Нийтлэл 06 сарын 29, 2015

Д.Дорлигжав сайдын төслүүдийн 7 сул тал: Хуульчийн мэргэжлийн хариуцлагын шинэ тогтолцоо тогтвортой хэрэгжихгүй бол үр дүнгээ өгөхгүй

Монголын Хуульчдын холбоо бол гишүүдийнхээ явцуу эрх ашгийг хамгаалдаг ТББ огт биш харин төрийн тодорхой чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан нийтийн эрх зүйн этгээд. Тиймээс,Хуульчдын холбооны гол чиг үүрэг бол олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах явдал. Үүний тулд хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг тогтоох, шинэчлэх, сургах замаар хуульчдын үйл ажиллагааг түүнд нийцүүлэхийн төлөө чармайх гол үүрэгтэй. 2013 оны 10 сарын 5-нд Хуульчдын Анхдугаар их хурал Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм (Хуульчийн мэргэжлийн дүрэм буюу ХМД)-ийг баталж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны шинэ стандартыг тогтоосон бөгөөд энэ дүрмийг зөв хэрэгжүүлэх эсэх нь Мэргэжлийн хариуцлагын хороо хэрхэн ажиллахаас шууд хамаарна.Мэргэжлийн хариуцлагын хороо(МХХ) хуульч мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан эсэх болон мэргэжил, ур чадварын хувьд чадамжгүй болсон эсэх гэсэн хоёр төрлийн маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй.Энэ хороо нь муу эсхүл чадамжгүй хуульчдаас иргэд, олон нийтийг хамгаалах зорилготой. МХХ хуульчийн зөвшөөрөлтэй бүх хүмүүс буюу шүүгч, прокурор, хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульчид төдийгүй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахгүй байгаа хуульчидтай ч холбоотой маргааныг харьяалдаг. 

ХэрэвМХХ хараат бус, төвийг сахиж, шударга ажиллаж чадахгүй бол мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан хуульчид хариуцлага тооцож чадахгүй, улмаар олон нийт хохирно, хуульчид болон хуулийн засаглалд итгэх олон нийтийн итгэл сэргэхгүй, шударга ёс биелэл болохгүй, хүний эрх бүрэн хамгаалагдахгүй. Учир нь, хариуцлагатай, ёс зүйтэй хуульчид л эдгээр үнэт зүйлийг бодит амьдрал дээр буулгахад тусалдаг. Тиймээс, Хуульчдын анхдугаар их хурал МХХ-ны 30 гишүүнийг 2013 оны 9 сард батламжилсан боловч уг хорооны ажиллах журмуудыг боловсруулах ажилд нухацтай хандаж нэг жил орчим хугацаа зарцуулсан. Холбогдох дүрэм журмууд батлагдсаны дараа МХХ 2014 оны 11 сарын 1-ээс эхлэн хагас жил орчим маргаан хянан шийдвэрлэх ажиллагаагаа явуулж байна.

Хуульчийн мэргэжлийн дүрэм[1] болон МХХ-ны журмын төслүүдийг боловсруулахад ажлын хэсгийн гишүүдээс гадна олон хуульчдын хичээл зүтгэл, хөдөлмөр, санал орсон юм. Энэ хорооны журмын төслийг боловсруулах ажлын хэсэг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар 2013 оны 10 сард байгуулагдаж,АНУ, Герман, Чех зэрэг гадаад улсуудын туршлага, 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлал, Монголын онцлогийг судалж төслөө боловсруулсан. АНУ-ын Калифорни мужийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ховард Миллер тэргүүтэй төлөөлөгчидтэй 2014 оны хавар хоёр удаа биечлэн уулзаж, уг төслийн үзэл баримтлал дээр зөвлөгөө авсан. Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо, Прокурорын хороо, Өмгөөлөгчдийн хорооны гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан, нийт хуульчдад зар хүргүүлэн имэйлээр болон бичгээр санал авч, шаардлагатай хэмжээнд төслийг сайжруулсан. 

