Нийтлэл 08 сарын 27, 2015

Лидер хүнд хамгийн хэрэгтэй чадвар юу вэ?

Лидер хүнд хамгийн хэрэгтэй чадвар юу вэ? Энэ асуултад хүмүүс янз бүрээр хариулдаг. Харин би “төсөөлөх чадвар” гэж хариулах байна. Дэлгүүр барих гэж байгаа бол тэр дэлгүүр хэдэн давхар, ямар дизайнтай, цонх нь ямар байх вэ гэх мэтийг нүдэндээ харагдтал төсөөлөх чадвар хэрэгтэй болно. Амьдрал дээр ихэнх төслийн зорилго, зорилтот ажлын үр дүн нь дэлгүүр юм уу, байшин гэх мэт биет зүйлс шиг энгийн нүдэнд харагдах зүйл биш байдаг. Тийм тохиолдолд эцсийн үр дүнг төсөөлөх тийм ч амар биш, хүн болгон чадахгүй. Санхүүгийн асуудлыг яаж шийдэх вэ? Хүмүүсийг яаж хөдөлгөх вэ? Ямар зохион байгуулалттай байх вэ? Зорилго том, даваа өндөр, саад бартаа олон байх тусам лидерээс төсөөлөх чадвар улам их шаардагдана. Тухайн ажил дуусахад юу бүтэж, ямар үр дүн гарсан байх талаар бодож, бодож, бодож, бараг өдрийн 24 цагт сэрүүндээ бодож, унтаж байхдаа зүүдэлж тунгаасны эцэст маш тод, өнгөт дүр зураг санаанд тодорч, бүтэн цогц VISION-той болж ирдэг. Ингэж чадвал ажил амжилтад хүрэх гол нөхцөл бүрдэх нь тэр. Тэгээд тэрхүү дүр зураг, мөрөөдөл зорилгоо багийн гишүүддээ байнга хэлж ярьж, адилхан вижн, дүр зураг төсөөлж, түүнийг бүтээх эрмэлзэл бий болгохоор хичээж ажиллахад хангалттай.

 

Мөн өмнө нь хамт олон яаж ажиллавал амжилтанд хүрэх тухай өөрийн туршлага, бодлыг нэгтгэн emos сүлжээгээр бичиж байсан тэмдэглэлээс сөхвөл лидерийн тов тодорхой төсөөлж, зорилго болгосон вижнийг багаараа ажиллаж бодит зүйл болгохын тулд дараах дадал, бүрдлүүд хэрэгтэй.

СУДАЛГАА, ТӨЛӨВЛӨГӨӨ

Энэ бол хийж эхлэхийн өмнөх үе шат. Сайтар судлах, бэлдэх шаардлагатай гэдэг хэнд ч ойлгомжтой.

НИЙТЛЭГ ДҮР ЗУРАГ

Юу хийх гэж байгаа талаар бүгдээрээ нийтлэг төсөөлөл (vision), ойлголттой болох. Нэг нь онгоц, нөгөө нь машин төсөөлөөд байвал бүтэхгүй.

АЖЛЫН ХУВААРИЛАЛТ

Хэн хаана тохиромжтой вэ? Хэн хаана ажиллах сонирхолтой вэ? Жижиг том бүх зорилт хариуцах эзэнтэй байх.  

ЭЦЭСЦЭГ

Бүх ажилд эцэсцэг буюу deadline заавал тавигдсан байх

 ТОДОРХОЙ БАЙДАЛ

Хүн болгонд тэр хүн өөрөө юу хийх, яаж оролцох нь тодорхой, ойлгомжтой байх хэрэгтэй.

 АМАЛСНАА БИЕЛҮҮЛЭХ

Хүн бүр амалснаа заавал биелүүлдэг уур амьсгалыг эхнээс нь бүрдүүлэх. Энэ бол онцгой чухал нөхцөл, тиймгүй бол ажил нурна.

 САНААЧЛАГА

Багийн гишүүд тухайн ажлын утга учир, үнэ цэнийг сайтар мэдэрсэн байх. Ингэснээр өөриймсөг хандлага, бүтээлч санаачлага гарч ирдэг.

 БАГИЙН УУР АМЬСГАЛ

Бие биеэ сайн мэдсэн, дотно нөхөрсөг уур амьсгал бүрдсэн байх нь чухал.

 ЖИГД ОРОЛЦОО

Нэг хоёр хүн идэвхигүй, эсвэл хариуцлагагүй байх нь бусад хүмүүст муу дуурайл болж, нийтээрээ назгайрах үндэс болдог.

 БИЕ ДААСАН АЖИЛЛАГАА

Гишүүд хариуцаж авсан хэсэг тус бүртээ бие даан шийдвэр гаргаж чаддаг байх.

 ОНОВЧТОЙ КОММЮНИКАЦ

Ажил хэргийн үг хэллэгэн дээр буруу зөрүү ойлголцохгүй байх. Тухайн ажилд гарч ирэх ухагдахуун бүхэнд оновчтой нэршил тогтоож, нийтээр мэдэж байх.

 ХУРД

Сунжирч цаг алдсанаар хүмүүсийн эрч хүч сулардаг. Чухал зорилтот ажил дээр бол нэг дор сайн төвлөрч, хурдтайгаар амжуулах.

 УДИРДАХ ХЭСГИЙН НОЁН НУРУУ

Ахлагч, зохицуулагч шийдвэрээ байн байн өөрчилж, итгэл алдахгүй байх. Чиг шугамаа олон дахин өөрчлөхгүй байх.

 БАТ ЭРМЭЛЗЭЛ

Заавал дуусгана, заавал амжилтад хүрнэ гэсэн бат эрмэлзэлгүй бол эхний хэдэн бэрхшээлд сөхөрч унана.

 

 

М.Тулгат

 2005 он, Токио хот

Сэтгэгдэл бичих

arrow icon