Нийтлэл 02 сарын 27, 2025

ИЛ ЗАХИДАЛ: Ерөнхийлөгч Хүрэлсүхэд

Монгол хүн байна даа луу жилийн сүүлэнд төрийн тэргүүндээ нэг хандмаар боллоо. Хэлмээр яримаар зүйлс их байна. Нэхэн асуумаар, зарга нэхмээр асуудал ч их ээ.

Монголын ард түмэн Ухнаагийн Хүрэлсүх хэмээх шударга ёсны тэмцэгч Ерөнхий сайдтай болсон 2017 оноос хойш түүхийн хуудас эргэсээр 2025 оны модон могой жил гарах гэж байна. Энэ 7 жилд Монгол орон хэрхэн өөрчлөгдөв, гал тахиа жил гараанаас гарахдаа тавьсан санаа зорилго тань биелсэн эсэхийг одоо нэг эргэн харах цаг болжээ. Тэр дундаа өөрийн чинь хийж хэрэгжүүлсэн өв легаси Монгол оронд, Монголын ард түмэнд үлдсэн эсэхийг одоо энд хамт харъя.

2020 онд багаар нь сонгоё уриан дор У.Хүрэлсүхийн рейтингд Ардын намынхан бүгд наалдаж сонгуульд ялж байлаа. 2021 онд У.Хүрэлсүх түүхэнд хамгийн өндөр 64 хувийн рейтингтэй Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялсан. Тэр өндөр рейтинг бол 2019 оны өвөл утаа багатай өвөлжсөн жил монголчууд бидний сэтгэлд төрсөн итгэл найдварын хэмжүүр байлаа. Гэтэл 5 жилийн турш асуудал эргэн хүндэрсээр адаг сүүлдээ бидний цөөхөн монголчууд нэгийгээ амь бүлээр нь, бөөн бөөнөөр нь угаарын хордлогоор нөгөө ертөнц рүү илгээх боллоо. Энэ бол Хүрэлсүхийг залгамжилсан Оюунэрдэнийн засаглалын шууд эс үйлдэл, эс чадахуй ч мөн. Эхлүүлсэн ажил, үлдээсэн өвөө эргэж тойроогүй Ерөнхийлөгч Таны ч хар толгойд буух амьдын хар нүгэл, эс үйлдлийн үр дагавар ч мөн.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байна. Тухайн үед төсөл дээр ажиллаж байсан бидний залуус Ерөнхийлөгч Х.Баттулгын талаас оруулсан “хатуу” төслийн эсрэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрх барих бүлэг дээр парламентын ардчиллын талд “зөөлөн” төслийн бодлого баримталж өгсөн түүхийг одоо ч дурсан ярьдаг. Гэтэл үүнээс ердөө 3 жилийн дараа дүрмийн бус Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэж, өнөөдөр Монгол Улсын парламентын дээгүүр нэг хөнжилд орсон намууд, намын дарга нар дур зоргоор зайдлах боллоо. Парламент төдийгүй Монголын төр бүхэлдээ дарга болох хүсэлтэй бүхний оромж болж, нэг албан тушаалыг гурваар үржиж, гурав задалж, гурав дахин сул, гурав дахин эзэнгүй бүтэц нүдэн дээр чинь угсрагдсаар байна. Энэ бүтэц бол сайдаас огцрох өргөдлөө өгөөд гудамжинд гарч байсан Хүрэлсүх шиг улстөрч дахин төрөх боломжгүй бүтэц. Өөрөөсөө илүүг төрүүлэх нь лидерийн үүрэг. Өөрийгөө ч давтах боломжгүй гацаанд оруулах нь лойдоруудын өв.

