Улс орны хөгжлийн түлхүүр үйлдвэржилтийн анхан шатыг сүүлийн 2-3 жилд харьцангуй эрчимтэй дэмжин хөгжүүлж байна. Жижиг, дунд үйлдвэрүүд олноор бий болж, түүхий эдийн нөөц дээрээ түшиглэсэн үйлдвэрлэл хөгжиж, дотоодын хэрэгцээгээ хангах баялаг бүтээгчидтэй болж эхэлж байгаа нь маш сайн хэрэг юм. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, наад захын хэрэгцээний бараа, бүтээгдэхүүнээ бусдаас хараат бусаар өөрсдөө үйлдвэрлэж чаддаг байх нь эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ч чухал билээ. Мөн ажлын байр бий болох, импортын бараанд зориулж гадагш урсах валютын урсгалыг бууруулах гэх мэт ашиг тус их. Жижиг, дунд үйлдвэрийн дараагийн шатанд экспортын баримжаатай, дунд, өндөр технологи хэрэглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого, хуулийн зохицуулалтыг манай Их хурал саяхан баталсан ба энэхүү бодлогыг хэрэгжүүлэгчээр Аж үйлдвэрийн яам ажиллаж байна. Монголын хэрэглээний зах зээл жижиг тул экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх нь зүйн хэрэг юм. Гэхдээ их хэмжээгээр экспортлох хэмжээний бүтээгдхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай ажиллах хүчний нөөц манай улсад байхгүй ба цаашид ч бий болох боломж тун ХОМС нь үнэн. Экспортын бараа, бүтээгдхүүний үйлдвэрлэл хангалттай хэмжээнд хүрч, эдийн засаг үсрэнгүй хөгжих боломжийг хааж мэдэх энэхүү тушааг хэрхэн тайлах вэ? Урт хугацаанд тогтвортой хөгжих стратеги маань экспортын бүтээгдэхүүн, аж үйлдвэржилт мөн үү?
Байгалийн нөөцөд суурилсан эдийн засаг, хөрөнгө оруулалтад суурилсан эдийн засаг, мэдлэгт суурилсан эдийн засаг гэсэн үе шатуудын аль хэсэгт бид явж байна?
Дугуйг дахин зохион бүтээх шаардлагагүй гэдэг. Цөөн хүн амтай орнууд хөгжлийн өндөр түвшинд хэрхэн хүрсэн туршлагаас судлаж, авах гээхийн ухаанаар хандах нь зүйн хэрэг билээ. Тэд бүтээгдэхүүний масс үйлдвэрлэлээс илүүтэй технологийн үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлсэн байдаг. Өөрсдийн хөгжүүлсэн технологиор ажиллах хүчний нөөц ихтэй оронд бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэх, тухайн технологиор боловсруулдаг түүхий эдийн баялагтай оронд үйлдвэр барих зэргээр технологи, патент, лицензийн экспорт хийдэг байна. Made in China, Made in Singapore, Made in Malaysia, Made in India гэх мэт шошготой дэлхий даяар тархсан бүтээгдэхүүнүүдийн зарим нь ийм экспортынх. Нэг жишээ дурьдахад Финляндын Оутотех Оу компани байгальд ээлтэй зэсийн хүдэр хайлуулах технологиороо дэлхийд алдартай. Гэхдээ уг компани хэзээ ч Финляндад зэс хайлуулах үйлдвэр барьж үзээгүй. Тэд технологи л хөгжүүлж чадсан ба түүнийгээ экспортолдог. Жижиг боловч үсрэнгүй хөгжсөн орнуудад Сингапур, Финлянд, Тайван, Норвеги гэх мэт олон улсууд орно. Эдгээр нь мэдлэгийн жолоодлоготой эдийн засгийг хөгжүүлсэн улсын жишээ бөлгөө.
Технологи үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэд бүтэц, санхүүжилтийн схем хоёр голлох хүчин зүйлс юм.
Технологи хөгжүүлэлтийн дэд бүтэц гэдэгт шинжлэх ухаан, технологи, инноваци хөгжүүлэлтийн паркууд орох ба санхүүжилтийн схемд венч хөрөнгө оруулалтын сан чухал үүрэгтэй байдаг.
