Нийтлэл 06 сарын 30, 2015

НИЙТЛЭЛИЙГ ЗУРГААР: БНМАУ-ААС МОНГОЛ УЛС РУУ

 trends.mn   Хямрал руу харвасан 3 сум буюу Абэномикс, Хямралын бүдүүвч,   Мөрдөн байцаах албыг хэний дэргэд байгуулах вэ?   зэрэг нийтлэлээр хүргэсэнчлэн  нийтлэлд гол санааг нь хялбаршуулсан визуал бүрдэл нэмж, уншигчдад илүү ойлгомжтой контент хүргэх зорилготой ажиллаж байна.  Энэ удаа Монголд нүүрлэсэн засаглалын хямралыг БНМАУ-аас Монгол улсын төрийн байгууламжид шилжих явцад гарсан гажуудалтай холбон тайлбарласан судлаач Ганаагийн БНМАУ-аас Монгол Улс руу нийтлэлийг хялбаршуулан хүргэлээ. 

 

БНМАУ-аас Монгол Улс руу  

Өөрөө битгий мэт, мэдсэн хүний үгэнд бүү ор”  Монголд хийсэн Тангадын хараал, хууччуулын үг

Бүрэн эхээр нь эндээс уншиж болох уг нийтлэлийнхээ эхэнд судлаач Ганаа хөдөлмөр хуваарилалтын үнэ цэнэ, системийн хямралын учир шалтгааныг мэргэжлийн системийн шинжээч оношилж,  гарах гарц санал болгох ёстой тухай нэхэн сануулсан байв.  Монголчууд “ардчиллаас хойш” гэж их хэлдэг нь ардчиллыг өнгөрсөн хугацаанд болсон, тухайн цаг үеийн үйл явдал гэж үздэгийг нь тольдон харуулдаг. Харин судлаач Ганаа 1990 оны шилжилт өөрчлөлт, 1992 оны Үндсэн Хууль бол шинэ Монгол улсын төр, нийгмийн байгуулал, үйл ажиллагааны дөнгөж эхлэл байсан гэдгийг уг нийтлэлдээ онцолжээ.

 

“Барууныг дуурайж сайн сайханд хүрнэ гэдэгтээ бид дэндүү итгэлтэй байсан. Одоо ч энэ өвчин бидний сэтгэлгээ, үйлдэлд амь бөхтэй байгаа. Энэ үед бидний дунд “шинэ” “ардчилсан”, “зах зээлийн” хүн ганц ч байгаагүй”.

 

1992 онд байгуулагдсан УИХ ч шинэ Монгол улсын төлөөлөл гэхээсээ дийлэнх нь хуучин бүтцийн гишүүдээс бүрдэж байв.  Энэ УИХ  шинэ Үндсэн хууль, түүнтэй хамт Үндсэн хуулийн  хавсралт хууль баталж,  уг хуулийн заалтын дагуу төрийн байгууламжийн бүтцийг шийдэх бүлэг хуулиудыг батласан. Ингэснээр 1996 он гэхэд Монгол Улсын гэж хэлж болох төрийн байгууламж бий болсон ч хууль баталсан мөн чанартаа хуучин төрийн бюрократууд  өөрсдийн эрх ашгийг хамгаалах зорилготой ажилласны дүнд тус тусын салбарын механизмыг  зохицуулах гэхээсээ  Засгийн газар, Шүүх, Орон нутаг зэрэг тухайн байгууллагын бүтэц, эрх мэдэл ямар байхад л голлон анхаарсан байгууллагын тухай хуулиуд болж үлдсэн гэж дүгнэжээ.  Үүний дүнд Монголын төр  БНМАУ-ын хуучин бүтцээс бүрэн ангижирч чадаагүйгээр барахгүй харилцан уялдаатай институц гэхээсээ бие даасан баахан байгууллагын бөөгнөрөл болж хувирав. Байгууллагуудын эмх замбараагүй, эв хавгүй бөөгнөрөл  маягийн төр нь тэдгээр байгууллагыг удирдах хэдэн хүнээс хэт хамаарсан "фёодал"-ын төртэй агаар нэг байлаа.

 

1996 он хүртэлх эрхзүйн бүлэг шинэчлэлээр суурь нь тавигдсан “фёодалын төр”-ийн гажуудал  Н.Багабанди, С.Баяр нарын улс төрчдийн санаачлагаар хийгдсэн засаглалын судалгаа, хуулийн төсөл, С.Дашдаваа нарын судлаачдын оношлогоо, анхааруулгыг үл хамааран улам гүнзгийрч, Н.Энхбаярын бизнесийн чанартай улстөртэй золгож, улмаар долдугаар сарын 1-ний гамшигт өдрийг үзсэн.

 

"Би зөв онош тавьсан гэдэгтээ итгэлтэй байна, эм нь надад бэлэн байна, харин уух эсэхээ энэ “Нам төр” хэмээх хэвтрийн нөхөр өөрөө л мэдэх байх. Үгүй гэвэл хохь нь л биз. Харин заваарч байгаад нийтийн үймээн самуунд хүрвэл би сануулж байсан шүү гэж хэлэх үгтэй байхад надад болох нь тэр". 2008 оны нэгдүгээр сарын 9, долдугаар сарын 1-нээс 6 сарын өмнө

 

"Монгол бол удирдагчаас хамаарах шинжээрээ хосгүй".

 

 

Судлаач Ганаа  гажуудлаас гарах эхний алхам, монголын төр  Н.Энхбаяраас ангижрах ёстой гэж дүгнэсэн энэхүү нийтлэлээ тэрлэсэн нь 2008 оны нэгдүгээр сарын 9. Энэ өдрөөс хойш 7 жил хагас өнгөрчээ. Ардчилсан будагтай "фёодалын" төр харин энэ хугацаанд засрал авав уу? Дараагийн 7 жил, дахиад нэг 7 жил, 70 жил өнгөрөхөд бид тэртээ 25 жилийн өмнө  БНМАУ-ын гараанаас гарахдаа бүүр түүр төсөөлж зорьсон чөлөөт бизнесийн эдийн засагтай, хүмүүнлэг ардчилсан Монгол Улс хэмээх барианд орсон байх болов уу?

 

Сэтгэгдэл бичих

arrow icon