Эксклюзивийн фэйсбүүк пэйжнээ үнэгүй тараана гэсэн ам, болилоо гэсэн пост, тэр байтугай доромж утгатай, өөрсдийгөө өмгөөлөх аястай хэд хэдэн пост цуварч нийтлэгдсэн. Үймж сандарсан бизнесмэн алдаа гаргасан байж, бусад томчууд ч алдаа гаргадаг тухай, алдаандаа яаж ханддаг тухай энд хэдэн жишээ оруулсан. Харин энэ үйл явдалд хандах олны риакц их сонирхолтой. Ерөнхийдөө бол тэнд цугласан “ард түмэн” өрөвдөлтэй, гуйлгачин сэтгэхүйтэй, оюуны хоосролтой аж.
Европыг дагаж чөлөөт аж ахуйн системээ хөгжүүлэх хүсэлтэй энтэрпренёр ангийнхаа энергийг нухчин дарж төвлөрсөн системийг сонгосон Орост төр буюу нам, ард түмэн гэсэн хоёр үндсэн нийгмийн бүлэг байв. Тэнд бизнес, хэрэглэгч байсангүй. Бид ч хуулсан. Тэгээд нийгмийн үндсэн нэгж “ард түмэн” болсон. Тэр нь өдгөө популист улс төрчдийн дэмбээний сайхан үг болсон. Гэтэл энэ нэгж ганц улс төрчдийнх биш ажээ. Бизнесмэн нь ч, олон нийт ч “ард түмэн” төвтэй сэтгэдэг юм байна.
Ард түмний ачааллыг даасангүй, ард түмнээ өрөвдлөө гэсэн Exclusive-ийн постууд, ард түмнээ өрөвдсөн, гасалсан жиргээчдийн риакц, ядарсан ард түмнээр тоглолоо гэсэн олны бухимдал дунд “хэрэглэгч” хэмээх дүр хаа нэг газар гээгдсэн байна. Хаана гээгдчив? Бодвол гээгдсэн зам их урт, эдийн засгийн боловсрол, бизнесийн манлайлал, түүхэн замнал энэ тэр олон шалтгаантай байж таарна.
Бизнест ард түмэн гэж байхгүй, зөвхөн хэрэглэгч л бий.
Чөлөөт эдийн засгийн алтан дүрэм: бизнес өөрийн хэрэглэгчээ хүндлэх ёстой.
Хэрэглэгч нь ядарсан байна уу, задарсан байна уу хамаагүй. Бид энэ дүрмийг мэднэ дээ, харин Монголд хамаатай гэж бодохгүй байх шиг байна. Тэрийгээ амархан шалгаж болно, энэ постыг дундаж түвшний Zara брэнд оруулсан байна гэж төсөөлөөд үзье.Ямар харагдаж байна? Zara ингэж оруулсан бол юу болох бол? Бизнесийн ертөнцөд шүглийн дуу тэнгэрт хадаж, тэр дороо олон улсад вирус тархах мэт(viral) трэнд болох байсан.
Зах зээл утгаараа ажиллаж байгаа, эсвэл ажиллах найдлагатай газар бол бизнес хэлсэн амнаасаа буцаж үймээн тарьснаас ч илүү ийм утгатай пост албан ёсны хуудсаараа цацвал тэндээ бүтээгдэхүүний карьер нь дуусгавар болно. Zara-ийн үйлдвэрлэгч татвар, төртэй ямар ч асуудалд орооцолдсон бай Испанийн юм уу бусад орны ард түмнийг шүүх, масктай маскгүйг нь гайхаж exclusive ялгаж хандах эрхгүй. Бизнес ард түмэн хэмээх бүхлийг биш өмнөө байгаа нэг хэрэглэгчийг нэгт тавих ёстой.
Дүрэм бол дүрэм. Хэрэглэгчдийг хүндлэх, түүхий шийдвэрээр төвөг удсан бол толгой дор мэхийж уучлал гуйна. Нийгмийн нэг том бүлэг болох “хэрэглэгч”дийн коммюнити ч уучлал гуйтал нь баалж шахах болно. Ингээд бизнесийн хариуцлага, хэрэглэгчээ хүндлэх соёл олон нийтийн сэтгэлгээ, хандлага, шаардлага дор зөв хэлбэршинэ. Тэр нь өөрсдийнх нь бизнесийн үйл ажиллагаанд (control device)хяналтын аппаратын үүрэг гүйцэтгэж, зах зээл цаашид чанаржих явц үргэлжилнэ. Бодит байдал бол хаана ч хэзээ ч парадимын тусгал байдаг
билээ.
