Нийтлэл 09 сарын 08, 2015

Монгол улс элэгний С вирусгүй улс болох боломж байна

Прометей хүмүүст талтай байсан болохоор Олимпийн бурхдын галыг хүмүүст хулгайлж өгчээ. Зевс энэ хэргийнх нь төлөө Прометейг шийтгэхийн тулд хаданд хүлээд хон хэрээнд элгийг нь тавьж өгчээ. Хон хэрээ өглөө болгон Прометейн элгийг биенээс нь зулгааж иднэ, шөнө болгон тэр элэг нь дахиж ургана. Прометей ийнхүү үүрдийн үүрд тамлагдах болж, харин хүмүүс галтай болсон тухай Грекийн домогт өгүүлдэг.

Энэ домогт дурьдсанчлан элэг гэдэг эрхтэн нөхөн төлжих асар өндөр чадвартай байдаг. Туршилтын хулганын элгийг 70 хүртэл хувийг нь тайрахад 7-10 хоногийн дотор эхний жиндээ хүртэл нөхөн төлжиж чаддаг. Хүний элэг ч гэсэн ялгаагүй нөхөн төлжих өндөр чадвартайг амьд донорын элэгний үлдэгдлээс харж болно. 1-2 сарын дотор донорын элэгний үлдэгдэл нь эхний жингийнхээ ±10%-д хүрч ургадаг байна. Мэдээж хүн ч, амьтан ч тэр эрхтний анхны хэлбэр хадгалагдахгүй. Зөвхөн үлдсэн элэгний дэлбэнгүүдийн томрол хэлбэрээр энэ нөхөн төлжилт явагддаг. 

Ингэж нөхөн төлжихөд элэгний физиологийн хэд хэдэн сонирхолтой чанар их нөлөөлдөг. Бусад нарийн үүрэг бүхий эрхтний адил элэгний эсүүд маш нарийн мэргэшсэн эсүүдээс бүрддэг. Нарийн мэргэших тусам эсийн дахин хуваагдах чадвар буурдаг. Мэдрэлийн эс, булчингийн эсүүд нарийн мэргэшсэн бөгөөд хуваагдах чадвар султай байдаг. Гэтэл элэгний эсүүдийг нэг нэгээр нь салгаад лабораторийн нөхцөлд ургуулахад нэг эс нь 60-80 дахин хуваагдаж чаддаг гэсэн судалгаа байдаг. Элэгнийхээ 70%-ийг алдсан хулганын эсүүд дундажаар 3-4 дахин хуваагдахад л эхний жиндээ хүртэл ээ нөхөн төлжиж чаддаг байна. Тэгэхээр элэгний эсэд нөхөн төлжих бараг л хязгааргүй боломж байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй.

 

Дараагийн нэг сонирхолтой элэгний чанар нь бусад эрхтний адил өөрийн гэсэн үүдэл эсүүдээс бас нөхөн төлжиж чаддаг. Өөрөөр хэлбэл элэг нь хоёр эх үүсвэрээс нөхөн төлжих боломжтой их өвөрмөц эрхтэн юм. Тэдгээр үүдэл эсийг зууван эс гэдэг бөгөөд жирийн нөхцөлд цөсний цоргонуудыг ороон байрладаг байна. Харин химийн бодисын нөлөөн дор, эсвэл зарим хавдрын шалтгаанаар эдгээр эсүүд хуваагдалд орж нэг нь элэгний мэргэшсэн эсүүд болж нөгөө эс нь зууван эс хэвээрээ үлддэг байна. Элэгний ийм онцлог талуудыг судалж эмчилгээ болгож хэрэглээнд оруулвал хэрэгтэй байгаа юм. Яагаад гэвэл хэдийгээр Монголд элэг амжилттай шилжүүлэн суулгаж байгаа ч гэсэн хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ хэзээд их байх болно.

Үүнээс гадна Монголд элэгний вирусууд тархсаар байгаа болохоор (12) халдварын тархалтыг зогсоохоос нааш В вирусын эсрэг вакцины, С вирусын эсрэг эмийн ач тус хүссэн хэмжээнд гарахгүй байх магадлалтай. Манайд элэгний С вирус тархалтын гол зам нь бэлгийн, хар тамхи судсаар тарьж хэрэглэгчид гэхээсээ гоо сайхан, ЭМ-ийн байгууллагууд байна (2, 3). В вирус бэлгийн замаар тархахаас гадна ахуйн замаар тархах магадлалтай тул хүүхэд бүрийг вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй. Гоо сайхан, шүдний эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа бол багажны ариутгалыг нь лавлаж асуух хэрэгтэй, найдвартай газраар үйлчлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь бүх шатлалын, хувийн хувьсгалын бүх эмнэлгийн багажны ариутгалыг сайжруулах хэрэгтэй. 3-р шатлалын, аймаг дүүргийн эмнэлгүүд хамгийн олон хүн үзэж, хагалгаа хийдэг болхоор тэдний ариутгалыг хамгийн түрүүнд чанаржуулах нь хамгийн богино хугацаанд хамгийн өндөр үр дүн өгнө. Ариутгалын бодисны үнийг бууруулж, хангамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Дотуур үзлэгийн багажнуудыг нэг удаагийнхаар солих хэрэгтэй. Энэ бүгдэд мөнгө хэрэгтэй. Улсад тэр мөнгө нь байхгүй болхоор хувь хүмүүс, ТББ-ууд хүчин чармайлт их хэрэг болох болов уу.

Монгол улсад элэгний өвчнийг бууруулах тал дээр мэргэжлийн болон мэргэжлийн бус олон хүн олон ажил хийж урагштай үр дүнд хүрч байна. Нэгд, С вирусны шинэ эмнүүд 1-р төрлийн С вирусыг бараг 100% ийн магадлалтай эдгээж байгаа,хоёрт байгалийн голомт байхгүй, гуравт халдвар тардаг зам нь Монголд хүний үйлдлээс тэр бүр шалтгаалахгүй тул энэ вирусны халдварыг бүрэн устгах боломж Монголд байгаа юм. Харин энэ боломжийг бодит хэрэг болгоход харьцангуй жижиг ажил л үлдлээ гэж бодож байна. Дахиад жоохон л хичээчихвэл...

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-09-09

    yamar hachin zurag wee.......

arrow icon