Нийтлэл 09 сарын 23, 2015

Хүсэхээс бусад нь амархан

Хүний оюуны чадамж нь нэг заяагдсан хэмжээндээ өөрчлөгдөшгүй өгөгдөхүүн үү, эсвэл сэтгэл санаанаас шалтгаалж өөрчилж болдог хувьсагдахуун уу?

Өнгөц харахад “мэдээж, өөрчлөгдөж л таараа шт” гэж хариулж болох юм шиг мөртлөө цаад санаа нь “хүн оюунаа илүү сайн захирч чадсанаар биет ертөнцөд жирийн үед гаргах байсан амжилтаасаа илүү амжилт гаргаж чадах уу?” гэдэг асуултаар сольж үзэх юм бол бас хариулахад амаргүй мэт. Энэ асуултыг бодож эхлэхийн тулд зарим эерэг, сөрөг жишээнүүдийг харах хэрэгтэй гэж бодож байна.

 

ЗХУ/ОХУ-ын эрдэмтэд, эмч нар анагаахаар нобелийн шагнал авч байсангүй. Шалтгааныг нь хүн болгон өөрөөр тайлбарлах байх. Ихэнх нь "ухаантай хүмүүсээ оросууд хорьчихсон юм чинь..." гэх байх. Гэтэл оросууд хэрэгтэй бол Гулагт хорьсон эрдэмтдээ шоронд хүртэл ажлыг нь хийлгэдэг байсан.  Эсвэл “Оросууд анагаах ухаанд авьяасгүй” гэх хүн ч байж мэднэ. ЗХУ-с өмнө хоёр ч Орос эрдэмтэн энэ шагналыг авч байсан. Эсвэл зарим нь "цэрэг дайнаас өөр ухаанд төрөөс нь анхаарахгүй байсан болохоор анагаах ухаанд амжилт гаргаж чадаагүй" гэх байх. Гэтэл химийн Нобелийг бүүр 1956 онд батлан хамгаалахад ерөөсөө хамаагүй химийн суурь урвалын онолоор Орос эрдэмтэн авч байв. Тэгэхлээр анагаахыг үл хайхарсан нь гол саад биш байх. Миний бодлоор тэс өөр,  системийн шалтгаан байж таарна. Оросууд сүүлийн үед анагаахын том амжилт гаргаж чадаагүй нь өөрсдийнхөө амжилтыг зориуд хориглосонтой холбоотой байх гэж бодогддог юм. Зөвлөлт засаг тогтож эхлэж байх 1930-аад онуудад анагаахын хамгийн хурдан хөгжиж байсан салбар нь генетик байсан.  Тэр үед генетикийн нэг моодны сэдэв нь эугеник байсан. Ажилчин, тариачдаар төр бариулсан зөвлөлтүүдэд доод төрлийн хүн байх эсэх нь удамтай нь холбоотой гэх эугеникийн санаа таалагдаагүй нь мэдээж. Тийм болохоор зориудаар генетикийг үгүйсгэж эхэлсэн нь анагаах ухааныхаа хөгжилд саад болсон байж болзошгүй. Анагаахын нобелийн шагнал авсан хүний тоо бол зүгээр л нэг энгийн үзүүлэлт, нэг өнгөц жишээ. Миний бодлоор, энэ түүхээс авах ерөнхий сургамж бол эрүүл ухааныг давсан туйлшралд оюунаа алдсан нь Оросуудын хожмын хоцрогдол, хүйтэн дайны ялагдлынх нь улаач болсон байх.

Өөр ямар ийм сургамжтай түүх байгааг хүмүүс сонирхох нь мэдээж. Хэд хэдэн амжилттай, баян нийгэм, соёлууд сэтгэлгээний хөшингө, туйлшралд автсаны дараа уналт, хямралд автсан талаар жишээ дурьдаж болох байх. 17-р зууны үеийн Италийн хотууд торгоны замын нэг үзүүр байсан тул худалдаа наймааны орлогоор их баяжиж, нэр нөлөөтэй болсон байж. Тийм газар шинжлэх ухаан, урлаг хөгжиж нийгэм нь урагшилж байж. Ийм ололтын нэг болж дэлхий төвтэй огторгуй үзэл нурж, Галлилейн баталсан нар төвтэй нарны системийн ойлголт түгсэн түүхтэй.