Олон арван сая хүн амтай оронд шинжлэх ухааны паркийг тусдаа хотхон байдлаар байгуулсан байдаг бол цөөн хүн амтай оронд хотуудаа түшиглэн байгуулах нь оновчтой байдаг байна. Гэхдээ тухайн хотын, орон нутгийн онцлог, түүхий эд, баялагийн нөөцөд тулгуурлан тэр чиглэлийн технологи хөгжүүлэх паркийг тэр хотод байгуулна. Улсын нийслэл Улаанбаатар хотоо тойруулаад арьс ширний, барилгын материалын, биотехнологийн гээд бүхий л төрлийн паркийг бөөндөх боломжгүй юм. Цөөн хүн амтай тухайн улс цөөн хэдэн төрлийн технологийг өндөр хэмжээнд хөгжүүлж, түүгээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги барих нь илүү үр ашигтай нь ойлгомжтой.
Шинжлэх ухааны парк гэж юу вэ?
Шинжлэх ухааны паркыг шинжлэх ухааны олотыг технологид хувиргаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилт хийгдэж, үр дүн гарган авах лаборатори гэж хялбарчлан ойлгож болно
.Үр дүнг бизнест хувиргах шийдэл ч мөн энд туршигдна. ШУП-ын бүрэлдэхүүнд тухайн орон нутгийн засаг захиргаа, тэнд байрладаг их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, пүүс компаниуд хамрагддаг. Эдгээр байгууллагууд бол техник, технологи, дэд бүтэц, хүний нөөцөө дундаа хуваалцан ашигладаг, хамтран ажилладаг төвлөрөл буюу “тархи” юм. Энэхүү тархинд инноваци боловсорч үр дүн гарах хүртэл хэд хэдэн шатыг дамждаг. Тухайлбал, суурь судалгаа, технологийн судалгаа, техник судалгаа, бүтээгдэхүүн гаргах, бизнес болгох гэх мэт. Эдгээр үе шат бүрийг хэрэгжүүлэх төвлөрсөн төвүүд ажиллаж байдаг. Эдгээр төвүүдийн харилцан уялдаатай ажиллагааг ойлгох нь их чухал ба дор бүрнээ бие даасан том сэдэв юм. Энд бол энгийнээр хялбарчлан дүрсэлж байна. Бага зэрэг тодруулахад, их сургууль дээр хийгдэж буй судалгааны ажил шууд технологи, бүтээгдэхүүн болох, үйлдвэрлэлд нэвтрэх, түүнд суурилсан компани байгуулах хэмжээнд очих ямар ч боломжгүй юм. Хэрэв ийм үсрэнгүй хурдтай үр дүн гаргахаар зорьж буй бол тэр бүтэц ажиллахгүй. Үүнтэй адилаар, ямар ч судалгаа шинжилгээгүйгээр технологи хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл хийх парк байгуулж буй бол мөн том эндүүрэл болно.
Хоёрдугаарт, технологийн судалгаа, гарааны компаниуд хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг санхүүжилтийн схем буюу венч хөрөнгө оруулалтын сангүйгээр төсөөлөх ямар ч боломжгүй. Манайд венч хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтын эрх зүйн орчин байхгүй
байгааг энд дурьдах нь зүйтэй.
Монгол улсын ирээдүйн арав, хорин жилийн хөгжил ямар түвшинд хүрсэн байх, түүнээс цааш хэрхэн хөгжих төсөөллийг түүхий эдийн экспорт, мега төслүүдээс гадна оюун ухаан, мэдлэг, өндөр технологийн үйлдвэрлэлийн хөгжил, түүний экспортоор хэмжих, хөгжлийн суурийг нь тавьсан байхаар хэмжин төлөвлөх учиртай. Үүний тулд оюуны бүтээл, бүтээгдэхүүн хөгжүүлэх дэд бүтцийг, ялангуяа шинжлэх ухаан, технологийн паркуудыг, санхүүжилтийн схемийг бодитоор, зөв бүтцээр байгуулж эхлэх хэрэгтэй юм. Энэ суурийг ирэх таван жилд баттай тавих зорилт төр, засгийн эрх баригч хүчнүүдийн бодлого, хөтөлбөрт тусах ёстой. Бид түүхий эд экспортлогчоосоо мэдлэг бүтээгч, технологи экспортлогч орон болох хөгжлийн замыг сонгох учиртай.
Сэтгэгдэл бичих