Нийтлэл 06 сарын 21, 2015

СӨРСӨН ТРЭНД - Сайн дур сайн уу муу юу?

Өнгөрсөн Баасан гарагт Сэрдарам багш – За чи өнөөхөө бичээрэй, минийх энэ гээд “Сайн дурын ажил, сайн дурын ажилтан гэж юу вэ" нийтлэлээ өглөө. Өмнө нь бид хоёр сайн дурын ажлын талаар хэсэг маргаад, улмаар нийтлэлээр хэлэлцье гэж ярилцсан байсан юм. Багшийн дуудлагыг хүлээж авч доорх тэмдэглэлийг тэрлэв. Хандив, сайн дурын ажил хөгжлийн гарц мөн үү, биш үү? Таны бодлоор?

 

Сайн дур сайн уу муу юу?

Монгол орон сайн дурын хөдөлгөөн, сайхан сэтгэлээр бялхаж байна. Энд ч хүн өлсөөд би хоол аваад өгчихлөө, тэнд ч байшин нурлаа хамтдаа дэмжий түшье...элэг нэгт монгол ахан дүүс ээ гэнэ. Өр нимгэн, элэгсэг дээр нь хүн харж тэсэх аргагүй асуудал олшроод тэр. Элэг нэгт ахан дүүс гэх хэлц өдөр тутмын хэлэнд нь байдаг орон хэд ч байдаг юм. Дарам багшийн зөв, ах дүүсэг элгэмсэг сайхан түмэн билээ, бид. Гэхдээ ийм элгэмсэг, тийм эв нэгдэлтэй үндэстэн яагаад өнөөдөр улам бүр уруудан доройтно вэ? 

 

 

Нэгдүгээрт, сайн дур төрийг даврааж байна. Хандив, сайн дур трэнд болохын хэрээр төрийн институц түмний татвар, нэмээд тэдний сайн дур дээр зайдалж байна.  Уг нь тэр өвдсөн нялхас, аюулгүй байдлын эрсдэл гэх мэт асуудлыг шийдэж өгөөч гээд та илжиг мэт ажиллаж олсон орлогоосоо төрд өм цөм татвар төлдөг. Төлөөллийн ардчилал бол иргэн бүр асуудал шийдэх гэж давхиад байлгүй нэг баг сонгоод, шийдэж өгөөч гээд мөнгөө дайж байгаагаас өөр юу ч биш. Тийм байтал иргэд төрд татвараа өгөөд нэмээд ажлыг нь хийж өгч давхиад, туйлдсан иргэдийн хүнд асуудал шууд төрийн нуруунд буухгүй тусмаа төсвийн зарцуулалт улам бүр иргэдээс алсарсаар. Сүүлдээ бүр төв цэвэрлэхийг бүгдээрээ арав арван мянга гаргаа л засчихая гэх санал хүртэл сонсдоно. Бид төв цэвэрлэхээ засаж, төр татвараар маань тансаг буудал барихымуу.  Иргэдийн хандлага ч асуудалтай,  тэр гишүүн тэдийг хандивлажээ, ээ мөн буянтай, гүй мөн сайн түшээ гэлцэнэ. Тэр гишүүний тэнгэрийн хишиг буугаагүй бусад зовлон яах болж байна? Тийм сайн түшээ юм бол хаашаа л харна хандив гуйсан зовлонт иргэдээр яагаад Монгол дүүрээ вэ? Төрийн түшээ сайн дурын багт нэгдэх нь төрийн механизмаар шийдэж чадсангүй ээ гээд цагаан туг өргөж байна гэсэн үг, даруй байх байранд нь буцаах хэрэгтэй. Авилга, урагшгүй удирдлагаар мундарыг нь хутгачихаад сайн хүний дүр үзүүлж зарим нэгд нь пиарын хандив өгч яваа гаруудыг. Намбарын Энхбаяр гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон охины араас зул өргөөд зогсож байсан. Надад бол нэг цагийг эзэгнэсэн төрийн лидерийн хувьд ийм хүчирхийлэлгүй орон бүтээн байгуулж чадаагүй хүний наманчлал шиг л харагдсан.  Ажлаа хийж чаддаг төрийн баг сонгох, тийм сонголт хийчихээр хэмжээнд өөрийгөө хөгжүүлэх, бүр мундаг бол өөрийгөө тултал нь хөгжүүлээд багт нэгдэх, энэнээс том иргэний “хандив” байхгүй. Төрийн ажлыг хийх гэхээсээ төртэй туршлага хуваалцах, хяналтын механизм болох, шахалт үзүүлэх чиглэлд ажилладаг ТББ-нууд бол өөр хэрэг. 

