgoigoo iluulj bh geel

    • Зочин
    • 2015-06-18

    Одооны нийтлэл гэж хэнд ч хэрэггүй л юм болж дээ. Гайгүй сайт юм байх гэж бодсон бусдаасаа ялгагдахгүй хогийн сав юм байна шдэ. Иймэрхүү мэдээлэл нийтлэх гэж ядаж байгаа юм бол. Уран зохиолын сайт нь тэр байдаг санагдаад байх юм.

arrow icon