Нийтлэл 06 сарын 19, 2015

САЙН ДУРЫН АЖИЛТАН, САЙН ДУРЫН АЖИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүн хамгийн түрүүнд өөрийнхөө, дараа нь гэр бүлийнхээ хэрэгцээгээ хангадаг болохыг бидний өвөг дээдэс “Биеэ засчихаад Гэрээ зас, Гэрээ засчихаад Төрөө зас” гэж тун оновчтой хэлжээ. Масловын зарчим ч энэ үгэнд тохирдог. Ийм номлол, сургааль хүний сэтгэлгээнд бага боловсрол, гэрийн хүмүүжлээс нь нөлөөлж эхэлдгээс орчин үеийн нийгэм нь хэрэгцээний буюу амиа бодох, өөрийгөө хамгаалах сэтгэлгээг хүмүүсийн ухамсарт бат бөх суулгажээ. Өөрийнхөө төлөө улайран дайрдаг хувиа хичээсэн үзлийг Прагматизм гэж зөвтгөх хандлах манайд газар авчээ. Гэтэл ХХ зууны хамгийн дэвшилтэт онол Прагматизм ч тэр, хүн төрөлхтний одоогоор бодоод олчихсон зөв зам гэдэг Либериализм, Зах зээлийн эдийн засгийн харилцаа ч тэр бусдын төлөө хамтран ажиллах, бусдад нөлөөлөх сэтгэл, бусдыг зөв хайрлаж хамтран ажиллах  буюу “Ганцаараа бол хурдан явна, Олуулаа бол хол явна” гэдэг зарчимд тулгуурласан болохыг дэлхийн сэтгэгчдийн ямар ч сонгодог бүтээлээс уншиж ойлгож болно.  

 

Гэтэл энэ сэтгэлгээг үл ойшоож сайн дурын үйл ажиллагаа хийдэг, нийгэмд, хүмүүст хариу нэхээгүй ямар нэг үйлчилгээ, ажил хийдэг, хүмүүсийг уриалан дууддаг хэсэг бүлэг хүмүүсийг олонх нь Нийгмийн идэвхтэй, Сэнтэг, Хэнхэг солиотой, Коммунист зэргээр өөрсдийн хүрээндээ нэр хоч өгдөг. Сайн дурын ажилтан, сайн дурын ажил гэж үнэхээр тийм цаг завтай, мөнгөтэй, хийх зүйлгүй хүмүүсийн карьер, амбиц хөөдөг тусгай ажил юм уу? Энэ эсвэл хуучин нийгмийн Коммунист субботник юм уу? Энэ ажлыг хийдэг хүмүүсийг заавал сэнтэг, хэнхэг гэж бусдаас ялгаж хэлэх шаардлагатай байдаг юм уу? гэдэг асуулт аяндаа бий болдог.

Сайн дурын үйл ажиллагаа нь хүн хүнээ туслан дэмжиж байгаа сайхан сэтгэлийн ажил. Сэтгэл зүрхний угаас туслалцаа үзүүлж байгаа учраас шан харамж хардаггүй ажил юм гэж НҮБ-ын Сайн дурынхны сүлжээ байгууллагын хөтөлбөр дээр тодорхойлжээ. “Сайн санааны үзүүрт тос”, “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэх зэрэг зүйр үг нь нүүдэлчид амин хувиа боддоггүй, тэд зөвхөн эрх чөлөөг эрхэмлэсэн хүмүүс гэдгийг давхар нотолдог.

Монгол судлаач

Л.М. Гумилев “Нөхөртөө тусалсангүй гэж иргэнээ шийтгэдэг хуультай улс Монголоос өөр байсангүй”

