Нийтлэл 07 сарын 02, 2015

Б.Түшиг: Дэлхийн Жемборын уулзалтад оролцохын тулд үзэсгэлэнгээ гаргасан

Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өнөөдөр импортыг орлох монгол бүтээгдэхүүнээрээ Чингисийн талбайд үзэсгэлэн гаргалаа.  Үзэсгэлэнд 180 гаруй бизнес эрхлэгчид оролцож өөрийн гараар улсаа бүтээх эрхэм үнэ цэнэтэй ажилд гар бие оролцож байгаагаа сурталчилав.  Тэд өдөрлөгийн үеэр өөрийнхөө зүгээс эх орныхоо хөгжилд бага ч болов хувь нэмэр оруулж байгаадаа талархаж үндэсний брэнд бүтээгдэхүүнээ дэмжин хамтарч ажиллахыг нийт монголчууддаа уриалж байлаа. 

 

 

Үзэсгэлэнд  эх орны соёл,  ёс заншлыг тусгасан эсгий эдлэл, гар урлал, модон сийлбэр, монгол дээл, гутал гэхчлэн олон бүтээлийг дэлгэсэн байлаа.  Үзэсгэлэнгийн үеэр хийсэн бүтээлээрээ олны анхаарлыг татаж, хичээнгүйлэн хайчилбар хийж  олсон мөнгөөрөө Дэлхийн Жемборын уулзалтад эх орноо төлөөлөн оролцох эрхэм зорилгыг өвөрлөн суугаа бяцхан хүү Б.Түшигтэй тааралдсан юм. Тэрээр 2013 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны нэрэмжит брэнд бүтээгдэхүүний эзнээр шалгарч байжээ.  Ингээд  том зорилгыг өвөрлөн хөлсөө дуслуулан хайчилбар хийж суугаа бяцхан хүү Б.Түшигтэй цөөн хором ярилцлаа. 

-Юуны өмнө бяцхан бизнес эрхлэгч маань манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг Б.Түшиг гэдэг. Өсвөрийн Залуу Зохион Бүтээгчдийн Лабортори ахлах сургуулийн 9-дүгээр ангид сурдаг. Өнөөдрийн энэхүү Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэнд  гар урлалаар хийсэн хайчилбаруудаараа оролцож байгаадаа баяртай байна. 

- Б.Түшиг маань энэ үзэсгэлэнд маш олон хайчилбар хийж оролцсон байна. Яг ямар төрлийн хайчилбарыг хийдэг вэ. Хэдэн наснаасаа хийж эхэлсэн бэ?

-Би ерөнхийдөө ан амьтдад их сонирхолтой. Тийм болохоор хайчилсан бүтээлүүд маань ихэнх нь ан амьтдын хайчилбар байгаа. Анх гурван жилийн өмнөөс энэхүү бүтээлүүдээ хийж эхэлсэн. Хийхэд маш их хөдөлмөр хичээл зүтгэл шаарддаг ч гэсэн өөрөө сонирхолтой болохоор хэцүү санагддаггүй.  

 

- Бүтээлүүдээрээ уралдаан тэмцээнд орж байсан уу?

-2013 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны нэрэмжит брэнд бүтээгдэхүүний эзнээр шалгарч алтан медаль хүртэж байсан. Мөн өнгөрсөн сард сургуулийнхаа хаврын тайлангийн уралдаанд тусгай байрын эзэн болсон. Би бас хөл бөмбөг тоглодог. Найзуудтайгаа хамт Идэрчүүдийн Улсын Аварга Шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнээс алтан медаль хүртсэн байгаа. Өнөөдрийн энэ үзэсгэлэнд оролцож бүтээлүүдээ зарж байгаа зорилго маань Япон улсад удахгүй болох гэж байгаа  Дэлхийн Жемборын уулзалтад оролцох юм. Би  үзэсгэлэнгээр бүтээлээ зарсан мөнгөөрөө  Дэлхийн Жемборын уулзалтад оролцох гэж байгаа.  

-Мундаг юм аа. Олон бүтээлээ зараад заавал уулзалтандаа оролцоорой. Ирээдүйд ямар хүн болохыг мөрөөддөг  вэ? 

-Цаашид би улс эх орондоо хэрэгтэй зохион бүтээгч болохыг мөрөөддөг. Үеийнхээ найзуудад хандаад чөлөөт цагаараа зөв зүйтэй зүйлийг ирээдүйдээ хэрэгтэй зүйлийг хийж байгаарай гэж хэлмээр байна. Мөн надад олон зүйлийг зааж сургаж үргэлж тусалж дэмжиж байдаг багш н.Бор, н.Уламбаяр, хайртай ээж Бадамханддаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье.

-Баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • нараа
    • 2015-08-19

    Амжилт хүсье дүүдээ. Өмнөө зорилготой, бүтээлч, мундаг хүү байна.

arrow icon