Нийтлэл 07 сарын 23, 2015

ШҮҮХ ЗАСАГЛАЛ - ИТГЭЛ НАЙДВАРЫН ЭЦСИЙН ХӨЛӨГ ЖИВЛЭЭ

 Шүүгч бол иргэний шударгаар шүүлгэх эрхийг хангагч, шударга ёс, хуулийн засаглалд итгэх олон нийтийн итгэлийг тээгч юм.  Доктор О.Мөнхсайхан

 

 Саяхан Үндэсний их баяр наадмын өмнө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал гэгч нөхөр таван холбогдогч бүхий эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргахын зэрэгцээ гадуур бусдын батлан даалтад байсан шүүгдэгч нарт бүгдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч нийгмийг, ард иргэдийг цочирдуулаад авлаа. Тэдгээр хоригдсон иргэдийн дунд нэгэн сэтгүүлч бүсгүй байсан тул хэвлэл мэдээллийнхэн асар ихээр бухимдан хүчтэй эсэргүүцэл илэрхийлж тэр дороо энэхүү шийдвэр нь олны нүд, чихэнд хүрч ёстой л нэг сенсаац болов. Сэтгүүлчид ч сэргэлэн, овсгоотой юм. Шүүх хуралдааны бичлэгийг олж аваад онлайнаар интернэтэд байршуулсан байх юм.  Би жирийн эрх зүйч хүний хувьд энэ үйл явдлыг хэрхэн харж байгаагаа та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. Тухайн эрүүгийн хэргийн нарийн ширийн рүү нь орохгүйгээр, зөвхөн шүүн таслах ажиллагаа, тэр дотроо шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн хэрэглэж байгаа талаар л асуудлыг хөндөх нь зөв байх.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн "Шүүх хуралдааныг эхлэх" нэртэй Гучин гуравдугаар бүлэг буюу 254-260 зүйлүүдэд шүүх хуралдааныг хэрхэн нээж явуулах тухай процессын нарийн зохицуулалтуудыг дэс дараатайгаар заасан байдаг:

  • Эхлээд шүүгч шүүх хуралдаанаа нээнэ,
  • Тэгээд оролцогчдын ирцийг шалгана,
  • Орчуулагч, хэлмэрч байвал эрх, үүргийг нь тайлбарлана,
  • Гэрч байвал танхимаас гаргаж тусгаарлана,
  • Шүүгдэгчдэд яллах дүгнэлтийн хуулбарыг цаг тухайд нь өгсөн эсэхийг шалгана,
  • Шүүх бүрэлдэхүүн, оролцогч нарыг зарлаж, тэдгээрийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхийг тайлбарлана.
  • Эцэст нь шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж өгөх ёстой байдаг юм.

Энэ бүх процесс явагдсаны дараа шүүгч ЭБШХ-ийн 260-р зүйлийн 260-д

"Шүүх хуралдаанд оролцогчдын хэн нэг нь ирээгүй бол шүүх хуралдааны ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг энэ хуулийн 240- 245 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ"

гэж заасны дагуу сая шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч шүүгч С.Батжаргал нь дээрх шүүн таслах ажиллагааны процессыг хуульд заасан дараалал, ном журмаар нь явуулаагүй болохыг бид бичлэг дээрээс харж болхоор байна. Энэ бол шүүн таслах ажиллагааны ноцтой зөрчил мөн.

 

Учир нь тус шүүх хуралдаанд ямар эрх, үүрэг эдэлж оролцож байгаагаа мэдэхгүй хүмүүс босож зогсоод шүүхэд хүсэлт гаргаад, тайлбар өгөөд яваад байгаа нь буруу юм. Зарим шүүгдэгчдийн өмгөөлөгч нь автын осолд орсон талаар бусад өмгөөлөгчдөөс шүүхэд мэдэгдэж холбогдох нотлох баримтыг нь бүрдүүлж ирсэнд шүүх улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн саналыг сонсоод шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлтэй байна гэж үзээд шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргажээ. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд шүүхээс, өөрөөс нь шалтгаалж хоёр удаа, прокурор буюу улсын яллагчаас шалтгаалж хоёр удаа, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн хүндэтгэн үзэх шалтгаанаар хоёр удаа нийт зургаан удаа шүүх хуралдаан хойшилсон тухай шүүгдэгч Г.Буяндорж мэдэгдэхэд түүнийг нь хэн ч үгүйсгэж маргасангүй.  Хохирогчийн өмгөөлөгч П.Сарантуяа, Л.Дашравдан нар шүүхэд хандан "Шүүх хуралдаан удаа дараа хойшилж байгаа, мөн шүүгдэгч нарын зүгээс интернэтэд өөрсдийгөө цагаатгасан материал цацаад байна, хохирогчид руу элс, шороо цацаад байгаа тул тийм учраас шүүгдэгч нарыг цагдан хорьж өгөөч" гэсэн хүсэлт гаргасан байдаг. Үүнд нь шүүгдэгч Г.Буяндорж "Бидний зүгээс тийм үйлдэл гаргаагүй. Энэ асуудлыг хуулийнх нь хүрээнд шалгуулмаар байна" гэсэн тайлбар хийдэг. 