 

Хоёрдугаарт, сайн дур илүү дээр маргаашийн төлөө мэдлэг авчрахгүй.  Үнэгүй зүйл гэж байхгүй.  Өөрийн хөдөлмөрийг үнэгүй зарцуулж, буян хийж буй мэт боловч нөгөө талаар чи өөрийн хамгийн үнэтэй цагаа зарж байдаг. Цаг хугацаа хамгийн үнэтэй.  Цаг хугацааг чи өөрөө хөгжиж, мэдлэг туршлага олж авахад зарцуулж, тэр нь жишээ нь өнөөдөр өвдсөн нэгнийг асрах биш илүү цөөн өвчтөнтэй, илүү сайн эмч эмнэлэгтэй маргаашийг бүтээж болох байсан бол аль нь илүү буян бэ? Бага буяны төлөө их буяныг золих нь буянтай шийдвэр мөн үү?  Монголд  илүү дээр маргаашийг илүү дээр хөгжсөн иргэд нь л авчирна. Эхлээд чи ийм ирээдүйг авчрах хэмжээнд хөгжихгүйгээр өнөөдөр ч хандив, маргааш ч хандив хэрэгтэй зовлонт тойргоос гарахгүй. Тусламж хэрэгтэй үй олон хүн байгаа ч түүний цаад шалтгаан нь Монголд мэдлэг, боловсрол дутаж байгаагийнх юм. Болохоо байхаар сандраад л нэг нэгнээсээ гуйлга гуйх болдог хар циклийг таслах боловсон хүчин болж байна уу, өөрөө учраа олохгүй байж хүнд тусалж гүйж байгаад хэзээ нэг цагт өөрөө хандив тусламж хэрэгтэй  талд ороход хүрч хар циклийг үргэлжлүүлэх гэж байна уу? Амьдрал сонголтоор дүүрэн, харин цаг хамгийн хомс, үнэтэй. Нэн ялангуяа монголын маргаашийг авч явах шинэ залуу үеийнхэн, оюутан залуус зүгээр нэг найз нөхдөө дагаж намираад юм уу хүчирхэг удирдагчид хөтлөгдөөд, эсвэл сэтгэлийн хөдлөлөөр сайн дурын ажилд оролцох гэж байна уу, ийм асуултад өгөх хариултуудаа тунгаах ёстой. Сүхбаатарын талбайг оюутнууд угаадаг бол Монгол орон толгойгоо доош нь талбай руу харуулаад, хөл нь дээшээ тэнгэрт гозойж байгаагийн сонгодог жишээ юм. Тэд хичээлээ хийж, нэн шинэ мэдлэг технологид шунаж, талбай нь угаасаа хоггүй, иргэд нь эрүүл тийм орныг бүтээх проферционалууд болох ёстой. Олон орны оюутан залуустай харилцаж үзсэн. Тэд өмнөх хичээлээ, ажлаа хийдэг, өөрийгөө хөгжүүлдэг, харин тэдний улсад яагаад ч юм хандив сайн дур хийж гүйх хэрэгцээ хамаагүй бага байдаг.

 

Гуравт, хандив сайн дурын ажил зарим тохиолдолд хүний төлөө биш өөрийн төлөө байдаг. Өөрөө бол хүнд тусалж буй өглөгч сайн буянтан, хүний хэдэн хөөрхөн үрийн халтар, сэгсгэр зургийг дэлгээ л, мундаг мундаг афоризм зүүгээд л... Нөгөө талдаа бол бор гэртээ богд болоод амьдарч байгаа айлд –Май, чи ядуу, чи хүнээс хандив авах хөөрхий амьтан гэсэн статусыг сайхан сэтгэл, хүүхдийн баярын бэлэгтэйгээ хамт аваачиж духанд нь шошго хаддаг. Гэнэн алмай монгол хүн –Аан би ийм..гээ л хүлээж аваад, дараагийн хандиваа хүлээж, хүүхдийн баяраар хүүхэддээ өөрөө яаж бэлэг авч өгөх тухайгаа бодох үүргээс ийн мултарна.  Ингээд л нийгмийн статусыг нь шийдээд хаячихдаг. Энэ нь нэн ялангуяа дөнгөж бие хүн, персоналити нь бүрдэж байгаа балчир хүүхдүүдийн би-үзэл, би-хүндлэлд хар тамхи л гэсэн үг.