Хэд хэдэн амжилттай, баян нийгэм, соёлууд сэтгэлгээний хөшингө, туйлшралд автсаны дараа уналт, хямралд автсан.

Аристахус, Копперник гээд олон хүмүүс төстэй үзлийг дэвшүүлж байсан ч гэсэн тухай бүрдээ зөвхөн онолын чанартай, зөрчил ихтэй байсан болхоор сайн түгэж чадаагүй. Харин Галлилей өөрийн хийсэн дурангаар бусад гаригийн дагуулуудыг харуулснаар дэлхий бүх огторгуйн төв биш гэдгийг энгийнээр харуулж чадсан юм. Мэдээж ийм үзэл тухайн үеийн эрх мэдэлтнүүдэд таалагдсангүй. Зөрчил гарч сүмийнхэн Галлилейг өөрийн нээлтээс няцтал нь дарамталсан. Энэ түүх хүний нийгмийн сэтгэлгээ, хандлага нь хөгжил, амжилтынх нь хамгийн эхний бөгөөд чухал хүчин зүйл гэдгийг сайн харуулах жишээ юм шиг надад санагдаад байгаа юм. Яагаад гэхээр Галлилей тэр дагуулуудыг өөр гариг тойроод эргэлдэж байгааг католик лам нарт харуулсан атал харин нөгөөдүүл нь нүдэндээ итгэхээс илүү өөрсдийн догматик үнэмшлийг өөрчлөөгүйгээр барахгүй, тийм төрлийн шинжлэх ухааны хөгжлийг тухайн үеийн Италиас холдуулж чадсан байгаа юм. Тэр үеэс хойш Италийн хотууд дахиж дэлхийд нэр нөлөө, хөрөнгө мөнгөтэй болсонгүй. Харин шинжлэх ухааны хөгжлийн төв нь хойд Европ, тэр дундаа протестант Англи руу шилжсэн. Тэр үеэс хойш л Английн хөгжил эхэлсэн.  Хэрэв лам, эрх мэдэлтнүүд тэр дурангаар харчихаад бодлоо өөрчлөх хэмжээний чөлөөт сэтгэлгээ, эрүүл ухаантай байсан бол өмнөх нэр нөлөө, хөрөнгөө алдахгүй байх байсан болов уу. Лалын ертөнцийн уруудан доройтсон шалтгааныг бас ганц нэг хүмүүс сэтгэлгээний доройтолтой холбож үздэг. Тэднийхээр бол Монголчуудын 13-14-р зууны үеийн дайралт нь лалын ерөнцийг унагаах эцсийн цохилт байснаас, гол шалтгаан байгаагүй гэж үздэг байна. Гол шалтгаан нь логик сэтгэлгээ, шинжлэх ухаанч сэтгэлгээний оронд лалын нийгэмд мухар сүсэг давамгайлсан хэт шашинч үзэл давамгайлсаных аж. Тэр мухар сүсгийг түгээсэн нь Мухаммад ал-Газали гэх философич, хуульч байж. Түүний бүтээлүүдэд Лалын суфизм, фундаменталист ваххабизмын үндэслэдэг гэж зарим түүхчид үздэг. Лалын ертөнц ал-Газалигаас хойш одоо болтол мухар сүсэг, сэтгэлгээний харанхуйд амьдарч байна гэж хэлж болох юм.

