Нийтлэл 06 сарын 28, 2015

Таван Толгойн хэрэгжээгүй төслөөс хэрхэн үр өгөөж хүртэх вэ?

Оны эхнээс өнөөдрийг хүртэл хэлэлцэж буй Таван толгойн төслийн маргаанд Энержи Ресурс ХХК голлох байр суурь эзэлж буйг бид мэдэх билээ. Тэгвэл уг компанийн толгой компани нь Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining Corporation” (ММС) юм.

 

БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал нь нүүрсний эрэлтийг бууруулж улмаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үнэ тасралтгүй уналаа. Үүнийг дагаад ММС-ийн хувьцааны ханш 10 гаруй хонконг доллараас 0.285 хонг конг доллар хүртэл унав. 2012 оны хоёрдугаар хагасаас компанийн орлого тасралтгүй буурч, үүнийг дагаад алдагдал ч нэмэгджээ. Зах зээл хүнд байгаа нөхцөлд компанийн зардлаа танаж, өрсөлдөх чадвараа хадгалах, үйл ажиллагаагаа тогтвортой байлгах нь маш чухал. Мөн орлогоо нэмэгдүүлж чадвал бүр сайн. Тэгвэл Энержи Ресурс ХХК-ийн оролцож буй “Таван толгойн хэлэлцээр” амжилттай болж төмөр зам байгуулагдан, угаах үйлдвэрээ барьж жилдээ 20 сая тн нүүрс гаргаж чадвал компанийн орлого ч нэмэгдэж, зардал ч буурна. 

 

  

 

 

Учир нь өнөөгийн байдлаар 1 тн тутмын нүүрсний тээврийн зардал Таван толгойгоос Гашуун Сухайт хүртэл(уртын зам), Гашуун Сухайтаас Ганц Мод хүртэл (богинын зам) нийлээд 2014 оны эхний хагасын байдлаар 14.6 ам.доллар байгаа юм. Хэрэв хэлэлцээр амжилттай болж төмөр зам баригдвал тээврийн зардал 2-3 ам.доллар хүрч буурах боломжтой гэж мэргэжлийхэн  үздэг. Мөн нүүрсний борлуулалтын дундаж үнэ 2014 оны эцсээр 61.1 ам.доллар байгаа бол консерциумын зүгээс төсөл хэрэгжсэний дараа тонн тутмыг нь дунджаар 80 ам.доллаар борлуулах боломжтой гэж үзэж байна.

 

Үүнтэй зэрэгцэн өнөөгийн байдлаар Энержи Ресурс ХХК нь жилд 15 сая тн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэрийнхээ 30-40 хувийг ашиглаж байгаа бол төсөл хэрэгжиснээр үйлдвэрлэлийн хүчин  чадлын ашиглалт нэмэгдэж гарцын хэмжээ өссөнөөр нэгжийн өртөг буурах юм.

 

Эцсийн дүнд 1 тн тутам дахь зардал буурч, борлуулах үнэ өссөнөөр орлого, ашиг нэмэгдэнэ.


Энэ утгаараа уг төслийг хэрэгжүүлэх нь Энержи Ресурс ХХК-ийн хувьд маш чухал билээ. Үүнийг нь ч баталж толгой компани боллох MMC-ийн хувьцааны ханшид богино хугацааны огцом өсөлтүүд бий болсоор байна. Ханшийн энэхүү хэлбэлзэл нь үйл явдлын өрнөлтэй нягт холбогдож буйг графикаар харуулъя.   Ханшийн график дээрх дугаар ба хүснэгт дэхь тайлбарыг анхааралтай уншина уу.

 

Эх сурвалж: Interactive Brokers

 

Дугаар

Өсөлтийн шалтгаан

Эхэлсэн өдөр

Дууссан өдөр

Хувь

Ашиг олох эсвэл эрсдлээс урьдчилан зайлсхийх боломж

1

М.Энхсайхан сайд Цагаан сараас өмнө гэрээг зурах боломжтой гэж оны эхнээс удаа дараа мэдээллэж байсан нь хүлээлтийг бий болгож ханшийг өсгөв

2-р сарын 16

2-р сарын 24

35 хувь өсөв.  0.285ХКД-оос 0.35ХКД болж өсөв

Өндөр боломжтой

2

Гэрээг Цагаан сараас өмнө байгуулаагүй учир хүлээлт арилж ханш унав

2-р сарын 24

3-р сарын 11

18.6 хувь унав.  0.35ХКД-оос 0.285ХКД болж унав

Өндөр боломжтой

3

4-р сарын 5-нд ерөнхий сайд Таван Толгой, Оюу толгой асуудлыг шийднэ гэдгээ мэдэгдэв. Харин маргааш нь УИХ-ын дарга З.Энхболд гэрээг энэ байдлаар нь зурвал оролцсон сайд нарыг огцруулах хүртэлх арга хэмжээ авна гэв. Үүний дараа 14 хоногийн хугацаанд шийдвэрлэж өгөхийг ерөнхий сайд хүслээ. Гэвч шийдэгдэлгүй 14 хоног өнгөрөв. Тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн ч тодорхой шалтгааны улмаас эргэж буцаав. Дахин тогтоолын төслийг өргөн барьсан ч ажлын хэсэг байгуулахаар болов. Энэ хороонд гэрээний эцсийн хувилбар нь аль болох талаарх маргаан хүчтэй өрнөв.

