Нийтлэл 06 сарын 22, 2015

АРДЧИЛСАН КОММУНИСТ МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД

Би нийтлэл бичихдээ дандаа өөрт тохиолдсон явдал дээрээ тулгуурлаж бичдэг. Би та нартай л адил хүн. Ард түмний нэг болохоор энгийн нь хүмүүст илүү хүрдэг бололтой. Саяхан ажлаар Сэлэнгэ явлаа. Хот руу буцах тэр өдөр нь Балжинная Дашям гэх нөгөө билэгт сайн өдөр тохиов. Дарханы замын хажуугаар нил дээлтэй бөөлжсөн, эр эмгүй шээсэн хүмүүс. Урд нэг машин огцом зогслоо. Би ч мөн яаран тормосоо гишгэж зогслоо. Ард талын тээшээ онгойлгоход 10 гаруй хүүхэд байна. Урд нь 4 том хүн суужээ. Бүгд согтуу. Шээхээр яаран зогс байгаа нь тэр. Харваас найрлаад хот руу буцаж яваа хүмүүс бололтой. Гол нь хүүхдүүд. Гадаад кинон дээр ч юмуу бидний зорчдог улс ихэвчлэн хүүхдээ анхаарч өөрсдөө бараг хонины хонхортоо орно. Гэтэл хүүхэд хүн биш. 4 алхайсан согтуу том хүн.

 

Хотод ирээд хэд хоногийн дараа нэгэн зохиолчын номын нээлтэнд оров. Хүүхдийн ном гэхээр миний номын нээлт удахгүй болох гэж байгаатай холбогдуулан  чухалчилж очсон хэрэг. Гэтэл зохиолч нь согтуу индэр дээр гарч ирэх нь тэр. ТВ инфо эсвэл TV Zone сэтгүүл шиг 25 хуудастай Ч** Ч** гэх нэртэй ном. Зураглал болхи. Хүүхдүүд шимтэж сонирхохгүй. Энэ хүн ийм зүйлийг ном гэж нэрэлчээд яагаад тоох ч үгүй согтуу байна гэж би хардах сэтгэл төрж дотороо судалгаа хийгээд үзлээ. Номыг нь хүүхэд ч юмуу зурганд дөртэй нэг хүн зурж.(гэхдээ хүүхдийн анхаарал татахаар гоё биш.) Текст буюу хүүхэд уншаад ойлгоод авах юм хомс. Дээрээс нь засгийн газрын хүүхэд хөгжлийн бодлогын хүрээнд дэмжиж гаргаж буй төслийн нэг гэж нүүрэн талдаа бичсэн байх юм. Хүүхдийн номын нээлт атал орсон гарсан хүмүүсийг айрагаар дайлсан шиг сууна. За тэр ч яахав. Хувь хүний араншин гэж бодъё. Гэтэл 4 компани ивээн тэтэгсэн байх юм. Тэгэхээр энэ номын зорилго бол хүүхэд биш мөнгөнд зориулж гаргасан, хүний ам таглах гэсэн эд мэт санагдсан. Засгийн газар иймэрхүү хүмүүст хөрөнгө мөнгө төсөвлөж өгөөд байдаг юм мөртлөө мань мэт шиг залуу хүмүүсийг дэмжиж хүүхэлдэйн кино хийе, үндэсний баатартай больё оо гэж төсөл хэрэгжүүлэн ажиллахад уулзаж хүлээж авах хүн ховор. Номын талаар яривал өөр олон зүйл байгаа учир энэ яриаг зогсооё.

 

Саяхан нэг гэр бүлийн хүүхэд нь хатгаа авчээ. СХД-ийн эрүүл мэндийн нэгдэл дээр очтол хүндэрсэн байна, манайх хүлээж авахгүй, Эх нялхаст оч гэв. Эх нялхас дээр очтол дүүргийн харьяа эмнэлэг дээрээ оч гэж бие биерүүгээ чихэж явуулсаар бүтэн өдрийг барж. Шөнө дунд хөөрхий хүүхэд нас барсан байна. Би жиргээн дээрээ ч хэлдэг. Сүүлийн 25 жил нэг ч хүүхдийн эмнэлэг бариагүй улс дэлхий дээр манайхаас өөр байхгүй. Африкийн Уганда хэмээх улс хүртэл сүүлийн 5 жилд 3 эмнэлэг барьсан байгаа юм. Олон сайхан оффисын барилга, орон сууцнууд баригдаж байна. Олон орон сууцанд мэдээж олон хүүхэд амьдарна. Гэтэл газрын зөвшөөрөл болон барилгын зөвшөөрөлийг нь өгдөг юм мөртлөө тэр газар өгсөн хүмүүст ягаад дэргэд нь хүүхдийн цэцэрлэг барь гэж хэлж, хуулиндаа заалт оруулж болдоггүй юм. Цэцэрлэг дүүрсэн хэрэг. Ойр хавьд нь хүүхэд тоглох нэг ч талбай байхгүй. Жагсаал хийж, сэтгүүлчид хандаж, өлсөглөн зарлаж эсэргүүцэлээ илэрхийлдэггүй хүүхэд гэдэг зүйл манай улсад адлагдаад байгаа юм шиг.