гэж тэмдэглэжээ. Монголчууд аминч, хувиа бодсон хүмүүс биш байсан. Бидний өвөг дээдэс олон зууны түүхэнд бие биенээ дэмжин амьдарч ирсний баталгааг түүх шастираас уншиж болно. “Монгол ахан дүүс” гэж ярилцдагаараа бид бусад үндэстэнгүүдээс онцгойлон ялгагддаг. Иймээс дээд үедээ ураг төрлийн барилдлагаар холбогдсон нэг өвөг дээдэстэй Монгол ахан дүүсүүд цөөхөн ч гэсэн овгуудынхаа хүрээнд харилцан дотносож, өнчин ядуус, ядарсан хүмүүсээ асран тэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцдаг олон сайхан заншил, баяр ёслол эрт үеэс бий болж эдүгээг хүртэл уламжлагдан иржээ. Энэ сайхан уламжлал Төвдийн ламаизм, Манжийн засаглал, ЗХУ-ын дагуул улс болсон 500 жилийн түүхэн хугацааг дамжиж бусдаар өөрсдийн хувь заяагаа мэдүүлдэг болсноос хойш алга болжээ.

 

 

 Өнөөдөр Монголчууд хувь заяагаа өөрсдөө сонгох эрхтэй болж амьдралын түмэн янзын хэв маягийг сонгон өөрсдийгөө илэрхийлдэг болжээ. Энэ олон эрээн мяраан амьдралын хэв маягийн шунал тачаал, цадаж ханашгүй сэтгэл, хүсэл мөрөөдөл дундаас хамгийн чухал зүйл нь САЙН САНАА, САЙН ҮЙЛС байдаг.

Ямар нэгэн цалин хөлсгүйгээр цаг зав, мэдлэг чадвараа бусдын сайн сайхны төлөө зориулж нийгмийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хүмүүсийг сайн дурынхан, тэднийг зохион байгуулан ажиллуулж байгаа байгууллагыг сайн дурынхантай ажилладаг байгууллага гэж нэрлэдэг. Сайн дурын үйл ажиллагааг НҮБ-ын зүгээс дараах үндсэн шинжээр тодорхойлдог. Үүнд:

  1. Ашиг орлого, шан харамжийн төлөө зорилго агуулаагүй
  2. Хувь хүний өөрийнх сэтгэл зүрх, хүсэл сонирхолд тулгуурласан чөлөөт сонголт
  3. Бусдад буюу нийгэмд ач тустай байх зэрэг юм. Сайн дурынхан нь нийгмийн хөгжилд үнэлшгүй хувь нэмрээ оруулж чаддаг их нөөц, хүч юм.

Сайн дурын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар хүний нөөцийг зөв зохион байгуулж бүрэн дүүрэн ашиглах нь улс орны хөгжлийг хурдасгах ач холбогдолтой болохыг дэлхийн олон орнууд олон жилийн өмнөөс ойлгож төрийн бодлогоороо зохицуулах болжээ. Монгол орны хувьд ч сайн дурынхныг төрийн бодлогоор дэмжих үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах хэрэгцээ шаардлагатай байна. Сайн дурын ажил бол дайчилгаа биш. Энэ хавар түймэр гарлаа. Сайн дурынхан ОБЕГ-т туслах гээд хөдөлгөөн өрнүүлсэн боловч тэдэнд туслах ямар ч бэлтгэлгүй байснаас “нэмэр бус нэрмээс болсон” тохиолдол гарсан. Тиймээс манайд сайн дурынхны мэргэжлийн хэмжээнд сургадаг, тэдний хөдөлмөрийг үнэлдэг, дэмжин ажилладаг эрх зүйн орчин хэрэгтэй байна. Тэгвэл ядаж залуус маань үр дүнгүй субботник хийхгүй шүү дээ.

 

Дэлхийн сайн дурынхан бол маш сайн бэлтгэгдсэн, ажил хэрэгч, залгамж холбоо бүхий хамгийн нэр хүндтэй хүмүүс байдаг. Тэд өөрийн ажилдаа дуртай мэргэжлийн хүмүүс учир өөрийн улс орны болон дэлхийн хэмжээний онцгой байдал, аюул осол, гамшиг төдийгүй баяр ёслол, хурал зөвлөлгөөн, олимп наадам дээр ч зогсоход бэлэн хамгийн онцгой хэсэг байдаг. Эбола тархсан төв африк ажиллаж байсан эмч, сувилагч нарын 80 хувь нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сайн дурынхан байсан. АНУ-д хамгийн нэр хүндтэй мэргэжил Гал сөнөөгчид байдаг бөгөөд хот, салбарын гал сөнөөх багийнхны дийлэнх мөн л сайн дурынхан байдаг. АНУ-ын хамгийн нэр хүндтэй шагнал сайн дурынханд зориулагдсан шагнал байдаг төдийгүй Их сургуулийн оюутнууд сайн дурын ажилд хэрхэн оролцсноороо кредит цагаа тооцуулдаг, Байгууллагын Хүний нөөцийн ажилтан ажилтан авах анхан шатны ярилцлагандаа Сайн дурын ажил хийж байсан, ямар гишүүнчлэлтэйг нь онцгойлон асуудаг уламжлал байдаг.

