Нийтлэл 08 сарын 31, 2015

Тавтай морил шинэ эринд (1-р хэсэг)

Нэгээс нэг рүү

Улаанбаатар хотын төв хэсэгт дорнын их гүрний талаар өрнө дахинд түгээгч 13-р зууны алдарт аялагч Марко Пологийн хөшөө бий. Марко Поло шиг
Европоос Юань гүрэн хүртэл айх аюулгүй аялж, харийн тэр оронд хааны ордонд албан тушаал хашина гэдэг тухайн үедээ байтугай одоо ч тэр болгон хялбар биелэх боломжгүй. Монголын эзэнт гүрэн шашны эрх чөлөө, яс үндэс гарал угсаа  үл харгалзан ур чадвар, хичээл зүтгэлээр албан тушаал ахих меритократ зарчим, иргэншил хооронд мэдээлэл, худалдаа чөлөөтэй дамжих боломжийг бий болгосон нь технологийн тархалтыг хурдасгахад, хүн төрөлхтнийг хөгжлийнхөө дараагийн шатанд гарахад түлхэц өгсөн нь дамжиггүй. Үүний дотор хэдэн 10 мянган бээрээр хэмжигдэх өргөн уудам нутагт мэдээлэл
нэг иргэншилээс нөгөө иргэншил рүү найдвартай хурдтай дамжуулах буухиа систем бий болгосон нь хэдэн зууны дараа уурын хөдөлгүүр үүсэх хүртэл хамгийн хурдан нь байсан юм. Мэдээж өртөөний систем бий болохоос өмнө үүнтэй ижил төстэй системүүд байсан ч, Монголчуудын байгуулсан шиг өөр хоорондоо газар нутаг, соёлоор тусгаарлагдсан иргэншлүүдийг нэгдсэн нэг протоколтоор холбосон нь байгаагүй. Энэ систем бий болсноор урд өмнө нэгнийгээ мэдэхгүй шахуу байсан иргэншлүүд холбогдож, соёл, мэдлэг, мэдээллийн тархац хэдэн мянган бээрээр хэмжигдэх болжээ.



Нэгээс олон руу

13-р зууны хүн Марко Пологийн энэхүү хөшөө яагаад ч юм бэ 15-р зуунд нээгдсэн Гүүтэнбээргийн технологиор бүтсэн болов уу гэмээр хэвлэмэл ном барин зогсох ажгуу. Номыг барлан хэвлэх энэ технологи нь нэг эхийг богино хугацаанд олон хувь хувилах боломжийг бий болгосон юм. Mэдээлэл нэг цэгээс олон цэг рүү хялбар дамжих боломжтой болов. Гүүтэнбергийн ном барлах технологи гарахаас өмнө, иргэншлүүдийг, тэр дундаа том гүрнүүдийн ард олныг нэтгэдэг гол зүйл нь шашин байлаа. Исламууд коран судраа, харин Xристийхэн библээрээ нэгддэг байв. Гэвч эдгээр гүрнүүдийн иргэдэд библи юм уу кораны дотор нь юу бичигдсэн нь тийм ч сонин биш. Ихэнх хүмүүс уншсан ч ойлгохгүй. Угаасаа библи гэхэд л эртний латин хэлээр бичигдэж, язгууртан болон шашны санваартан гэсэн хязгаарлагдмал хүрээний хүмүүс л уншиж, дотор нь юу бичсэнийг ойлгох боломжтой байсан юм.  Мартин Лютер гэх нөхөр энэ технологийг ашиглаж, библийг энгийн иргэд ойлгож болох орчин үеийн хэл рүү орчуулан олон хувилж тарааж, шашны шинэчлэлийг хийснээр, хүн болгон бие даан библийг уншиx боломжтой болжээ. Латин хэлээр бичигдсэн библи нэгтгэдэг байсан хаант гүрнийг ийнхүү шашин биш хэл нэгтгэх болж. Орчин үеийн үндэстэн улсууд бий болох эхний сэжмийг Гүүтэнбээргийн технологи эхлүүлсэн юм.

Түүнчлэн эрдэмтэд, философичдод өөрсдийн судалгаа, бүтээлүүдээ өөр хоорондоо хялбар солилцох, тараах боломжийг олгосноор хүн төрөлхтөнийг сэтгэлгээний шинэ эринд хөтлөн оруулжээ. Гүүтэнбэргийн технологи бол шашны инстүүцүүдийн эрх мэдлийг хязгааргүй эрхт хаант гүрнүүдтэй нь цуг үгүй хийсэн “буруутан”. Энэ технологи бол шинжлэх ухаан, философи сэтгэлгээний хөгжлийг хурдасгасан, орчин үеийн үндэстэн улсуудыг бий болгосон “ачтан”.

 

Олноос олон руу

1960-д оноос DARPA гэх Америкийн батлан хамгаалах яамны харьяа судалгааны агентлаг сүлжээнд мэдээллийн багцыг буухиа байдлаар өртөөлөн найдвартай дамжуулах технологийг зохион бүтээж эхэлжээ. Уг технологийг анх зөвхөн хэдхэн судалгааны байгууллагууд судалгаа болон цэргийн зориулалтаар ашигладаг байв. Гэвч яваандаа мэдээлэл дамжуулах давхарга болгоны арга барил (протокол)-ууд нь жигдэрч, түүн дээр суурилсан веб болон и-мэйл гэх зэрэг үйлчилгээнүүд бий болсноор жирийн иргэд, албан байгууллагууд ч энэ технологийг ашиглаx боломжтой болжээ.