4-р сарын 8

5-р сарын 4

65 хувь өсөв  0.29ХКД-оос 0.45ХКД болж өсөв

Хэцүү

4

Ажлын хэсэг байгуулагдаж УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө шалгаж нягтлан дүгнэлт гаргахаар болов.

5-р сарын 4

5-р сарын 7

20 хувь унав.  0.45ХКД-оос 0.36ХКД болж унав

Хэцүү

5

Оюу толгой асуудал шийдэгдэж зах зээлд эерэг хүлээлт бий болов. Гэхдээ ажлын хэсгийн явцын мэдээллүүд нь эерэг бус байв

5-р сарын 8

6-р сарын 5

10 хувь өсөв.  0.36ХКД-оос 0.395ХКД болж өсөв

Боломжтой

6

Ерөнхий сайд Таван толгойн төслийг урагшлуулна гэсэн мэдээллийг дахин хийв

6-р сарын 8

6-р сарын 9

33 хувь өсөв.  0.39ХКД-оос 0.52ХКД болж өсөв

Боломжтой

7

Ажлын хэсгийн явцын мэдэгдэл сөрөг утгатай болж, эцсийн дүгнэлтээр хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэв.

6-р сарын 10

6-р сарын 25

20 хувь унав.  0.53ХКД-оос 0.415ХКД болж унав

Боломжтой

8

Хэлэлцээрийг үргэлжлүүлэх шинэ хувилбар гарч ирэв. Энержи Ресурс ХХК нь голлох оролцогчоороо үлдэнэ. Гэхдээ зөвхөн Таван толгой- Гашуун Сухайтын төмөр замаас гадна зүүн чиглэлийн төмөр замыг төсөлд багтаахаар болж, энэхүү хоёр төмөр замыг Монголын компани эзэмшихээр болж ЗГ-ийн зүгээс шинэчилсэн хувилбарыг УИХ-д оруулахаар ажиллаж байна.

6-р сарын 25

-

-

-

 

Хөрөнгийн зах зээл бол “ирээдүйг хардаг зах зээл”. Ирээдүйд төсөл хэрэгжиж үр ашиг гарна. Ирээдүйд эдийн засаг өсч Монголын эдийн засаг сайжирна гэж таамагласнаар өнөөдрөөс хувьцааны ханш өсдөг. Таван толгойн төсөл хэлэлцэгдэж байна, 1 тн ч нүүрс энэ төсөл хэрэгжсэний үр дүнд баяжуулагдаагүй, экспортод гараагүй байхад төсөлд оролцогч компанийх нь ханш өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 45 хувиар өсчихжээ. Үүнийг Таван толгойн өгөөж гэж хэлж болмоор. Хэрэв та хувьцааг, хөрөнгийн зах зээлийн мэдээлэлтэй, мэдлэгтэй бол 45 хувийн ашиг биш юм аа гэхэд 30 хувийн ашиг хийх боломж байсан гэж мэргэжлийн хүний хувьд дүгнэж хэлмээр байна. Мэдээж улс төрийн асуудлыг тааварлахад хэцүү, мөн зөв үедээ авч зарна гэдэг тийм ч амар биш. Мэдрэмж хэрэгтэй. Ашиг олохын тулд багагүй мэргэжлийн ур чадвар хэрэгтэй. Гэхдээ хариуд нь гомдохооргүй ашиг хүртэх юм. Бид заавал нүүрсээ ухаж, угаагаад, борлуулж байж таван толгойгоос үр өгөөжийг нь хүртэх цор ганц арга байгаа мэтээр ярих нь өрөөсгөл юм. Төсөл хэрэгжиж бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд ажилтай болж, төсөвт төвлөрөх мөнгө нэмэгдэж, эдийн засаг тэлэх нь үр өгөөж хүртэх цор ганц зам биш ээ. Үүнээс илүүтэйгээр төсөл хэрэгжиж бидний баялаг борлуулагдах үед иргэн таны халаасан дахь мөнгийг шууд зузааруулах арга зам бол хувьцаанд хөрөнгө оруулах. Гагцхүү энэ арга замыг зөв ашиглахын тулд хөрөнгийн зах зээлийг ойлгодог, мэддэг байх хэрэгтэй.

