Нийтлэл 07 сарын 09, 2015

Ядуу улсын “баян” шашин

              Дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь шашин шүтдэг гэдэг. Зах зээлийн судалгаагаар дэлхийд тэргүүлдэг WIN/Gallup олон улсын холбоо нь дэлхийн 65 улсын 63,898 хүний шашин шүтлэг ямар түвшинд байгааг судалжээ.

 

Шашин шүтлэгийн түвшин яагаад ийм ялгаатай байна вэ? Тэдэнд нөлөөлж буй хүчин зүйлс юу байна вэ?

Насжилтын хувьд шашин харьцангуй залуу байна. Судалгаанд оролцсон залуу хүмүүсийн 66% нь шашинтай гэсэн бол түүнээс дээш насны иргэдийн 60 хүрэхгүй хувь нь шүтлэгтэй гэжээ. Тэгэхлээр харьцангуй “залуу” орнууд шашин их шүтдэг байх магадлалтай аж.

Харин боловсролын түвшний хувьд өндөр боловсролтой иргэд, дунд болон түүнээс доош боловсролтой хүнийг бодвол харьцангуй шашин бага шүтдэг. Гэхдээ “харьцангуй” гэдгийг ойлгох хэрэгтэй. Тус судалгаагаар өндөр боловсролтой хүн шашин шүтэх нь бага ч бүх л боловсролын түвшинд шүтлэгтэй хүн тодорхой хувийг эзэлж байгаа нь илэрхий болов.

Хүн амын шүтлэг, тэдний амьдрал, хэв маяг, боловсрол зэргийн уялдаа холбоог эрдэмтэд олон янзаар тайлбарладаг. Харин тус судалгааны баг дэлхийн ядуу улсын иргэдэд өдөр тутмын олон асуудал, бэрхшээлээ давахад нь шашин хамгийн их тусалдаг бөгөөд амьдралд нь чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг судалгаагаараа нотолсон байна. Ийнхүү эдийн засгийн байдал, шашин шүтлэгтэй нягт уялдаатай байгааг тэд онцолжээ.

 

Судалгааны дүнд дунджаас дээгүүр орлоготой хүмүүсийн 50% нь шүтлэгтэй байгаа бол дунджаас доогуур орлоготой иргэдийн 70% нь шүтлэгтэй байна. Харин өндөр орлоготой хүмүүсийн дунд шашингүй үзэлтний хэмжээ хамгийн өндөр буюу 22-25% байгаа бол доогуур орлоготой хүмүүсийн дунд 5-6%-г л эзлэх жишээтэй. Тэгвэл

 

хүн амын дунд шашинтай хүмүүсийн эзлэх хувийг, нэг хүнд ногдох ДНБ-тэй нь харьцуулан харвал урвуу хамааралтай байгааг та бүхэн олж харна.

 

 

Нэг хүнд ногдох ДНБ 2000 доллараас доогуур буюу хамгийн буурай орны иргэдийн 95% нь шүтлэгтэй байна. Харин нэг хүнд ногдох ДНБ нь 25,000 доллараас дээш буюу хөгжингүй орны иргэдийн 47% нь шүтлэгтэй гэж хариулжээ.

Гэхдээ трэндийг сөрсөн чинээлэг улс бол АНУ байв. АНУ-ын 3 хүн тутмын 2 нь буюу 65% нь шүтлэгтэй гэж хариулжээ. АНУ бол цагаачдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг улсын нэг. Тиймдээ ч ийм дүн гарсан байх магадлалтай юм.

 

Улс орон ядуурах тусам хүн өөрөө өөрийгөө бус өөр хэн нэгэн аварна гэж итгэснээр шашин “баяжих” нөхцөл бүрддэг.  Тэгвэл бидний хувьд 2013 оны байдлаар ДНБ-ий хэмжээ 3500 гаруй доллартай тэнцэж байжээ. Тус жагсаалтад улсынхаа дүнг багтаагаад нэг харвал бид шашин шүтлэг ихтэй улсын тоонд орно. 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын асуумжид оролцсон 1,9 сая иргэний 61,4% нь шашин шүтлэгтэй гэж хариулсан байна. Бодит судалгааны дүнгээр ч бид мөн л шашин шүтлэг ихтэй улсуудын жишгийг давтжээ.

Шашин шүтэх эрх хүн бүрт нээлттэй боловч итгэл үнэмшлээр бус бусад хүчин зүйлсэд тулгуурлан шүтэх нь улмаар үүнийг муйхарлал, мухар сүсгийн хэмжээнд хүргэх нь бий. Үүний олон, олон жишээ манай улсад ч шил дараалан гарах боллоо. Гол нь нийгэм, эдийн засгийн байдал болоод иргэдийн сэтгэл хангалуун бус, итгэлгүй байдал л үүнийг дэвэргэх гол сэжим болж байгааг бид анхаарч үзэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-07-09

    шашин шүтлээ гээд та нар яахын. дахиад буудах уу. амжихгүй шүү тэнэг нийлэлчээ

arrow icon