Эдийн засагт юу болов? Улстөрийн нийтлэлчийн хувьд дараагийн дүр тодортол миний гол дүр У.Хүрэлсүх байсаар ирэв. 2017 онд гудамжинд гарч тэмцсэн үеэс л Монголын эдийн засагт үүссэн хэт нягтралуудыг задалж чадах эсэхийг асууж бичсэн “Хүрэлсүх чадах уу?” нийтлэл цагаан дээр хараар үлджээ. Өнөөгийн өндөрлөгөөс харахад Хүрэлсүх чадсангүй. Монголын эдийн засаг энэ 7 жилийн туршид Хятадад нүүрс зарах эрхийн төлөөх эрх ашгийн бүлэглэлүүдийн зөрчил тэмцлийн дөнгөнөөс гарсангүй. Манай эдийн засаг дэлхийн хүн ардын жамыг дагаж, бүтээх, бүтээснээрээ бахархах, бүтээснээрээ ард түмэн өөрийгөө бүтээдэг эрүүл загварт орсонгүй. Ороогүйгээр барахгүй улам бүр нүүрслэг болж, улам бүр бүлэглэлүүдээс хамааралтай болж, улам бүр урагшаа тонгойж, нийгмийн бүтээлч хөдөлмөрч хэсгийн хүндийн жин улам багасч, улам бүр төсвийн мөнгөнөөс хамааралтай болжээ. Өөрийн чинь эхлүүлсэн МАНАН дэглэмийг задлах тэмцлийн дүнд бүх намыг, төрийн бүх институцийг, нийслэл орон нутгийг, улсын экспортын сүлжээг атгасан шинэ ультра МАНАН дэглэм төржээ. Модон луу жилд хамгийн гамшигтай нь энэ шинэ ультра МАНАН Монгол орны толгойг луугийн аманд аваачиж хийлээ. Нийслэлийг, улсын төсвийг, нүүрсний гол ордуудыг, адаг сүүлдээ дархан цаазат уулаа бүгдийг нь Хятадад наймаалцах ажил өөрийн чинь хараан дор, өөрийн чинь эс үйлдэл дор хийгдсээр байна. Төрийн тэргүүн хэмээх байр суурь тэргүүлэн буй ард түмэн, улс орноо бүтэн биеэр аварга луугийн аманд гулсан орохыг эс үйлдлээр хараад суух эрхгүй гэж бодном.

Энэ бүх утаа угаар, төр төвтэй албан тушаалын солиорол, нүүрсний бүлэглэлүүдийн тарьдаг хэрүүл тэмцэлд нийгэм соёл, оюун санааны салбар хамгийн хүнд өртлөө. Монголын нийгэмд шударга үнэн харилцаа биш заль мэх, оюун санаа эрдэм мэдлэг биш цочир цочир рийл лаивчид, хар пиар, гүжир гүтгэлэг, мөнхийн гэмт хэрэг, ёс бус үг үйлдлийн видео мэдээллийн дарангуйлал тогтож, аль гэрэлтэй, аль эрдэмтэй, аль үнэн шударга нь мухар буланд шахагдан амьдарч байна. Эрдэмтэй, билигтэй, авьяастай, оюун санаандаа гэрэлтэй, сүнстэй болгон энэ нийгмээс дайжиж, ар араасаа нөгөө ертөнцөд буцах болсон үзэгдлийг Ерөнхийлөгч Та мэдэж мэдэрч байна уу? Улсын тэргүүний хувьд энэ бүхнийг юу гэж болгоож харж сууна вэ? Энэ бол харанхуйн засаглал. Энэ бол худал нь үнэнээ, үл мэдэх нь их мэдэхээ, харанхуй нь гэрлээ бага багаар залгиж бөхөөдөг мөхлийн зам.