 

Дүгнэлт

Таван толгойн өгөөжийг хүртэх гэж таван жил хүлээхийн оронд ордыг эзэмшигч компанийх нь хувьцаанд зөв шинжилгээ хийж хөрөнгө оруулалт хийвэл таван сарын хугацаанд гомдохооргүй ашиг хийж болохоор байна. Оюу толгой дээр ч мөн адил ийм боломж байсан. Үүний тулд бид Монгол толгойгоо хөгжүүлэх цаг иржээ. Ялангуяа шинэ үеийн залуус (1990-ээд оноос хойш төрсөн зах зээлийн нийгэмд өсч, хүмүүжсэн, боловсорч, хөгжсөн, ажиллаж байгаа залуусыг би хувьдаа Монголын шинэ үеийн залуус гэж боддог) бид Монголын эдийн засаг, улс төрийг эхлээд ойлгож, цаашлаад олон улсын эдийн засгийг судалж, дэлхийн санхүүгийн зах зээл гэдэг далайд аялж алттай аралыг олж чадах эсэх нь хөрөнгийн зах зээл, үнэт цаасыг хэр зэрэг ойлгож чадсантай нягт холбогдох болжээ.

 

Энд зөвхөн Таван толгой гэдэг нэг л ордын тухай бичлээ. Үүнээс гадна Монголын байгалийн баялагт тулгуурлаж гадаад зах зээлд хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татсан 30 гаруй компани байна. Бүгдэнгийх нь хувьцааг авах боломж бүрэн нээлттэй байна. Энэ бүгдийг бидний хэд нь мэдэх вэ? Мэдэхгүйгээсээ бол хичнээн их боломжийг алдаж байгаа бол? Бас мэдэхгүй зүйлээсээ бид хоосон айж суусаар байх уу?

 

Хүмүүс хувьцааг, хөрөнгийн зах зээлийг эрсдэл ихтэй, мөрийтэй тоглоом мэтээр ойлгох нь багагүй. Эрсдэл ихтэй нь үнэн боловч мөрийтэй тоглоом биш гэдгийг хэлье. Тийм бодолтой хүмүүс буруу анализ хийж алдчихаад алдаагаа өөрөөсөө хайж суралцалгүй “мөрийтэй тоглоом” гэдэг үгээр хөнгөн дүгнэдэг нь харамсалтай. Эрсдэлийг зөв үед хийх ёстой. Ашгийг хүсвэл эрсдэлийг хийхээс өөр гарцгүй. Гагцхүү зөв шинилжгээ, судалгаанд суурилсан эрсдэл гаргаж үр дүнд нь ашиг хүртэх учиртай. Зөв шинжилгээ, судалгаа хийхийн тулд Таван толгой, Оюу толгойг ухаж биш харин алдартай хөрөнгө оруулагчдын бичсэн ном уншиж, сайн сургуульд чанартай боловсрол эзэмшиж, том байгууллагад ажиллаж туршлага хуримтлуулан зогсолтгүй, тууштай, тогтвортой хөгжиж Монгол толгойгоо ухах ёстой гэж бодном. 

Сэтгэгдэл бичих

    • Max Bent
    • 2017-02-17

    Далайн Зээлдүүлэгч болон Барьцаа 2% үеэр Жижиг, зээл их хэмжээний хувьд хязгаарлагдмал. таны бизнесийг санхүүжүүлэх зээлийн Сайн байна уу өргөдөл, бид хувийн зээл санал болгож байна,   дэлхийн хаана ч 30 жилийн төлбөр хугацаанд нэг жилд 2% болох бага маш бага хүүтэйгээр арилжааны болон хувийн зээл. Бид 1000-аас та хүсэлт аль нэг хэмжээгээр хүртэл зээл санал болгож байна, бидэнд өнөөдөр И-мэйл холбоо; [email protected] +447087694046

    • Мөнх-Эрдэнэ
    • 2015-07-07

    Тантай санал нэг байна. Мэдээлэл авахад хэцүү. Гэхдээ алхам алхамаар сайжирч байгаа. Урт хугацаандаа илүү сайжирна гэж бодож байна. Миний бодлоор, дотоодоос хувьцаа авах гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, эхлээд брокерийн маш сайн компани сонгох хэрэгтэй-сайн гэдэгт мэдээлэл, судалгаагаар хэрэгтэй цаг нь тогтмол хангаж чаддаг байхыг хамруулж ойлгож байгаа. Дараагийн эх сурвалж компанийн холбогдох хүмүүсээс нь өөрөө очиж мэдээлэл авах-гэхдээ энэ төвөгтэй л дөө. Гуравдугаарт, bloombergtv mongolia үзэх. хувьцаат компаниудын талаарх мэдээлэл тогтмол явдаг. Хамгийн сүүлд нь, файсбүүк дээр 'Хувьцаа ямар ашигтай вэ' гэсэн групп бий. Энэ группт чадах чинээгээрээ мэдээлэл оруулж байгаа.

    • Зочин
    • 2015-07-03

    Таны бодол зөв байна. Гэхдээ монголд янз бүрийн мэдээлэл авна гэдэг хомс гадаадын зах зээл хэтэрхий интернетийн орчинтой холбогдсон учир мэдээлэл сайтай харин монголд тийм талаарх мэдээллийг авах нь хомс юм иймд монголынхоо хөрөнгийн биржид хувьцаан борлуулагдаж буй компанихаа мэдээллийг яаж авах зүгээр бол?

arrow icon