Бидний Монголын “ард түмэн” харин зах зээлжүү хандлагаас хол байх шиг ээ. Бидний парадим(тухайн цаг үеийн сэтгэлгээний хэв шинж) зах зээлийн оролцон тоглогчдоос хөгжлийн үндсэн зарчмуудыг нэхэж, шахах, хэвлэх хэмжээний дардас болж хэвшээгүй төдийгүй өөрсдийгөө улстөржин доромжилж, элдвээр хэлэх түвшинд байна. Төр нь ч, популист нь ч, бизнесмэн нь ч, бүр хэрэглэгчид өөрсдөө ч ард түмэн хэмээх агуу том хийсвэр нэгжээр, тоо тоймгүй холимог асуудлыг том томоор нь хэлэлцэх дадалтай. Макро нэгжээр төлөвлөж, ард түмэнд хуваарилж ирсэн төвлөрсөн системээс ялгаатай нь чөлөөт аж ахуйтай нийгмийн хөгжилд микро тоглогчдын итгэлцэл үнэмлэхүй том үүрэгтэй.
Нэг хэрэглэгчийн хувьд би Exclusive-ийг энэ итгэлцлийн төлөө, өөрсдийнхөө төлөө(явж явж хэрэглэгчдийг хүндлэх нь өөрсдөд нь тус болдог) үлгэр дууриалтай том үйлдвэрлэгчийн шийр зааж, бизнесийн этик гаргаж хэрэглэгчдээс албан ёсоор уучлал гуйх ёстой гэж бодож байна. Тэгэхгүй бол нэг ширхэг ч бараа дахиж авахгүй. Хэрэглэгч яахав, харин ард түмнээ л өрөвдөөд болшгүй маягийн арай том нэгжтэй улстөрийн мэдрэмж байвал 16 онд юм уу дэвшээд зохих газраа очих ёстой байх. Олон нийт ч юм л бол баруун захын хар овоохой ард түмнийг аль муугаар нь дуудахын оронд нэг систем барих гээд энэ 25 жилд яагаад болж өгөхгүй байгааг тунгаах, хэн ямар дүрмээр (огт дүрэмгүй гэж ойлгосон нэг аймар гажуудал бий) тоглох ёстойд суралцах ёстой гэж бодож байна.
"Хэрэглэгчид утгаар нь үйлчлэхэд зориулсан бизнесийн ашигт ганц л зовлон бий, ичиж үхмээр их гэсэн зовлон". Х.Форд
Бид хүн нэг бүрийн хөгжил, тоглогч нэг бүрийн хариуцлагыг дээш нь өрж бүтээн босгодог системийг сонгосон. Нэг тоглогч маань хэрэглэгчдэд асар бүдүүлэг хандсан хэрнээ эсрэгээрээ "ард түмэн та биднийг хүндлээрэй" гэж хээв нэг бичих нь, тэрнээс илүү нөгөө "ард түмэн"-д нь тийм хандлагыг гайхах мэдрэмж төрөхгүй бол шилжилт дуусах байтугай эхлээгүй байна.
------------------------
Exclusive компани бүх бараагаа үнэгүй өгөөд, тарах маягийн эсэргүүцэн гомдоллосон пост фэйсбүүк хуудаснаа байрлуулснаар нэг медиа трэнд эхэлсэн. Энэ шуум хэд хэдэн асуудлыг холимог байдлаар агуулж байгааг эхлээд ялгаж салгах хэрэгтэй мэт. Нэгд, үйлдвэрлэлийн бодлого. Хоёрт, гарааны бизнесийн бодлого. Гуравт, эхний хоёртой хамааралтай татвар, НӨТ-ийн тогтолцоо. Дөрөвт, стэикхолдерууд буюу хамааралтай талуудын ашиг сонирхлыг хамгаалах компанийн хариуцлага. Тавд, ерөнхий зохицуулалт хариуцсан ЗГ тусгай зохицуулалт гаргах тухай. Дээр нь хувь хүн ба хуулийн хүн тусдаа байх зарчим, брэнд ба барааны ялгаа гэх мэт том жижиг асуудлуудыг ялгаж болно.
Энд бол олон нийт янз бүрээр шүүн хэлэлцэж байгаа эдгээр асуудлыг биш харин ч хамгийн тоохгүй, хамгийн чимээгүй нэг асуудлыг хөндсөн буй. Үйлдвэрлэлийн их гүрний өмнө үүд хаалга нь задгай, үй түмэн дарамттай орчинд үйлдвэрлэл эрхэлж байгаа газрыг нэмж баалах сэдэл бол байхгүй, аль болох болж бүтээд цаашид сэргээсэй гэх сэтгэлээр бичлээ. Энэ жишээ бол бидний сэтгэлгээ 25 жил бүтээн байгуулахаар зорьж зүтгэж ирсэн зах зээлийн системээс хэр хол байгааг харуулах сайн материал мөн гэж санана. Хэн нэг хүний тухай сэдэв, шүүмжлэл гэж харалгүй монголчуудын сэтгэлгээ гэсэн ерөнхий агуулгаар хүлээж авна уу.
Жич. Ард түмэнд зориулж бичээгүй болно. Цагаа зарцуулан уншихаар энэ контентыг сонгосон уншигч буюу хэрэглэгчдэд зориулав. Чанарын шаардлага хангахгүй, сэтгэл ханамж өгөхгүй бол зуун хувь миний буруу. Бүтээлч шүүмжлэл ирүүлвэл тусгаж засварлах болно.
Сэтгэгдэл бичих