Нийтлэл 08 сарын 23, 2015

Хөдөө тал минь хогоор дүүрэн

Зуны найртай өдрүүдэд эрхэм дотны хүмүүсээ аваад хөдөө замд гарлаа. Аав ээжээс заяасан Арын сайхан, Өврийн сайхан, Булганы үзэсгэлэнт нутгаар аялахуй, хаа дуртай газраа майхан бариад буудаллах, загас бариад идэх, нүд баясган уужрах энэ их эрх чөлөө, элбэг баянд өөрийн эрхгүй талархан бахдана. Гэтэл очсон газар бүхэнд бидний урд чөтгөр хорлоод явсан аятай хог шил таарах бөгөөд, хүнгүй шахам газар хүртэл энэ байдал үзэгдэхүйеэ, яасан айхтар гээчийн албин чөтгөр вэ гэсэн жигшил төрөх. Бид мэдээж чөтгөрүүдийн нэг биш гэж өөрсдийгөө үзэх тул ууталсан хогоо ачаад явна. Гэвч түүнийг орхих газар, хогийн цэг байхгүйгээс энэ төрлийн ачаа маань улам хуралдсаар. Яван явсаар нэг газар олсон нь сумын төвийн хогийн цэг буюу уулын энгэрээр асгалсан хогон далай (Архангай аймгийн Цэнхэр сум). Эхнэр минь ийм газар хог хаяхгүй ээ, цааш аваад явъя гэнэ. Энэ янзаар бол 1500 км туулаад машиныхаа ард айраг цагаа, мах шөл биш, хог лааз ачсаар Улаанбаатар орох бололтой. Азаар Тэрхийн цагаан нуур ордгийн наана зориулж байгуулсан хогийн цэг таарч, баяр хөөртэйгөөр хогноосоо салав.

 

Зам зуур төв суурин газрын хогийн цэг гэж хаягдал нь энгэрээр нэг тарсан, ийш тийш хийссэн, байгалийг гутаасан газрууд байх нь зүрх зүсэм. Хотонт сумын ойролцоо гол дагаж буудаллах гэтэл голын эхэнтэйгээс өмхий үнэртэх тул уул өөд тэмцэн гарч үзвээс голынхоо яг ай сав дотор нь хур хог буулгажээ. Гол үерлэхээрээ зардал мөнгө гэхгүй урсгаад өгнө гэж тооцоолоогүй л байлтай. Тавьсан хог нь салхины чиг, усны урсгалаа дагаад төв рүүгээ явдаг гээд бодохоор хэлэх үг ч үл олдоно.

Хогныхоо асуудлыг шийдэж чадахгүй байж хэдэн дүнчүүр, хэдэн тэрбумаар нь найр наадам, 90 жилээ тэмдэглэх сумд. Түрүүлсэн бөх, морийг байлж хамгаа барих нутгийн зөвлөлүүд. Ийм чадамжгүй, сэтгэлгүй сумын захиргаа, хүн ард гэж байдаг бол 100 жилийн задарсан ой болохоос нь өмнө бүгдийг үгүй хийгээд өөрөөр зохион байгуулбал таарна. Сум болгонд байдаг байгаль орчны ажилтнууд нь уул уурхайн ч юмуу, бүтээн байгуулалтын компаниудыг дарамталж явахаар иймэрхүү асуудлаа шийдээд явдаг болоосой.

Ер нь тэгээд Байгаль орчин, ногоон хөгжил хариуцсан Сайдаа (яг одоо солигдож байгаа тул дараагийн хүнд нь хаяглая), хогны асуудлыг шийдэх дорвитой бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол болохоо байлаа. Аймаг сум болгонд хогийн цэг байгуулах стандарт гаргая, үүрэг өгье. Тэндээс нь төвлөрсөн цэгт татаж, болвол хог ангилан ялгах авсаархан үйлдвэрүүд байрлуулъя, болохгүй бол технологоор нь булъя. Залуусын маань ухамсар дээшилж, нэг үеэ бодвол хогоо энд тэнд хаяхгүй гартаа бариад, машиндаа ачаад явдаг болсон байна. Гэвч хаях газар нь алга. Оноосон газар нь хаялаа гэхэд нөгөөх нь эргээд л ийш тийш тарамдаж байгалиа бохирдуулж байна. Жуулчлалын газруудад зориулалтын цэвэрхэн хогийн цэг байгуулах нь жуулчдыг татах бас нэг ажил болох юм шүү. Жуулчид өмхийрсөн хогоо ачаад л Улаанбаатарт ирж байна.

 

За тэгээд юу юунаас илүүгээр хүний ухамсарын асуудал. Сүүлийн 30 хүрэхгүй жилд 3 хүрэхгүй сая монгол хүн эх орноо хогийн бункер, хаягдлын далай болгож чадлаа. Тэр нь сая таван зуун хавтгай дөрвөлжин км бөгөөд 1 хүнд ногдох талбайгаар дэлхийд толгой цохих нутаг. Замын дагууд бол нэлэнхүйдээ, замгүй хүнгүй газраар ч шил лаазны хог заавал цухуйж хэвтдэг болсон.

Язгуурын монгол хүн нүүхдээ бууриа цэвэрлээд явдаг байсан. Өнөөдөр бол ганц хонохдоо хүртэл өөр хүн буулгахгүй гэсэн аятай байдгаар нь бохирдуулаад явна. Нэгэн цагт монгол хүний эдэлж хэрэглэж байсан зүйл нь сур, арьс, мод, чулуу гээд байгалийн гаралтай, хөрс дэлхийд уусан зохицохуйц байлаа. Өнөөдрийн бидний идэж ууж, эдэлж тансаглаж байгаа бүхэн шил, төмөр, пластик, есөн шид нь бүрдсэн химийн гаралтай, 1 хормын хэрэглээ 1000 жилийн хог болох зүйл болсон. 30 жилийн өмнө хувьдаа машинтай айл өдрийн од шиг байлаа. Одоо бол айл болгон л сайн муу төмөр унаатай, хүрэхгүй газар ч гэж үгүй болж, хөдөө хүртэл түгжирдэг болж.

Ядуурлаа гээд л орилолддог, харин ч галзуураад сүйд гэлтэй. Ахмад үеийнхэн дотор хог хаягдал хамаа замбараагүй хаях тухайд “засаршгүй гэмт этгээдүүд” олон байна. Гашуун ч гэсэн үнэн. Нэг үе тэр чигээрээ ийм л хүмүүжилтэй болсон байна. Тэгэхээр Боловсролын сайдаа, хүүхдүүддээ багаас нь хогны талаар ойлголт өгч, соёлжуулъя. Хичээлд нь түлхүү оруулъя. Тэд маань л итгэл найдвар болчихоод байна.

Хөдөө тал минь хогоор дүүрэн

Хөвчийн ой минь шилээр дүүрэн.

Хөрсөн доор хуванцар дүүрэн.

Хүнийх нь сэтгэл шуналаар дүүрэн.

Яндаж баршгүй далай шиг нутагт

Яасан мулгуу улс эзэн сууваа.

Ингэж дуулаад сууж байхгүйсэн.

Сэтгэгдэл бичих

arrow icon