Ингээд харахад Ухнаагийн Хүрэлсүхээс Монголд өнөөдрийн байдлаар өв гэхээр юм үлдсэнгүй. Хүрэлсүх чадсангүй. Гадаад харилцаа өргөжин хөгжиж буй нь сайн хэрэг ч дэлхийн хэрэг явдалд жижиг улс нөлөөлөх гэхээсээ нөлөөлөгдөх явц тэртэй тэргүй үргэлжилнэ. Жижиг улсын удирдагчдын гол үүрэг бол дэлхийг биш улсаа төвхнүүлэхүй юм. Монгол Улсын дотоод амьдрал Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноос хойш төвширсөнгүй. Хөгжил дэвшил, хүний дэлхийн оюун ухаан, нийтлэг жам ёсонд нийлэх, өөд нь дагуулах үнэт зүйлийн манлайлал хийгдсэнгүй. Өөрийг чинь залгамжилсан НАМЗХ дүү нар чинь үлдээсэн хэд гурван өвийг чинь хувааж идэж дуусгаад, одоо өөрийн чинь толгой руу орох шатандаа иржээ. Хэзээнээс энэ процесс эхэлснийг сонгуулийн штаб манлайлж байсны хувьд ерөнхийдөө гадарлаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны маргаашаас, өөрийг чинь хамгийн сул, хамгийн тэмцэгч биш зөвлөхүүд, тийм багаар зориуд хүрээлүүлж вакуумжуулж эхэлсэн тэр үеэс эхэлсэн. Жөүкүүд тойрон хүрээлсээр, вакуумжуулсаар байгаад Монгол Улсын төрийн тэргүүнийг рийлчин жөүкэр болгожээ. Дэлхийн ард түмнүүд, тэр дундаа дорнын ард түмэн жөүкэрийг хааны дэргэдэх дүрд тоглуулдаг болохоос хаанаар хүлээн зөвшөөрдөггүй.

Монгол эх оронд модон могой жил гарахад ганц өдөр үлджээ. Харанхуйн засаглал лавширсаар, ультра МАНАН бодгаль харанхуйгаар тэжээгддэг хорт хавдар лугаа адил Монголыг хэрэн сүлжиж  томорсоор байна. Энхболд уу, Элбэгдорж уу, Хүрэлсүх үү, Оюунэрдэнэ үү гэдэгтээ биш. Ард түмэн эрт оройгүй харанхуйг биш гэгээг сонгох болно, авлигажсан ультра МАНАН бүтцийг өмнөхийн адил эрт оройгүй булгиж хаях л болно. Лавшран буй харанхуйд үлдэх үү, гэрлийг, ирээдүйг сонгож наранд гарах уу гэдэг сонголтын өмнө Ерөнхийлөгч Та ирсэн байгааг нэхэн сануулахын тулд үүнийг бичиглэв.

Ард түмнийг наранд гаргана гэж гэрэл амалсан бол аливаа удирдагч тэр амандаа хүрч нарлаг өндөрлөг өөд газарчлах үүрэгтэй. Амалсандаа хүрээгүй атал удирдан суувал өр болж үр удамд үйлийн үр үлдэнэ. Амалсандаа хүрэхгүй, зорьсондоо хүрэлгүйгээр Женко Баттулгаас 6 жил Ерөнхийлөгчийн суудал зээлдсэн мэт суугаад эргүүлэн өгөх нь миний мэдэх Хүрэлсүхийн характер биш баймаар. Энэ байдлаараа улс орон 2027 онд тийм дүр зураг руу эргэлт буцалтгүй явж байна. Төрийн тэргүүн нэг сонгогдох, хоёр сонгогдох бол хар дээрх цагаан мөрүүд. Эрх мэдлийн язгуур нь ард түмэн ба зөрчил тэмцлийн салаа зам дээр ард түмний талд үлдэхээс том эрх мэдэл, лежитимийн баталгаа гэж үгүй. Лежитим чинь ард түмний оюун санаагаар баталгаажвал тэр нь өөрөө Үндсэн хууль.

Могой жилд ч мод ургана, дэлхий эргэнэ, Монгол харин хаачих юм бэ Ерөнхийлөгч өө?!

Иргэн Болор-Эрдэнээс

2025/02/27

arrow icon