Хятадын хөрөнгийн зах зээлийн үймээн Ази, төдийгүй дэлхийн хөгжингүй орнуудын зах зээлүүдэд нөлөөлж эхэлсэн. Гэвч Хятадын хувьд ноцтой хямрал гэж үзэж болохуйц энэ үзэгдэл саяхан бий болсон нөхцөл байдал биш юм. Энэ нь сүүлийн дөрвөн жил үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногоос гэнэтийн уналтад ороод байгаа билээ. Үүнээс гадна дэлхийг цочирдуулсан Хятадын шийдвэр болоод нийгэм, улс төрийн нөхцөл байдал нь ч сайнгүй болж байгаагаас үзэхэд тэдний хувьд амаргүй өдөр хоногууд үргэлжилсээр байна гэж хэлж болохоор. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд зөвхөн Хятадын хувьд маш олон ноцтой үйл явдлууд шил дараалан гарлаа. Эхлээд тэд гадаад валютын зах зээлийг дэмжих зорилготой доллартай харьцах юанийн ханшийг 2%-иар бууруулж санхүүгийн ертөнцөд том цохилт өгсөн. Үүнээс үүдсэн хөрөнгийн захын тогтворгүй байдлууд олон улсад үргэлжилсээр байна.
Үүний дараагаар тэд тэтгэвэрт гарсан албан тушаалтнуудыг улс төрөөс хол байж, хуучин харилцаа холбоо, нэр хүндээ буруугаар ашиглахгүй байхыг анхааруулсан мэдэгдэл гаргаж, хүчтэй сануулга өгөөдхөв. Анхааруулгаараа дамжуулан Бэйдайхед болох ёстой байсан хуучин болон одоогийн албан тушаалтнуудын албан бус уулзалтыг цуцалж, цаашид бодлого боловсруулахад нөлөөлж чадахгүй гэдгийг нь батлан харууллаа.
Харин Тяньжины боомтын химийн агуулахад гарсан дэлбэрэлт Хятад төдийгүй олон улсын хөрөнгө оруулагч, худалдаачдыг сандаргахад хүргэсэн юм. Энэ явдлын дараагаас Засгийн газар улс даяар тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрэм болон хадгалалтын журамд мөрдлөг явуулж эхэлсэн бол иргэд дэлбэрэлтээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр жагсаал хийх болов. Гэвч Бээжин энэхүү хэргийг даамжирч нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж олон нийтийн анхаарлыг авилгын хэргээр хоригдсон улс төрийн товчооны байнгын хорооны гишүүний хэрэгт төвлөрүүлж эхэллээ. Үүний үр дүнд ард иргэдээ Тяньжины дэлбэрэлтийг тойрсон хуйвалдааныг илчилсэн Засгийн газрын үйл ажиллагаанд итгүүлж чадсан юм.
Дээрх үйл явдлуудаас Хятадыг бүх зүйлд нээлттэй байхыг эрмэлздэг эсвэл ийм дүр бүтээх гэж оролддог болохыг нь харж болно. Хийсэн алдаагаа ард иргэдээсээ нууж, олон нийтийн зардлаар намын албан тушаалтнуудыг хамгаалах гэж оролддог хуучны Хятад байхаа больжээ. Эсвэл бүтээсэн дүр нь нийтэд амжилттай хүрснийх ч байж болох.
Хуучны систем хоцрогдов
Хятадад болсон томоохон үймээн самууны дараагаар буюу 1980-аад оноос Дэн Сяопин улсынхаа удирдлагыг гартаа авсан билээ. Тэрээр нөхцөл байдлыг өөрчилж, улсаа хөгжүүлж, эдийн засгийн өсөлт гаргахын тулд цоо шинэ 3 үндсэн бодлогыг баримталж эхэлсэн юм. Товчоор тайлбарлавал эхний бодлого нь эдийн засгийг чөлөөлөх буюу аль ч нутаг дэвсгэр тэгш бус нэгнээсээ илүү хөгжилтэй байж болно гэдэг үзлийг хүлээн зөвшөөрөх байв. Хоёр дахь үзэл нь Мао Цедуны үе шиг улсыг бүхэлд нь эдийн засаг, нийгмийн эмх замбараагүй байдалд оруулж болох нэг хүний эрх мэдлээс холдуулах байлаа. Харин сүүлийн бодлого бол дэлхийд ямар нэгэн цэргийн хүч болон харагдахаас сэргийлэх, бодлого боловсруулахдаа илүү хатуу байхыг эрмэлзэх байв. Ингэснээр дотоодын эдийн засаг, нийгмийн нэгдмэл байдал, хүч чадлыг бататгахын зэрэгцээ элдэв тэмцэл, маргаанаас зайлсхийж чадна гэж итгэж байлаа.