Интернетийн хувьсгал ийнхүү эхлээд хагас зуун, веб технологийг жирийн иргэд хэрэглэж эхлээд 30 жил ч өнгөрөөгүй байна. Дэлхийг хэрэх болсон энэ сүлжээнд мэдээлэл ямарч газарзүйн саадгүйгээр, бараг 0 зардлаар дамжих боломжтой болсон байна. Дэд бүтэц тун муу хөгжсөн Монголд ч энэ технологи асуудалгүй нэвтрсэн юм. Дэлхийг хэрсэн энэ сүлжээн дэхь аль нэг компьютерт хэн нэгэн өөрийн мэдээллийг нээлттэй тавихад хүн болгон тэр мэдээллийг хүлээж авах боломжтой болох нь тэр. Өөрөөр хэлбэл мэдээлэл дамжуулах уламжлалт арга буюу мэдээллийг нэг цэгээс олон цэг рүү дамжуулах энэ арга улам хялбар, чөлөөтэй болсон нь веб технологийн ид дэлгэрэх үе бөгөөд 2000-д он болно.

Интернетийн авчирсан боломж үүгээр хязгаарлагдсангүй. Сүлжээг бүрдүүлэгч эд хэрэгслүүдийн үнэ улам хямдрахын хирээр сүлжээнд байрлуулж болох дата хэмжээ, мэдээлэл дамжуулах багтаамж улам нэмэгдэж, хүн бүр хувийн мэдээлэл, агуулгыг байрлуулж түгээх болсон нь нийгмийн сүлжээний эринийг эхлүүлэв. Хүний түүхэнд анх удаа мэдээлэл хил хязгааргүйгээр олон цэгээс олон цэг рүү тун хялбар дамжих боломжтой боллоо.  Өөрөөр хэлбэл, соошил сүлжээ, түүгээр дамжих мэдээллүүд хүмүүсийн мэдээлэл авах, дамжуулах уламжлалт хэв маягийг үндсээр нь өөрчилж эхлээд байна. Энэ өөрчлөлт эргэлт буцалтгүй. Яг л Өртөө болон Гүүтэнбээргийн технологи хуучин дэг жаягийг нурааж, хүн төрөлхтөнийг дараагийн эринд эргэлт буцалтгүй бас хайр найргүй оруулсан шиг,  интернетэд суурилсан сошиал медиа биднийг цоо шинэ эриний үүдэн хэсэгт  аль хэдийн дагуулаад иржээ.

Ер нь л мэдээлэл илүү чөлөөтэй, хялбар, эрх тэгш байдлаар тархах үндсэн суурь  шинэчлэгдэх тусам хүний түүхийн хөгжлийг ямагт дараагийн түвшинд хүргэсээр ирсэн дүрэм энэ удаад ч ялгаагүй мөрдөгдөнө. Хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлс, соёл, ёс заншилаас эхлээд өөрсдийн айдэнтитиг тодорхойлох хүчин зүйлс энэ удаад ч ялгаагүй эвдэгдэж, өөрчлөгдөж байна.

Мэдээлэл дамжих суурь арга барил дөнгөж өөрчлөгдсөн энэхүү шинэ эрин эхнээсээ хүн төрөлхтөнд “зангаа таниулж” эхэлж байна. Олон жил уулзаагүй найзууд нэгнийхээ амьдралд болж байгаа үйл явдлыг фэйсбүүкээр өдөр тутам мэдэх боломжтой болов. Хүмүүс нэгэндээ их ойрхон болжээ. Зовж яваа эмээд твиттерээр хандив цуглуулаад байшин бариад өгж байна. Хүмүүс “тусч” болжээ. Харвардын хичээлийг тус сургуулийн оюутнуудтай хамт сумын төвд буй хүүхэд суралцах боломжтой болжээ. Гайхамшиг. Энэ технологийн авчирсан, цаашид авчрах гайхамшигүүд тоймгүй олон.

Интернет, соошил медиа зарим улсад хувьсгал, түүнээс улбаалсан хүчирхийлэл, дайн гаргах чадалтай гэдгийг бид тун богино хугацаанд хараад амжлаа. Хүний эрх чөлөөг дээдлэгч улс өөрсдийн иргэдээ хүртэл тагнах нүсэр байгууллагыг аль хэдийн бий болгожээ. Big brother-г харааж зүхдэг байсан орчин үеийн ардчилсан инстүүц бүхий улсуудад хүртэл энэ хэвээрээ байгаад байж болж байна уу гээд асуултын тэмдэг ард талд нь тавьчихлаа. Эрсдэл.

Соошил эрин бидэнд маш том өөрчлөлтийг эргэлт буцалтгүй авчирж байна. Олон улсын , улс төрийн, эдийн засаг санхүүгийн, боловсрол, эрүүл мэндийн инстүүцүүд, төрийн болон хувийн албан байгууллагууд бүгд өөрчлөгдөж буй, цаашид ч улам хурдтай өөрчлөгдөх ертөнцөд хэрхэн зохицох талаар дор бүрнээ анхаарлаа хандуулж байна. Харин энэ их өөрчлөлтөд хувь хүн та бид хэрхэн хандах хэрэгтэй вэ? Зохицох уу, сөрөн зогсох уу? Боломж хаана байна? Эрсдэл нь хаана байна?


Үргэлжлэл бий …

Г.Амгалан, IBM корпорац

 

 

Жич. Нийтлэл нь бичигчийн хувийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд өөр ямар нэгэн албан байгууллага, хувь хүнийг төлөөлөхгүй болно.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-12-08

    Хэвч Харвардын хичээлийг сумын төвийн хүүхдүүд гэрээсээ үзэхгүй л байна шүү дээ, яагаад гэвэл Англи хэлэндээ муу, гадаад хэлийг мэдэхгүй, компютер болон интернэтийн дэд бүтэц нь муу, хурд удаан

    • Зочин
    • 2015-09-01

    ЗӨВ ШҮҮ

arrow icon