Нэг гэр бүл угаартаад үхчихлээ гэнэ. Тэгэхээр байз байз Оюунэрдэнэ удахгүй Хятадад гэрээ зурах гээд байна, мега төслөө хөдөлгөөдхөе гэнэ. Оюунэрдэнэ огцор гэхээр байз байз, яг одоохон гэрээ зурах гээд байна гэнэ. Монгол хүний амь амьдралын ач холбогдол, монголчуудын дуу хоолойг ингэж нэг төмөрзам, нэг гадаад гэрээгээр шалтаглан няцаах боллоо. Үнэн хэрэгтээ дотоодод ингэтэл лежитим буюу хүлээн зөвшөөрөгдөцгүй болсон Засгийн газраар гадаадад, тэр тусмаа Монголын хамгийн том зээлдэгч мөн худалдан авагчтай гэрээ зуруулах маш аюултай. Үүнийг хар ухаанаар ойлгож ядах юмгүй ч онол бас харах хэрэгтэй.
Гадаад харилцаа бол дотоод засаглалын үргэлжлэл юм. Аливаа Засгийн газрын дотоодод засаглах чадамж, хүлээн зөвшөөрөгдөц муу байх тусам гадаад улстай хийх хэлэлцээрийн ширээнд улс орныхоо эрх ашигт нийцсэн нөхцөл, болзол хүлээн зөвшөөрүүлэх чадамж мөн хамт унаж байдаг. Оюунэрдэнийн Засгийн газар Веберийн тодорхойлсон харизм, уламжлал, рациональ хуульт нийгмийн аль ч түвшинд, эсвэл Хантингтоны дэвшүүлсэн улстөрийн институцийн чадамжийн үзүүлэлтүүдийн нэгийг ч хангахгүй болж, зөвхөн ард түмнээс дайсан тодруулж түүнтэйгээ байлдах маягийн нарратив буюу өгүүлэмж дээр торгоох боллоо. Сүүлийн хэдхэн өдөр л гэхэд Энхтүвшин, Лодойсамбуу, Энхбаяр, APU Батсайхан гээд өдрийн нэг дайсан тодруулж дарах шулмын ав шил дараалан өрнөж байна. Өрнөх өрнөхдөө Монголын Засгийн газрын өөрийнх нь хаусаас монгол хүнийг дайснаар тодруулж намнаж байна.
Гэтэл олон улстай сайн гэрээ хийхийн тулд үүний яг эсрэгээр үйлдэх хэрэгтэй байдаг. Гадаад хэлэлцээрт Засгийн газар улсаа төлөөлөхдөө ард түмнээ талдаа татсан буюу хэлэлцээрийн процессыг ил тод хуваалцаж, ард түмний хүсэлт шаардлагыг дипломат харилцааны нэг зэвсэг болгон ашигладаг. Энэ стратегийг гадаад харилцаанд "давхар ирмэгт дипломаси" гэхчлэн нэрлэдэг. Бусад улсын аюулгүй байдлын хэлэлцээр ч, ОУВСийн бодлогын болзол ч, Европын холбооны худалдааны хэлэлцээрүүд ч бүгд л энэ хоёр ирмэгтэй стратегийн баланс дээр хийгдэж байдаг.
Гэтэл Монголд мега төслөөр хөгжинө, хил холбоно, гэрээ зурна гэж айлгах, тархи угаахаас өөр ил тод байдал, ард түмэн Засгийн газар хоорондын итгэлцэл хаана явна? Нэг ч ил тод, шулуун шударга, рациональ хэлэлцүүлэг ба диалог өрнөхгүй ийм нөхцөл байдалд энэ Засгийн газраас Монголын эрх ашгийг төлөөлсөн гэрээ хийх чадамжтай эсэхэд би лав эргэлзэж байна. Энд жишээ нь хэд гурван л асуудал хөндөхөд:
- Хил холбох гэрээ гэж сурталдаж байгаа хэр нь Таван толгойн хоёр том ордын олборлох эрхийг Хятадад шилжүүлэх болзол багтсан гэгдэж байна. Ганц худалдан авагчдаа олборлох эрхээ шилжүүлнэ гэдэг манай эрх ашиг мөн үү?
- УИХаар оруулж баталсан тогтоолд хоёр тал орон сууц, нийгмийн бодлогыг хамтран хэрэгжүүлнэ гэхчлэн Монгол Улсын соверн буюу бие даасан бодлогоос шилжүүлж өгөх агуулгууд бичигдсэн байсан. Монгол хүн хаанаа ямар гэр барьж амьдрах нь яагаад Хятадтай хамтрах асуудал болчдог билээ? Энэ мэт асуудлын тухайд Аюулгүй байдал байнгын хороон дээр Анар гишүүн нэлээн тулхтай хөндөж асууж харагдсан ч дараа нь чимээгүй болсон.
- Гэрээнд Зам тээврийн сайд Дэлгэрсайхан гарын үсэг зурна гэнэ. Хятадын зэвсэг үйлдвэрлэгч Норинкотой бизнесийн харилцаатай, ашиг сонирхлын зөрчилтэй сайд Хятадтай хийх гэрээнд гарын үсэг зурж болдог юм уу? Богд уулын туннел гэхэд л Дэлгэрсайханы өөрийн санаа юу, Хятадын үйлдвэрлэгчдийн болзол уу? гэх мэт.
Эмүжин, Цэцэг гэх мэт хүмүүс энэ гэрээг сурталдаж суухдаа энэ мэт асуудалд өөрийн гэсэн хариулттай хэрэг үү? Хариулт өгч чадахаар онолын мэдлэг, суурь, судалгаа байна уу? Мэддэг чаддаг бүх хүнийг ардын дайснаар тодруулж, мэдэхгүй чадахгүй болгоноор тархи угаалт, пропаганда хийлгэн барин тогтож байгаа Оюунэрдэнийн кабинетэд улсын гол экспортын гэрээг даатгаад юу бодож, юу харж сууна аа бусад нь?!
Энийг бичлээ гээд иргэн Болорэрдэнэ ч бас MCS, APU юу юуны билээ санхүүжилттэй ардын дайснаар тодрох нь дамжиггүй. Оджаргал гэж шуналын микробтой насаараа үзэж байгаа намайг тэрэнд наавал тэгээд надаас бусад нь бүгд наалдана гэсэн үг. Төлөөлж буй ард түмнээ дайснаар тодруулсан Засгийн газар угтаа тэр ард түмнээ төлөөлж гэрээ зурах эрхгүй. Зураад ирлээ гэхэд нөгөө талын болзолд ялагдсан байх магадлал өндөр тул дотоодын амьдрал, нийгмийн асуудлууд улам л хүндэрнэ. Дахин давтахад ард түмний амь амьдралыг арагш нь тавиад зурдаг сайн гэрээ гэж байхгүй. Байх боломжгүй. Угтаа парламент парламент шиг ажиллаж байсан бол Хятад шиг том тоглогчийн эсрэг суух хэлэлцээрийн ширээ рүү Монгол Улсын эрх ашгийг төлөөлөх чадамжтай кабинет бүрдүүлж илгээх үүрэгтэй.