Нийтлэл 08 сарын 13, 2015

TED ТРЭНД: Интернет байхгүй болчихвол бидэнд “Б” төлөвлөгөө бий юу?

       АНУ-ын зохион бүтээгч, инженер, математикч  Дэнни Хиллисийн хэт их интернетэд түшиглэх нь хэр найдваргүй тухай  TED трэнд лекцийг нь сийрүүлэн хүргэж байна.

        Вирус эсвэл хэн нэгний санаатай халдлагаас болоод бид интернетгүй болох магадлалтай. Харин бидэнд “Б” төлөвлөгөө бий билүү?.

Өнөөгийн олон гайхалтай үйлчилгээ, системүүд бүгд интернет дээр түшиглэн ажиллаж байгаа.  Гэвч сүүлийн үед дэлхий дээр олон тооны террорист болон хакерын халдлагууд гарах болжээ. Тиймээс бид гэнэтхэн л интернетгүй болж, үүн дээр түшиглэсэн бизнес, систем, үйл ажиллагаанууд бүгд зогсонги байдалд орох аюултай билээ.

Утгагүй мэт санагдаж болноо. Гэхдээ Хүйтэн дайны үед халдлага, харилцаа холбоог эсэргүүцэх арга болгон Батлан хамгаалах газраас Интернетийг бий болгох ажлыг эхлүүлсэн юм. 2009 оны дөрөвдүгээр сард интернетээр дамжуулан АНУ-ын цэргийн төхөөрөмжүүдийн чиглэлийг Хятад руу болгон өөрчилсний улмаас хэсэгтээ л бүгдийг нь тийшээ зөөж байсан удаатай. Хятадын Телеком компани үүнийг жирийн л нэг алдаа байсан гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Азийн зарим орнууд хэсэг хугацаанд Youtube-д хандах ч эрхгүй болж байлаа. Учир нь Пакистан улс өөрсдийн сүлжээнээс Youtube-д хяналт тавьдаг байсан юм. Тус хяналтад нь алдаа гарснаас болж энэ явдал болсон байна.

Өөр нэгэн жишээ бол хоёр жилийн өмнө чиглүүлэгч картад алдаа гарснаас болж бүх онгоцнууд Миссисипид газардаж байсан удаатай. Интернетэд ямар нэгэн зүйл буруу болсноор чиглүүлэгч карт унтарч, ийм асуудал гарсан юм. Мөн Ираны цөмийн хакерчид санаатайгаар цөмийн баяжуулах центрифуг сүлжээг сүйтгэхээр халдаж байсан ч жишээ бий.

Энэ мэт олон халдлагуудыг та бүхэн уншиж, сонсож байсан байх. Гэхдээ дээр өгүүлсэнчлэн санаатай халдлага болон санаагүй алдаанаас болж интернетэд гэмтэл үүсэх өндөр магадлалтай юм.

Одоохондоо бид “Зүйлсийн интернет”-ийн эринд шилжээгүй байгаа ч өдөр ирэх тусам ихэнх бараа бүтээгдэхүүн, сүлжээнүүд ямар нэг байдлаар интернетийг ашиглах болсон.

Шатахуун түгээх станц гэх мэт яг одоогоор хүний хөдөлмөр дээр тулгуурлан явж байгаа бизнесүүд ч удахгүй интернетээр дамжуулан үйл ажиллагаагаа удирдан, зохион байгуулах талаар төлөвлөж байх жишээтэй.  Өдөр хоног өнгөрөх тусам бүх л салбар, бүх л зүйл итгэмээргүй хурдтайгаар интернет, ухаалаг системийг ашиглах боллоо. Бодож байснаас ч хурдтайгаар энгийн хэрэглээгээ интернетээр дамжуулан авах болж.

Интернет гэдэг зүйл асар хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж, цагийн өмнө юу байсан түүнээсээ тэс өөр зүйл болон хувирч байна. Тиймээс ирэх жилд, түүний дараах жилд ч бидэнд юу тохиолдохыг хэлж мэдэхгүй. Бидний харилцаа холбоо, үйл ажиллагаа, үйлчилгээ, гэр орны ажил, ажил төрөл гээд бүгд интернет дээр суурилагдсан байх үед дээрх шиг халдлагууд гарч интернет тэр чигтээ үгүй болбол яах вэ?

 

Тиймээс л бидэнд “Б” төлөвлөгөө хэрэгтэй. Одоогоор бидэнд тийм төлөвлөгөө алга. Интернетээс хараат бус, хэвийн ажиллагааг хангах нөөц систем бидэнд байхгүй.

Хүмүүс голцуу интернетэд холбогдсон өөрийн компьютердаа л санаа зовдог. Санаа зовдог ч хангалттай биш. Харин би хүмүүсийг энэ асуудалд л илүү их анхаарал хандуулдаг болоосой гэж хүсч байна.

Дээрх төлөвлөгөөг биежүүлэхэд олон тэрбум долларын Засгийн газрын төсөл хэрэггүй. Техникийн хувьд ерөнхийдөө хялбар. Утасгүй дэд бүтцийн сүлжээг, утастай сүлжээтэй хослуулан хэрэглэх боломжтой шүү дээ.

“А” төлөвлөгөө маш сайн хэрэгжиж байхад “Б” төлөвлөгөөг анхаарах хүн маш цөөн. Тиймээс хүмүүсийг интернетээс бид хэчнээн их хамааралтай болж байгааг мөн энэ системийг маш эмзэг гэдгийг нь ойлгоосой гэж хүсч байна. Тэгсэн цагт энэ тийм ч хэцүү, хүнд асуудал байхаа болино. Энэ өрөөнд байгаа хүмүүс ч нийлээд хийчхэж чадна шүү дээ.

Ерөнхийдөө би үүнийг энэ өрөөнд яригдсан бүх асуудлаас хамгийн хялбархан шийдэж болох асуудал гэж бодож байна. Та бүхэнд энэ тухай ярих боломжтой болсондоо үнэхээр их баяртай байна. Баярлалаа.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon