Нийтлэл 09 сарын 14, 2015

Монгол араншин

5-р ангид байхад минь хачин жигтэй нэг санаа надад орж ирсэн юм.Гэрт яагаад ч юм аав ээж хоёр Оросоос 70 ширхэг шаар аваад ирсэн байлаа. Тэр шаараар бизнес хийж болмоор юм шиг санагдаад хэдийг үлээгээд хүүхдийн парк дээр очиж нэг ширхэгийг нь 50₮-өөр зарж эхлэллээ. Хүмүүс ч нээх тоохгүй юм. Хичээл дөнгөж амраад зуны амралт эхлэж байсан, хариугүй хүүхдийн баяр болох гэж байсан болохоор парк дээр уг нь овоо хүн ихтэй. 250₮-500₮ үнэтэй тоглоомууд дээр сууна. 5ширхэг л шаар зарлаа. Ингээд үлээсэн шаараа бариад хуримын ордны хашаанд очиж сууж, гэрлэж байгаа хүмүүсийг харж хэсэг ангайв. Тэгсэн "Хүүе" гээд нэг хүн дуудаад байна.
- Яасан ахаа?
- Нааш ирээ. Чи наад үлээсэн шаарнуудаа хэдээр зарах юм?
Хөлс нь бурзайж, ордон руу орох гээд яарч байгаа нь дуу хоолойны өнгөн дээр илт. Аан 500₮. Заза ахдаа зургааг өгчих. Ах нь 4000₮ өгий. Миний дүү очоод тэр машин дээр өлгөөд чимэглээдэх. Би ч уухайн тас очоод л чимэглэж гарлаа. Parado билүү Pajero байсан санагдана. Ингээд 4000 болонгуутаа "Виставка" дотор байх бэлэг дурсгалын дэлгүүрээс 2 боодол цагаан тууз авлаа. Ингээд шууд хурим хийж байгаа хүмүүс дээр очоод:
- Машинаа чимэглүүлэх үү ахаа? эгчээ?
- Тэгье. Гэхдээ хэд юм бэ?
- Та хэдийг өгөх юм?
- 3000₮ болох уу?
- Болноо гээд л уухайн тас. Урд хамарнаас нь туузаа голлож тогтоогоод хоёр талын толинд нь уяна. Тэгээд толин дээр нь 4 шаар зүүгээд л 3000. Энэ мэтчилэн хэдэн арван машин чимэглэж, шаар ч дуусч би орой гэхэд 75,000₮-тэй боллоо. Энэ өдрөөс хойш би Балжинням, Дашнямтай өдрийг хоног тоолон хүлээж, сайн өдрүүдээр овоо мөнгө хийж, ямар ч байсан тэр нэг 9-сарын 1-нд өөрөө хичээлийн хэрэглэлээ бэлдэж байж билээ. Дараа жилийнхан зун өнөөх ажлаа хийхээр ирэхэд хэдийн хүүхдүүд мэдддэг болоод зарим нь бүр машинаа булаацалдаж зодолдож байв. Тэгээд хэн нь ч чимэглэж чадахгүй, энэ бизнес бүтэхгүй болж хэсэг тууз шаараар шатав. Санаагаар унах юм байсангү,  шууд л 3 номерын  автобусанд сууж гэртээ очоод түмпэн алчуур авч буцаад хуримын хашаанд машин угааж эхэллээ. Яаруу сандаруу, дээр нь очер дугаар нь болох гээд сандарч байгаа хүмүүс надаар машинаа 2000₮-өөр дуртайяа угаалгаж, нэг хэсэгтээ л овоо мөнгө олов. Тэгсэн яасан байх нь уу? Монгол зангаараа энэ бацаан овоо мөнгө олоод байна гээд хүүхдийн паркын атаман нар ирж хамаг мөнгө дээрэмдээд өөрсдөө угаадаг болсон байх нь. Удалгүй хуримын ордны манаач нар уурлаж тэнд машин угаалгахыг болиулсан юм.

Саяхан би гудамжаар машинтайгаа явж байгаад энэ зургийг авсан юм.

Адилхан массаж хийж амьдарч байж, бие биеийнхээ наасан зурган дээр нааж, хуулж хаяна. Өөрсдөө ч массаж хийлгэх үйлчилүүлэгчээ олж чадахгүй, өрөөл ч олж чадахгүй бүгдээрээ хүнгүй шахуу.Яг л нөгөө тамын тогооны үлгэр шиг нэг нь овоо зүйл хийх гэхээр татаж унагаадаг зангаараа...Бие биенийхээ мөрөн дээр гишгиж байж л бид нар хар нүхнээс гарна. Тэрнээс биш нүхнээс гарах гэж зориглож байгаа нэгэндээ урам өгөхийн оронд заавал дагаж хуулж, чи хожих юм бол би ч дутахгүй, би дутахын бол чи бас дут маягийн хандлагаар өөрийгөө ч бусдыг ч өрөнд оруулж шатаахын оронд дор бүрнээ толгойгоо ажиллуулж, хамтдаа дээшилцгээе л дээ.

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно


гэж Дашбалбар агсан яасан сайхан онож шүлэглээ вэ!

 

Нэг нэгнийгээ дэмжиж, өөрсдөө сэтгэж амьдраарай манайхаан

Сэтгэгдэл бичих

    • бб
    • 2015-09-23

    Наад шүлэгээ бүтэнээр нь нэг уншаад үзчих тэгээд өөрийнхөө бичсэн юмыг уншаарай

arrow icon