Нийтлэл 07 сарын 07, 2015

Төр бидний өгсөн хүчийг ашиглан биднийг хэлмэгдүүлэх ёсгүй

Дорлиг Доржийг гүтгэх, Дорж Долгорыг зодох. Нэгнээсээ хулгайлах, бүр ноцтой бол амь насанд нь хүрэх.  Иргэд нэгнийхээ эрхийг янз янзаар зөрчдөг.  Гэхдээ Дорлиг Доржийн эрхэнд өөрийнхөө хүч чадал, эрх мэдэл, хэр  хэмжээгээр,  Дорж ч Долгорын  эрхэнд  хувь хүнийхээ хэр чадлын хэмжээнд л халдаж чадна, тэрнээс илүү гарахгүй.  Харин  төрийн хүчирхийлэл иргэд хоорондын хүний эрхийн зөрчлөөс хэд дахин ноцтой. Зөрчихдөө хүрвэл хэд дахин их хүчээр  хэдэн зуу, хэдэн мянга дахин их хохирол  учруулдаг.  Хүний түүхэнд гарсан хамгийн гамшигт хүний эрхийн хүчирхийллүүд бүгд төрийн гараар хийгдсэн.  Еврэйн холокаст, Нагасаки, Хирошима, ЗХУ-ын гулаг... бүгд төрийн, эс бол төрийн функцыг чадамгай ашигласан дарангуйлагчийн гараар үйлдэгдсэн.  Монголын түүх ч 1937 онтой.  Их гүрний явуулга байсан ч Монголын төр арав гаруй жилийн  дотор  50 гаран мянган сор болсон охид хөвгүүдээ  өөрийн гараар хэлмэгдүүлсэн нь  хүн нэг бүрийн амь амьдралын үнэ цэнээс гадна хорьдугаар зууны эхээр иргэний боловсрол, технологи шинжлэх ухааны мэдлэгээр барууны орнуудаас  хоёр зууны хойно хаягдсан Монголын хувьд хүний нөөц, оюун боловсролын нөхөж баршгүй гарз байлаа. 

 

Төр ийм цар хүрээтэй, ийм гамшигт  хүчирхийлэл хийх чадвартай, эрх мэдэлтэй,  хүчтэй. Учир нь төр  иргэдээс, хүн нэг бүрээс,  эрх мэдэл, мөнгө санхүүгийн нөөцийг өөртөө ацаглаж авсан аппарат. Төр одоохондоо хүний сэтгэж олсон байгууллага, нийтлэгүүдээс хамгийн хүчтэй нь. Ийм хүчирхэг аппарат өөрийн улс төр, эдийн засгийн нөөцийг ашиглан иргэдтэй шударга бус харилцвал иргэний хүчээр даван туулах аргагүй хүчирхийлэл үүсдэг.  Тиймээс иргэн хоорондын гэхээсээ төр-иргэн хоорондын харилцаа эвдрэхэд түүхийн гамшиг гардаг.  Тийм ч учраас төр иргэний эрхийг зөрчихөөс сэргийлэх эрх  зүйн зохицуулалт хамгийн чанд, бүрэн төгс байх ёстой.  37 оны хэлмэгдүүлэлт ч ЗХУ-ын сэдэж эхлүүлсэн  зорилгоос ч том хүрээнд газар авч, дургүй нь хүрсэн бол, эхнэр нь таалагдсан бол, хувь хүний тооцоотой бол албан тушаалаа ашиглан хүний амь амьдралд халдах боломжтой  хэмжээнд  газар авсан нь эрхзүйн цоорхой үүсмэгц хувь хүн төрийн хүчээр хүчирхийлэл үйлдэх эрсдэл ямар амархан үүсдгийн сонгодог жишээ юм.  Төр механизмын хувьд хүчирхэг, тэрийг гэхдээ хувь хүн хөдөлгөнө.  Тэнэг эсвэл асар ухаантай хэрнээ буруу хандлагатай хүнд зэвсэг бариулж болохгүй гэдэг.  Хүний эрхийн хүчирхийлэл хийх боломжтой төрийн алба бол тийм хүмүүст бариулж болох хамгийн аюултай зэвсэг билээ.

 

Энэ бүх гашуун түүх төрийн нураах хүчээс гадна бас нэг зүйлийг бидэнд хэлж өгнө. Төр хүчирхийлэл үйлдэхдээ дандаа ямар нэг ариун зорилгын төлөө гэж хэлдэг. Хитлер Германыг, дэлхийг цэвэрлэнэ гэж хэлсэн. Сталин капиталистуудыг, тагнуулуудыг цөлж ганган сайхан коммунизм барина гэж хэлсэн.  Алдарт Горький тэргүүтэй шилдэг зохиолчид нь ч түүний пиарын багт багтаж байв. Чойбалсан Монголыг японы тагнуул, шар хувалзуудаас салгаж байна гэж тайтгаруулсан. 

 

Одоо харин Монголд нэг сайхан ариун зорилго, шинэ түлхүүр үг үүсчээ. Авилгачдаас салах. Энэ ариун зорилгын дор юу ч хийх боломж социал, хуульзүй, технологийн гурван талбарт үүссэн.