 

Гэтэл шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг хэлэлцэх асуудалд улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн саналыг огт авалгүйгээр явчихаж байгаа нь сонирхолтой. ЭБШХ-ийн 17-р зүйлийн 17.1. дэх хэсэгт

"Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана"

гээд заачихсан байдаг. Шүүгч С.Батжаргал шүүх хуралдааныг завсарлаж орж ирээд шүүх хуралдаан хойшлуулж байгаагаа мэдэгдээд, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор боллоо, миний шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхгүй гээд алхаа тогшоод гүйгээд гараад явчих юм. Энэ ёстой хачирхалтай, сонин үйл явц.  Шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эрхтэй. Гэхдээ заавал үндэслэлээ тодорхой зааж байхыг хууль өөрөө шаарддаг. "Шүүгдэгч нар нь гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор, шүүхээс оргон зайлж болзошгүй" үндэслэлээр цагдан хорилоо гэж захирамждаа дурджээ. Энэ бол үндэслэл гэх боловч нөхцөл байдал юм. Энэ нөхцөл байдал чухам ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдож байгаа тухай шүүгчийн захирамжид тодорхой заасан байх ёстойгоос гадна, шүүхийн шийтгэх тогтоолыг тайлбарладаг шиг шүүгч өөрөө оролцогчдод захирамжийнхаа үндэслэлийг тайлбарлаж өгөх нь хууль зөрчсөн зүйл болохгүй юм.  Бусдын батлан даалтад байгаа шүүгдэгчид 6 удаа шүүх хуралдаан зарлахад хууль хяналтын байгууллагын албадлагагүйгээр, өөрсдөө, сайн дураараа хүрч ирж оролцож байгаа, гадаадад гарах эрх нь хязгаарлагдсан шүүгдэгчдийг "оргон зайлж болзошгүй" гэж үзэх нь хэтэрхий мэргэжлийн бус дүгнэлт юм.

 

Шүүгч С.Батжаргалын үзэж байгаагаар бүр тавын тавуулаа нийлж оргон зайлах гэж байсан бололтой юм.  Шүүгчийн захирамжийн "шүүгдэгч нар нь гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор" цагдан хорилоо гэдгийн үндэслэл нь "Фэйсбүүк, соошил медиа хэрэгслээр өөрсдийгөө гэм буруугүй мэтээр дахин дахин мэдээ, нийтлэл бичүүллээ" гэдэг хохирогчдын өмгөөлөгчдийн хүсэлтээр тогтоогдож байгаа бололтой юм. Энэ ямар тэнэг дүгнэлт вэ?!  Ядахад нөгөө шүүгдэгчид нь "Бид юу ч бичүүлээгүй!" гээд мэтгэлцээд байхад шүүгч нь хүлээж авсангүй. Шүүгдэгч нар үнэхээр дахин гэмт хэрэг үйлдэх бодит сэдэл, санаархал, шинэ гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн байдал зэрэг нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байж гэмээ нь тэднийг цагдан хорих үндэслэл болдог. Энэ богинохон шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч П.Сарантуяа харин "Шүүх хуралдаан ингэж олон удаа хойшлоод байвал төр төмөр нүүрээ үзүүлэх ёстой. Сүхбаатар дүүргийн шүүхийн нэгэн шүүгч өмгөөлөгчдийн улмаас олон удаа шүүх хуралдаан хойшлоод байхаар нь шүүгдэгч нарыг нь цагдан хорьсон. Тэглээ гээд тэр шүүгчийг буруутгаагүй шүү дээ" гэсэн нэг ноцтой зүйл хэлдэг. Шүүх хуралдаандаа хүндэтгэн үзэх ч байна уу, үгүй ч байна уу ямар нэгэн шалтгаанаар хүрэлцэн ирээгүй өмгөөлөгчийн үйлдлийг шууд үйлчлүүлэгч хүнд нь "нааж", шүүгдэгчийг цагдан хорьдог хууль бус, эртний, хоцрогдсон, соц үеийн практикаасаа салах цаг болсон шүү дээ. Хариуцлага тооцох гэж байгаа бол өмгөөлөгчтэй нь "ярьдаг" тогтолцоо, хууль журам бэлэн байгаа. Одоо мэдээж шүүгдэгчид, тэдний өмгөөлөгчид шүүгч С.Батжаргалыг татгалзан гаргах хүсэлт гаргах байх. Ерөнхий шүүгч нь энэ хүсэлтийг хүлээж авах нь зөв байх. Мэргэжилдээ муу, шүүн таслах ажиллагааны ур чадвар муутай шүүгч хүний хувь заяаг шийдвэрлэнэ гэдэг аюултай.  ЭБШХ-ийн шүүгчийн татгалзан гаргах үндэслэл дотор "Тухайн шүүгчийн мэдлэг, чадвар эргэлзээ төрүүлж байвал" гэсэн заалт нэмж оруулмаар санагддаг шүү.  Эцэст нь хэлэхэд манай шүүх сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа байдал хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэх нь маш их эргэлзээ төрүүлдэг. Та бүхэн Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан сүүлийн хоёр жилийн илтгэлүүдийг уншаарай. Үнэхээр аймшигтай. Анхан шатны Ерөнхий шүүгчид цагдан хорих зөвшөөрөл өгдөг шүүгчийг томилохдоо зоригтой, мэдлэгтэй, энд тэнд "төмсөгдүүлээгүй", хүний эрхийн тухай зөв ойлголттой хүнийг сонгомоор байна. Тэр шүүгчээ тусгай сургалт, семинарт хамруулж, толгойг нь цэнэглэмээр байна шүү. Хэд хоногийн өмнө Монголын Үндэсний Телевизээр

2014 онд Шүүх 3700 гаруй иргэнийг урьдчилан хорих шийдвэр гаргаж байсан ба эдгээрийн 50% нь таамаг, төсөөлөл төдий хэргийн сэжигтэн байв

гэж мэдээлж байна билээ.

 

Улс төрчид, эрх баригчид увайгүй, шудрага бус, идээч уугаач байж болох юм. Гэхдээ тэднээс, төрийн хууль бус хүчирхийллээс иргэдээ, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах итгэл найдварын эцсийн "хөлөг онгоц" болох шүүх нь өөрөө шударга бус хандлагатай, мэргэжил боловсрол дутмаг хүмүүсээр эгнээгээ бүрдүүлсээр байвал бид хэнд итгэж, юуг шүтэж амьдрах вэ? 

Сэтгэгдэл бичих

    • МОНГОЛ ХҮН 2020
    • 2015-09-17

    ТУс хэрэг нь аргагагүй олон удаа хойшилсон нь үнэн. Гэхдээ үүнд шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас хойшилсон гэх зүйл огт байхгүй юм. Сэтгүүлч хүн өөрийн гаргаж буй мэдээ мэдээлэл нийтлэлийнхээ эх сурвалжийг тодорхой болгосны үндсэн дээр олонд хүргэж баймаар юм. Мөн сутгүүлч хүнд өөрийн гэсэн ёс суртахууны хэм хэмжээ зайлшгүй баймаар. Баттулга гэдэг хүн бол сутгүүлч гэдэг нэрэн доор бусдыг дарамталж, өөрийнх нь хүссэнээр байхгүй бол энд тэндхийн сайтанд мэдээлэл гаргана гэх зэргээр янз бүрээр сүрдүүлдэг. Аль ч улс орны шүүх засаглал хэн нэгэн этгээдээс хараат бус байж гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаа явуулдаг. Монголын шүүх ч мөн адил гэдэгт итгэлтэй байна. Дээрх нийтлэлийг бичсэн нөхөр шүүгдэгч нарыг хохирогч мэтээр ойлгогдохоор бичсэн байна. Гэтэл хохирсон иргэний гомдлын дагуу ЭБША-аа явагдаж тодорхой хэмжээний гэм буруутай гэж үзэн хэрэг нь шүүхийн шатанд ирсэн байгаа. Мөн ЭБШХ-д зааснаар ТСАХ-г өөрчлөх хүчингүй болгох зэрэг асуудлыг шүүгч, шүүх шийдвэрлэнэ гэсэн зарчмын заалттай. Мөн шүүх ямарваа нэгэн хэргийг шийдвэрлэхдээ өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан шийдвэрлэнэ гэсэн заалт ч бий. Дээрх заалтуудын дагуу шүүгч өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ТСАХ-г өөрчилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж харагдхааргүй байна. Мөн дээрх хурлын бичлэгээс харахад шүүгч хурлыг нээснээс хойшхи үйл явдал болсон байна. Тиймээс шүүгчийг хууль журмын дагуу хурлыг явуулаагүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. ЭРХЭМ ЭРХЗҮЙЧ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ

    • Зочин
    • 2015-07-23

    shuuh zasagtaa itgehgui bolhoor odoo bid nar yund itgeh yum be

arrow icon