Түүний бодлогын үр дүнг эргээд харахад тухайн үеийн Хятад улсад маш сайн тохирсон бодлого байсан. Эсвэл ядаж л тухайн улсад маш сайн өнгөлөн далдлалтыг бий болгож чадсан гэж хэлж болно. ЗХУ-ыг нуран унасны дараа, хөрш улсууд болон Хятадад ч мөн багагүй хохирол учирсан. Эргэн сэргэж, улсдаа идэвхтэй шинэчлэлийг хийхэд тэд маш их цаг зарцуулсан ч хятадын удирдагчид нийгмийн болон улс төрийн тогтворгүй байдлаас зайлсхийх замаар улсынхаа эдийн засгийг маш хурдацтай өсгөж чадсан
юм.
Удалгүй 2000 оны сүүлээр Хятад улс тогтвортой байдлыг хангах зорилготой зөвшилцлийн журмыг баталсан. Гэвч үүний сүүдэртэй тал нь бодит шинэчлэл, эдийн засгийн хувьсгалыг хойшлуулж тэр ч байтугай суурь бүтцийн асуудлыг даамжруулах сөрөг талыг авчирлаа. Юу гэвээс радикалын дутагдлаас үүдсэн өөрчлөлтүүд, гол эдийн засгийн хямралаас зайлсхийх явдлууд, ач холбогдлыг сулруулах чадварууд бий болсон юм.
Гэхдээ энэхүү тогтворгүй шинэчлэлүүд нь олон улсад хятадыг зогсоох боломжгүй хүч мэт харагдуулж байлаа.
Эдийн засгийн хүч нь дотоодын нийт хүч болон хувирснаар Хятад дэлхийн хэмжээний томоохон хүч болоодхов. Ингэснээр тэд Японы өнгөрсөн үеийн эдийн засгийн өсөлтийг даван гарч, АНУ-г ч эдийн засгаараа тэргүүлэх боломжтой болсон юм. Тухайн үед байгалийн баялгийг далайн замаар зөөж, экспортлох явдлыг эзэмшилдээ авах явдал чухал болж ирсэн. Тиймээс Бээжин энэхүү давуу талыг өөртөө авахын тулд Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис рүү довтолгоог эхлүүлсэн юм. Харин энэхүү үйлдэл нь Дэнгийн зарчмыг зөрчсөн явдал байсан бөгөөд энэ үеэс эхлэн хуучин цагийн бодлого хоцрогдож эхэлсэн байна.
Эдийн засаг мөчлөгтэй байдаг ба бүх л хэрэггүй зүйлсийг таягдан хаяж, харин цоо шинэ зүйлсийг санхүүжүүлэх хэрэгцээ үүсдэг. Уналт, удаашрал, дампуурал зэрэг бүх л үйл явцаас эдийн засаг өөрөө бүрддэг
. Харин хятадын шинэчлэлүүд үйлдвэрлэл болон экспортын үнэ цэнэ өсч буйг дэлхийд баталж байлаа. Гэхдээ ингэснээр улсын том компаниудаас салж, эдийн засгийн хуучин бүрэлдэхүүнийг үгүй хийсэн гэсэн үг биш юм. Харин энэ үед орхигдсон хамгийн чухал ажил бол аж үйлдвэрийн салбар нэ ялангуяа хүнд салбарт цомхтгол хийх явдал байсан юм. Гэвч орон нутаг болон мужийн засгийн газрын явцуу ашиг сонирхлоос болж энэхүү ажил орхигдож, хятадын бүх л салбарт гүн гүнзгий ялзрал бий болж эхэлжээ.
