Нийтлэл 09 сарын 15, 2015

Авлигачид бол олон амины хэрэгтэн, нийгмийн алуурчид мөн!

Нэг сайхан залуу хүн яасан нь мэдэгдэхгүй, онош нь тодорхойгүй нас барав. Ард нь хүүхэд өнчирч, эцэг эх нь хатаж үлдэнэ. Яагаад?

Эцсийн онош тодорхойгүй ч ихэнх шалтгааныг бид бүгдээрээ л мэдэж байгаа.  Хүнс, агаар, хөрс, ус, стресс, эмнэлэг, гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл..бид хүний бие сэтгэлийн эрүүл мэндээс алгуурхан  чимээгүй мэрэх  үхлийн хайрцаг дотор түгжигдээд байна.  Зарим нь эрт явчихна, зарим нь хэсэг тэснэ. Гэхдээ дунджаар цөм хохирно.

Энд нүгэл буяны ойлголтыг орчин үед нийцүүлэн шинэчлэх, түүнд ажлын хариуцлага зэргийг багтаах ёстой тухай хөндсөн. Хариуцлага их тусмаа түүнийг хийдүүлвэл олон хүнд нөлөөлнө. Тиймээс иргэн бүрийн амьдралын өмнө хариуцлага хүлээсэн төрийн удирдлагыг оромдох, эсвэл төрийн функцэд авилгаар гажуудал үүсгэх нь шууд бусаар хамгийн олон хүний амь авах хамгийн хүнд нүгэл мөн. Гэхдээ энэ нөлөөллийг нэгд тоогоор хэмжихгүй, хоёрт  тодорхой үгээр оноож нэрлэхгүй учраас төдийлөн ухамсарлагдахгүй байна. Энэ нь ч асуудал улам даамжирахад нөлөөлнө. Зөвхөн ухамсарлагдсан асуудал л шийдэгдэх боломжтой. 

----

Хүний амьдрал дуусахад өөрийн болон өрөөлийн хүчин зүйлс нөлөөлнө. Өрөөлийнх нь санаатай ба санаагүй гэж байна. Санаатай аллага бол өөрийн гэсэн нэршилтэй, хуулинд заалттай, хүн амины хэрэг гэдэг. Харин хүнийг системийн гажуудлаар үхэл рүү түлхэж байдаг, засаглал, нийгэм эдийн засгийн нөлөөг юу гэх вэ?  Аливаа асуудал үгээр илэрхийлэгдэж байж хэлэлцүүлэг ярианд орж ирнэ, тэгж байж ухамсарт сууна, ухамсарт сууж байж шийдэх явц эхэлнэ. Өөрөөр хэлбэл аливаа шийдэл асуудлаа тодорхойлохоос эхэлнэ, тодорхойлох нь түлхүүр үгтэй болохоос эхэлнэ.

Тэгээд улс нийгэм, ерөнхий макро орчноос бидний эрүүл мэнд, амь биед сөргөөр нөлөөлж байгаа явцыг юу гэх вэ? “Нийгмийн аллага” гэх үү? Арай ширүүдэх үү? “Нийгмийн шинжтэй шууд бус хүн амины хэрэг” гэх үү? Уртдана.  Монголын тэнгэр, Монголын твиттер гээд дэвээд байдаг шиг Монголын үхэл гэж омогших уу? “Олноор нь чимээгүй хөнөөх оноосон эзэнгүй гэмт хэрэг” гэх үү? Юу гэж нэрлэвэл илүү тодорхой ухамсарлагдах вэ? Уг нь ямар ч үг ширүүдэхгүй, уртдахгүй хэмжээний гамшгийн орчинд бид амьдарч байна. Энэ удаа ямар ч гэсэн “нийгмийн аллага” social murder  гэе, өөр оновчтой нэршил байвал хүлээн авч засварлахад бэлхэн байна.