 

Монголын бүхий л салбарт сайн дурын мэргэжлийн ажилтнууд хэрэгтэй байдаг. Ялангуяа Байгаль орчны салбарт. Хариу өгөхгүй зөвхөн авах ёстой гэсэн сэтгэлээр байгалийн баялагаа халбаганыхаа хэмжээгээр хутгаж авчихаад хариуд нь дуслын төдий сайн дурын ажил хийдэггүйгээрээ бид байгаль эхдээ өртэй үлддэг. Энэ өр нь бидний үр хүүхдэд, газар нутагт маш их хатуугаар тусах гэмтэйг мэдсээр атлаа зөвхөн өнөөдрөөрөө амьдарч байгаа нь туйлын харамсалтай. 5 сард унаандаа багтахгүй хүмүүс “чичрэн чичрэн” ирж мод тарьж байсан бол гантай зуны энэ зун модоо услах сайн дурын ажилд нэгдээсэй гэж уриалж байна. Байгаль орчны ажилд сайн дурынхны оролцоо маш их үгүйлэгддэг.

Сайн санааны ямар ч энгийн ажил хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийн үндэс суурь болдог. Алдаж оносон нэгэндээ туслах нь иргэн бүрийн ёс зүйн үүрэг болсон улс оронд үндэсний эв нэгдэл, итгэлцэл бэхжиж хүний төлөө хөгжил чиглэнэ. Хүн хүнийхээ төлөө цохилох сэтгэл зүрхнээс эх орондоо сайн үйл бүтээх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүлэл эхэлдэг гэж Иргэний суурь боловсролд зааж өгөх ёстой байдаг. Дэлхийн боловсролын стандарт ийм л байдаг. Тиймээс тэнд сайн дурынханд нийгмээрээ хоч өгч тусгайлан авч хэлэлцдэггүй. Сайн дурын ажил бол өглөө босоод шүдээ угаахтай адил ЗАЙЛШГҮЙ, ХИЙХ ЁСТОЙ, ЭНГИЙН атлаа НЭР ТӨРИЙН ХЭРЭГ мөн билээ.

 

 Фото зураг: NY Daily

 

 

Дуучин Beyonce НҮБ-ийн олон улсын хүмүүнлэгийн өдрийн арга хэмжээн дээр 

 

 --------------------------------------------------------

Нэмэлт мэдээлэл

 

Сайн дурынхан буюу Валюнтеризмын соёлыг дэлхийн жишигт хүргэх, Нийгэмд сайн дурынхны ажил үүргийг хүлээн зөвшөөрүүлэх эрх зүйн тогтолцоог бий болгох, Дэлхийн сайн дурынхны баатруудтай нүүр тулж уулзах бололцоог бүрдүүлсэн НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫН ОРОЛЦОО – Зүүн хойд Азийн чуулга уулзалт 6 сарын 26-нд Чингиc зочид буудалд болно. Энэ чуулга уулзалтанд Шинэ Зеландын төдийгүй дэлхийн сайн дурынхны баатар Сам Жонсон, Хятад, Солонгосын сайн дурын багийнхан, Непальд болсон газар хөтлөлтийн дараа 72 цаг нуранги доор байсан нялх хүүхдийг аварсан АНУ-ын сайн дурынхны баг гээд олон сонирхолтой хүмүүс хүрэлцэн ирнэ. Та чуулганд оролцохыг хүсвэл www.volunteers.mn сайтаар орж бүртгүүлэх боломжтой.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-04-19

    энэг яаж татаж авах вэ\

arrow icon