 

Паркын тоглоомон дээр пуужин гэж тоглоом байна. Гэтэл тэр нь хүүхэд дээр нь тоглож байхад гол нь салж байгаа юм. Хамгаалагч нар нь тойрон гүйлдээд ээж нь хүүхдээ авьяаа энэ гэж уйлж зогсохоос өөр зүйл хийж чадаагүй. Хүүхдийн төлөө гэж ажиллаж байгаа ганцхан ҮСАХ гэдэг газар нь ийм. Хоол болон хоолны газарын тухайд яриад ч хэрэггүй. Гэтэл бусад улсад өөр. Тэнд бүхэл бүтэн хүүхдийн ертөнцтэй. Монголд Найдвар гэх нэртэй нэгэн сувилал бий. Хавдар нь эдгэх боломжгүй болсон хүмүүс амьсгалаа хураах сүүлийн мөч хүртэлээ хэвтэж эмчлүүлдэг газар. Тэнд нэг хүнийг эргээд очиход нүд хальтрам дүр зураг үзэгдсэн. Аав нь миний хүү чинь хөөрхөн халзан толгойтой, хамгийн хөөрхөн хүү гэхэд ээж нь миний хүү эдгэнэ ээ хэмээн уйлна. Хав харанхуй. Цэнхэр тосон будгаар будсан, гэрлийн бүрхүүл ч байхгүй тийм нэг газар. Гэтэл Монгол улсын эрүүл мэндийн газрууд эмнэлэг дээрээ хүн нас баруулах маш дургүй байдаг гэнэ. Учир нь нас барвал жилийн эцэст тайлан өгөхөд тэр нь гай болдог гэнэ. Зүгээр л эмнэлгийн нэр хүндийн асуудал болохоор тэр. Монгол услын хэмжээнд ганцхан байгаа хувийн ганцхан сувилал нь тэр Найдвар хэмээх газар. Бид нар санаачилж будаг, ханан дээр нь хүүхдийн зураг, маш хөөрхөн гэрлийн бүрхүүл гэх мэт зүйлүүд хандивласан.

 

Бэлэн гоймон, чипс,чихэр гээд хүнсний тал дээр бол бүр эмзэг. Гудамжаар гүйхэд хаана бүдэрээд уначих бол. Онгорхой траншей хаана байна. Машин гээд л санаа зовох зүйл маш олон. Миний охин ярьж байна.

- Ааваа Хужаа гэдэг чинь муу тэ? 

-Миний охинд хэн муу гэж хэлсэн юм гэхэд

-Хужаа гэдэг чинь барилагчин гэсэн үг биз дээ аав аа гэв.

Мэдээж зурагтаас л сурч авсан байна. Ааваа энэ Sofy  гэж юу юм. Ааваа шар айраг гэж яадын гээд л асуултуудаар булна. Ааваа та энэ кинон дээрх хүүхэд шиг намайг битгий уйлуулаарай. Энэ аав нь орхиод энэ хүүхэд нь санаад байгаа байхгүй гэж надад хэлнэ. Манай гэрт Солонгос кино үздэг хүн байхгүй. Гэхдээ тавьсан суваг болгон дээр гарч байгаа болохоор олоод үзчихсэн байна.

 