Иймэрхүү жишээ олныг дурьдаж болно. Харин нийгэм нь логиктой шийдвэр гаргадаг боллоо гээд сайн сайхан амьдарч байгаагийн баталгаа хаана байна гэж сөргүүлж бас асуух хэрэгтэй. Миний бодлоор Монголчуудад хамгийн ойр жишээ бол Монгол гүрэн байгуулагдсан түүх. Богино хугацаанд их нутаг эзэлж, олон хүн захирахын тулд авьяастай хүмүүсээр цэрэгээ удирдуулж, эзлэгдсэн улсын жирийн иргэдийг хавчилгүй, харин эрх мэдэлтэй хүмүүсийнх нь хөрөнгийг хураадаг байсан нь аль болох бага эсэргүүцлээр их амжилтад хүрэх удирдлагын арга байсан гэж зарим түүхчид үздэг. Энэ бол улс нийгмийн түвшин, харин нэг бие хүний түвшинд ямар ийм жишээ байна?

Инээд стресс тайлдаг, бодлого бодох чадвар нэмэгдүүлдэг нь судалгаагаар батлагдсан зүйл. Хэсэг  хүмүүст хэцүү бодлого өгнө. Заримд нь инээдмийн кино үзүүлж байгаад эхлүүлвэл бодлогоо зөв бодох магадлал инээсэн хүмүүст өндөрсдөг байна. Инээмсэглэл хоёр төрөл байдаг, нэг нь нүдний эргэн тойрны арьсны булчингийн оролцоотой, нөгөө нь оролцоогүй инээмсэглэл. Эхнийх нь жинхэнэ сэтгэлийн инээд гэж тооцогддог. Жинхэнээсээ инээсэн хүн бодлогоо зөв бодож чаддаг байна. Харин тэр жинхэнэ инээдийг дуурайж нүүрээ өөрчлөхөд л тэр эерэг нөлөөнүүд гардаг нь гайхалтай. Өөрөөр хэлбэл хүн өөрөө өөрийгөө өөрчлөх замаар бүтээмж, амжилтаа нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг.

Хүний авьяас, бүтээмж гэдэг хорвоогоос нэгэнт заяагдсан, хэзээ ч өөрчлөгдөхгүй техник үзүүлэлт биш юм. Бидний авьяас, ажлын амжилт гаргах чадвар бол нөхцөл байдал, хандлага, өөртөө итгэх сэтгэлзүй, хүмүүжил гэх мэт олон янзын хийсвэр хүчин зүйлээс шалтгаалж өөрчлөгддөг, өөрчилж болдог хувьсагдахуун.  

Бидний авьяас, ажлын амжилт гаргах чадвар бол нөхцөл байдал, хандлага, өөртөө итгэх сэтгэлзүй, хүмүүжил гэх мэт олон янзын хийсвэр хүчин зүйлээс шалтгаалж өөрчлөгддөг, өөрчилж болдог хувьсагдахуун.

Хэрэв дарга нь цэргүүдээ дэмжиж, урамшуулж чадвал тэр ажилтнаас илүүг гаргаж болно гэсэн үг. Хэрэв багш нар сурагч, оюутнуудаа чөлөөтэй сэтгэхэд хөтөлж, сэтгэлгээг нь задалж чадвал илүү сайн л мэргэжилтэн, илүү төлөвшсөн хүн болно гэсэн үг. Хэрэв нийгэм нь логиктой сэтгэж, хүмүүстээ хүндлэлтэй хандаж чадах юм бол тэр нийгэм бас л хөгжиж, баяжина. Дургуйцах, эсэргүүцэх, буруушаах, үгүйсгэх амархан. Харин эерэгээр харж, бүтээлчээр хандах бол хэцүү. Гэхдээ тийм болж байж л хөгжил, амжилтын хамгийн анхны мөртлөө хамгийн чухал суурь тавигдана гэж бодож байна. Өнгөрснөө биш ирээдүйгээ харахад, үзэн ядахад биш нээлттэй байж ойлгож тэвчихэд, муулж үгүйсгэхэд хийж бүтээхдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эхлээд тийм амжилтад хүрэхийг хүсэх, хүсэхээс бусад нь бол харьцангуй амархан юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon