Нийтлэл 08 сарын 19, 2015

13 сая хүнтэй Тоокёо хотод цэцэрлэгийн бүртгэл ингэж явагддаг  

Тал нутагтаа өөр өөрийн тааваар амьдарч ирсэн нүүдэлчдийн хувьд хотын бүгчим байшинд хүний ард жагсаад тэвчээртэй зогсоно гэдэг тийм ч амар даалгавар биш.  Гэлээ гэхдээ бид яаж ч зохицуулсан нэг нэгнийхээ хөл дээр гишгээд үхэлдэн дайраад байх зэрлэгүүд ч бас биш,  зөв зохион байгуулалт, менежмент хийгээд өгөхөд харин ч маш хурдтай хүлээж аваад  дасан зохицдог прагматик чадвартай. Жишээ нь одоо бол банканд дугаар олгодог машин нэвтрэхээс өмнө банкны оочир гэж ямаршуу бантан болдог байсныг бидний ихэнх мартсан байх, маш цэгцтэй болсон. Харин тасалбар олгох машин нэвтрүүлээгүй 100 айлын улсын бүртгэл ч юм уу улирлын эцсийн санхүү, нийгмийн даатгалын тайлан тушаах үеэр  “нүүдэлчид оочирлосон нь”  хэмээх нүдэнд танил холион бантан үүсэх нь хэвээр.  

Оочроор жишээ татсан учир нь асуудал монголчууддаа биш, харин менежмент, зохион байгуулалтдаа бас байдгийг хэлэх гэсэн хэрэг.  Ер нь хүний нийгэм, хот байгуулж амьдрахын гол хэсэг нь өндөр барилга биш менежмент юм шиг байгаан(түүний өмнөх шат нь юуг менежмент хийвэл зохихыг  заах лийдэршип, манлайлал гэгдэнэ).   Цэцэрлэгийн бүртгэл гэж асуудал бидний хэдэн монголчууд  орчин үед хот улсаа барихдаа энэ гол хэсгийг хаячхаад байгааг харуулах сонгодог жишээ болсоор хэдэн оныг үдэж байна(манлайлал бол бүр дүүрсэн). Сүүлдээ бүр оочир ихтэй, өөрөөр хэлбэл менежментийн хэрэгцээ их хороо дүүрэг тусмаа  менежментээс нэгмөр татгалзах буюу сугалаа сугалж магадлалд даатгах, тэрний аз энэний хохь гээд нүдээ аних маягийн туршилт явагдах сураг дуулдана (cугалах юм бол төрөхөөс нь өмнө сугалаад, сугалаанд хожсон азтай аав ээж хүүхэдтэй болохымуу, төрсөн хойно нь амьтны алаг үрсийн аль нь азтайг үзэж гүрийлгэж байснаас?).

Зарим нэг төр, хувийн үйлчилгээ цахимжиж үйлчлэх, үйлчлүүлэх  аль алиндаа амар болсон жишгийг дагаад цэцэрлэгийн бүртгэлийг цахимжуулъя гэх санал гарч байна. Гэхдээ менежмент=цахимжилт биш билээ. Харин ч  алсыг харсан манлайлал дор ямар менежменттэй, ямар бүтэцтэй схем болгох талаар эхлээд зураглаж байж цахимжихгүй бол баахан төсөв зарж хийсэн цахим систем нь зохион байгуулалтын өчүүхэн өөрчлөлтөд үнэ цэнээ алдах энүүхэнд. Цэцэрлэгийн бүртгэлийн хувьд цахимжих, сугалаа сугалах гэсэн өмнөд хойд хоёр туйлын завсарт хийж зохицуулж болох менежментийн шийдэл уг нь баймаар санагдана.

 

Нэг загвар, санаа болгох үүднээс манайхаас дутахгүй цэцэрлэгийн асуудалтай мега хот Тоокёогийн практикаас танилцуулъя.