Нийгмийн аллага гэдэг нь онолын нэршил биш боловч ядуурал, аж ахуйн нэгжийн ашиг, аюулгүй байдал, хөдөлмөрийн бүтээмж, дундаж наслалт гээд олон төрлийн хэмжүүрээр хүний амь биед нөлөөлөх сөрөг нөлөөг шинжилж гаргасан дата, судалгаа өчнөөн бий. Ер нь ч нэг өдөр хийх ажлыг хоёр өдөр, нэг төгрөгөөр хийх байсан юмыг хоёр төгрөгөөр хийгээд суухаар хий үрэгдсэн нэг өдөр, нэг төгрөгийг нь хүний амь амьдрал л төлнө, өөр хаанаас тийм нөөц гарах билээ. Энэ удаа нэгэнт common knowledge мэдээжийн зүйл болсон тийм тоо дата хуваалцахаас илүүтэй түүнийг оноож нэрлэх бидэнд ойр ойлголт хайж үүнийг бичив. Цөөхүүлээ Монголд авилгачид нийгмийн аллага үйлдсээр байна.  

Хүний аминд хүнд хөнгөн, олон цөөн гэж байх ёсгүй гэнэм. Хурдан удаан ч гэж байх ёсгүй бус уу. Зугуухан байна уу, цөөн байна уу, дам байна уу хамаагүй, хүнийг үхэлд хөтөлсөн бол хүн амины хэрэг, нүгэл мөн. Тэр тусмаа төрийн институцийн, түмний эрүүл мэнд, боловсрол, амьдран суух орчныг зохицуулах функцын хэвийн ажиллагааг алдагдуулж, тэрэнд зарцуулагдах ёстой хөрөнгийн эргэлтийг гажуудуулж байгаа хүмүүс бол хамгийн олон амийг хамгийн зугуухан тасдаж байгаа цагаан захтай алуурчид мөн...

Хавдрын рекорд, хандив гуйсан нялхсын зураг, хэдэн зуугаараа амиа хорлох нь, хүүхэд зодуулж амь үрэгдэх нь..

”Би урдуур нь орж цуслаагүй байсан бол илүү дээр зохицуулагдсан нийгэмд илүү эрүүл, илүү урт наслах байсан... тэгэхээр би бол олон амины  хэрэгтэн, нийгмийн алуурчин мөн!”

Авилгачид, албан тушаалын наймаачид, төрийн алба хийгээд төсвийн мөнгөөр наадагсад бүгд нэг өөртөө ингээд хэлээд үзэх хэрэгтэй.

"Төрийн өмч, төсвийн хулгай, шударга бус, худал хуурмагт оролцсон буюу эс үйлдлээр дэмжиж ирсэн иргэн би ч хам хэрэгтэн мөн!"

Иргэд ч өөртөө ингэж хэлээд үз. Хэлж үзээд нэг л тухгүй болж ирвэл найдвар байна.  Олонх маань огт сийхгүй бол тэгээд найдлага алга, ийм сэтгэлгээ хандлагаараа бид цөм эрт оройгүй нийгмийн аллагад өртөж  "Монголын үхэл"-ээр үхнэ, тэгэхэд Монгол ч, алуурчид ч хамт үхнэ.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-09-16

    Ай фиил ёоу , баат соори Синдирелла!

    • Эрх мэдэлтэн
    • 2015-09-16

    Би өөрөө 'Монголын үхэл'-ээр үхэхгүйн тулд авилгал авч, албан тушаалд шунаж байгаам, яагаад гэвэл энэ бидний 'сонгоод' явж буй эрх чөлөөт, хүний эрхийг дээдэлсэн гэх өрсөлдөөн. Чадах нь амьд, үгүй нь зугуухан үхнэ урт хугацаанд хэдүүлээ үхэх нь хэнд ч хамаагүй. Одоогийн байдлаар үүнийг ухамсарлаад өөрсдөө болих авилгалчийн тоо тэг.

arrow icon