Шигийн хямралын менежмент
2012 оны үед Хятад улс Ши Жиньпины удирдлагад шилжив. Түүнийг удирдагч болохыг эсэргүүцсэн, байр суурийг нь ч булаах хүсэлтэй хүмүүс олон байлаа. Ши өөрт нь илүү хамаатай гэхэд хилсдэхгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх байгуулах шийдвэр гаргасан ч бодлого тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байсан хуучин албан тушаалтнуудын эсэргүүцэлтэй нүүр тулсан юм. Харин Бэйдайхед болох ёстой байсан албан бус дээд хэмжээний уулзалтыг цуцалсан явдал хуучин албан тушаалтнуудад хүчтэй цохилт болов.
Түүний нэгтгэх аян үргэлжилсээр л...
Дэнгийн удирдлагаас хойш гарч буй хамгийн ноцтой хямрал байж ч болох өнөөгийн нөхцөл байдал нь Хятадыг эдийн засгийн хүндхэн сорилтуудаас гадна дотоод зөрчил болон нам хоорондын тэмцэлтэй нүүр тулахад хүргэж байна. Харин үүний хариуд Ши өөрчлөгдөн хувьсаж буй нөхцөл байдалд хариу барих явдлыг түргэсгэх, орон нутагт макро эдийн засгийн бодлогыг хүчээр нэвтрүүлэх, бодлогын зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхийн тулд хяналтын удирдлагаа хумих бодлого баримталж байна. Гэвч ингэснээр нэгэнт тогтсон уламжлал, эрх мэдэл, ашиг сонирхол удаан хугàцааны сорилттой нүүр тулах болно.
Хятадын эдийн засгийн бодлого либералчлал руу, харин улс төр нийгмийн бодлого нь хэмжээгүй эрх мэдэл рүү шилжиж байна.
Энэ их зөрчилдөөн дунд Ши Хятадын эдийн засгийг шинэчлэх дараагийн шатандаа орохын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл, нийгмийн эрх чөлөөн зэрэгт нэгэн зэрэг эрс арга хэмжээн авч эхэллээ.
Тэд улс төрийн хатуу чанга хяналтгүй, ач холбогдол бүхий эдийн засгийн шинэтгэл хийхээс айж байгаа. Энэ айдас нь намын үйл ажиллагаа, тэр ч байтугай улсыг задралд оруулж, ЗХУ-ын түүхийг давтахад хүргэж мэдэх юм.
Тэдний хийсэн валютын хазайлт юанийн арилжааг либералчлахад, зээлжих тусгай эрхийн сагсанд гол үүрэг хүлээхэд, юанийг даяаршуулахад (АНУ-ын долларын ноёрхлыг багасгах) чухал ач холбогдолтой. Харин чөлөөт валют Засгийн газрын найдаж байснаас эрс өөр чиглэл рүү хөтлөх эрсдэл агуулж мэднэ. Тяньжинд болсон дэлбэрэлт Хятадын удирдлага ялзарч, гүн гүнзгий авилгажилт үүссэний баталгаа болсон. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагч, худалдаачид хятадын аюулгүй байдлын нөхцөл байдалд итгэх итгэлээ алдах шалтгаан болж байна.
Үүнээс гадна улс төрийн үйл ажиллагаанд саад болж буй тэтгэвэрт гарсан албан тушаалтнуудын эсрэг авсан төрийн анхааруулга олон нийтэд ил тод байдлаа харуулах гэснээс илүү ноцтой асуудал ч байж болохоор байна. Гэхдээ үүгээр Хятадыг сүйрлийн эрмэг дээр ирсэн гэж хэлэх гэсэнгүй. Одоо тэдний хувьд маш тодорхойгүй нэгэн үе шат ирээд байна.
Дотоод эрэлтэд нийцсэн эдийн засаг руу шилжих тийм ч хялбар зүйл биш. Экспортын бууралт болон хөрөнгө оруулалтын зогсолт үзэгдэж эхэлсэн энэ үед тийм ч хурдан бас энгийнээр шийдчихэж болохгүй л болов уу.
Тэд яг одоо өөрчлөлтийн төлөө хамгийн эмх замбараагүй замаар хамгийн эмзэг цаг хугацааг туулж явна. Өнгөрсөн хугацаанд тэд маш олон өөрчлөлтүүдийг хийж, даван туулсаар ирсэн. Харин энэ удаагийн өөрчлөлтийн үнэ цэнэ ямар байх бол?
Stratfor
Сэтгэгдэл бичих