Би саяхан Хэнтий аймгийн 10 жилд зориулж нэг ажил хийгээд ирсэн. Тэндээс хэний ч анзаараагүй мөртлөө маш том алдаа, маш том тэнэглэлийг олж харсан. Мөн зургийг нь ч авсан, удахгүй Хүүхэд-2 нэртэй гээр зурагтай нь нийтлэл бичих болно. Тэнд миний ах гэр бүлийн хүнтэйгээ хоёр хүүгийн хамт амьдардаг. Хотоос бид орой 6 гэж гараад шөнө 23-00 цаг гээд очсон. Гэтэл 2 хүүхэд нь байдаггүй. Хаачсан юм бэ гэтэл сургууль дээрээ найрал дуугаа давтаж байгаа. Маргааш болох сургуулийн 90 жилийн ойгоор очно гэх нь тэр.(Манай гэр бүлийн хүн Хэнтийгийн 1-р арван жилийг төгссөн. Бид нар энэ болсон тэр 90 жилийн ой гэгчээр нь очсон.) Маргааш нь 90 жилийн ой боллоо. Бүх хүүхдүүд улаан бүчтэй. Бүгд л найрал дуу гэх мэт бэлдсэн тоглолтоо үзүүлнэ. Бэлдсэн тоглолтыг нь ойлгож байгаа хүн байхгүй.Учир нь хотоос тэр сургуулийг төгссөн гэх тодотголтой 3000 гаруй хүмүүс ирж. Тэд нар бүгд согтуугаас гадна дугтуйтай мөнгө хандивлана. Бид нар 1000 ном сургуульдаа хандивлахаар ирсэн. Гэтэл ном яах вэ гэж захирал нь тоож хүлээж аваагүй. Сурагчын зөвлөлийг нь дуудаж уулзтал маш их баярлаж ахаа та сургуульд өгөөд хэрэггүй ээ. Багш нар гэртээ аваачаад тавьчдийн. Бид нарт л хариуцуулаад өгчих. Бид нар яг тоо ёсоор нь хүлээж аваад хүүхдийн төлөө төвийн байрныхаа нэг өрөөнд нь хураана гэв. Ингээд сургууль руу нь би явлаа. Хаалгаар ортол хоёр талаар улаан бүчтэй хүүхдүүд жагссан ба голоор хүн явахад бүгд зэрэг алга ташна. Хойд Солонгост ирцэн юм шиг мэдрэмж төрсөн. Хэнэг ч үгүй согтуу архайсан залуучууд энгэртээ тэдэн оны төгсөлт гэж тэмдэг зүүгээд алхаад явхад өнөөх хүүхдүүд алга ташна. Дүүгээсээ асуутал 7 хоног шөнө 12 цаг хүртэл найрал дууг нь багш нь бэлдүүлсэн байх юм. Дээрээс нь болоогүй. Тэр сургуулийн багш болгон сургуулийнхаа хашаанд цоо шинэ гэр барьж айраг, хоолоор хотоос ирсэн өөрийн төгссөн шавь нараа дайлна. Сургуулийн жоохон охидууд гэрийг нь цэвэрлэж зөөгч хийж хоол унд бэлтгэнэ. 8-12 ангийн хөвгүүд  шөнө ээлжээр гэрийг нь манаж зогсоно. Түлээ хагална. Ахын дүү нар битгий оч гэтэл багш үглээд аймар уурлаад байдаг гэв. Маргааш нь сургуулийн ой гэж морь уралдуулж наадам хийх жишээтэй. Тэр бүх бэлтгэл ажлыг хүүхдүүдээр хийлгэж, ширээ сандал өсгөгч гэх бүх зүйлийг л хүүхдүүд зөөх аж. Маргааш нь бас л Соёлын ордондоо концерт тоглуулж, хандивын мөнгө, шагналаа гардуулж хүүхдүүдийг 12 цаг гээд гэрт нь хариулсан байх юм. Баярлалаа гээд нэг ширхэг алим ч байхгүй. Монголд хүүхдийн эрх гэж ийм л байна. Дэлхийн хүүхэд амьдрахад ээлтэй улсаас 177 -өөс 144-т жагсаж байна.  Би залуу хүн. Аав хүн. Надад ямар л боломж олдоно тэр бүгдийг ашиглаж тэмцэх болно. Над шиг өөр олон аавууд ч гэсэн ийм бодолтой байгаа гэдэгт би итгэж байна. Дарга шоронд өлсөөд хэцүү байна гэж авгай нар уйлж жагсдаг. Хүүхдийн төлөө хэн ч жагсдаггүй . Би надад боломж юу байна, түүнийгээ ашигласаар байх болно. Хүүхэд чинь хүүхэд шүү дээ, хүүхдийн нүд хэзээ ч худлаа ярьдаггүй юм.

Сэтгэгдэл бичих

    • Залуу эцэг
    • 2015-07-08

    Яасан ч үлгэр дууриалгүй нийгэм юм бэ? Би онц сурдаг байсан, Гэхдээ би багш больё гэж хүсээгүй. ...Учир нь багш үнэлэмжгүй байдаг, энэ нийгэмд. Би АНУ-д багш чухал гэдгийг харсан. Хятадад ч адил. Бодох цаг иржээ.

arrow icon