 

Дөрөвт, олон улсын загвар үлгэр дууриал биш. Сүүлд 2015 оны трэнд нийтлэлээр хүргэсэнчлэн олон улсад ТББ-ын нэр хүнд засгийн газруудыг давж гарчээ. ТББ-ынхан мундагтаа биш, төр муудаа гээд хэлчихэд хилсдэхгүй.  ТББ бол хөгжил цэцэглэлтийн гэхээсээ төрийн болон бизнесийн байгууллагуудын функц алдагдаж, хүн тэвчиж хараад суухын аргагүй асуудал олширч ирсний шинж юм. Хөрөнгө цөөнхийн гарт улам бүр төвлөрч, төрийн манлайлал алдагдахын хэрээр ТББ олширч байна. Гэхдээ асуудал шийдэгдэхгүй, улам нэмэгдсээр. Учир нь ихэнх ТББ төр, компаниудын үлдээсэн асуудлыг цэвэрлэх байдлаар ажилладаг.  Тэдэнд асуудлыг үндсээр нь эдгээх хэмжээнд нэгд иргэн бүрийн татварыг хураасан төр шиг санхүүгийн чадамж, хоёрт хууль эрх зүй зэрэг систем ашиглан  комплаинс хийлгэх улстөрийн чадамж байхгүй. Үндэс нь хэвэндээ үлдэж, дахиад л асуудлын навч ургадаг. Бид ийм загварыг хуулж, төрийг шахахгүй, төрийн сайн оффисер болохын төлөө хөгжихгүй, сонголтоо сайжруулахгүй, оромдсон ажлыг нь өөрсдөө шүүрч аваад хийчихдэг загварыг дагаад хөгжилд хүрэхгүй. Аж ахуйн нэгжүүд асар өндөр маржинтай ашиг хурааж, нөөцийн шог хуваарилалт хийх хэрнээ тэрбумтан болж баяжсан захирал нь филантрофи хийгээд сайн нэр зүүдэг загвар зөв үү? Эсвэл зарим амжилттай улс шиг угаасаа нийгмийн хариуцлагын шаардлага өндөр байхаар зохицуулах, тийм зохицуулалт хийх мэдлэг чадвартай болох нь зөв үү?

 

 

Сайн дур тэгээд сайн уу, муу юу? Өнөөдөр тусламж  хэрэгтэй газар хүрч ажиллах эр зориг, ухамсар гэдэг утгаараа мэдээж харьцангуй сайн. Гэхдээ сайнаасаа их өртөг төлж байвал нийлбэр дүнгээрээ нийгэм доошоо явна.  Анхнаасаа сайн “санаа” биш “дур”  гэх нэршил учиртай хэвшсэн мэт. Өнөөдрийн байдлыг харж хүлцэхгүй жинхэнэ сайн санаа дэлхийн мэдлэг, туршлагаас хоцрохгүйн тулд үхэн хатан суралцах хэрэгцээ байна. Гэтэл өнөөдөр оюутан залуус, хүүхдүүд мод тарьж, гудамжинд дуу дуулж мөнгө олоод нутагтаа эмчлүүлж чадахгүй Солонгос явахаас өөр аргагүй болсон найздаа өгч байна. Мод, эрүүл мэнд хариуцсан төрийн алба, төсвийн мөнгө хаана байна? Оюутан залуусын өсөх ургах учиртай нуруунд төрийн ажил ногдож дарж байна, тэд хэзээ өндөр болж, бид хэзээ илүү өндөрт гарах вэ?  

