Нийтлэл 09 сарын 14, 2015

Шинжлэх ухаан: Багш хүүхдийг муу сурдаг гэж харвал муу сурна, сайн сурдаг гэж харвал сайн сурна

Шинэхэн багш арван жилийн сургуульд анги даах ажилд орж, ангиа хүлээж авчээ.

Харин багшид өмнөх жилийн сурагчдын дүнг өгөхөд, симтемд алдаа гарч муу сурдаг сурагчид сайн дүнтэй, сайн сурдаг сурагчдых муу дүнтэй болсон журнал гарт нь очжээ.

Шинэхэн багш хэн нь хэнийг мэдэхгүй, журналаа л харна.

Энэ гайгүй сурдаг сайн хүүхэд байна даа гэж харна, тэр базаахгүй нь дээ гэж бодно.

Ингээд ангийхантайгаа ажилласаар нэг улирал өнгөрч, шалгалтын сезон ирэв.

Шалгалт шүүлэг, дүн бүртгэл болоод иртэл дүн холилдсон журналын хэрэг сая илэрч, сурагчдын дүнг зассан ч шалгалтын дүнд нэг гайхмаар өөрчлөлт гарчээ.

Багшийн онц сурдаг гэж ”андуурсан” муу сурдаг  сурагчдын дүн сайжирч, муу сурдаг гэсэн дохио журналаас авсан онц сурлагатнуудын дүн эсрэгээрээ муудсан байжээ.

Энэ бол багшийн хандлага, сурагчид тавих найдлага тэдний сурлагад хэрхэн нөлөөлдгийн сонгодог жишээ болсон түүх.

 

 

Ийм нөлөөг шинжлэх ухаанд пигмалион нөлөө гэж нэрлэдэг. Р.Розентал, Л.Жакобсон нар 1964 онд Сан Францискогийн дунд сургуульд энэ нөлөөг шалгах томхон судалгаа явуулсан байдаг. Хүүхдүүдээс оюуны чадамж шалгах тест авч, дундаас нь хамгийн сайн дүн авсан “энэ жилийн одууд”  гээд хэдэн хүүхдийн нэр багш нарт өгчээ. Угтаа бол хүүхдүүдийн нэрийг шалгалтын дүнгээр биш рандомоор сонгосон байв. Улирлын эцэст шалгалт автал ахлах ангиас илүү нэг, хоёрдугаар ангид пигмалионы нөлөө илүү тод илэрчээ. Өөрөөр хэлбэл “энэ жилийн од” гэж багш нар итгэсэн балчир жаалууд бусдаасаа илүү хөгжиж, сайн суралцсан байсан гэсэн үг. Үүнээс хойш өөр олон төрөл, хэлбэрийн судалгаа энэ ололтыг баталгаажуулж ирсэн.

Сурагчдад, тэр тусмаа бага ангийн хүүхдэд чадна, онц сурна гэж итгэл хүлээлгэхгүй хандах нь тэр хүүхдийг ирээдүйд хэн нэгэн мундаг хүн болох замд хоёр гараа алдлаад хөндөлсөж байгаагаас өөрцгүй. Энэ нь багш төдийгүй эцэг эхэд ч хамаатай.

Хүүхдэд итгээрэй, тэдэнд таны итгэл ус нь, хөрс нь, нар нь болно шүү.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-12-28

    Энэ үнэн шүү

    • Зочин
    • 2015-09-15

    САЙН

arrow icon