Долоон сарын өмнө УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд хамтарч сөрөг хүчингүй “том эвслийн” бүлэг байгуулсан. Шалтгаан нь засаглалыг тогтвортой байлгах, улмаар бүтээлч байдлыг нь нэмэгдүүлэх үндсэн хоёр л зорилготой байв. Харин том эвслийн Засгийн газар тогтвортой боловч бүтээлч биш байна гэж үзсэн Ардчилсан нам засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс тогтвортой байдлыг нь хөндөх улс төрийн шийдвэр гаргалаа.
Том эвслийн ЗГ-ын тогтвортой байдлыг хөндөх шалтгаан юу байв?
Засгийн “мөнхийн” тогтвортой байдлыг бүрдүүлсэн хэмээн сэтгэл ханасан МАН жингийн нөгөө туухай болох бүтээлч байдлыг огоорч, магадгүй санаатайгаар царцааж байсан нь Засгийн тогтвортой байдалд сөрөгөөр нөлөөлөв. МАН засгийн ажилаас илүүтэй ирэх жилийн сонгуулийн компанит ажилдаа хэт эрт төвлөрч, түүндээ эвссэн засгийнхаа царцсан бүтээмжийг “нохойд барих мод” болгох болсон
нь одоогийн хамтрагч, ирээдүйн өрсөлдөгч хүчнүүдэд таалагдаагүйгээс засгаас шахагдах шалтгаанд нь нэрмээс болсон байх.
Том эвслийн ЗГ-ын бүтээлч байдлыг царцаах шалтгаан юу байв?
Эвслийн ЗГ тогтвортой бөгөөд бүтээлч чанарыг тэнцвэртэй хадгалж чадахгүй бол нэг нь нөгөөгүйгээрээ оршин тогтнох боломж хэврэг гэдгийг АН-ын эрс шийдвэр харуулж байна. Бүтээлч байх нөхцлийг МАН яагаад хангах эрмэлзэлгүй, дээр дурьдсанчилан санаатайгаар царцаах болов. 2012 онд шинэчлэлийн ЗГ байгуулагдахад МАН-аас бусад намууд хамтарч ЗГ-ын мөрийн хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулж мөрдсөн ба уг мөрийн хөтөлбөрийг одоо ч том эвслийн ЗГ хэрэгжүүлж байгаа. Харин МАН-ын зүгээс том эвслийн ЗГ-т мөрийн хөтөлбөр гэж байхгүй, хямралаас гаргах хөтөлбөр, гэрээ л гэж бий хэмээж байв.
Нэгэнт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оролцоогүй МАН бусдын сонгуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлхэд л хүчин зүтгэж байна гэж хожим ухаарсан нь засгийн бүтээлч байдалд тээг тавин тавин хамтрахаас өөр найрсаг сонголт үлдээгүй боловуу. Энэхүү “өөх ч биш, булчирхай ч биш” хамтрал нь эцэстээ МАН-ыг сөрөг хүчний үүргээ дуртай ч дургүй ч гүйцэтгэх нөхцөл байдал руу түлхэв бололтой. Том эвсэл задарсанаар Үндсэн хууль, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлууд саатах магадлалтай
.
Одоо хүчтэй сөрөг хүчинтэй “жижиг эвслийн” ЗГ-ын ТОГТВОРТОЙ ба БҮТЭЭЛЧ байдлыг нэгэн зэрэг хангаж ажиллахад АН болон эвслийн намууд ихээхэн хүч, ухаан зарж ажиллах шаардлагатай болно. Тогтвортой, бүтээлч засаглалын үр дүн хөгжил, бүтээн байгуулалтаар хэмжигдэх ба үүнд л ард түмэн “хангалттай сайн” үнэлгээгээ өгнө.
Сэтгэгдэл бичих