Улсын ясли, цэцэрлэгийн бүртгэл цэцэрлэг бүр дээр биш дүүрэг дээр явагдана. Бүртгэл эхлэхийн өмнө “бүртгэлийн заавар” маягийн материал шуудангаар ирнэ. Дүүргийн цахим хуудсаар нэвтэрч “Хүүхэд өсгөх” гэсэн менюгээр дамжаад материалаа харж ч мэдээж болно. “Бүртгэлийн заавар”-т хаана хэзээ орохын тулд хэдэн сарын хэдний дотор юу юу бүрдүүлж ирэх ёстой тухай дэлгэрэнгүй бичсэн байна.  Бүрдүүлэх материалд хоёр чухал бүрдэл байна. Нэг нь хүүхдээ цэцэрлэгт өгөх хэрэгцээтэй байгааг батлах материал, хоёр дахь нь өмнөх жилийн өрхийн орлого, түүнээс төлсөн татварын дүнг харуулах бичиг баримт.  Цэцэрлэгт өгөх зайлшгүй хэрэгтэйг батлах материалын хувьд аав ээж нь хоёулаа бүтэн цагаар ажилладаг бол ажлын байрны тодорхойлолт, ээж нь жирэмсэн, эсвэл бага насны хүүхэдтэй бол ээж хүүхдийн дэвтэр, төрсний гэрчилгээ, өвчтэй хүн асардаг бол асаргаа хийдэг хүнийхээ онош бичиг гэх мэт хүүхдээ цэцэрлэгт өгөх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг нотлох бичиг баримтууд багтана.  Хоёр дахь татварын баримтын хувьд өөр газраас шилжиж ирээгүй бол дүүрэг хариуцна, өөрөө бүрдүүлж өгөх шаардлагагүй. Цэцэрлэгт тэнцвэл татвар төлсөн дүн буюу өрхийн орлогын хэмжээнээс хамаарч цэцэрлэгийн төлбөр тогтоогдоно.  Хүрэлцээ муутай хэдэн цэцэрлэгтээ тэнцэж орж чадах эсэх бол эхний бүрдэл буюу хэр зайлшгүй нөхцөл байдалд байгаагаас хамаарна. Шибуяа дүүргийн хувьд гэхэд А-D хүртэл зайлшгүй байдлын эрэмбэтэй.  Хоёул бүтэн цаг ажилладаг бол АА, нэг нь бүтэн цаг нөгөө нь хагас цагаар бол B гэх мэт эрэмбэ үүснэ. Ингээд орон тоо гарсан ангид хамгийн өндөр эрэмбэтэй буюу гарцаагүй байдалд байгаа өрхөөс эхлээд хуваарилна.  Орж чадалгүй үлдсэн хэсэг эрэмбийн дагуу орон тоо гарахыг хүлээнэ.  Хэдэн хүний дараа хүлээгдэж байгаагаа мэдэж болно, ирэх сард хаана ямар ангид хүүхдийн орон тоо гарах төлөвтэйг вэб хуудаснаа мэдээлнэ, очоод юм уу утсаар асуусан ч болно. Материалаа бүрдүүлээд дүүрэгт өгсөн байхад бяраа шалгаж оочирт байлдах, гадаа хонож ажлаа алдах, байдгаа барж багшийг хахуульдах, бүр сүүлдээ сугалаанд азаа үзэх мэтээр чардайх хэрэггүй, ажлаа хийж, гэртээ амраад хариугаа хүлээж байхад болно.   Энэ хүртэлх бүх процесст ямар ч супер технологи, аити систем, монгол хүн хийж чадахгүй явц байхгүй.  Уламжлалт менежмент, зохион байгуулалт л  явагдана, дээр нь мэдээллийн ил тод байдал.  Чамаас бага эрэмбэтэй нөхөр чамаас түрүүнд хэн нэгнийг авилгадаад оочир дайрах боломжийг ил тод байдал хамгаална.  Энэ бол нэг л жишээ, өөр хотуудад ч янз бүрийн эффектив зохицуулалт байдаг байх. Казино барих хууль оруулахад баахан улсыг аягүй сайн судалчихдаг улс, уг нь мэдэж л байгаа байх. Ямар ч гэсэн цэцэрлэг хүрэлцээгүй 13 сая хүнтэй хот иймэрхүү байдлаар зохион байгуулаад  хонож өнжилгүй орон тоогоо хуваарилаад байдаг.