Хуульчдын холбооны Зөвлөл уг төслийг 2014 оны 3 сарын 10-нд хүлээн авснаасаа хойш 6 сарын турш нийт 6 удаагийн хуралдаанаараа нухацтай хэлэлцсэнбөгөөд Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журам (МХХАЖ)-ыг мөн оны 6 сард, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам (МХХМХШЖ)-ыг 8 сард, Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч сонгон шалгаруулах журмыг 9 сард тус тус баталсан. Эдгээр гурван журам нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль (ХЭЗБТХ), Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн дүрэмтэй хамт Мэргэжлийн хариуцлагын хороо ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлдэг.

2015 оны хавар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (ХЭЗБТХШНТ), Өмгөөллийн тухай хуулийн төсөл (ӨТХТ), Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Д.Дорлигжав сайдын даалгавраар Хууль зүйн яамнаас боловсруулж, ӨТХТ-ийг УИХ-д саяхан өргөн барьсан. Эдгээр төсөл батлагдвал хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа,өөрийн удирдлага, хариуцлагын тогтолцоог одоогийнхоос эрс өөрчилж, хуульчдын болон тэдний үйлчлүүлэгчдийн ашиг сонирхол төдийгүй хуулийн засаглал, шударга ёсонд ихээр нөлөөлнө. Ийм зарчмын өөрчлөлтүүдийн нэг нь хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо. Үйл ажиллагаагаа явуулж эхлээд нэг жил ч хүрээгүй байгаа Мэргэжлийн хариуцлагын хороог Мэргэжлийн ёс зүйн хороо хэмээн нэрлэж түүний бүрэн эрх, хараат бус байдал, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг олон талаар дордуулах зохицуулалтууд төсөлд орсон нь туйлын харамсалтай. Тодруулбал, Д.Дорлигжав сайдын боловсруулсан хуулийн төслүүдэд дараах хэлбэрийн долоон сул тал байгаа нь харагдаж байна:

  1. Мэргэжлийн үйл ажиллагааны хоёрдмол стандарт үүсгэх;
  2. Сахилгын шийтгэл оногдуулахад ялгаварлан гадуурхах;
  3. Ноцтой мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргаж хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэл хүлээсэн этгээдээс олон нийтийг хамгаалахгүй байх;
  4. Хуульчийн мэргэжил, ур чадварын хувьд чадамжгүй болсон хуульчаас болж олон нийт хохирохоос урьдчилан сэргийлэхгүй байх;
  5. Хуульчийн сахилгын маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг нь явцууруулснаас түүнд итгэх олон нийтийн итгэлийг бууруулах;
  6. Маргааныг шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргийг нэг хүний гарт төвлөрүүлж шударга ёсны зарчмыг алдагдуулах;
  7. Маргааныг хянан шийдвэрлэх тогтолцооны бие даасан байдлыг сулруулах.

Эдгээр долоон сул тал нь зүгээр нэг жижиг өөрчлөлт биш Монгол Улс дахь хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны шинэчлэлийг орвонгоор нь өөрчлөх, олон нийтийн итгэлийг хүлээж чадахгүй нь нотлогдсон хуучин тогтолцоо руу шилжих ухралтууд юм. Тиймээс, Хуульчийн мэргэжлийн дүрэм болон МХХ-ны журмуудыг боловсруулах ажлын хэсэгт орж эх баригчаар ажиллан энэ чиглэлийн судалгааг хийсэн хүний хувьд эдгээр долоон асуудал яагаад одоогийн хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоог дордуулах вэ гэдгийг одоогийн хүчин төгөлдөр хууль, дүрэм, журам болон олон улсын туршлагатай харьцуулсан цуврал нийтлэлүүдийг өнөөдрөөс эхлэн хэвлүүлэх болно. Мөн, цаг завын боломжоор прокурорын ёс зүйн асуудлыг МХХ-ны харьяаллаас гаргах нь зүйтэй юу, 2013 оны Хуульчийн мэргэжлийн дүрэм болон 2014 оны Шүүгчийн ёс зүйн дүрэм хоёрын аль нь олон улсын шүүгчийн ёс зүйн тогтсон стандартыг илүү тусгасан бэ, шүүгчийн ёс зүйн зөрчлийг одоогийн Шүүгчийн ёс зүйн хорооны харьяалалд өгөх нь зөв үү гэсэн гурван асуултад хариулсан нийтлэлийг бичихийг хүсэж байна. TRENDS.MN цахим хуудас дахь http://www.trends.mn/profile/28 гэсэн миний булангаас эдгээр нийтлэлүүдийг унших боломжтой.