Сэтгэгдэл бичих

    • JG
    • 2015-06-24

    Доорх Сэрдарамын бичсэн сэтгэгдэлтэй санал нийлж байна. Энэ өгүүлэлд зөв ойлголт тусгасан ч гэсэн бүх төрлийн сайн дурын ажлыг авч хэлэлцээгүй, зөвхөн өнгөцхөн харсан мэт... Ялангуяа ТББ-ын сайн дурын ажил бол нийгмийн доройтолтой тэмцэхийн төлөө санагддаг. Төр нь ажлаа хийх ёстой гээд хойш суугаад байдаг, тэр төр нь хэзээ ухаарч ажлаа хийнэ гэж хүлээх вэ? Та өөрөө сайн дурын ажил хийж үзсэн үү? Зөвхөн өөрийгөө гэж хичээж суухгүй бусдын төлөө бага ч гэсэн хөдөлмөрлөхөд хүний тусч энэрэнгүй сэтгэл нэмэгдэж, танилын хүрээ тэлж, шинэ боломж нээгддэг. Нийгэмд тулгамдаж буй асуудлыг зүгээр өнгөрөөхгүй, хувь нэмрээ оруулан байдлыг өөрчлөх боломж бий гэдгийг ухаарснаар л Монгол улс маань хөгжих байх даа.

    • zochin
    • 2015-06-24

    Май, чи ядуу, чи хүнээс хандив авах хөөрхий амьтан гэсэн статусыг сайхан сэтгэл, хүүхдийн баярын бэлэгтэйгээ хамт аваачиж духанд нь шошго хаддаг. ene unen shuu, bid ireeduigee ingej ballaj baigaa yum, unegui ogson yum une tsenegui baidag yum, hun ooriin oyun uhaan Huch hudulmuruu zoriulan baij amidrah heregtei, manaid belenchleh setgelee het ih bolj baina. neg talaas zaluu humuusiig niigmiin tusiin tuld hiij bui ajlaar damjuulan humuujuulj baigaa bolovch zarim neg hesgiig ni ooroo biy daan hogjih amidrah huchgui bolgood baigaa yum,,, yer ni balanstai l baih heregtei baigaa yumdaa

    • Сэрдарам
    • 2015-06-23

    Би сайн дурын ажилтан. Энэ ажлыг олон жил хийж байна. Энэ бичсэн зүйлүүд сайн дурын ажил гэж ойлгодоггүй, субботникийн шинжтэй хийсэн ажлуудыг хараад харамсаад бичсэн байх. Ажил бүрийн ард үр дүн байх хэрэгтэй. Хэсэг хугацаанд цэвэр байгаад буцаад хэвэндээ орох үр дүнгүй ажлаас илүү үр дүнтэй маш олон ажлууд маш их байна. Хүнд харагдахгүй ажлаа хийж байгаа, үүргээ биелүүлэх гэж байгаа хүмүүсийн төлөөлөл ч олон бий. Энэ нийгэмд сайн дурын ажил агаар ус шиг хэрэгтэй байна. Харин шоу, субботник зөндөө байна. Сайн дурын ажил гэдэг ойлголтыг бий болгоод өгвөл хүн алийг нь сонгохоо өөрсдөө мэднэ. Харин тэр хүүхдийн бэлэг-ний ажил бол сайн дурын ажил гэхээс илүү зүгээр л хүүхэд баярлуулах сэтгэлийн ажил шүү дээ. 10₮ ч багадахгүй их нэмэр болдог юмаа гэдэг сэтгэлгээг энэ ажлыг зохион байгуулсан хүүхдүүд нүдэндээ нулимастай ирдэгийг би мэдэх болохоор би тэдний хийдэг ажилд нь тусалдаг юм. Олны тус оломгүй далай

    • Зочин
    • 2015-06-22

    Humuus ehleed uursdiinhuu asuudliig shiideh heregtei

    • Зочин
    • 2015-06-22

    Humuus ehleed uursdiinhuu asuudliig shiideh heregtei

    • Зочин
    • 2015-06-22

    Яг 'загатнасан газар маажив'. Үүнээс илүү яаж санаа нийлэх. Элдэв хандив буяны ажлын реклам нь хэр өндөр байна төдий чинээгээр шоу болно. Ингэхэд нэг өвчтэй хүнд хандив өгсний дараа дахиад хүн хандив хүсвэл хүмүүс яаж ханддаг юм бол доо? Хандивын тусгай дугаарын талаас илүү орлого нь тухайн оператор компанид үлддэгийг мэддэг ч юм уу үгүй ч юмуу.

arrow icon