 

 Ер нь гадаа зогсож байгаагаар нь бүртгэх арга сайн муугийн хувьд араасаа хоёрт, сугалааны өмнө л орох байх.  Иргэн төрд татвар төлдөг, тэрийгээ үйлчилгээ болгож буцааж авдаг. Өгснөө авахын тулд нэг харах нээ гуйж байгаа мэт, нөгөө харах нээ картын бараанд оочирлож байгаам шиг хонож өнжих нь хэвийн зүйл гэж дасан зохицож огт болохгүй хачин жигтэй үзэгдэл билээ.  Уг нь бид чинь толгой сайтай,  өөрчлөлтөд хурдан зохицдог, цөөхүүлээ, уудам дэлгэр нутагтай, эх хүүхдийг эрхлүүлдэг сайхан соёлтой улс юмсан.  Гадаа зассан ор тэмдэглэлийн эхэнд дурссан банкны оочир шиг л дурсамж болон үлдэх өдөр удахгүй ирэх байгаа?!

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-08-21

    hehe manai ene Mongolchuud chin yu boltsin be. neg l ih hun shuumjilsen ulsuud. taiwchirldaa. zugeer l bna shde.. :)

    • Хулан
    • 2015-08-21

    Нэг л их үсгийн алдаа зассан хүмүүс байх юм, ямар санаа дэвшүүлж байгааг ойлгосон хүн цөөхөн л байх шиг байна. Энэ санаа бидэнд бол их хэрэгтэй л юм шиг санагдаж байна, хонож өнжиж, авилгадаж байхаар ийм ил тод байвал их л зүгээр санагдаж байна

    • эгэл жирийн
    • 2015-08-21

    Надад нийтлэлийн санаа үнэхээр таалагдаж байнаа, сугалаа энэ тэр ч гэх шиг үнэн тэнэгтэж байна ш дээ. Яахав үг үсгийн хувьд маазарч ярианы хэллэгээр бичсэн асуудал л байнаа гэхдээ энэ хүн бидэнд үг үсгийн алдаа хайгаад өг гэж бичсэн юм уу би лав үгүй гэж бодож байна. Сэтгүүлч биш болхоор нарийн мэргэжлийн юу ч мэдэхгүй байна.

    • Уншигч
    • 2015-08-20

    Танайх хэргээс ингэж жаргон ашиглаж бичдэг юм уу? Эсхүл үнэхээр ингэж бичдэг хүн энэ сайтад редактор хийгээд байна уу?

    • Уншигч
    • 2015-08-20

    Танайх хэргээс ингэж жаргон ашиглаж бичдэг юм уу? Эсхүл үнэхээр ингэж бичдэг хүн энэ сайтад редактор хийгээд байна уу?

    • Arai arai
    • 2015-08-20

    Ene MONGOL.n setguulchid zov bichij surmaar ymaa. Buruu bichdeg baij yuun ch ih niitlel bichih durtai ym bilee. Ter baiguullagiin darga erhlegch ni anhaaruulj helj bolddoggui l ym bhdaa. Gants ene ch bish olon busad site yag adilhan

    • Уншигч
    • 2015-08-20

    Гарчигнаас нь 13 сая япончууд ингэж оочирлодог юм байна гэж ойлголоо шд. Сайн харвал арай халтар байхаар нь гайхлаа шд.ккк уучлаарай. Жоохон, өчүүхэн, маш багахан санаачлагаар эвтэйхэн амар болгочих юм Монголд маш их байгаагийн нэг зөв жишээг бичсэн байна. Гэхдээ өөрчлөг чадахгүйээ, ийм сайхан бэлэн нийтлэлийг уншаад ойлгохгүй ч үгүй, унших ч үгүй хүмүүс шийдвэр гаргах өөрчлөлт хийх албан тушаал дээр томилогдож байгаа хойно.

arrow icon