Судлаачийн хувьд 2012 оны ХЭЗБТХ төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч түүнийг шинэчлэн найруулах замаар дордуулах бус цөөн тооны нэмэлт өөрчлөлт оруулах замаар уг хуулийг сайжруулах боломжтой гэж үзэж байр сууриа илэрхийлнэ. Жишээлбэл, прокурор болон шүүгчийн зүйн хэм хэмжээний болон түүнийг шийдвэрлэх журмын давхардлыг арилгаж нэг тийш нь болгох, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийн талаарх иргэд гомдол, мэдээлэл гаргах боломжийг илүү тодорхой хуульчлах хэрэгтэй. Д.Дорлигжав сайдын боловсруулсан төсөл энэ хоёр асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон ч “нуухыг нь алах гээд нүдийг нь сохлов” гэгчээр одоогийн тогтолцоог дордуулах агуулгатай болжээ. Тиймээс, ХЭЗБТХ-ийг сайжруулахаас илүүтэй уг хууль, Хуульчийн мэргэжлийн дүрэм болон МХХ-ны журамд орсон дэвшилтэт зохицуулалтуудыг авч үлдэх нь хуулийн засаглал, шударга ёсонд итгэдэг хуульчид болон судлаачдын хувьд амин чухал асуудал болоод байна. 

Д.Дорлигжав сайдын хуулийн төслүүд хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооноос гадна хуульчийн мэргэжлийг зохицуулсан олон дэвшлийг үгүй хийхээр байна. Жишээлбэл, миний бие Хуульчдын холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хороонд судлаачийн хувьд гишүүнээр ажилладаг бөгөөд манай хороо хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх стандарт, журам, түүнийг гардан хийх хүмүүсийн ёс зүйн стандартыг судлах ажлын хуваарилан авч, үндсэн ажлынхаа хажуугаар хийж байна. Гэтэл, ХЭЗБТХШНТ-аас Хуульчдын холбооны хууль зүйн сургуулиудыг магадлан итгэмжлэх чиг үүргийг хасаж, зүгээр л “хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагыг батлах” болгон өөрчилжээ. Нэгдсэн шаардлагыг мөрдүүлэх механизм буюу магадлан итгэмжлэх бүрэн эрх Хуульчдын холбоонд байхгүйгээр уг шаардлага хэрэгжих баталгаагүй. Хуульчдын холбооны магадлан итгэмжлэл бол хууль зүйн сургуулиудын хөтөлбөрийг хуулийн оюутны эрэлт, хэрэгцээнд нийцүүлэх, хуульчид хэрэгтэй мэдлэг, ур чадвар, туршлага, ёс зүй, дадал суулгах хичээлүүд заахыг хууль зүйн сургуулиудаас шаардах, хууль зүйн боловсролыг дэлхий нийтийн стандартад ойртуулах үр нөлөөтэй механизм. Хуульчдын холбооны магадлан итгэмжлэл 2016 оны 4 сарын 15-ны өдрөөс эхлэх ёстой байсан ч үүнээс нь ямар ч судалгаа, үндэслэлгүйгээр эрэмдэглэж байгааг ойлгож чадахгүй юм. Төсөлд энэ мэт олон тулгамдсан асуудал байгаа талаар бичих хүсэл байвч нэг хүн бүгдийг нь судалж бичиж амжихгүй тулхуульч мэргэжлийнхээ ирээдүйд санаа зовинож буй эрхэм хуульчид, эрх зүйчид, судлаачид та бүхэнд үзэл бодлоо бас илэрхийлэхийг уриалж байна.