  • Технологийн хувьд: Интернэт, олон нийтийн сүлжээ агшин зуурын коммюникац,   ямар ч нэрээр, ямар ч хэлбэрээр мэдээлэл тараах,  хэргийг нь гаргавал хэнийг ч юуг ч гутаан доромжлох, нийгмийн гэмт хэрэгтэн болгох боломжтой талбар, арга хэрэгсэл үүсчээ.
  • Олон нийтийн хувьд: 25 жилийн гомдол цөхрөл, ядуурал, боловсролын түвшин “бүгд авилгач”, “бүгд хулгайч” худалч маягийн хомроголон хардах хохирогчийн сэтгэлзүй үүсгээд байна. 
  • Эрхзүйн хувьд: Энэ нийтлэлээс харж болохчлон иргэн ба иргэний хэргийг хариуцах төрийн харилцаанд объектив, гуравдагч этгээдийн хяналт хийх бүтэц байхгүй болсон.

 

Гурван талбарт үүссэн ийм боломж дээр төрийн байгууллага ямар тоглолт хийж, хүний эрхэнд халдаж болохыг сүүлийн 2, 3 жилд АТГ хэвлэлээр хүн яллаж ирсэн түүхээс харж болно.  Ямар нэг улс төрийн үйл явдал тааруулаад хэвлэлээр сүр дуулиантай бага хурал хийнэ, том том тоо мөнгө хэлнэ, ялтан гэнэ. Дээр дурдсан хөрс нь бэлэн , тэгээд л нийгэмд шууд л гэмт хэрэгтэн. Дараа нь хэд шалгаж байцаагаад гэм буруугүй нь тогтоогддог.  Гэм буруутайг баахан дурангийн өмнө зарлана, гэм буруугүй нь бол алга дарам сонины буланд, хэнд ч сонин биш.  Ер нь өнөөдрийн бид хэн буруутайг л сонирхоно, хэн буруугүйг биш. Тэгээд л нийгэмд ялтан хэвээр үлддэг.  Уг нь гэм буруугүй нэрийг нь хэлмэгдүүлсэн бол жинхэнэ ардчилсан оронд нэр хүндийн төлбөр  нэхэж шүүхдээд төлбөрөө авна, хэвлэлээр ч дуулиан болж олны сэдэв болно, нэрээ цэвэрлэж авна. Манайд бол сул мултарсан нь зол гээд томоотойхон шиг сүүлээ хавчаад, нийгмийн гэмт хэрэгтэн дүрээ насаараа үүрнэ

 


 

Гэмтэй нь гэмээ хүртэх ёстой. Гэхдээ гэмгүй нь хууль, технологи, олон нийтийн гурван бултай ийм машинд өртвөл яах билээ? Өдийг хүртэл хэдэн хүн өртсөн бэ, цаашид өртөхөөс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?  

Хууль зүйн хувьд Мөрдөн байцаах албыг хэний дэргэд байгуулах вэ? нийтлэлээр зарим асуудал шийдэл хөндөгдсөн, цаашид уг хуулийн төсөлтэй холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ. АТГ шиг аппарат хэрэгтэй, гэхдээ хүчирхийллийн эрсдэлийг зохицуулсан механизм дунд. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр хүн яллах, гэмт хэрэгтний дүр бүтээхэд ч зохицуулалт хийх ёстой. Зэвсгийн ир сайжрах тусам зохицуулалт  дагаад сайжрахгүй бол хүмүүс ирээр нь нэг нэгнээ гэмтээнэ.  Иргэний нийгмийн хувьд, 1000 хүний гомдол 1 хүн хэлмэгдэх шалтгаан болох ёсгүй гэдгийг бид санаж байх ёстой. Би ч, чи ч 3 сая хүний гомдлын өмнөөс хэлмэгдэх үүрэггүй, хэн ч тийм үүрэггүй.  Үнэн худлыг шүүдэг, сонссон болгондоо итгэдэггүй, баримт сурвалж нягтлалгүйгээр  дэвэргэн тараадаггүй соошил медиагийн соёлтой хэрэглэгч болж хөгжиж байж бид төрийн махны машинд сайн дураараа хүч нэмж, нэг нэгнийгээ өөрийн гараар хэлмэгдүүлэхээс сэргийлнэ.  Өнөөдрийн эрхзүй, технологи, олон нийтийн гурван талбарт үүссэн онцлогийг ойлгож, улам газар авахуулахгүйн тулд өөрийн чадах зүйлийг хийж байхгүй бол парламентын засаглалтай орны  хамгийн тэргүүний улс төрийн албан тушаалтнаа ч хэвлэлээр яллаж чаддаг оронд жирийн иргэн ямар нэг давагдашгүй хүчний өмнө ялаа болох, эсвэл  өөрөө ч мэдэлгүй хамтдаа махны машины гар эргүүлэлцээд явж байхад тулна. Анх төрийг бидэнд үйлчил гэж үүсгэж, эрх мэдэл, мөнгө шилжүүлж өгсөн. Төр бидний өгсөн хүчийг ашиглан биднийг хэлмэгдүүлэх ёсгүй.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon