Дэлхийн эдийн засгийн форум, Глобал аженда судалгааны багааас 2015 оныг тодорхойлж буй 10 гол трэндийн тухай бүлэг нийтлэлийг цувралаар танилцуулж буй. Байгаль орчны бохирдол энэ хэвэндээ үргэлжлэх аргагүй болсон хийгээд түүнийг хэрхэн шийдэж болох тухай зургадугаар хэсэг:
Хөгжиж буй орнуудын үйлдвэржилт цаашид энэ чигтээ үргэлжлэхийн аргагүй бохирдол үүсгэж байна. Бохирдол эдийн засгийн өсөлт шүтсэн, нөөц ашиглаж, нүүрсхүчил үйлдвэрлэх загвараас өөр зам эртхэн сонгож хөгжүүлж, технологийн болон ухамсрын түвшинд хувьсгал гаралгүйгээр шийдэх аргагүй том асуудал болж ирлээ.
Хөгжиж буй орнууд Европ, АНУ-ын дэд бүтэц, технологийн амжилтаас их зүйл суралцсан. Тийм загвар эдийн засгийн хувьд асар их амжилт олсон ч дэлхийн нүүрсхүчлийн багтаамж цаашид энэ хэвэндээ энэ замаараа явах боломжийг үгүй хийж байна.
Олон орны ард иргэдийг хамарсан санал асуулгаар хөгжиж буй орон дахь бохирдлын асуудал энэ жил явагдаж буй хамгийн том глобал трэндийн 6-д оров. Дэлхийн Нөөцийн Институтийн судалгаагаар Хятад ногоон хүлэмжийн хийн бохирдлоор 2005 оноос хойш дэлхийд 1-т, түүний араас АНУ, Европын холбоо
орж, Бразил болон Энэтхэг тав, наймдугаар байрт жагсаж байна.
Бусад трэндийн тухай хэсэгт мөн дурдсанчлан дэлхийн дулаарлаас үүдсэн байгалийн гамшиг, усны хомсдолд хөгжиж буй орнууд хамгийн их өртөж, түүнээс үүдэн янз бүрийн асуудал дэгдэж байна. Дэлхий хамгийн багадаа гэхэд үйлдвэржихээс өмнөх түвшнээс 2 градус нэмж дулаарна. Энэ нь Африк болон Өмнөд Азийн ДНБ-д 4-5 хувийн уналт авчрахаас гана нийт алдагдлын 75-80 хувийг хөгжиж буй орнууд үүрэх төлөвтэй.
Хятадын үйлдвэржилт хүний түүхэнд гарсан хамгийн их эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт авчирсан, гэхдээ үүний өртөг нь ч бас асар их. 2010 онд гэхэд Хятад дахь агаарын бохирдол 1,2 сая цаг бусын үхэл авчирсан гэгдэж байна. Хятад төдийгүй бусад хөгжиж байгаа орон ч нүүрс, бохирдлыг шийдэх аргаа олж, өсөлт хөгжлийг ДНБ-ээс өөр хэмжүүрээр хэмждэг болох хэрэгтэй байна. Гэхдээ бохирдлын хариуцлага зөвхөн Хятадад, шинээр хөгжиж буй орнуудад байхгүй. Дэлхийн банкны тооцож гаргаснаар өндөр орлоготой орнууд 1850 оноос хойш нийт нүүрсхүчлийн хийн 2/3-ыг гаргаж ирлээ.
Дараагийн 12-18 сард аль бүс нутаг байгаль орчны бохирдолд хамгийн их өртөх вэ?
Өндөр хөгжилтэй орнуудын хувьд хөгжиж буй орнуудад сэргээгдэх эрчим хүчний судалгаа хөгжүүлэлтэд санхүүгийн туслалцаа, сургалт, хөрөнгө оруулалт хийх замаар бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулах боломжтой. Жишээ нь Хятад шиг том улс нарны эрчим хүч, салхины сэнс, нүүрсхүчлийн хийг задлах гэх мэт судалгаа хөгжүүлэлтэд хүч хаяж, түүний үр дүнг түгээхэд хөгжсөн орнууд хамтран ажиллах гэх мэт арга зам байна.
Түүнээс гадна Ногоон Цаг Уурын сангаас хөгжиж буй орнуудад нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгах механизм зааж өгөх, үүнд зарцуулах урт хугацааны санхүүжилтын асуудлыг шийдсэн 2010 оны Канкүн тохироцоо бас нэг зам болж өгнө. Эдгээрээс гадна ч хөгжсөн орнуудаас сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд санхүүгийн дэмжлэг очиж байх бусад арга замыг эрэлхийлэхээ зогсоож болохгүй.
Нүүрсхүчлийн хийн ялгарал ихтэй арга замыг нэгэнт сонгосны дараагаар дахин сольж, шинэчлэх нь шууд шинийг суулгахаас хамаагүй өртөгтэй гэдгийг ойлгох нь чухал. Өөрөөр хэлбэл өдөр тутам өргөжин тэлж буй хот, зам тээвэр, эрчим хүчний үүсгүүрээ ямар байдлаар бүтээн байгуулах вэ гэдэг бидний өнөөдрийн шийдвэр асар чухал
үүрэгтэй гэсэн үг. Өнөөдөр шийдэж томхон өөрчлөлт хийх боломж хараахан дуусаагүй байна, гэхдээ удахгүй тэр хаалга хаагдах гэж байна.
Сэтгэгдэл бичих