 

 

[1] Хуульчийн мэргэжлийн дүрэм хэрхэн боловсруулагдсан талаар дараах нийтлэлийг уншина уу: О.Мөнхсайхан, “Үндсэн хуульт ардчиллын төлөө: Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн ач холбогдол[1],” Үндсэн хуульт ардчиллын төлөө, October 23, 2013, http://munkhsaikhan-o.blogspot.com/2013/10/1.html.

 

Сэтгэгдэл бичих

    • Бодох л зүйл
    • 2015-06-30

    Ер нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль өөрөө их сонин статустай.. Угтаа бол Хуульчдын холбоо бол ТББ гэтэл энэ ТББ-ыг онцгойлон хуультай болгож ... ХХолбоо ТББ мөртлөө хуульчид хаана ажиллаж болох хаана болохгүйг хатуу заацан.. Тэгвэл Үндсэн хуулийн маань чөлөөлтэй хөдөлмөрлөх эрх минь яалаа даа?? Хүн мэддэг зүйлээ бусдад хэлж болохгүй гэсэн утга агуулсан сонин ухагдахуун ихтэй л хууль.. Ер нь сайн бодоод дахин энэ хуулийн талаар бодолцвол яасан юм? Зүгээр БАР-ын систем хуулах нь юу л бол...

    • Бодох л зүйл
    • 2015-06-30

    Ер нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль өөрөө их сонин статустай.. Угтаа бол Хуульчдын холбоо бол ТББ гэтэл энэ ТББ-ыг онцгойлон хуультай болгож ... ХХолбоо ТББ мөртлөө хуульчид хаана ажиллаж болох хаана болохгүйг хатуу заацан.. Тэгвэл Үндсэн хуулийн маань чөлөөлтэй хөдөлмөрлөх эрх минь яалаа даа?? Хүн мэддэг зүйлээ бусдад хэлж болохгүй гэсэн утга агуулсан сонин ухагдахуун ихтэй л хууль.. Ер нь сайн бодоод дахин энэ хуулийн талаар бодолцвол яасан юм? Зүгээр БАР-ын систем хуулах нь юу л бол...

    • Энэ хүмүүс Шударга байгаасай....
    • 2015-06-30

    Тэмүүжингийн захиалгат өгүүлэл байна

    • эрдэмт хүн даруу эх мөрөн дөлгөөн гэж
    • 2015-06-30

    профессор гэчжээ ичээсэй

    • Өмгөөлөгч
    • 2015-06-30

    Өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг зохицуулсан тусгай хуультай болох нь зүйтэй.

    • Зочин
    • 2015-06-29

    06 дугаар сарын 26 нд хуульчдын өдөрт зориулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулсан арга хэмжээнд МХХ-ны ерөнхийлөгч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төслийн танилцуулга хийгээд ямар ч үндсэлэлгүй, судалгаагүй зүйл яриад байна лээ. Мөн хөдөө орон нутгуудаар явж танилцуулга хийсэн ч гэж байх шиг. Уулзсан өмгөөлөгч, хуульчдынхаа тархийг угаагаад яваад байнаа. 06 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцүүлэгт ярьж хэлэгдэж байсан зүйлүүд хэзээ хэрэгжиж эхлэх вэ

    • ОЧИРБАТ
    • 2015-06-29

    Дэмжиж байна. Аливаа шинэчлэл сул талтай байж болох ч засаад цааш үргэлжлүүлэх ёстой, мөн тогтвор үйлчлэх ёстой. Үүнтэй адил улсын бодлого байх ёстой. Аль нэгэн сайд, дарга солигдсоноор бодлого солигдох ёсгүй.

arrow icon